| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балгансүрэнгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 167/2023/0089/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/92 |
| Огноо | 2023-05-17 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Дашням |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 2023/ШЦТ/92
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Э.Намуунзул,
Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Дашням,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Э,
Шүүгдэгч А.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймаг дахь Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ариунтөрөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Цд холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
А.Ц
Холбогдсон хэргийн талаар Шүүгдэгч А.Ц нь 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 16 цагийн үед Дорноговь аймаг Сайншанд сумын ... тоотод насанд хүрээгүй хохирогч буюу 08 нас 03 сартай Э.Мг өөрийн хүүхэд болох Ц.Иийг дээрэлхсэн,зодсон, эхнэрээ доромжилсон гэх зүйлээр шалтаглан өөрийн гэртээ хүчээр оруулж түүний нүүрэн тус газар нь алгадах, хөл тус газар нь өшиглөх, түлхэх зэргээр халдаж эрүүл мэндэд нь “...тархи доргилт...” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А.Цгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Манай хүүхэд эдний хүүхдэд хоёр сар гаран зодуулж байгаа. Тэр талаар нь би эвээр хэлэх гэж олон удаа оролдсон. Аав ээжийгээ дуудаад ир гээд олон удаа ярилцах гэж үзсэн, ер үгэнд ордоггүй хэрүүл хийгээд л зугтаад явдаг. Манай хүүхэд гэрийнхээ үүдэнд байхад л холоос зорьж ирж хэрүүл хийгээд муудалцаад байсан. Би гарч очсон чинь манай хүүхэд ээжийг маань янхан гээд доромжлоод байна гээд уйлаад сууж байсан. Хажууд нь байсан хүүхдүүд бүгд тэгж хэлсэн гэсэн. Би Мг наашир гэсэн чинь гүйгээд манай орц руу орсон. Тэгээд би гэр рүүгээ ороод дээрээс хүүхдүүд буугаад ирэхээр нь хаалгаа нээгээд Мг үүдэндээ татаж оруулж ирээд чи яагаад манай эхнэрийг доромжлоод байгаа юм гэсэн чинь хашхичаад өөдөөс хэрэлдээд байсан. Тэгээд би уурандаа алгадаж аваад нэг өшиглөсөн. Тэгээд тэр хүүхэд гараад явсан, гарахдаа манай үүдний шүүгээг мөргөх шиг болсон. Мэдүүлэг дээрээ үсдэж, шүүгээ рүү авч шидсэн гэсэн байсан, тийм зүйл болоогүй. Манай хаалга нээлтэй байсан, гэрчлэх хүүхдүүд орцонд байсан ... гэсэн мэдүүлэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Эгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Манай хоёр хүүхэд зуны 2 сарын турш 6 дугаар 58 айлын тоглоомын талбай дээр очиж тоглодог. Яагаад гэхээр манай байрны гадаа тоглоомын талбай байдаггүй. Сая зуны 3 сар ямар ч асуудалгүй тоглож байсан. Мөн эдний гэрт очиж хоёр сарын турш сургалтад суусан. Тэгээд би хүүхэд юм сургаж л байгаа бол ямар сургалт байх нь хамаагүй гээд лавлаж асуугаад байгаагүй. Иийн ээж нь сургалт зохиож байгаа гээд л тэнд очиж сургалтад суудаг байсан. Дараа нь ямар сургалт хийж байгаагаа тухтай уулзаж байгаад хэлнээ гэж байсан. Мөн намайг алгадсан гэж байна. Би гаран дээр нь нэг алгадсан. Яагаад алгадсан гэхээр Иминий хүүхдийн толгой руу чулуу шидээд хавтгаад явуулсан байсан. Тэгээд би тэр үед Игэж аль хүүхэд вэ гээд очиж сураад чи хэддүгээр анги аль сургуулийнх юм гэхэд би 5 дугаар сургуулийн 5 дугаар анги гэсэн. Тэгэхээр нь чи яагаад ийм жижиг биетэй хүүхдийг дээрэлхээд толгой руу нь чулуу шидэж байгаа юм. Толгой нь хавдсан байна гэсэн чинь би муудаад араас нь чулуу чулуудсан чинь толгойг нь оносон гэсэн. Тэгээд би тухайн үедээ чи дахиад өөрөөсөө жижиг хүүхдийг дээрэлхээд үзээрэй гээд гар дээр нь алгадсан. Тэрнээс хойш хамт тоглоод байхаар нь ойлголцоод найзууд болчихож гэж ойлгосон. Сая хэрэг 3 болдог үеэр гадаа эгчтэйгээ тоглож байсан. Тэгээд эгч нь түрүүлээд орж ирэхээр нь дүү нь яасан гэсэн чинь жаахан тоглож байгаад орж ирнэ гэсэн. Би хогоо асгаад хүүгээ дуудъя гээд явж байсан чинь уйлчихсан, хоёр хүүхэд араас нь дагачихсан ирж байсан. Би тухайн үед хараад хүүхэдтэй л муудсан юм байх гэж бодсон. Тэгээд яасан юм гэсэн чинь нөгөө хоёр хүүхэд нь Иийн аав танай хүүхдийг аймаар зодсон, хаалга нь нээлттэй байсан учраас бид хоёр харсан гэсэн. Тэгээд бид хоёр агаа болиоч гэсэн чинь та нар илүү шүү зайл гэсэн. Тэгээд би гэрт очиж яахаараа жаахан хүүхдийг гэртээ оруулж зоддог юм согтуу байсан юм уу. Эрүүл ухаантай хүний хийх ажил мөн үү гээд тухайн үедээ хөөрөлтэй очоод Ц гэдэг хүнтэй нэлээд маргалдаж, хоёр удаа алгадсан. Хүүхэд зүгээр байж байгаад айлын шкаф мөргөж унах уу, өөрөө мөргүүлж унагачихаад унагаагүй, чи өөрөө мөргөж унасан гэхээр нь л манай хүүхэд хажуугаас тэгээгүй, та намайг тэгсэн биз дээ гэж хэлсэн. Тэрийг л үндэслэн ээжийнхээ өөдөөс хэрэлддэг гэж байх шиг байна. Манай хүүхэд ээж аавынхаа өөдөөс огт хэрэлддэггүй. Хоёрдугаарт логикоор бодоход Игадаа тоглож байгаа хүүхдүүдээс биеэр, насаар ч хамгийн том нь байгаа. Зуны 3 сар зүгээр л тоглосон, өвлийн хоёр сар манай хүүхэд гэрээсээ ер гараагүй. Тийм байхад яагаад 2 сар гаран хүүхэд зодсон байдаг юм. Үнэхээр зодсон байсан бол бид нар руу хэзээ ч холбогдож болох л байсан. Иийн ээжид нь миний утасны дугаар байдаг. Гэтэл нэг ч удаа танай хүүхэд тэгсэн гэж хандаж байгаагүй. Харин ч муудчихаад Итэй тоглохгүй гээд хол явахаар Иараас гүйж ирээд өдөөд дээрэлхээд байдаг гэсэн. Манай хүүхдийн сэтгэл санааны байдал хүнд байсан. Одоо ч түгшүүр нь арилаагүй. Манай хүүг зодчихоод нэг ч удаа яаж байна гэж асуугаагүй. Түүнээс бид хүүхэд зодсон асуудал дээр нь дөрөөлж мөнгө олох гээд явсан зүйл байхгүй. Манай аймгийн хэмжээнд сэтгэл зүйч байдаггүй юм байна лээ. Манай хүүхэд өнөөдөр 2 дугаар сургуулийн сэтгэл зүйчтэй уулзаж зөвлөгөө авч байгаа. Саяхан уулзахад түгшүүрийн тест өндөр хувьтай гарсан гэсэн. Хүүхдийнхээ сэтгэл санааны айдсыг яаж зүгээр болгох уу гээд байгууллагууд руу онлайнаар яриад зөвлөгөө авч, тодорхойлолт авъя гэхэд Монгол улсын хэмжээнд тамга, тэмдэгтэй газар байдаггүй учраас хамаагүй тодорхойлолт гаргаж өгдөггүй гэсэн. Би хүүхдийнхээ сэтгэл санааны байдлыг эмчлүүлэхийн тулд хот явж эмчлүүлнэ. Насанд хүрээгүй учраас онлайнаар холбогдож тодорхойлох боломжгүй гэсэн. Гэртээ нойл руу орохоос ч айдаг болсон байна. Хамт сургуульд нь хүргэж өгөхөд л сая Иийн аавтай адилхан хүн өнгөрөх шиг боллоо гээд л айгаад байдаг болсон. Би зодуулснаас нь хойш хүүхдээ ажиглаад байхаар гадаа гарч тоглохгүй байсан. Тэгээд би өөрөө хэд хэдэн удаа авч гарч тоглуулдаг байж байгаад сүүлдээ ганцааранг нь гаргаж дасгасан. Энэ айдас нь арилахгүй байгаа. Эмнэлгийн байгууллагад хандахаар тархи толгойтой холбоотой гэмтэл шууд илэрдэггүй, удаан хугацааны явцад ажиглах ёстой гэсэн. Одоо хүүхдийнхээ биеийн байдлыг ажиглаад л явж байна. Тийм учраас одоогоор хэрэглэж барьсан эм тариа байхгүй байгаа. 