Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/125

 

 

 

 

 

 

 

 

 

2023        04             06                                    2023/ШЦТ/125

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Нарийн бичгийн дарга Б.С

Улсын яллагч Н.Д

Шүүгдэгч С.Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Э-т холбогдох эрүүгийн 2325000000173 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

С.Э

            Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч С.Э нь 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах Эрдэнэс гэх бүжгийн кпубийн гадна талд З.Д-н нүүрэн тус газар алгадаж нүүрэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Э-г  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Э мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

Хохирогч З.Д “Шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. З.Д-н цагдаагийн газарт гаргасан гомдол /хавтаст хэргийн 6 дахь тал/,

2. Хохирогч З.Д-н “2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 13 цаг 30 минутын орчим Эрдэнэс гэх нэртэй бүжгийн кпуб дээрээ очоод бэлтгэлээ хийгээд бүжиглэж байхад 14 цаг өнгөрч байхад Э гэх зүс таних манай бүжгийн клубд явдаг эмэгтэй хүн намайг гараад ирээч юм ярья гэж дуудахаар нь би дагаж гараад гадна талын үүдний шатан дээр очоод зогсоход тухайн Э гэх эмэгтэй намайг чи яагаад дарвалзаад байгаа юм бэ гэж хэлснээ шууд миний үснээс зулгааж миний зүүн талын хацар хэсэгт 2-3 удаа алагдаж гараараа 2 удаа цохисон. Тэгээд мөн миний зүүн талын гуя хэсэгт 1 удаа хөшиглөсөн. Тэгэхээр нь би доошоо тонгойж байгаад зугтаж бүжгийн кпуб рүү орж хувцсаа авчхаад шууд цагдаагийн газар ирж өргөдөл өгсөн” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 9 дэх тал/

3. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 27-ний өдрийн 289 дугаартай “Магадлуулагч З.Д-н биед нүүрэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хатуу зүйлийн нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нүүрэнд үүссэн цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт. /хавтаст хэргийн 12-13 дахь тал/

4. С.Э-н“2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 14 цагийн үед Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах Эрдэнэс гэх бүжгийн клубд очсон. Намайг очиход тухайн Д  гэх эмэгтэй нь бүжиглэж байсан. Тэгэхээр нь би дуудаад хоёулаа гарья гэж хэлээд дагуулж гадаа үүдэнд очоод чи яагаад өчигдөр 3 цагт надтай бүжиглэдэг хүнийг дагуулж явсан бэ гэхэд тухайн эмэгтэй нь би чам шиг янхан банзал биш гэж хэлээд миний эрүү хэсэгт нэг удаа цохисон. Тэгэхээр нь би гараараа нүүр хэсэгт 3-4 удаа цохиход миний гараас нэг хүн барьсан. Тэгэхэд тухайн Д  гэх эмэгтэй надаас зугтаагаад явчихсан” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 22 дахь тал/

5. С.Э-нэрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 23 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Н.Д дүгнэлтдээ “Шүүгдэгч С.Э нь 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах Эрдэнэс гэх бүжгийн кпубийн гадна талд З.Д-н нүүрэн тус газар алгадаж нүүрэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох ял оногдуулж, 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч З.Д-н “...миний үснээс зулгааж миний зүүн талын хацар хэсэгт 2-3 удаа алагдаж гараараа 2 удаа цохисон. Тэгээд мөн миний зүүн талын гуя хэсэгт 1 удаа хөшиглөсөн...” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 27-ний өдрийн 289 дугаартай дүгнэлт, С.Э-нсэжигтнээр болон яллагдагчаар мэдүүлсэн “...миний эрүү хэсэгт нэг удаа цохисон. Тэгэхээр нь би гараараа нүүр хэсэгт 3-4 удаа цохиход миний гараас нэг хүн барьсан. Тэгэхэд тухайн Д  гэх эмэгтэй надаас зугтаагаад явчихсан...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч С.Э нь 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах Эрдэнэс гэх бүжгийн кпубийн гадна З.Д-н нүүрэн тус газар алгадаж нүүрэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтын талаар улсын яллагч болон хохирогч, шүүгдэгч нараас зөрүүтэй санал дүгнэлт гараагүй бөгөөд хэрэг учрал болсон цаг хугацаа, газар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шалтгаан, оролцогчдын үйлдэл оролцоо, учирсан хохирол хор уршиг зэрэг нотлогдвол зохих зүйлүүд хангалттай нотлогдож тогтоогдсон байна

            Шүүгдэгч С.Э-нүйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Э-г  яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

            Гэмт хэргийн улмаас З.Д-н биед нүүрэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгэр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овгийн С Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-г  500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-т оногдуулсан 500 000 төгрөгөөр торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС