| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2023/0134/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/141 |
| Огноо | 2023-04-17 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Анх-Ирээдүй |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 2023/ШЦТ/141
2023 04 17 2023/ШЦТ/141
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Нарийн бичгийн дарга Б.С
Улсын яллагч Г.А
Шүүгдэгч Ш.Д нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Д-д холбогдох эрүүгийн 2225006100161 тоот хэргийг тус шүүхийн 104 танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Ш.Д
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Ш.Д нь 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалтай 19 дүгээр цэцэрлэгийн эмчийн албан өрөөнд нэвтрэн орж Л.О-н эзэмшлийн самсунг А13 маркийн гар утсыг хүч хэрэглэлгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 450 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ш.Д-г орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Д мэдүүлэхдээ “Цэцэрлэгт бие засахаар орсон. Ороход хүн байгаагүй үүдний өрөөний ширээн дээр хоёр гар утас байхаар нь нэгийг авч гараад архи уусан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлын мөнгийг төлсөн. Мөрдөгч хэлэхдээ хохирогч 1 сая 600 мянган төгрөг нэхэмжилсэн гэхээр нь охиндоо хэлж хашаа байшингаа барьцаалж мөнгө аваад төлсөн” гэв.
Хохирогч Л.О “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Л.О-н цагдаагийн газарт гаргасан гомдол /хавтаст хэргийн 9 дэх тал/,
2. Хохирогч Л.О-н “Би Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 19 дүгээр цэцэрлэгт эмч мэргэжпээр ажилладаг юм. Тэгтэл 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр өрөөндөө гар утсаа үлдээгээд цэцэрлэгийн хүүхдүүдийг ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгөхөөр гарсан юм. Удалгүй өрөөндөө орж ирэхэд миний өөрийн эзэмшлийн самсунг А13 загварын гар утас маань ширээн дээр байсан алга болчихсон байсан. Ийм учраас би цагдаагийн байгууллагад хандах болсон юм...”...Би ер нь өрөөнөөсөө гарах үедээ хаалгаа цоожилдог. Тухайн үед манай өрөөнд нэг хүүхдийн ээж нь орж ирээд би хүүхдийг нь харах гэж гарсан. Тэгэхэд тухайн эмэгтэй миний араас манай өрөөнөөс гараав явчихсан байсан. Би өрөөний хаалгыг онгорхой орхисон болон хааж цоожилсон эсэхийг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 13, 16 дахь тал/
3. Гэрч О.А-н “Би тухайн өдөр 15 цагийн үед өөрийн бага охин Н-г харах бас тус цэцэрлэгийн эмч Оюунцэцэгтэй уулзахаар очсон. Тэгээд би О эмчийг манай охин сэрсэн байна уу хараад өгөөч гэхэд О эмч нээх удалгүй намайг дуудахаар нь О эмч дээр очиж хамт анги руу орсон. Би тухайн үед О эмчийн өрөөнөөс гарахдаа өрөөнийх нь хаалгыг онгорхой буюу нээлттэй үлдээж гарсан. Тэгээд охинтойгоо уулзаж байхад ажлаас дуудаж би яараад явчихсан. ...О эмчийн өрөө тухайн цэцэрлэгийн үүд хэсэгт зүүн талд байрлалтай. Эсрэг талд нь бие засах өрөө байсан” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 22 дахь тал/
4. “Ашид билгүүн” ХХК-ий шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 06-ний өдрийн ТХҮ-ОРХ/4708 дугаартай “самсунг А13 загварын гар утас 1 ширхэг 450,000 төгрөг /зах зээлийн дундаж үнэ” гэсэн хохирлын үнэлгээ. /хавтаст хэргийн 25-30 дахь тал/
5. Ш.Д-н “Би тухайн Их залуу багт оршин суудаг найз болох О-н гэрт очиж сэнгүр нэртэй 2.5 литрийн пиво хоёр ширхэгийг ууж байгаад хүнтэй уулзах гээд город руу ирсэн юм. Тэгтэл уулзах хүн маань байхгүй байсан учраас бие засах гээд хуучин “Түмэн” гэх жолооны курс руу орж бие засах гээд ортол ажиллахгүй байсан учраас 19-р цэцэрлэг рүү бие засах гээд ортол үүдний хэсгийн өрөөний ширээн дээр хар өнгийн кесстэй цэнхэр өнгийн гар утас байсан. Тэгээд би хүн байхгүй байсан учраас тухайн гар утсыг аваад 5 дугаар микрийн хажуу талын Мэнд-Амрын урд очоод гар утсанд байсан сим картыг авч хаяад өөрийнхөө сим картыг хийж байгаад Мэнд-Амрын барьцаалан зээлдүүлэх газарт 150,000 төгрөгт 14 хоногийн хугацаанд барьцаанд тавьсан” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 46 дахь тал/
6. Ш.Д-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 52 дахь тал/,
7. 1994 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар. /хавтаст хэргийн 55-57 дахь тал/
8. Хохирол төлсөн баримт. /хавтаст хэргийн 67 дахь тал/
”Мобиком корпораци” ХХК-ий 2022 оны 11 дүгэр сарын 28-ны өдрийн 4/10225 дугаатай “356990914376811 ИМЕЙ кодтой утсанд ашигласан 95046473, 99702749 дугаарын эмзэгшигчийн мэдээллийг хавсралтаар хүргүүлэв” гэсэн албан бичиг, “99702749 Ш Д /РД:**********/ “356990914376811” 2022 оны 09 дугаар сарын 12-ны өдрийн 16 цаг 30 минут 54 секунд” гэсэн хавсралт. /хх-ийн 62-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Г.А дүгнэлтдээ “Шүүгдэгч Ш.Днь 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалтай 19 дүгээр цэцэрлэгийн эмчийн албан өрөөнд нэвтрэн орж Л.О-н эзэмшлийн самсунг А13 маркийн гар утсыг хүч хэрэглэлгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 450 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэпдүүлэг, эд зүйлийн үнэлгээ. “Мобиком” ХХК-ний лавлагаа зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүхээс шүүгдэгч Ш.Д-г Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон тул 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна” гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Л.О-н “...өрөөндөө гар утсаа үлдээгээд цэцэрлэгийн хүүхдүүдийг ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгөхөөр гарсан юм. Удалгүй өрөөндөө орж ирэхэд миний өөрийн эзэмшлийн самсунг А13 загварын гар утас маань ширээн дээр байсан алга болчихсон байсан...” гэх мэдүүлэг, гэрч О.А-н “...О эмчийн өрөө тухайн цэцэрлэгийн үүд хэсэгт зүүн талд байрлалтай. Эсрэг талд нь бие засах өрөө байсан...” гэх мэдүүлэг, “Ашид билгүүн” ХХК-ий шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 06-ний өдрийн ТХҮ-ОРХ/4708 дугаартай хохирлын үнэлгээ, Ш.Д-н “...19-р цэцэрлэг рүү бие засах гээд ортол үүдний хэсгийн өрөөний ширээн дээр хар өнгийн кесстэй цэнхэр өнгийн гар утас байсан. Тэгээд би хүн байхгүй байсан учраас тухайн гар утсыг аваад 5 дугаар микрийн хажуу талын Мэнд-Амрын урд очоод гар утсанд байсан сим картыг авч хаяад өөрийнхөө сим картыг хийж байгаад Мэнд-Амрын барьцаалан зээлдүүлэх газарт 150,000 төгрөгт 14 хоногийн хугацаанд барьцаанд тавьсан...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ш.Днь 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 19 дүгээр цэцэрлэгийн эмчийн өрөөнөөс Л.О-н эзэмшлийн самсунг А13 маркийн гар утсыг авч 450 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Ш.Днь бусдын эд хөрөнгийг нууцар хууль бусаар авч 450 000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Ш.Дхүүхдийн цэцэрлэгийн байранд бие засахаар орж үүдний өрөөнд байсан гар утсыг хулгайлсан үйлдлийг орон байранд нэвтэрч гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Шүүгдэгч нь бусдаас зөвшөөрөл авахгүйгээр нэвтрэх боломжтой олон нийтийн газарт /хүүхдийн цэцэрлэгт/ бие засахаар орсныг орон байранд хууль бусаар нэвтэрсэн гэж үзэх боломжгүй юм. Иймд Орхон аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ш.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөх нь зүйтэй.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ш.Д-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч Л.Оюунцэцэгт 450 000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирогчид 1 600 000 төгрөг төлсөн тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.. Шүүгдэгч нь илүү төлсөн 1 150 000 төгрөгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй.
2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөнийг нь ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан тодорхой хугацаанд зорчих эрх хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгчид оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэнд хяналт тавихыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Орхон аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ш.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Б овгийн Ш гийн Д г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Д-г 1 жилийн хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ш.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Д-д оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэнд хяналт тавихыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч, хохирогч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй бөгөөд шүүгдэгч нь хохирогчид учирсан хохирлоос илүү төлсөн 1 150 000 /нэг сая нэг зуун тавин мянга/ төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС