Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 741

 

 

 

 

 

 

 

 

 

  “ГА” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2018/00256 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “ГА” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “МД” ХХК болон “ХН” ХХК-д тус тус холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 223 368 484 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

488 477 212 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Ж,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: О.М,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Т,

Хариуцагчийн өмгөөлөгч: Н.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2013 оны 7 сарын 16-ны өдөр Г074/13 дугаар ажил гүйцэтгэх гэрээг “МД” ХХК-тай байгуулж гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэсэн. Хариуцагч нь 2013 оны 11 сараас хойш өнөөдрийг хүртэл Төв аймгийн Архуст сум Ноёншанд нүүдэлчин фермийн аж ахуйн барилгын цогцолборыг зориулалтын дагуу ашиглаж үйл ажиллагаагаа хэвийн явуулсаар байна. Энэхүү ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр болох 148 912 323 төгрөгийг төлөхийг хариуцагч “МД” ХХК болон “ХН” ХХК нарын эрх бүхий удирдлагуудад удаа дараа тавьсан боловч төлбөрийг төлөлгүй өнөөдрийг хүрч манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна. Мөн “МД” ХХК болон “ХН” ХХК-ийн удирдлагуудтай 2015 оны 4 сарын 2-ны өдөр Г074/13 дугаар ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөрийн талаар харилцан тохиролцож хариуцагч тал 100 000 000 төгрөгийг 2015 оны 5 сарын 15-ны өдрийн дотор гурав хувааж төлөхөөр болж гэрээт ажлын төлбөр барагдуулах баталгааг үйлдсэн боловч мөн л нэг ч төгрөг төлөлгүйгээр өнөөдрийг хүрч байна. Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж хариуцагч нараас ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 148 912 323 төгрөг, алданги 74 456 161 төгрөг, нийт 223 368 484 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нар шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компани 2013 оны 7 сарын 26-ны өдөр Г074/13 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг байгуулан Төв аймгийн, Архуст суман дахь Нүүдэлчин фермийн аж ахуйн барилгын цогцолбор төсөл /Зүчээ, саалийн байр, ангар агуулах, нялх тугалын байр, өсвөр тугалын байрны барилгын суурь, төмөр хийц, инженерийн угсралтын ажил, цахилгаан, хүчит төхөөрөмж, сантехник, цэвэр бохир ус, агаар салхивч, автоматикийн угсралт/-ийн иж бүрэн ажлыг “ГА” ХХК-аар гүйцэтгүүлэхээр болсон. Гэрээ ёсоор барилгын ажлыг талууд 2013 оны 8 сарын 25-ны өдрөөс эхлэн 2013 оны 10 сарын 25-ны өдөр хүртэл нийт 80 хоногийн дотор гүйцэтгэж, улсын комиссоор хүлээлцсэн ажлын үр дүнг манай өмчлөлд актаар хүлээлгэж өгөх, гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэсний үнийн дүнд 925 082 703 төгрөг төлөхөөр тохиролцсон. Гүйцэтгэгч болох “ГА” ХХК нь барилгын зураг төслийн болон чанар ашиглалтын шаардлагын дагуу гүйцэтгээгүй. “ХН” ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар ажил хүлээлцэх комисс томилогдож 2013 оны 12 сарын 12-нд гүйцэтгэгч “ГА” ХХК-ийн захирал М.Ундрахболд болон холбогдох инженер техникийн ажилчидтай хамт барилгыг хүлээн авах хоёр талын комисс уг барилга дээр ажиллан барилгын чанар, хийгдсэн ажлын байдалд 200 үнээний барилгыг хүлээн авах акт-г үйлдэж, дүгнэлт гарган хоёр талаас гүйцэтгэсэн ажлыг дүгнэсэн боловч гүйцэтгэгч тал уг актыг хүлээн зөвшөөрөхгүй гээд актад гарын үсэг зураагүй байдаг. Тус комиссын дүгнэлтэд: Агаар салхивчийн ажил, холбоо, дохиоллын ажил, аянга зайлуулагчийн ажил, барилгын усны хаялга хийгдээгүй, шалны 20 мм зузаантай өнгөлгөөний бетоны ажил гэсэн. Аяган суурь болон төмөр багана хоорондын жийргэвч бетоны ажил, барилгын хаалга болон машин техник орж гарах хаалга маш их засвар орж гарах хаалга зай ихтэй, дотор заслын ажил хангалтгүй, амалгааны шавар хангалтгүй, барилгын хаяавч бетон болон пандусны бетон хөлдсөн зэрэг ажил шаардлага хангахгүй хийгдсэн нь комиссын дүгнэлтээр тогтоогдсон байдаг. 2015 оны 5 сарын 26-ны өдөр 200 үнээний байранд үзлэг шалгалт хийж барилгын ажлыг гүйцэтгэлээр нь хүлээн авч акт тогтоосон байдаг. Тус актад барилгын чанар байдалтай танилцан дутуу хийгдсэн ажлын гүйцэтгэлийг тогтоон гүйцэтгэгч компанийн захирал М.Ундрахболд хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Мөн ажлын явцад цутгасан төмөр бетон хийцүүдэд гүйцэтгэгч компанийн хүсэлт, ШУТИС-ийн барилгын инженер, архитектурын сургуулийн реконстракшн төвөөр үнээний фермийн бетонон шалан дээр бат бэхийн тухай 2013 оны 12 сард дүгнэлт гаргуулсан. Дүгнэлтэд ... бетон шал цутгасан ажил чанарын шаардлага хангахгүй байсан бусад хийцүүд шаардлага хангасан гэсэн дүгнэлт гаргасан. Иймд бид гэрээний 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт заасны дагуу дээрх алдаа дутагдал доголдлыг арилгах хүртэл манай компаниас гэрээнд заасны дагуу үлдэгдэл төлбөрийг хойшлуулсан болно. Дээрх алдаа дутагдлыг засах, гэрээний үүргээ биелүүлэхийг гүйцэтгэгч талд удаа дараа албан бичгүүд хүргүүлж, шаардлага тавьсан. Харамсалтай нь гүйцэтгэгч болох “ГА” ХХК нь өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлж, дээрх алдаа дутагдлуудыг засварлаагүй байна. Тус үхрийн фермийн барилгад агааржуулалт, салхивчийн системийг угсраагүйгээс тугалын хорогдол их гарсан бөгөөд эндсэн тугал нь бүгд уушигны өвчнөөр хорогдсон нь манай компанид ихээхэн хэмжээний хохирол учруулсан. Энэ талаар осолд дөхсөн тохиолдлын репортын эмчийн дүгнэлтэд уушигны ужиг үрэвслийн улмаас эндсэн. Энэ нь байр, орчны нөлөөллөөс үүдэлтэй архаг явцтай уушигны эмгэгийн улмаас эндсэн гэсэн дүгнэлт гаргасан. Гүйцэтгэгч нь энэхүү гэрээний дагуу эрх үүргээ бүтнээр нь эсвэл хэсэгчлэн шилжүүлэх эсвэл захиалагчийн бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр тус гэрээний аль нэг хэсгийг гүйцэтгүүлэхээр туслан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахгүй гэсэн гэрээний үүргийг зөрчиж гүйцэтгүүлэгч оруулсан.  “ГА” ХХК нь анх гэрээ байгуулах үед барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөлгүй байсан төдийгүй гэрээний хэрэгжилтийн явцад тусгай зөвшөөрлийг авч тус барилгын ажлын иж бүрэн зургийг мэргэжлийн экспертизээр оруулж баталгаажуулах байсан. Мэргэжлийн экспертизээр хянагдаагүй зургаар баригдсан барилгыг улсын комисс хүлээж авдаггүй болно. Барилгын ажлыг батлагдсан зураг төслийн дагуу гүйцэтгэж улсын комиссоор оруулж хүлээлцсэн ажлын үр дүнг манай компанийн өмчлөлд актаар хүлээлгэж өгөхөөр гэрээнд тусгагдсан болно. Улсын комисс акт үйлдэн аваагүй барилгад үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ гардаггүй болно. Гүйцэтгэгч нь Барилгын тухай хууль болон хоёр талын байгуулсан гэрээний дагуу хүлээсэн үүргээ зөрчиж, өнөөдрийг хүртэл бидэнд барилгын зураг төслийг ирүүлээгүй, батлагдаагүй зургаар барилгын ажлыг гүйцэтгэсэн, гүйцэтгэсэн ажил нь дутуу болон огт хийгдээгүй, улсын комисс оруулсан ажлын үр дүнг актаар манай өмчлөлд хүлээлгэн өгөөгүй, доголдолтой, агааржуулалт, салхивчийн системийг угсраагүйгээс тугалууд эндсэн, гэрээт ажлыг гэрээгээр тогтоосон хугацаанд хүлээлгэн өгөөгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бид хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна гэжээ.

