| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2023/0135/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/143 |
| Огноо | 2023-04-18 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ц.Лхамсүрэн |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 2023/ШЦТ/143
2023 04 18 2023/ШЦТ/143
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Нарийн бичгийн дарга Б.С
Улсын яллагч Ц.Л
Шүүгдэгч Т.А нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.А-т холбогдох эрүүгийн 2325000700157 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Т.А
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Т Т.А нь 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр “А.Т .” гэсэн фейсбүүк цахим хаягаас Паб жи Мобайл тоглоомын машин худалдана гэсэн хуурамч зар цахимд орчинд байршуулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Ж.Б 400 000 төгрөгийг Хаан банкин дахь өөрийн эзэмшлийн ******* тоот дансаар шилжүүлэн авч цахим хэрэгсэл ашиглан залилах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.А-г хуурч, бусдын эд хөрөнгийг авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.А мэдүүлэхдээ “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг төлсөн” гэв.
Хохирогч Ж.Б “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч Ж.Б-н “2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр өөрийн эзэмшлийн “Bagatura Kube” фейсбүүк хаягаар орж байгаад “pubg mobile” тоглоомын машин зарна” гэсэн зар байхаар нь “А.Т .” фейсбүүк хаягтай хүн рүү чат бичиж, над руу машинуудын зураг явуулсан юм. Тэгээд найзууд болж 72 цагийн дараа машин нь ордог болохоор хаан банкны ******* дугаарын данс руу 400 000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд 3 хоногийн дараа өөрийн pubg mobile хаяг руу орж машин явуулсан талаар үзсэн чинь ороогүй байсан. Тэгээд надад чатаар ***** дугаарын утсыг өгсөн. Тэгээд би гар утас руу нь залгасан чинь авахгүй байсан. Тэгээд фейсбүүк хаягаар чат бичихээр харчхаад чат бичихгүй байсан. Тэгээд би 9 хоног хүлээсэн юм. Тэгээд би “Mongolia pubg mobile” групп дээр зургийг нь тавьж пост хийсэн чинь хүмүүс над руу чат бичиж мэдээлэл өгсөн. Тэгээд над руу “Oriharo” гэсэн фейсбүүк хаягаас надруу чат бичиж миний зургийг хүн ашиглаж залилсан байна гэж хэлсэн. Тэгээд би чат бичсээр байгаад сүүлдээ өөрөө хүлээн зөвшөөрч 2 фейсбүүк хаягтай болж таарсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж өгсөн юм. pubg mobile машины цах зээлийн үнэ нь 1,000,000 төгрөг байдаг юм. Азтай бол 1,000,000 төгрөгөөр унагаж авах боломжтой эсвэл мөнгөө алддаг юм. Account дээр байсан үгүйг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан зургийг нь харахад 3 ширхэг зоос байсан. Тэгээд байгаа гэж бодоод мөнгө шилжүүлсэн юм. Би хаан банкны ******* гэсэн дугаарын данстай А гэсэн хүний данс руу 400,000 төгрөг шилжүүлсэн. Одоо надад 400,000 төгрөгийн хохирол учраад байна. А нь 2023 оны 01 сарын 25-ны өдөр миний данс руу 200,000 төгрөг шилжүүлсэн. 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр үлдэгдэл 200,000 төгрөг надад бэлнээр өгч хохиролгүй болгосон” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 33, 35 дахь тал/
2. Сэжигтэн Т.А ын “Би хаан банкны ******* дугаарын дансыг 2019 оноос хойш ашиглаж байгаа миний нэр дээр байдаг данс байгаа юм. Дээрх дансыг би ганцаараа эзэмшдэг. 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр шилжин орж ирсэн 400,000 төгрөг нь би өөрийн Oriharo нэртэй фейсбүүк хаягаас pubg mobile тоглоомын автомашины скин зарна гэж зар оруулаад Bagutare Kube гэх нэртэй фейсбүүк хэрэглэгч надтай холбогдон надаас 400,000 төгрөгөөр худалдан авахаар болж миний ******* дугаарын данс руу шилжүүлсэн гүйлгээ байгаа юм. Тухайн үед уг тоглоомын скин надад байгаагүй ба би өөрөө гадаадын иргэнээс худалдан аах байсан боловч авч чадаагүй учир тухайн хүнд скинийг нь өгөөгүй” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 44-45 дахь тал/
3. Т.А ын эзэмшлийн “Хаан” банк дахь ******* тоот дансны хуулга. /хавтаст хэргийн 71-72 дахь тал/
4. Т.А ын эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ц.Лхамсүрэн дүгнэлтдээ “Шүүгдэгч Т Т.А нь 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр “А.Т .” гэсэн фейсбүүк цахим хаягаас Паб жи Мобайл тоглоомын машин худалдана гэсэн хуурамч зар цахимд орчинд байршуулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Ж.Б 400 000 төгрөгийг Хаан банкин дахь өөрийн эзэмшлийн ******* тоот дансаар шилжүүлэн авч цахим хэрэгсэл ашиглан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг, дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх саналтай” гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ж.Б-н “2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр өөрийн эзэмшлийн “Bagatura Kube” фейсбүүк хаягаар орж байгаад “pubg mobile” тоглоомын машин зарна” гэсэн зар байхаар нь “А.Т .” фейсбүүк хаягтай хүн рүү чат бичиж, над руу машинуудын зураг явуулсан юм. Тэгээд найзууд болж 72 цагийн дараа машин нь ордог болохоор хаан банкны ******* дугаарын данс руу 400 000 төгрөг шилжүүлсэн” гэх мэдүүлэг, сэжигтэн Т.А ын “Bagutare Kube гэх нэртэй фейсбүүк хэрэглэгч надтай холбогдон надаас 400,000 төгрөгөөр худалдан авахаар болж миний ******* дугаарын данс руу шилжүүлсэн” гэх мэдүүлэг, “Хаан” банк дахь ******* тоот Т.А ын эзэмшлийн дансны хуулга зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Т.А нь 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр “А.Т .” гэсэн фейсбүүк цахим хаягаас Паб жи Мобайл тоглоомын машин худалдана гэсэн хуурамч зар цахимд орчинд байршуулан Ж.Б 400 000 төгрөгийг Хаан банкин дахь өөрийн эзэмшлийн ******* тоот дансаар шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.А ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, цахим хэрэгсэл ашиглан бусдын эд хөрөнгийг авч залилах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт, гэм буруу хуулийн зүйлчлэлийн талаар оролцогчид мэтгэлцээгүй, зөрүүтэй санал дүгнэлт гараагүй байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Баатарбекэд 400 000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирлыг төлж барагдуулсан байна.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.А-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамааралтай бүхий бусад зүйлсийн талаар:
Шүүгдэгч Т.А-т ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлснийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлүүдэд заасан ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тодорхой хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан оршин суугаа газар ажил, сургуулиа өөрчлөх, явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, хорих ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Т А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, цахим хэрэгсэл ашиглан бусдын эд хөрөнгийг авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А-т хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан оршин суугаа газар ажил, сургуулиа өөрчлөх, явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож хорих ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС