Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2023/ШЦТ/233

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

нарийн бичгийн дарга Х.Цогзолмаа,

улсын яллагч М.Энхбаатар,

шүүгдэгч Л.А, түүний өмгөөлөгч Ц.Эрдэнэбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Л.А Л.Ат холбогдох эрүүгийн ___дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.         

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Л.А нь 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр “Сөүл-Улаанбаатар” чиглэлийн ОМ302 дугаартай нислэгийн онгоцоор Бүгд Найрамдах Солонгос улсаас ирэхдээ Монгол Улсад орох хил нэвтрэх эрхийн бичиггүй, зохих зөвшөөрөлгүйгээр буюу иргэн Дашаа овогтой Түвшинбаярын Е0118364 дугаартай, хуурамчаар үйлдсэн энгийн гадаад паспортыг ашиглан Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт байрлах “Чингис хаан” олон улсын агаарын замын боомтоор Монгол Улсын хилийг нэвтэрсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Л.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлжээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд гэмт хэрэг үйлдсэн талаараа үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүхийн хэлэлцүүлэгт дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй” гэв.

 

Шүүгдэгч Л.А нь 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр “Сөүл-Улаанбаатар” чиглэлийн ОМ302 дугаартай нислэгийн онгоцоор Бүгд Найрамдах Солонгос улсаас ирэхдээ Монгол Улсад орох хил нэвтрэх эрхийн бичиггүй, зохих зөвшөөрөлгүйгээр буюу иргэн Дашаа овогтой Түвшинбаярын Е0118364 дугаартай, хуурамчаар үйлдсэн энгийн гадаад паспортыг ашиглан Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт байрлах “Чингис хаан” олон улсын агаарын замын боомтоор Монгол Улсын хилийг нэвтэрсэн болох нь:

 

Хил хамгаалах Ерөнхий газар Хилийн цэргийн 0218 дугаар ангийн захирагчийн 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 01/113 дугаартай албан бичиг /хх-ийн 2 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7-10 дугаар хуудас/,

Эд зүйл, баримт бичгийг хураан авсан тэмдэглэл /хх-ийн 11 дүгээр хуудас/,

Үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 15-25 дугаар хуудас/,

Л.Аийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 41 дүгээр хуудас/,

Ял шалгах хуудас /ххх-ийн 42 дугаар хуудас/,

Улсын бүртгэлийн Ерөнхий газар 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 9/4314 дугаартай албан бичиг /хх-ийн 47 дугаар хуудас/,

Улсын бүртгэлийн Ерөнхий газар 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 9/4315 дугаартай албан бичиг /хх-ийн 56 дугаар хуудас/,

Шинжээчийн 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 2127 дугаартай ...Шинжилгээнд ирүүлсэн Е0118364 сери, дугаартай  Үндэсний энгийн гадаад паспорт нь шинжилгээнд тэнцэнэ. Дээрх Е0118364 сери, дугаартай Dashaa Tuvshinbayar /LI74071776/  нэр дээрх Үндэсний энгийн гадаад паспорт нь жинхэнэ байна...гэх дүгнэлт /хх-ийн 83-84 дүгээр хуудас/,

Гэрчээр Л.Аийн өгсөн...Би 1999 оноос 2003 он хүртэл өөрийн гадаад паспортоор Бүгд Найрамдах Солонгос Улс руу явж хөдөлмөр эрхэлж хууль бусаар амьдарсан. 2003 оны 10 дугаар сард өөрийн хүслээр Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улс руу ирсэн. Тэгээд Монгол Улсад ирээд буцаж явж ажил хийхээр шийдээд өөрийнхөө гадаад паспортоор Бүгд Найрамдах Солонгос Улс руу виз мэдүүлэхэд виз гараагүй. Миний гадаад паспорт нь дээр виз гараагүй учир “Солонгосын виз гаргаж өгнө” гэсэн зарын дагуу нэг хүнтэй холбогдоход “зургаа аваад ирээ” гэсэн ба тэгээд би тэр танихгүй эмэгтэйд зургаа өгсөн ба удалгүй надтай холбогдоод надад Бүгд Найрамдах Солонгос улсын визэнд орчихсон Дашаагийн Түвшинбаяр гэх хүний нэртэй Е0118364 дугаартай паспортыг өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 62-63 дугаар хуудас/,

Гэрчээр Ж.Ариунсанаагийн өгсөн ... 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 17 цагийн үед Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ302 дугаартай нислэгээр 10 монгол хүн БНСУ-аас албадан буцаагдсан байсан. Тухайн ОМ302 дугаартай нислэгээр ирсэн зорчигчдын нэрсийн жагсаалт болон албадан буцаагдсан хүмүүсийн гадаад паспортыг онгоц буусны дараа шалган нэвтрүүлэхийн ажилтан Н.Мөнх-Эрдэнэ надад авчирж өгсөн. Би эхлээд Монгол Улс руу орох чиглэлд нислэгээр ирсэн иргэдийн баримт бичгийг шалган нэвтрүүлж дууссаны дараа БНСУ-аас албадан буцаагдсан 10 хүнд Монгол Улсад орох хуудас тарааж өгсөн. БНСУ-аас албадан буцаагдсан 10 монгол хүнд “Монгол Улсад орох хуудас” тарааж өгөхөд бүгд өөрсдийн мэдээллийг бөглөсөн. Тэгээд албадан буцаагдсан 10 монгол хүнийг шалган нэвтрүүлэхээр гүнзгийрүүлсэн шалгалтад оруулж эхлэхэд хамгийн түрүүнд нэг жижигхэн ахимаг насны хүн хүрч ирсэн. Тухайн хүрч ирээд “Монгол Улсад орох хуудас”-аа надад өгөхдөө өөрийгөө Дашаагийн Түвшинбаяр гэж бичсэн “Монгол Улсад орох хуудас” нь дээр бөглөсөн байсан. Тэгээд гадаад паспортыг нь би Н.Мөнх-Эрдэнээс хүлээж авчихсан байсан учраас тухайн ахимаг насны эрэгтэй хүний Дашаагийн Түвшинбаяр гэх нэртэй үндэсний энгийн гадаад паспортыг олж аван иргэний бүртгэлийн мэдээллийг нь Улсын бүртгэлийн сангаас хайж үзэхэд тухайн гадаад паспортын дээрх Дашаагийн Тувшинбаяр гэх хүн Улсын бүртгэлийн санд бүртгэгдээгүй байсан. Тэгээд би тэр ахыг буцааж явуулж байгаад бусад хүмүүсийг нь шалган нэвтрүүлж дууссаны дараа дахин дуудаад “... таны регистрийн дугаар хэд вэ...” гэж асуухад тэр ах надад “Монгол Улсад орох хуудас”-нд бөглөсөн регистрийн дугаарыг мөн өөрийгөө Дашаагийн Түвшинбаяр гэж хариулсан. Тэгэхээр нь би тэр ахад хандаад “... танд янз бүрийн юм байгаа бол эртхэн үнэнээ хэл та худлаа ярих тусам таны эрх зүйн байдал улам дордоно шүү...” гэж хэлэхэд тэр ах надад “...заза ах нь тэр үедээ нэг юм хийгээд гарчихсан юмаа...” гэж хариулахаар нь би тэр ахад “Монгол Улсад орох хуудас” өгөөд “...та яваад өөрийнхөө жинхэнэ овог нэр регистрээ бөглөөд ир...” гэж хэлсэн. Удалгүй тэр ах өөрийнхөө жинхэнэ овог нэр регистрийн дугаарыг бөгөөд надад “Монгол Улсад орох хуудас”-ыг буцааж өгөхөд Л.А гэдэг хүн болж таарсан. Тэгээд би Л.А гэдэг нэрээр нь Монгол Улс руу орсон гэж бүртгээд иргэний бүртгэлийн мэдээлэл болон зургийг нь “Монгол Улсад орох хуудас”-т бөглөн өгсөн мэдээлэлтэй нь тулган үзээд өөрийнх Монгол Улсаас гарахдаа ашигласан гадаад паспорт нь дээр нь хил нэвтрэн орсон гэх штамп дарсан. Дараа нь ахлах дэслэгч Ц.Манал хоногийн ээлжинд гарч байсан учир Л.Аийг Ц.Маналд хүлээлгэн өгсөн. Тэгээд би үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэсэн. Өөр надад энэ зөрчлийн талаар мэдэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 65-67 дугаар хуудас/,

Гэрчээр Л.Орхонтуулын өгсөн ... цагийн хувиарын дагуу БНСУ-аас Монгол Улс руу 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 13 цаг 50 минутад зорчигчдоо онгоцонд суулгаж эхэлсэн. Зорчигчид сууж дууссаны дараа Солонгосын гадаадын иргэн харьяатын газрын солонгос ажилтан БНСУ-аас албадан буцаагдаж байгаа 10 Монгол хүний хамт онгоцны хаалган дээр ирээд надад БНСУ-аас албан буцаагдаж байгаа 10 монгол хүний гадаад паспортыг өгөхөд би тоолоод авсан. Гадаад паспорт тоолж авсны дараа Солонгос ажилтан яваад албадан буцаагдсан 10 хүн онгоцонд ороод онгоцны 29-30 дугаар эгнээнд сууцгаасан. Тухайн нислэгээр ирсэн зорчигчдын гадаад паспорт нислэгийн турш надад хадгалагдсан ба тухайн албадан буцаагдсан 10 монгол хүн нислэгийн явцад ямар нэгэн үйлдэл хийгээгүй томоотой явцгааж ирсэн. Удалгүй Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ302 дугаартай нислэг Монгол Улсын Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 17 цагийн үед нисэж ирсэн. ОМ302 дугаартай нислэгийн онгоц газардаад Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын хоолойтой залгагдаад зогссон. Удалгүй онгоцны хаалга нээгдэх үед хилийн ажилтан, гаалийн ажилтан, зорчигч ачаа тээшний бүртгэлийн ажилтан 3 зогсож байсан ба би хилийн ажилтанд 10 албадан буцаагдсан монгол хүн байгаа гээд гадаад паспортуудыг нь өгсөн. Гаалийн ажилтанд карго ачааны бичиг баримт болон нислэгээр ирсэн зорчигчдын нэрсийг өгсөн. Харин зорчигч ачаа тээшний бүртгэлийн ажилтан ямар нэгэн бичиг баримт өгөөгүй. Тэгээд зорчигчдоо буулгаж дуусаад хамгийн сүүлд 29-өөс 30 дугаар эгнээнд сууж байсан БНСУ-аас албадан буцаагдсан 10 монгол хүнийг гаргасан. Үүнээс цааш мэдэх зүйл байхгүй. Тухайн хүмүүсийг би одоо хараад танихгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 69-70 дугаар хуудас/,

Гэрчээр Д.Түвшинбаярын өгсөн ...Би 1974 онд Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд төрсөн Цэцэрлэгт явж байгаагүй. 1982 онд Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын ерөнхий боловсролын сургуульд элсэн ороод 1997 онд Төв аймгийн Алтанбулаг сум руу шилжин 2000 онд ерөнхий боловсролын сургуулиа төгссөн. Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд 1997 онд Жигжидийн Энхболд гэх хүнтэй танилцаад Төв аймгийн Алтанбулаг сум руу яваад 2000 он хүртэл 3 жил хамт амьдарсан. Хамт амьдарч байх хугацаанд гэрлэлтээ батлуулахаар шийдсэн болохоор өөрийн албан ёсны бүртгэлтэй хаягаа Төв аймгийн Алтанбулаг сум руу шилжүүлэх шаардлагатай байсан. Тэгээд Ж.Энхболдын өргөмөл эгч Дамдинсүрэн гэгч миний төрсний гэрчилгээг аваад “... паспортон дээрх хаягийг чинь Төв аймгийн Алтанбулаг сум руу шилжүүлээд өгье”.... гэж хэлээд миний төрсний гэрчилгээг Ж.Энхболдын эгч авч явж байсан санагдаж байна. Яг хаана солиулах талаараа надад юу ч хэлээгүй ба би хэдэн он бэ гэдгийг нь санахгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 72-73 дугаар хуудас/,

Шүүгдэгч Л.Аийн яллагдагчаар өгсөн: ...2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр БНСУ-ын Сөүл хотод барилгын ажлын дараа тараад хоол идэх гээд явж байх үедээ БНСУ-ын гадаадын иргэн харьяатын газрын гадаад иргэдийн баримт бичиг шалгалттай гудамжинд таарсан. Тухайн үед миний биед бичиг баримт байгаагүй учир БНСУ-ын Гадаадын иргэн харьяатын газраас намайг “... та хууль бусаар оршин суугч байна дагаад яв...” гээд намайг саатуулан Гадаадын иргэн харьяатын газар луу авч явсан. Тэгээд БНСУ-ын Хуасон хотын албадан буцаагдах иргэдийн орогнуулах байрнаас 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр гавалж авч гараад Монгол Улс руу нисэх нислэгт намайг хүргэж өгсөн. БНСУ-д хамт хараар ажил хийдэг байсан Бат-Эрдэнэ гэх хүн БНСУ-ын Сөүлийн хотын Имүндүн дүүргийн 18-1 тоотоос миний хувцас болон гадаад паспортыг БНСУ-ын гадаадын иргэн харьяатын газарт авч ирж өгсөн. Тэгээд БНСУ-ын гадаадын иргэн харьяатын газраас намайг 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр албадан буцаасан. Би өмнө нь 2003 оноос өмнө БНСУ-д ажиллаж байгаад визний хугацаа хэтэрсэн зөрчлөөр БНСУ-руу нэвтрэх эрхгүй болсон. Тийм болохоор Дашаагийн Түвшинбаярын нэртэй гадаад паспортыг ашигласан. 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал дээр онгоцноос буусан ба зөрчилгүй иргэд Монгол Улс руу орох шалган нэвтрүүлэх хэсгээр орж дуусаад албадан буцаагдсан хүмүүсийг нэг нэгээр нь нэрээр нь Монгол Улсын шалган нэвтрүүлэхийн ажилтан дуудаж эхэлсэн. Тэгээд Монгол Улс руу шалган нэвтрүүлэхийн ажилтан намайг Дашаагийн Түвшинбаяр гэх нэрээр минь дуудахад би очсон. Шалган нэвтрүүлэхийн ажилтан надад “...Овог нэрээ хэл...” гэхэд би гадаад паспорт нь дээрх “...Дашаагийн Түвшинбаяр...” гэж хариулахад шалган нэвтрүүлэхийн ажилтан “...та биш байна янз бүрийн юм байвал эртхэн хэлээрэй...” гэсэн. Тэгээд би шалган нэвтрүүлэхийн ажилтанд “...за би үнэнээ хэлье...” гээд өөрийнхөө Монгол иргэний үнэмлэхээ гаргаж үзүүлсэн. Шалган нэвтрүүлэхийн ажилтан намайг дуудах үед би “Монгол Улс руу орох хуудас”-нд би Дашаагийн Түвшинбаяр гэх хүний мэдээллийг бичиж очсон ба шалган нэвтрүүлэхийн ажилтан намайг мэдчихсэн. Тэгээд би үнэнээ хэлээд дахиж буцаж яваад “Монгол Улс руу орох хуудас”-нд өөрийн Лхамдашийн Л.А мэдээллийг бичсэн. Миний ярьсан зүйл бүгд үнэн зөв... гэх мэдүүлэг /хх-ийн 98-100 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Л.А нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор М.Энхбаатар нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 25 дугаартай “хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасан хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-ийн 111-112 дугаар хуудас/ 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Шүүгдэгч Л.Ат холбогдох хэргийг хүлээн авч танилцахад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Л.А нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч Л.Аийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Л.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1350 нэгж буюу 1.350.000 төгрөгөөр торгох саналыг гаргав.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч Л.Ат улсын яллагчийн гаргасан торгох ялын саналыг хүлээн зөвшөөрч байна гэх дүгнэлтийг гаргав.

 

Шүүх шүүгдэгч Л.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,

 

Шүүгдэгчийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “нэг мянга гурван зуун тавин нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих” ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн ангилалын гэмт хэрэг байна.  

 

Шүүгдэгч Л.А нь хөнгөн гэмт хэрэгт холбогдсон байх тул түүнд улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1350000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Л.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

 

Бусад асуудлын талаар

Эрүүгийн ___дугаартай хэрэгт иргэний бичиг баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Л.А энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,

 

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Дашаа овогтой Түвшинбаярын Е0118364 дугаартай үндэсний энгийн гадаад паспортыг Улсын бүртгэлийн Ерөнхий газарт шилжүүлэхийг тус тус дурдах нь зүйтэй. 

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,

36.13., 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх

хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Л.А Л.Аийг “Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүй, зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Л.А Л.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.350.000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л.А Л.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.350.000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Л.А Л.Ат шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.  

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Л.Т Е0118364 дугаартай үндэсний энгийн гадаад паспортыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт шилжүүлсүгэй.

 

6. Эрүүгийн ___дугаартай хэрэгт иргэний бичиг баримт ирээгүйг, битүүмжлэгдэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Л.А Л.А энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.А Л.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Л.А Л.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ж.ДЭЛГЭРМӨРӨН