| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ноостын Хонинхүү |
| Хэргийн индекс | 125/2025/0009/З |
| Дугаар | 221/МА2025/0448 |
| Огноо | 2025-06-27 |
| Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 221/МА2025/0448
“ЦШЛ” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Ц.Сайхантуяа
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Э.Лхагвасүрэн,
Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү,
Давж заалдах гомдол гаргасан: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч
Нэхэмжлэгч: “ЦШЛ” ХХК
Хариуцагч: Ховд аймгийн татварын газрын татварын улсын байцаагч Д.Д, Ц.Э
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 0017 дугаар шийдвэртэй,
Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.М, хариуцагч Д.Д, хариуцагч Ц.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Галцэцэг
Хэргийн индекс: 125/2025/0009/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “ЦШЛ” ХХК-аас Ховд аймгийн Татварын газрын татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.Д, Ц.Э нарт холбогдуулан “Ховд аймгийн Татварын газрын татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.Д, Ц.Э нарын 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн НА-162400000012 тоот нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 0017 дугаар шийдвэрээр: “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.6.2 дахь хэсэг, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.1.3, 13.1.4, 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.1 дэх хэсэг, Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 73.2.1 дэх хэсэг, 82 дугаар зүйлийн 82.1, 82.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
3.1. 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн НА-16240000012 тоот нөхөн ногдуулалтын актаар "...2021 оны 289,090,909.00 төгрөгийн татвар ногдуулах орлогыг бууруулсан, 2021 онд 289,090,909.00 төгрөгийн бараа ажил үйлчилгээний зардлыг татвар ногдох орлогоос хасаж, татвар ногдуулах орлогыг бууруулсан” гэх үндэслэлээр ... 58,645,656.67 төгрөгийн нөхөн татвар, 23,458,262.67 төгрөгийн торгууль, 19,574,579.39 төгрөгийн алданги, нийт 101,678,498.73 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоосон бөгөөд актын дээрх хэсэгт маргаж Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн НА-16240000012 тоот нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг шүүхээс 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 125/ШШ2025/0017 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Учир нь, Хувийн болон ажиллагсдын хэрэгцээнд зориулан худалдаж авсан бараа, үйлчилгээг бизнесийн үйл ажиллагааны зардлаар баримт бүрдүүлж Нэмэгдсэн өртгийн албан татвараа бууруулж, 2021 оны 289 090.909.00 төгрөгийн татвар ногдуулах орлогыг бууруулсан, тухайн компани "СП” ХХК-с өрөндөө авсан гэх 2 өрөө амьдран суух зориулалттай байрны худалдан авалт хийсэн ба байр иргэн Б.Ж-ын нэр дээр байгаа тул хасалт хийх үндэслэл болохгүй, мөн иргэн Б.Ж тухайн компанид ямар нэгэн хамааралгүй гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
Б.Ж миний бие нь “ЦШЛ” ХХК-ийн захирал Б.М-н хууль ёсны эхнэр бөгөөд тус компанийг үүсгэн байгуулах санаачилгыг гаргаж, өнөөдрийг хүртэл компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцохдоо компанийн захирлын 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 03 тушаалын дагуу хангаж, захиргаа, хүний нөөцийн менежерийн ажлыг хийж гүйцэтгэж байгаа билээ. Хэдийгээр улсын бүртгэлд хуулийн этгээдийн улсын бүртгэлд “ЦШЛ” ХХК-ийн захирлаар нөхөр Б.М бүртгэгдэж, 100 хувийн хувьцааг дангаар эзэмшиж байх хэдий ч компанийн өдөр тутмын үйл ажиллагааны хүрээнд болон компанитай холбоотой асуудлыг нөхөр Б.М, эхнэр Б.Ж бид хамтын шийдвэрээр гаргадаг. Иймд намайг компанид хамааралгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
3.2. Манай “ЦШЛ” ХХК нь Говь-Алтай аймагт үйл ажиллагаа явуулдаг “АЛ” ХХК-аас 862,458,940 төгрөгийн авлагатай байсан бөгөөд 2021 онд тус авлагатаа тооцож 289,090,909 төгрөгийн үнэ бүхий Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 23-р хорооны А 2 хотхоны ** дугаар блокод байрлах 56.74 м.кв 2 өрөө, 74.76 м.кв 3 өрөө орон сууцуудыг авлагатаа тооцож авсан ба энэ нь 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ”, 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “Орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээ”, Тооцооны үлдэгдлийн баталгаа, 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “СП” ХХК-ийн “Б” ХХК-д хүргүүлсэн “Хүсэлт хүргүүлэх тухай” албан бичиг, “Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ”, Төлбөрт тооцон орон сууц хүлээн авсан баримт зэргээр нотлогддог. Мөн компанийнхаа тайланд “АЛ” ХХК-иас 862,458,940 төгрөгийн авлагатай талаараа жил бүр тусгаж байсан ба дээрх авлагыг авсан талаараа мөн тусгаж, НӨАТ-ын баримтыг компаниар шивүүлж авсан байдаг.
Гэтэл дээрх нотлох баримтуудыг хэрхэн үнэлсэн талаар шүүхийн шийдвэрт дурдаагүй, нэхэмжлэгч талаас авлагатаа тусгасан, тухайн үед компанийн захирал болох нөхөр Б.М нь БНХАУ-д ажлаар явсан тул гэрээ хийх боломжгүй байсан учраас миний бие нь гэрээ хийж компанийн авлагатаа тооцож дээрх 2 орон сууцыг авсан боловч авлагаа тайландаа тусгаж, НӨАТ-ыг хуулийн дагуу компанийн нэр дээр шивүүлж авсан талаар тайлбар гаргаад байхад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүх хэтэрхий нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.
3.3. “АЛ” ХХК-иас 862,458,940 төгрөгийн авлагатаа тооцож “АЛ” ХХК-д өртэй байсан “СП” ХХК-аас Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 23-р хорооны А 2 хотхоны ** дугаар блокод байрлах 56.74 м.кв 2 өрөө, 74.76 м.кв 3 өрөө орон сууцуудыг авсан учраас эдгээр орон сууц нь манай “ЦШЛ” ХХК-ийн үндсэн хөрөнгө мөн үзэх үндэслэлтэй юм. Харин иргэн Б.Ж нь хувиараа хувийн хэрэгцээнд зориулж үл хөдлөх хөрөнгө худалдаж авч, улмаар НӨАТ-ыг компанийн нэр дээр шивүүлж, орлого хасаж, татвар ногдуулах орлогыг бууруулсан санаатай үйлдэл байхгүй юм.
Захиргааны хэргийн шүүх нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй” гэж заасныг зөрчиж, нотлох баримтыг хангалттай бүрдүүлээгүй байхад хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Манай талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед “АЛ” ХХК-иас 862,458,940 төгрөгийн авлагатай байсан гэдгээ тайлбар бүртээ илэрхийлсэн, мөн шүүх хуралдаан дээр тайлангаа зассан талаараа тайлбарласан. Гэтэл шүүх энэ нөхцөл байдлыг тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь хэтэрхий нэг талыг барьсан гэж үзэхээр байна.
Иймд “ЦШЛ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж миний давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэстэй зөв дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх боловч шийдвэрийн тогтоох хэсэгт бичиглэлийн алдаа гаргасан байх тул шийдвэрт энэ талаар өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Ховд аймгийн Татварын газрын татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.Д, Ц.Э нар нь “ЦШЛ” ХХК-д 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн НА-16240000012 дугаартай “Нөхөн ногдуулалтын акт”-аар Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.2.1, 82 дугаар зүйлийн 82.1, 82.1.2, 84 дүгээр зүйлийн 84.1.2, 84.1, 84.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн 58.645.656.67 төгрөгийн нөхөн татвар, 23.458.262.67 төгрөгийн торгууль, 19.574.579.39 төгрөгийн алданги, нийт 101.678.498.73 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоож шийдвэрлэснийг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч маргажээ.
2.1. Тус татварын хяналт шалгалтаар Татварын ерөнхий хуулийн 28, 29 дүгээр зүйл болон татварын хууль, тогтоомжийн холбогдох заалтыг дараах байдлаар зөрчсөн гэж үзжээ.Үүнд:
-2020 онд 8.274.748.69 төгрөгийн дотоодын борлуулалтын орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “... Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна”, 7.1.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт худалдан борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ”,16 дугаар зүйлийн 16.1-д “Албан татвар төлөгч нь бараа, ажил үйлчилгээнд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг дор дурдсан журмаар дараа сарын 10-ны дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана”, 16.1.1-д “тухайн сард борлуулсан бараа, ажил үйлчилгээнд ногдох албан татварыг албан татвар суутган төлөгч төсөвт төлнө” гэсэн заалтыг,
-2021 оны 289.090.909.00 төгрөгийн татвар ногдуулах орлогыг бууруулсан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.2-т “хувийн болон ажиллагсдын хэрэгцээнд зориулан худалдаж авсан бараа, ажил, үйлчилгээ” гэсэн заалтыг,
-2021 онд 289.090.909.00 төгрөгийн бараа ажил үйлчилгээний зардлыг татвар ногдох орлогоос хасч, татвар ногдуулах орлогыг бууруулсан нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т “Дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно”, 13.1.3-д “зардал бодитой гарсан бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт болон холбогдох бүртгэлээр баталгаажсан байх”, 13.1.4-т “доор дурдсан бараа, ажил, үйлчилгээний зардал Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт, импортын бараанд татвар ногдуулж, гаалийн байгууллагад төлсөн тухай баримтаар баталгаажсан байх, 16 дугаар зүйлийн 16.1-т “Дараах зардлыг албан татвар ногдох орлогоос хасахгүй”, 16.1.1-т “энэ хуулийн 13.1, 13.2-т заасан нөхцөл, хязгаарыг хангаагүй зардал” гэсэн заалтыг тус тус зөрчиж, татварын хяналт шалгалтаар нийт 586.456.566.69 төгрөгийн зөрчил илэрсэн гэжээ.
2.2. Дээрх нөхөн ногдуулалтын актыг Ховд аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 03 дугаар тогтоолоор[1] Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.2, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.1.3, 13.1.4 дэх заалтыг тус тус баримтлан татварын улсын байцаагчийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн НА-162400000012 тоот нөхөн ногдуулалтын актаар оногдуулсан нөхөн татвар болох 58.645.656.67 төгрөг, торгууль 23.458.262.67 төгрөг, алданги, 19.574.579.39 төгрөг, нийт 101.678.498.73 төгрөгийн төлбөр төлүүлэхээр актыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
3. Нэхэмжлэгч “ЦШЛ” ХХК-аас Ховд аймгийн Татварын газрын татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.Д, Ц.Э нарын 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн НА-162400000012 тоот нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулахаар “... орон сууцыг “АЛ” ХХК-аас авах өр авлагадаа тооцож тус компанитай хамтран ажилладаг “СП” ХХК-аас эрх шилжүүлэн авсан. Худалдан авалт хийгээгүй, ... тайлангийн бараа материал тусгагдсан байгаа тул хасах үндэслэлтэй, ... иргэн Б.Ж нь компанийн төлөөлөгчийн хууль ёсны эхнэр бөгөөд компанийг төлөөлж тооцоо нийлэх, өр авлага барагдуулах, гэрээ байгуулах эрхийг олгосон ...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.
Харин нэхэмжлэгчээс маргаан бүхий нөхөн ногдуулалтын актын “2020 онд 8.274.748.69 төгрөгийн дотоодын борлуулалтын орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй” гэх зөрчилтэй холбогдуулан маргаагүй байна.
3.1. Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно”, 13.1.3-д “зардал бодитой гарсан бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт болон холбогдох бүртгэлээр баталгаажсан байх”, 13.1.4-т “доор дурдсан бараа, ажил, үйлчилгээний зардал Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт, импортын бараанд татвар ногдуулж, гаалийн байгууллагад төлсөн тухай баримтаар баталгаажсан байх”, 16 дугаар зүйлийн 16.1-д “Дараах зардлыг албан татвар ногдох орлогоос хасахгүй”, 16.1.1-д “энэ хуулийн 13.1, 13.2-т заасан нөхцөл, хязгаарыг хангаагүй зардал” гэж заасан.
3.2. Мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д “Дараах бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулах, худалдаж авахад төлсөн албан татварыг албан татвар суутган төлөгчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй”, 14.6.2-т “хувийн болон ажиллагсдын хэрэгцээнд зориулан худалдаж авсан бараа, ажил, үйлчилгээ” гэж заасны дагуу хуулийн дээрх зохицуулалтаар хувийн болон ажиллагсдын хэрэгцээнд зориулан худалдаж авсан бараа, ажил, үйлчилгээг албан татвар суутган төлөгчийн төлөх албан татварын нийт дүнгээс хасахгүй байхаар хуульчлан заасан.
3.3. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д “Гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна”, 83.2-т “Компанийн дүрэмд гүйцэтгэх удирдлагыг багаар хэрэгжүүлэхээр заагаагүй бол хувь хүн хэрэгжүүлнэ”, 83.3-д “Хувь хүн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа тохиолдолд уг этгээд компанийн гүйцэтгэх захирал байна” гэж тус тус заасан.