 

Хариуцагч нар сөрөг нэхэмжлэлдээ: Тус үхрийн фермийн барилгад агааржуулалт, салхивчийн системийг угсраагүйгээс бичил уур амьсгалын таагүй нөлөө, аммиакийн хий ихээр хуримтлагдаж, үнээ, тугалууд уушгины өвчнөөр үхсэн тул гүйцэтгэгч болох “ГА” ХХК-аас гэрээний үүрэг биелүүлээгүйгээс учирсан хохирол болох 2014 онд 13 тооны тугал уушгины өвчнөөр эндсэний улмаас учирсан 7 750 000 төгрөгийн хохирол, 2015 онд 88 тооны тугал уушгины өвчнөөр эндсэний улмаас учирсан 75 250 000 төгрөгийн хохирол, 2016 онд 40 тооны үхэр уушгины өвчнөөр үхсэний улмаас учирсан 65 705 000 төгрөгийн хохирол, 2017 оны эхний 1-3 сарын байдлаар 43 тооны үхэр уушгины өвчнөөр үхсэний улмаас учирсан 81 460 000 төгрөгийн хохирол, нийт 184 тоо толгой үхэр үхсэний улмаас учирсан 230 165 000 төгрөгийн хохирлыг гаргуулахаар шаардаж байна. “МД” ХХК нь нүүдэлчин фермийн төслийг гүйцэтгүүлэхээр “ГА” ХХК-тай Г073/13 дугаартай барилгын зураг төслийн гэрээ байгуулсан. Дээрх төслийн хүрээнд хийгдэх нүүдэлчин фермийн барилгын зураг төсвийг Барилга, хот байгуулалтын Сайдын 2017 оны 2 сарын 8-ны өдрийн 30 дугаартай тушаалаар батлагдсан Барилга байгууламжийн төвөгшлийн ангилалд хамаарах зориулалт, хүчин чадлыг тогтоох дүрэмд зааснаар Хөдөө аж ахуйн зориулалттай барилга байгууламж нь бага төвөгшилтэй барилга байгууламж ангилалд хамаардаг бөгөөд Барилгын тухай хуулийн 19.1.1-д энэ хуулийн 10.1.2, 10.1.3, 10.1.4, 10.1.5-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах-ыг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэхээр заасны дагуу зөвхөн тусгай зөвшөөрөлтэй компани хийж гүйцэтгэхээр хуульчилсан. Гэтэл уг компани гэрээ хийх үед тусгай зөвшөөрөлгүй байсан болох нь маргаан гарсны дараа Барилгын хөгжлийн төвөөс ирүүлсэн лавлагаагаар тогтоогдсон. Манай компани “ГА” ХХК-аар барилгын зураг төслийг хийж гүйцэтгүүлэхийн тулд уг компанид Г073/13 гэрээний дагуу 20 000 000 төгрөг шилжүүлсэн. Түүнчлэн тус гэрээний дагуу магадлал хийгдсэн барилгын зураг төслийг манайд хүлээлгэж өгөхөөр байсан боловч өнөөдрийг хүртэл барилгын зураг төслийг ирүүлээгүй болно. Иймд гүйцэтгэгч нь манай хоёр компанид өнөөдрийг хүртэл магадлал хийгдсэн барилгын зураг төслийг ирүүлээгүй тул 2013 оны 7 сарын 26-ны өдрийн Г073/13 дугаартай барилгын зураг төслийн гэрээ-ний дагуу урьдчилгаа болгон төлсөн 20 000 000 төгрөгийг гаргуулна. Иймд нийт 488 477 212 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд холбогдуулан гаргасан тайлбартаа: Ажлын хөлсийг бүрэн олгоогүй, төсвийг нь бүрэн өгөөгүй байж гүйцэтгээгүй ажлын хөлс болон зардлыг гаргуулна гэсэн шаардлага гаргасан нь үндэслэлгүй байна. Үхэр үхсэн гэх асуудлын хувьд Иргэний хуулийн 352 дугаар зүйлд заасан гомдлын шаардлага гаргах хугацаа өнгөрсөн байна. Мөн хариуцагч нар ажлын гүйцэтгэлийг хүлээж аваад барилгыг ашигласан байдаг. Тодорхой доголдол байгааг мэдсээр байж барилгыг ашигласан тул учирсан хохирлыг бид хариуцах үндэслэлгүй. Барилгын зургийн хувьд бид зургийг хийж хүлээлгэн өгсөн. Экспертизээр баталгаажаагүй зураг байна гэдгийг актад дурдсан байдаг. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтыг тус тус баримтлан хариуцагч “МД” ХХК-аас 100 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ГА” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 123 368 484 төгрөгийн шаардлага болон “ХН” ХХК-д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгч “ГА” ХХК-аас 20 000 000 төгрөгийг гаргуулан хариуцагч “МД” ХХК-д олгож, хариуцагч нарын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 468 477 212 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч ”ГА” ХХК-аас 2016 оны 3 сарын 21-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 274 800 төгрөгийн 1 274 792 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 8 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагч “МД” ХХК-аас 657 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ГА” ХХК-д, хариуцагч нараас 2016 оны 12 сарын 7-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 984 711 төгрөг, 2017 оны 5 сарын 17-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 025 150 төгрөг, нийт 3 009 861 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “ГА” ХХК-аас 257 950 төгрөгийг гаргуулан хариуцагч “МД” ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ. 

