Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 09

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                     Хэргийн индекс: 180/2017/0008/Э

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг  шүүгч Л.Уянга даргалж тус шүүхийн “А” танхимд  нээлттэй хийсэн хуралдаанд

Нарийн бичгийн дарга                  Г.Болор Уянга,
Улсын яллагч                Я.Сансар,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч       Г.Дэлгэрцэцэг, Д.Гангантөгс, С.Нарангэрэл
Шүүгдэгч                   П.Лхагвасүрэн, О.Цогтбаяр, Ч.Хатанбаатар
нарыг  оролцуулан

     Тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Пүрэвийн Лхагвасүрэн, Чойжин овогт Оюунбатын Цогтбаяр, Олхонод овогт Чанцалдагвын Хатанбаатар нарт холбогдох эрүүгийн 201623000283 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1992 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Хэнтий аймгийн Баян-Адрага суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, малчин, ам бүл 7, эцэг, эх,  дүү нарын хамт Хэнтий аймгийн Биндэр сумын 2 дугаар баг “бяцхан толгой” гэх газар  оршин суух, 2013 онд ЭХТА-ийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн тэнсэн хянан харгалзах ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй гэх, хэрэг хариуцах чадвартай Боржигон овогт Пүрэвийн Лхагвасүрэн /РД: СВ92102115/
Монгол улсын иргэн, 1991 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эцэг, дүү нарын хамт Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 5 дугаар багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй гэх, хэрэг хариуцах чадвартай Чойжин овогт Оюунбатын Цогтбаяр /РД: СЭ91052119/
Монгол улсын иргэн, 1983 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 3 дугаар багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй гэх, хэрэг хариуцах чадвартай Олхонод овогт Чанцалдагвын Хатанбаатар /РД: СМ83053011/

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар: Яллах дүгнэлтэнд дурдсанаар: Яллагдагч П.Лхагвасүрэн, О.Цогтбаяр нар нь бүлэглэн, микро маркийн 12-66 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж 2016 оны 08 дугаар сарын 10-ны орчимд Хэнтий аймгийн Биндэр сумын 2 дугаар баг Хурхын голын гүүрний орчимд нутаглаж байсан иргэн Г.Мөнхбатын хотолсон хониноос 3 тооны хонийг хулгайлж бага бус хэмжээний буюу 295.000 төгрөгийн хохирол учруулсан, давтан үйлдлээр яллагдагч П.Лхагвасүрэн, О.Цогтбаяр нар нь яллагдагч Ч.Хатанбаатартай бүлэглэн, микро маркын 12-66 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Биндэр сумын 2 дугаар баг “Энгэр булаг” гэх газар нутаглах иргэн Д.Хоролсүрэнгийн 2 тооны үхрийг хулгайлж бага бус хэмжээний буюу 1.850.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдсон байна.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг судлав. Үүнд:
    Хохирогч Г.Мөнхбатын мөрдөн байцаалтанд өгсөн “...2016 оны 08 дугаар сарын дундуур манайх Хэнтий аймгийн Биндэр сумын 2 дугаар баг Хурхын голын  шүүрний урд нутаглаж байсан. Би тэр үед сумын төв рүү яваад маргааш нь гэртээ ирсэн. Манай хоттой хониноос 3 тооны хонь алдагдсан байсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33 тал/,
     Хохирогч  Д.Хоролсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн “...Би 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Биндэр сумын төвд зохион байгуулагдсан “Ахмадын баяр”-т оролцохоор ирсэн. Намайг 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өглөө Биндэр сум руу явахад манай үхэрнүүд гэрийнхээ гаднаас баруун хойшоо чигтээ гараад Хамар даваагаар давж байсан. Цаана нь манай өвөлжөөний нутаг байдаг. Би хөдөө гэртээ хариагүй учраас манай үхрийг татах хүн байхгүй байсан учир үхэрнүүд маань хээр өвөлжөөний нутаг дээрээ хоносон байх. Тэгээд 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өглөө манай хүү Онончулууны өвөлжөөний нутаг дээр 2 үхрийн гэдэс малын хашааны хуучин бууцанд булчихсан байна гэж манай сумын малчин Г.Сүхбаатар хэлсэн. Тэгэхээр нь сумын цагдаа нарт мэдэгдэж хэрэг болсон газарт очиход манай хүүгийн өвөлжөөн дээр малын хуучин бууцанд 2 үхрийн гэдэс булчихсан байсан. Тэгээд өөрсдийнхөө үхрийг бүртгэж үзэхэд манай дүү Билэгмаагийн үхэрнээс 2 тооны үхэр байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30 тал/,
Иргэний нэхэмжлэгч Г.Сүхбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: “... П.Лхагвасүрэн нь 2015 оны 12 дугаар сараас хойш манай адууг харж байгаа. Лхагвасүрэн адуу харахдаа манай мориноос барьж унадаг. 2016 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр манай хул алаг зүсмийн бүдүүн насны морийг унаж байсан. Миний морийг битүүмжилж улсын орлого болговол буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38 тал/,
Гэрч Ш.Баярцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... Манай нөхөр Хатанбаатар Өмнөдэлгэр сумын төвд гэртээ байсан. 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотоос Цогтбаяр ганцаараа жижиг тэрэгтэй манай гэрт ирсэн. Тэгээд 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Цогтбаяр манайд ирээд Биндэр сум руу явах хэрэгтэй байна. Биндэр суманд манай цэргийн он жав, найз маань байдаг юм. Тэнд миний хэдэн мал байдаг. Тэр малнаас ажиллаж ирэх гэхээр миний жижиг машинд багтахгүй байна. Чиний микро автобус машинтай яваад ирье гээд манай нөхөрт хэлж байсан. Тэгэхээр нь манай нөхөр зөвшөөрч Цогтбаяртай хамт Биндэр сум руу явахаар болоод 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр үдийн үед Өмнөдэлгэр сумаас манай нөхрийн 12-66 ХЭҮ улсын дугаартай саарал өнгийн микро автобус маркын машинтай гараад явсан. Тэгээд орой ирээгүй. 2016 оны 09 дүгээр сарын 30-ны 02 цагийн үед манай нөхөр Цогтбаяртай хамт ирсэн. Тэгээд Цогтбаяр манай гэрт бид нартай хамт унтаад 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өглөө босоод өдөр хирд Улаанбаатар хот руу явсан. Улаанбаатар хот руу явахдаа Цогтбаяр өөрийнхөө жижиг тэргийг бариад мөн манай нөхөр өөрийнхөө микро автобусаа бариад Улаанбаатар хот руу явсан. Тэр 2-ын машинд сууж Улаанбаатар хот руу явсан хүн байхгүй. Машин машиндаа нэг нэгээрээ явцгаасан. Би Хатанбаатар, Цогтбаяр нарыг Биндэр сум руу яваад ямар мал ажиллаад ирснийг нь мэдээгүй. Шөнө гэртээ ирээд хоолоо идчихээд унтаад өгсөн ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43 тал/,
Гэрч Ш.Өнөрмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... Би нөхөр хүүхэдтэйгээ хамт Улаанбаатар хотод байдаг байсан юм. Манай нөхөр 2016 оны 09 дүгээр сарын 27-ний өдөр хөдөө яваад ирье гээд явсан. Би Цогтбаярыг хаашаа явах гэж байгаа юм гэсэн чинь надад хэлэхгүй байсан. Манай нөхөр ажпынхаа машинтай явсан. Цогтбаяр хөдөө яваад надтай холбогдоогүй 4 хоноод 2016 оны 09 дүгээр сарын 30-ны орой гэртээ ирсэн. Манай нөхөр гэртээ ирэхдээ шуудайлж зардаг модноос худалдаж аваад гэртээ ирсэн. Гэрээсээ гарахдаа унаж явсан хөдөө явсан аксент маркын машинтайгаа ирсэн. Хөдөөнөөс ирэхэд нь Өмнөдэлгэр сум руу явсныг нь мэдсэн. Хөдөөнөөс ирэхдээ Хатанбаатарын микро автомашинд модон ор ачаад авчирсан байсан. Гэртээ ирж ороо буулгасан. Өөр зүйл авчраагүй. Манай нөхөр Өмнөдэлгэр сум яваад ирлээ. Гэрийнхээ орыг авчирлаа гэж хэлсэн өөр зүйл хэлээгүй. Тэгээд манай нөхрийг Улаанбаатар хотод гэртээ байхад нь цагдаа нар ирээд бариад аваад явсан. Тэгээд би 2016 оны 10 дугаар сарын 03-ны орой Өмнөдэлгэр суманд ирсэн ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47 тал/,
Малын үнэлгээ /хх-ийн 13, 14, 15, 18 тал/,  
Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, битүүмжилсэн тээврийн хэрэгслийн гэрэл зургийн үзүүлэлт, автомашины үнэлгээ /хх-ийн 16, 17, 19, 20, 21, 22 тал/,
Хураан авах тогтоол, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 23, 24 тал/,
 Шүүгдэгч П.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /хх-ийн 90-97 тал/,
Шүүгдэгч О.Цогтбаярын мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /хх-ийн 99-108 тал/,
Шүүгдэгч Ч.Хатанбаатарын мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /хх-ийн 110-118 тал/,
Шүүгдэгч нарын хувьд оногдох эд хөрөнгөтэй эсэхийг тодруулсан тухай баримтууд /хх-ийн 138 тал/,
Шүүгдэгч нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 120, 122, 127 тал/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтас хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг үнэлээд шүүгдэгч П.Лхагвасүрэн, О.Цогтбаяр нарыг бүлэглэн, микро маркийн 12-66 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл хэрэглэж 2016 оны 08 дугаар сарын 10-ны орчимд Хэнтий аймгийн Биндэр сумын 2 дугаар баг Хурхын голын гүүрний орчимд нутаглаж байсан иргэн Г.Мөнхбатын хотолсон хониноос 3 тооны хонийг хулгайлж бага бус хэмжээний буюу 295.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн, шүүгдэгч П.Лхагвасүрэн, О.Цогтбаяр нарыг давтан үйлдлээр шүүгдэгч Ч.Хатанбаатартай бүлэглэн, микро маркын 12-66 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Биндэр сумын 2 дугаар баг “Энгэр булаг” гэх газар нутаглах иргэн Д.Хоролсүрэнгийн 2 тооны үхрийг хулгайлж бусдад бага бус хэмжээний буюу 1.850.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож Эрүүгийн хуульд заасан ял шийтгэлийг халдаах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нар нь давтан үйлдлээр, бүлэглэж, тээврийн хэрэгсэл хэрэглэж бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч, гэрч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүдээр давхар нотлогдлоо гэж шүүх дүгнэв.
Хохирогч Г.Мөнхбатад учруулсан 295.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч П.Лхагвасүрэн дангаараа төлж бүрэн барагдуулсан бөгөөд хохирогч Г.Хоролсүрэнгийн 2 тооны үхрийн хохирол болох 1.600.000 төгрөгийн хохирлоос шүүгдэгч Ч.Хатанбаатар 535,000 төгрөгийг, шүүгдэгч О.Цогтбаяр 500,000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Г.Мөнхбатын цагдаагийн газар гаргасан тодорхойлолт болон ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нар нь хохирогч Г.Мөнхбатын хохирлыг барагдуулсан төлбөр дээр ямар нэг маргаангүй, хохирогч Г.Хоролсүрэнд учруулсан хохирлыг шүүгдэгч нар ижил тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахийг  /шүүгдэгч П.Лхагвасүрэн хүлээн/ шүүхийн хэлэлцүүлэгт хүлээн зөвшөөрсөн байна. Иймээс шүүх шүүгдэгч П.Лхагвасүрэнгээс 534,000 төгрөгийг, шүүгдэгч О.Цогтбаяраас 34,000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Г.Хоролсүрэнд олгож, хохирогч Г.Мөнхбатад шүүгдэгч нар нь төлөх төлбөргүйг дурьдах нь зүйтэй байна.
Иргэний нэхэмжлэгч Г.Сүхбаатарын хул алаг зүсийн морийг шүүгдэгч Лхагвасүрэн нь хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэснийг эзэмшигч мэдээгүй, мэдэх боломжгүй байсан тул шүүх уг битүүмжлэгдсэн морийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигчид нь буцаан олгох нь зүйтэй.
Шүүгдэгч Ч.Хатанбаатар нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 12-66 ХЭҮ улсын дугаартай “Hyundai, Grace” маркийн тээврийн хэрэгслийг минийх биш, манай ээжийн эзэмшлийнх  гэж мэдүүлэх боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон уг тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр шүүгдэгч Ч.Хатанбаатарынх болох нь нотлогдож байх тул Эрүүгийн хуульд зааснаар уг тээврийн хэрэгслийг хураан авч, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт улсын орлогод оруулах нь зүйтэй.  
Шүүх шүүгдэгч нарт ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, хохирол төлбөрийг төлж барагдуулсан болон хувийн байдал зэргийг харгалзан ялыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшснийг хөнгөрүүлэх нөхцөл байдал болгон харгалзав.
Шүүгдэгч нар нь хувьд оногдох эд хөрөнгөтэйг нотолсон нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх тул шүүх тэдгээрт эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг хэрэглэх шаардлагагүй гэж үзэв.

Монгол Улсын Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 283, 284, 290 дүгээр зүйлийн 290.3, 297, 298  дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон      

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Боржигон овогт Пүрэвийн Лхагвасүрэн, Чойжин овогт Оюунбатын Цогтбаяр нарыг бүлэглэн, давтан үйлдлээр, тээврийн хэрэгсэл хэрэглэж, бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
      Шүүгдэгч Олхонод овогт Чанцалдагвын Хатанбаатарыг бүлэглэн, тээврийн хэрэгсэл хэрэглэж, бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Лхагвасүрэнгийн эд хөрөнгийг хураахгүйгээр 06 /зургаа/ сар, шүүгдэгч О.Цогтбаярын эд хөрөнгийг хураахгүйгээр 05 /тав/ сар, шүүгдэгч Ч.Хатанбаатарын эд хөрөнгийг хураахгүйгээр 04 /дөрөв/ сар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Хатанбаатарын эзэмшлийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 12-66 ХЭҮ улсын дугаартай “Hyundai, Grace” маркийн тээврийн хэрэгслийг хураан авч № АЯ 0244472 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт улсын орлогод оруулсугай.

4. Шийтгэх  тогтоол хүчин төгөлдөр болмогц мөрдөн байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн  эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хул алаг зүсмийн морийг эзэмшигч Г.Сүхбаатарт буцаан олгосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Цогтбаяр, Ч.Хатанбаатар нарын цагдан хоригдсон 13 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, шүүгдэгч П.Лхагвасүрэн нь цагдан хоригдоогүй болохыг дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх зааснаар шүүгдэгч П.Лхагвасүрэнгээс 534.000 /таван зуун гучин дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулж, шүүгдэгч О.Цогтбаяраас  34.000 / гучин дөрвөн мянга/ төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Д.Хоролсүрэнд олгож, шүүгдэгч Ч.Хатанбаатар нь бусдад төлөх төлбөргүй ба шүүгдэгч нар нь хохирогч Б.Мөнхбатад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нарын биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч П.Лхагвасүрэн, Ч.Хатанбаатар, О.Цогтбаяр нарт авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьсугай.

 

                                                      
      
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Л.УЯНГА