3.4. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд “ЦШЛ” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар[2] үүсгэн байгуулагч, гүйцэтгэх удирдлага, хувьцаа эзэмшигчээр Б.М-ыг бүртгэсэн байх бөгөөд “ЦШЛ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 03 дугаар тушаалаар[3] Б.Ж-ыг тус компанийн хангамж, захиргаа, хүний нөөцийн менежерийн албан тушаалд томилсон, “ЦШЛ” ХХК-ийн гүйцэтгэх удирдлага нь зөвхөн Б.М байх бөгөөд Б.Ж нь гүйцэтгэх удирдлагад хамаарахгүй, компанийг зөвхөн гүйцэтгэх удирдлагаас олгосон итгэмжлэлийг үндэслэн төлөөлөх эрхтэй этгээд болох нь тогтоогдож байна.
3.5. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ”, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл дараах төрөлтэй байна:”, 8.1.1-д “эд хөрөнгө өмчлөх эрхийн” гэж заасны дагуу эд хөрөнгө өмчлөх эрх хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсэхээр байна.
3.6. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 29/233 дугаар албан бичгээр[4] “Б.Ж-ын нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн лавлагааг хүргүүллээ. “ЦШЛ” ХХК-ийн нэр дээр үл хөдлөх хөрөнгө бүртгэлгүй байна ...” гэх хариуг “Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 23 дугаар хороо, А/17100/, Наадамчдын зам гудамж 1433 байр, 1169 тоот” хаягт бүртгэлтэй эд хөрөнгийн өмчлөгчөөр Б.Ж бүртгэгдсэн талаарх баримтын хамт анхан шатны шүүхэд хүргүүлсэн байна.
3.7. Дээрх бүртгэлтэй холбоотойгоор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж “... “СП” ХХК-аас авлагаар авсан 2 орон сууцыг улсын бүртгэлд өөрийн өмчлөлд бүртгүүлсэн, тухайн үед гүйцэтгэх захирал гадаад улсад байсан учир итгэмжлэл хийх боломжгүй байсан, ... 1 орон сууцыг худалдан борлуулсан, үлдсэн 1 орон сууц нь улсын бүртгэлд миний нэр дээр бүртгэлтэй” гэж, нэхэмжлэгч “ЦШЛ” ХХК-аас уг орон сууцыг өөр компаниас авлагад авсан гэж тус тус тайлбарлах боловч энэ талаар тайлан балансын авлага хэсэгт бүртгэсэн байсан талаарх баримт нотолгоог зааж маргаагүй байна.
3.8. Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж нь компанийн гүйцэтгэх захирлын итгэмжлэлгүйгээр маргаан бүхий орон сууцыг өөрийн нэр дээр бүртгүүлсэн нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасны дагуу эд хөрөнгийн өмчлөх эрх Б.Ж-ын нэр дээр үүссэн байх боловч “ЦШЛ” ХХК-иас уг орон сууцтай холбогдуулан “АЛ” ХХК-аас авах авлага гэж бүртгээгүй атлаа татвар ногдох орлогоос хасч тооцсоныг хууль ёсны гэж үзэх үндэслэлгүй байна.
3.9. Иймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... компанийн захирал Б.М нь БНХАУ-д ажлаар явсан тул гэрээ хийх боломжгүй байсан учраас миний бие гэрээ хийж компанийн авлагатаа тооцож дээрх 2 орон сууцыг авсан боловч авлагаа тайландаа тусгаж, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу компанийн нэр дээр шивүүлж авсан ..., иргэн Б.Ж тухайн компанид ямар нэгэн хамааралгүй гэснийг хүлээн зөвшөөрөхгүй, компанитай холбоотой асуудлыг нөхөр Б.М, эхнэр Б.Ж бид хамтын шийдвэрээр гаргадаг ...” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байх боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгч “ЦШЛ” ХХК-аас Ховд аймгийн Татварын газрын татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.Д, Ц.Э нарт холбогдуулан ямар нэхэмжлэлийн шаардлага гаргасан болохыг орхигдуулсан байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 125/ШШ2025/0017 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1-д “нэхэмжлэгч “ЦШЛ” ХХК-аас Ховд аймгийн Татварын газрын татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.Д, Ц.Э нарт холбогдуулан гаргасан “... Ховд аймгийн Татварын газрын татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.Д, Ц.Э нарын 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн НА-162400000012 тоот нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэсэн заалт нэмж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