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:  Шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдаагүй бөгөөд талууд гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэсэн үндэслэлээр маргаж байгаа юм. Гэрээний хугацаанд манай талаас гэрээнд заагдсан үүргээ биелүүлж урьдчилгаа болон барилгын ажлын явцын санхүүжилтийг хийж ирсэн. Гүйцэтгэгч “ГА” ХХК гэрээний 1.1,  2.3-т заасны дагуу барилгын зураг төслийн болон чанар ашиглалтын шаардлагын дагуу гүйцэтгээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан огт хийгдээгүй ажлын төсөв, дутуу буюу доголдолтой хийж гүйцэтгэсэн ажлын төсвөөр нотлогдож байгаа болно. Нэхэмжлэгч уг баримтад маргаагүй болно. Нэхэмжлэгчийн зүгээс 100 790 361 төгрөгийн төсөвт өртөг бүхий ажлуудыг огт хийж гүйцэтгээгүй болно. Мөн нэхэмжлэгч 137 521 951 төгрөгийн төсөвт өртөг бүхий дутуу буюу доголдолтой хийж гүйцэтгэсэн. Түүнчлэн барилгын ажил гүйцэтгэгч “ГА” ХХК нь гэрээнд заасны дагуу барилгыг барилга байгууламж ашиглалтанд оруулах улсын комисст хүлээлгэн өгч барилгыг захиалагчийн өмчлөлд хүлээлгэн өгөөгүй, барилгын ажлыг албан ёсоор хүлээлцэе гэхэд ирдэггүй байсны улмаас гэрээний үлдэгдэл төлбөрийг захиалагч байгууллага төлөхөөс татгалзсан болно. Харин гүйцэтгэгчийн зүгээс дээрх байдлаар доголдолтой ажлуудыг хийж гүйцэтгэсэнээ зөвшөөрч байгаа ч тухайн ажлын доголдлоо арилгаагүй байж ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөрийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй болно. Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1, 343 дугаар зүйлийн 343.3-т тус тус заасны дагуу манай өмчлөлд шилжүүлж өгөөгүй тул ажлын хөлсийг шаардах эрх үүсээгүй байхад анхан шатны шүүх “ГА” ХХК-ийг хийгээгүй, дутуу хийсэн ажлын хөлсийг манай байгууллагаас гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Одоо ч уг барилгыг барилга байгууламж ашиглалтанд оруулах улсын комисст хүлээлгэн өгөөгүй байгаа тул гэрээний үр дүнд бий болсон хөрөнгө нь захиалагчийн өмчлөлд бүртгэгдээгүй хэвээр байгаа болно. Иймд шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 100 000 000 төгрөгийг хангаж шийдвэрлэснийг хүчингүй болгож, уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Түүнчлэн Иргэний хуулийн 350.1.6-д зааснаар гүйцэтгэгч нь захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүрэг хүлээсэн бөгөөд уг үүргийг бүрэн биелүүлсэн нөхцөлд хөлсийг шаардах эрхтэй. “МД” ХХК нь Иргэний хуулийн 209.1-д зааснаар төлбөр төлөхөөс татгалзах эрхтэй байхад шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй. Захиалагчийн зүгээс гүйцэтгэгч “ГА” ХХК-ийг ажлын гүйцэтгэлээ хүлээлгэн өгөх, хийгээгүй болон дутуу хийсэн ажлуудаа дуусгаж, засаж өгөхийг удаа дараа шаардаж ажил хүлээлцэх комиссийг захиалагчийн зүгээс хэд хэдэн удаа байгуулсан ч гүйцэтгэгч байгууллага ирж хийсэн ажлын үр дүнгээ хүлээлгэн өгөөгүй. Уг нөхцөл байдлын улмаас хариуцагч компаниудын зүгээс “ГА” ХХК-ийн огт хийгээгүй, дутуу хийсэн ажлуудыг дахин хийж гүйцэтгэхэд шаардлагатай төсвийг мэргэшсэн төсөвчин нараар гаргуулсан бөгөөд огт хийгээгүй ажлын төсөв 100 790 361 төгрөг, дутуу хийсэн ажлын төсөв 137 521 951 төгрөг болсон эдгээр зардлууд нь ажлын догодлыг арилгахын тулд зайлшгүй гapax зардал юм. Уг төсөвт өртөг нь Иргэний хуулийн 345 дугаар зүйлд нийцэж байгаа бөгөөд “ГА” ХХК ч төсвийн үнэлгээний талаар огт маргаагүй болно. Иймд бид тухайн барилгыг ашиглалтанд оруулахын тулд “ГА” ХХК-иас дээрх төлбөрийг буцаан гаргуулж, барилгын ажлыг дуусгах шаардлагатай байгаа болно. Түүнчлэн нэхэмжлэгчийн зүгээс ч тухайн ажил гүйцэтгэх гэрээний нийт үнийн дүн болох 925 082 703 төгрөгийн төлбөрөөс үлдэгдэл нь 148 912 323 төгрөг гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байгаа болно. Иймд барилгын ажлыг дуусгахад шаардагдах нийт 238 312 212 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж биднийг хохиролгүй болгож өгнө үү. Гүйцэтгэгч болох “ГА” ХХК нь гэрээний 1.4-д заасан үүргээ биелүүлээгүй. Тус үхрийн фермийн барилгад агааржуулалт, салхивчийн систем угсраагүйгээс бичил уур амьсгалын таагүй нөлөө аммиакийн хий ихээр хуримтлагдаж, фермийн байрны уур амьсгалын хувьд чийг байх ёстой хэмжээнээс их, үнээ тугалнууд уушгины өвчнөөр үхсэн. Ийнхүү “ГА” ХХК-ийн зүгээс гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас 2014-2017 оны хооронд 184 толгой үхэр агаар дутагдлын шалтгаантай уушигны өрөвсөл өвчний улмаас үхэж 230 165 000 төгрөгийн хохирол тус компанид учирсан болно. Иймд ажил гүйцэтгэгч гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирол 230 165 000 төгрөгийг "Глобал айдийз ХХК-иас гаргуулж өгнө үү. Түүнчлэн малын их эмч Б.Пүрэвцэрэн 2017.02.06-ны өдөр фермийн үнээ тугалны өвчлөл, үхсэн шалтгааны талаарх дүгнэлт гаргасан байдаг. Гэтэл анхан шатны шүүх мэргэжлийн малын эмчийн дээрх хөндлөнгийн дүгнэлтэд үнэлгээ өгөөгүй. Нүүдэлчин фермийн барилгын зураг төсвийг Барилга, хот байгуулалтын Сайдын 2017.02.08-ны өдрийн 30 дугаартай тушаалаар батлагдсан “Барилга байгууламжийн төвөгшлийн ангилалд хамаарах зориулалт, хүчин чадлыг тогтоох дүрэм"-д зааснаар "Хөдөө аж ахуйн зориулалттай барилга байгууламж" нь бага төвөгшилтэй барилга байгууламж ангилалд хамаардаг бөгөөд Барилгын тухай хуулийн 19.1.1-д "энэ хуулийн 10.1.2. 10.1.3, 10.1.4. 10.1.5-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах"-ыг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэхээр заасны дагуу зөвхөн тусгай зөвшөөрөлтэй компани хийж гүйцэтгэхээр хуульчилсан. Гэтэл уг компани гэрээ хийх үед буюу 2017 оны 7 дугаар сарын 26-нд тусгай зөвшөөрөлгүй байсан бөгөөд сүүлд 2016 оны 5 дутаар сарын 10-ны өдөр тусгай зөвшөөрөл авсан болохыг маргаан гарсаны дараа Барилгын хөгжлийн төвөөс ирүүлсэн 2017 оны 06 сарын 19-ний өдрийн 3/1407 дугаартай лавлагаагаар тогтоогдсон байхад анхан шатны шүүх үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д "зураг төслийн дагуу баригдсан байх”, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т "Барилгын ажлыг зураг төсөлгүйгээр гүйцэтгэхийг хориглоно". Өөрөөр хэлбэл хуулийн дээрх зүйл заалт нь барилга байгууламжийг барихын тулд барилгын зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөлтэй байгууллага боловсруулан Барилгын хөгжлийн төвийн зураг төсөл магадлалын албаар хянагдаж батлагдсан зургаар мөн барилгын угсралтын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөл бүхий барилга угсралтын компани барих журамтай. Гэтэл гүйцэтгэгч “ГА” ХХК нь Барилгын тухай хууль 2 талын байгуулсан гэрээг зөрчиж фермийн барилгын ажлыг зураг төсөлгүйгээр гүйцэтгэсэн байхад анхан шатны шүүх уг асуудалд үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Дээрх байдлаар анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээг цуцлагдсан гэсэн хэргийн баримт талуудын тайлбарт нийцэхгүй хийсвэр дүгнэлт хийж, Иргэний хуулийн холбогдох заалтыг буруу хэрэглэн хэрэг маргааныг шийдвэрлэсний улмаас хариуцагч нарын хууль ёсны эрх ашиг сонирхол ноцтой хохирч байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас барилгын ажлыг дуусгахад шаардагдах нийт 238 312 212 төгрөг, огт хийгээгүй ажлыг хийх зардал 100 790 361 төгрөг, дутуу хийсэн ажлыг гүйцээх, засварлах зардал 137 521 951 төгрөг, гүйцэтгэгч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүссэн хохирол 230 165 000 төгрөг нийт 468 477 212 төгрөгийг “ГА” ХХК-иас гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрлэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч “ГА” ХХК нь хариуцагч “МД” ХХК болон “ХН” ХХК-д тус тус холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт  223 368 484 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч 488 477 212 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн нотлох баримт бүрдүүлэх эрхийг ноцтой зөрчсөн байна. Хариуцагч нь  сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа барилгын ажлын доголдлыг арилгах зардалд 137 521 951 төгрөг, дутуу хийгдсэн ажлыг хийж гүйцэтгэхэд 100 790 261 төгрөг, гэрээгээр хүлээсэн үүргээ биелээгүйгээс учирсан хохиролд 230 165 000 төгрөг, барилгын зураг төсөл гүйцэтгүүлэх гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт төлсөн 20 000 000 төгрөг гэж тодорхойлсон бөгөөд фермийн аж ахуйн барилгад агааржуулалт, салхивчийн систем угсраагүйгээс олон тооны үхэр үрэгдсэн гэх үндэслэлийг заасан байна.

 

Дээрх үндэслэлийн дагуу хариуцагчаас фермийн барилгын ажлыг чанар, стандартын дагуу гүйцэтгэсэн эсэх талаар шинжээч томилуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх “... сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох барилгын зураг төслийг гаргуулах шаардлагыг шийдвэрлээгүй байхад зураг төсөлтэй холбоотой асуудлаар шинжээч томилон дүгнэлт гаргуулах боломжгүй” гэж хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл хариуцагчийн сөрөг нэхэмжлэл нь барилгын зураг төсөл гаргуулахаас гадна ажил гүйцэтгэх гэрээний чанарын доголдолтой холбоотой шаардлага байх бөгөөд энэхүү шаардлагын хүрээнд барилгын ажлын чанар, гэрээний үүргийн гүйцэтгэлийг тодруулахаар шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасныг анхан шатны шүүх шийдвэрлэсэн гэх үндэслэлгүй болно.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д тус тус зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн  168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2018/00256 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд  буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 000 336 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ                                         

                                                          ШҮҮГЧ                                      Ш.ОЮУНХАНД                                                                                                           

                                                                                                          Г.ДАВААДОРЖ