7 сард Монгол улсад том бүрэн эрхтэй тамга, тэмдэгтэй сэтгэл зүйн байгууллага байгуулагдана гэж ойлгосон. Өөр олон газрууд руу хандахад албан ёсны тамга, тэмдэггүй гэсэн. Тийм газруудаар явж эмчилгээ хийлгэж төлбөр гаргасан ч шүүхэд ирээд хүчингүй болох болохоор тийм газруудаар явахгүй байгаа. Хамгийн харамсалтай нь хүүхдүүд хоорондоо муудаж л байдаг шүү дээ. Өмнө нь байрных нь хүмүүсээс асуухад наадах чинь хоёр удаа хүүхэд зодсон гэж байсан. Дэлгүүрт суудаг байхад нь хүүхэд өндгөн шоколад хулгайлахаар нь камергүй өрөөнд оруулж байгаад зодсон гэсэн. Хэрэв тэд нар тухайн үед гомдол мэдүүлсэн бол цагдаа дээр ирэх л хүн байсан байх. Би зун хүүхдийнхээ сэтгэл зүйн байдалд нь эмчилгээ хийлгэнэ. Цаашид гарах зардлыг төлүүлэх хүсэлтэй байгаа гэсэн мэдүүлэг,
Насанд хүрээгүй хохирогч Э.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ЕБС-ийн 1 дүгээр сургуулийн 3-р ангид суралцдаг юм. 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр ... айлын 2 дугаар орц 5-н давхарт байх найз Сгийн гэрт тоглож байгаад 16 цагийн үед гэр рүүгээ явах гээд тэднийхээс гараад шатаар доошоо бууж байтал 1 давхарт байх Иийн аав гэнэт гэрээсээ гарч ирснээ миний подволкноос заамдаж аваад гэртээ чирч оруулаад ханын шкафаа мөргүүлсэн би босоод ирсэн чинь миний гэдэс рүү өшиглөөд чи манай эхнэрийг янхан гэдэг хэн бэ гээд ахиад миний баруун хацар руу алгадаад явсан. Тэгээд миний үснээс зуурч байгаад шкафны өнцөг рүү түлхэж мөргүүлсэн. Манай хүүхэд Итэй дахиж хэрүүл маргаан хийвэл ална шүү гээд намайг өшиглөөд гэрээсээ гаргасан..” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 4 дүгээр тал),
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өсгөн: "...Манай хүү М нь уйлчихсан араас нь 2 дугуйтай хүүхэд дагаад наашаа ирж байхаар нь би хүүхэдтэй зодолдсон юм байгаа биз гэж бодсон чинь ард нь явсан хоёр хүүхэд багшаа танай хүүхдийг Иийн аав нь гэртээ оруулаад том хүн зодож байгаа юм шиг алгадаад өшиглөж зодсон угаасаа аймаар ах байдаг юм гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 32 дугаар тал),
Гэрч Б.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өсгөн: "...2023 оны 03 дугасарын 27-ны 16 цагийн орчимд гэртээ унтаж байхад миний хүү М нь уйлаад байсан тэгээд би сэрээд яасан талаар асуухад Игээд хүүхдийн аав нь намайг 6-58 байрны 5 давхарт байх найзынхаасаа хүүхдүүдтэй бууж ирж байхад нь 1 давхарын айлын хаалга гэнэт онгойгоод тэгснээ Мг татаад гэр рүүгээ оруулаад хувцасны шүүгээ рүүгээ шидсэн тэгээд бос зайл гээд гэрээсээ хөөгөөд гаргасан гэж надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 29 дүгээр тал),
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023оны 03 дугаар сар28-ны өдрийн 02/140 дугаартай “...1. Э.Мий биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. ...2 Учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн шинжээчийн дүгнэлт ( хавтаст хэргийн 9 дүгээр тал),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хавтаст хэргийн 47 дугаар тал) зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч А.Ц нь 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 16 цагийн үед Дорноговь аймаг Сайншанд сумын ... тоотод насанд хүрээгүй хохирогч буюу 08 нас 03 сартай Э.Мг өөрийн хүүхэд болох Ц.Иийг дээрэлхсэн, зодсон, эхнэрээ зүй бус үгээр хэлсэн гэх зүйлээр шалтаглан гэртээ оруулж түүний нүүрэн тус газар нь алгадах, хөл рүү нь өшиглөх, түлхэх зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь “...тархи доргилт...” бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох насанд хүрээгүй хохирогч Э.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ” ... 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр ... айлын 2 дугаар орц 5-н давхарт байх найз Сгийн гэрт тоглож байгаад 16 цагийн үед гэр рүүгээ явах гээд тэднийхээс гараад шатаар доошоо бууж байтал 1 давхарт байх Иийн аав гэнэт гэрээсээ гарч ирснээ миний подволкноос заамдаж аваад гэртээ чирч оруулаад ханын шкафаа мөргүүлсэн би босоод ирсэн чинь миний гэдэс рүү өшиглөөд чи манай эхнэрийг янхан гэдэг хэн бэ гээд ахиад миний баруун хацар руу алгадаад явсан. Тэгээд миний үснээс зуурч байгаад шкафны өнцөг рүү түлхэж мөргүүлсэн. Манай хүүхэд Итэй дахиж хэрүүл маргаан хийвэл ална шүү гээд намайг өшиглөөд гэрээсээ гаргасан..” гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 02/140 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн нотлох баримтууд, шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалттай.
Насанд хүрээгүй хохирогч Э.Мгийн эрүүл мэндэд учирсан “тархи доргилт” гэмтэл нь шүүгдэгч А.Цгийн насанд хүрээгүй хохирогчийн нүүрэн тус газар нь алгадах, хөл тус газарт өшиглөх, түлхэх зэрэг үйлдэл нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.
Шүүгдэгч А.Цгийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд тэрээр насанд хүрээгүй хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэж үзнэ.
Иймд хяналтын прокуророос шүүгдэгч А.Цд холбогдуулан яллах дүгнэлүйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч А.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бага насны хүүхдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч А.Ц нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаамаргаагүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болно.
Хохирол төлбөрийн талаар:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Э нь цаашид сэтгэл зүйн үйлчилгээ авч гарсан зардлыг нэхэмжлэх талаараа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч А.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг гаргаж оролцлоо.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.
Шүүгдэгч А.Ц нь урьд ял шийтгэлгүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ц нь оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Бусад асуудлаар:
Шүүгдэгч А.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч А.Ц нь бүрэн дунд боловсролтой бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг бичгээр гаргасан нь мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцэж байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7,36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А.Цг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бага насны хүүхэд болохыг 7 мэдсээр байж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэ буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч А.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Цд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Э нь энэ гэмт хэргийн улмаас сэтгэл зүйн зөвлөгөө авахтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч А.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН