Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/100

 

 

 

 

   

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Байгалмаа даргалж,

         нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,

         улсын яллагч Б.Дашням,

         шүүгдэгч Ц.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Эт холбогдох эрүүгийн 2319000000123 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

         Биеийн байцаалт: Ц.Э

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Ц.Э нь 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр согтуугаар Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг Аюушийн 1102 тоотод Т.Хтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, түүнийг зодож эрүүл мэндэд нь зүүн 9, 10 дугаар хавирганы хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

         -Шүүгдэгч Ц.Эийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөвөөр мэдүүлсэн. Тэр өдөр 1 шил 0,5 л, 1 шил 0.75 литрын архи уусан. Үйлдлээ санаж байгаа. Хохирогчийн мэдүүлгийг хүлээн зөвшөөрнө. Хохирогчтой үеэлүүд юм. Болсон асуудлыг хүлээн зөвшөөрнө. Хын нэхэмжлэлийг бүрэн хэмжээгээр төлөхийг зөвшөөрч байна. Х тогоочийн ажил хийгээд ийш тийшээ яваад байдаг юм. Цалингаасаа төлнө. Хийсэн хэргээ ойлгож гэмшиж байгаа. гэсэн мэдүүлэг,

           -Хохирогч Т.Хын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотоос ирээд Баадай гэдэг айлд өдөр 12 цагийн орчим очиход Э, Баадай хоёр архи уугаад сууж байсан. Тэгээд би тэр хоёртой хамт Хараа гэх архи 0,75 литрийн нэг шилийг ууссан. Тэгж байсан чинь Э намайг "Гуйлгачин Ангирагийн шээс" гээд байсан. ...Э намайг үсдээд татаад унагаасан. Тэгснээ дээрээс дэвсээд зүүн хойд талын хавирга хэсэгт өшиглөсөн. Тэгсэн чинь буюу Батцэнгэл нь зүүн орон дээрээс "Юу болоод байна аа" гээд босож ирээд Эийг салгасан. Тэгээд Э нь Баянтогоотойгоо явсан. Би Батцэнгэлтэй үлдсэн. Тэр хооронд Батцэнгэл нь намайг цохиж зодоогүй гэсэн мэдүүлэг /хх 4-5, 51 ху/,

           -Гэрч Ж.Батцэнгэлийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Тухайн өдөр манай гэрт Э, Х, Хонгороо бид дөрөв архи уусан бөгөөд тухайн үед Э, Хтай маргалдаж үсдээд газар чирсэн. Тэгээд би болиулж салгасан. ...Х гэрт үлдээд миний хавирга өвдөөд байна гэж хэлж байсан гэсэн мэдүүлэг /хх 24-25, 30 ху/,

           -Гэрч Ч.Баянтогоогийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...би такси бариад очсон чинь Э Х Батцэнгэл тэр гурав архи хуваагаад ууж байсан. Тэгээд дөрвүүлээ сайхан сууя гэж яриад сууж байхад Х нь байсхийгээд агсан тавиад байсан. Тэгснээ Х нь цэнэглэгч алга болчихлоо гээд над руу дайраад байсан чинь Э нь намайг өмөөрөөд наад чинь юу гэж чиний цэнэглэгчийг авдаг юм гээд муудсан. Х нь босож над руу дайраад хүзүү бооход Э намайг өмөөрөөд уурлаад Хын үснээс зулгааж татаж чангаагаад үүдний хэсэг түлхээд зайл яв гээд байсан. Тэгсэн чинь Х нь би гутлаа өмслөө гээд буцаад орсон. Би Эийг явъя гэхэд Х за одоо зүгээр бөөндөө сууя гээд бид хоёрыг суулгасан. Архиа тойруулж ууж байхад ахиад л Х агсан тавихад Э өөдөөс нь хэрэлдсэн. Тэгэхэд Х углааш бариад Эийн толгой руу цохисон. Тэгэхээр нь би боль чи яах гэж эрэгтэй хүний толгойд хүрч байгаа юм гэж хэлээд би явъя гээд куртикээ өмсөж байхад Х нь гүйж очоод шүүгээнээс хар иштэй хутга авсан чинь Э хутгыг нь тавиулах гээд зууралдаж байхад зүүн орноос босож ирснээ боль гээд голоор нь орсон. Тэгээд бид хоёр яваад өгсөн. Өөр зүйл мэдэхгүй байна гэсэн мэдүүлэг /хх 32 ху/,

           -Яллагдагч Ц.Эийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Х нь Баянтогоод агсан тавиад багалзуурдаад байсан. Тэгээд Х шүүгээнээс хутга аваад агсан тавиад байсан. Тэгэхээр нь би Хыг чамд хонох газар байхгүй чи Баадайгийнд ирж агсан тавьдаг биз дээ, зайл чи гээд сууж байхад нь үснээс нь зулгаагаад татахад Баадай голоор ороод боль боль гээд салгангуутаа Хын хутгыг аваад цаашаа хийсэн. Тэгээд Баянтогоо бид хоёр гараад явсан. Баадай Х хоёр гэртээ үлдсэн тэрнээс хойш огт уулзаагүй гэсэн мэдүүлэг /хх 41 ху/,

          -Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 02/136 дугаартай дүгнэлтэнд: 

          1. Т.Хын биед зүүн 9, 10 дугаар хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо.

          2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

          3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийн удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

          4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.

         5.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна гэсэн дүгнэлт х 8-9 ху/,

          -Яаралтай тусламжийн хуудас, амбулаториор эмчлүүлэгчдийн карт /хх 10-17 ху/,

          -Хохирлын баримт /хх 56 ху/,

          -Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 42 ху/,

          -Шийтгэх тогтоолын хуулбар /хх 43-46 ху/,

          -Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 34-35 ху/ зэрэг болно.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

           Шүүгдэгч Ц.Э нь 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр согтуугаар Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг Аюушийн 1102 тоотод Т.Хтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, түүнийг зодож эрүүл мэндэд нь зүүн 9, 10 дугаар хавирганы хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Ц.Эийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн ...Тэр өдөр 1 шил 0,5 , 1 шил 0.75 литрын архи уусан. Үйлдлээ санаж байгаа. Хохирогчийн мэдүүлгийг хүлээн зөвшөөрнө. Хохирогчтой үеэлүүд юм. Болсон асуудлыг хүлээн зөвшөөрнө. Хийсэн хэргээ ойлгож гэмшиж байгаагэсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Т.Хын "... Э гэнэт босоод намайг үсдээд унагаасан. Тэгснээ Э нь хөлөөрөө зүүн хавирга тал руу өшиглөсөн. Тэгсэн чинь Баадай салгасан” гэсэн, гэрч Ж.Батцэнгэлийн “...Э, Хтай маргалдаж үсдээд газар чирсэн. Тэгээд би болиулж салгасан. ... Х гэрт үлдээд миний хавирга өвдөөд байна гэж хэлж байсан” гэсэн, гэрч Ч.Баянтогоогийн “...Архиа тойруулж ууж байхад ахиад л Х агсан тавихад Э өөдөөс нь хэрэлдсэн. Тэгэхэд Х углааш бариад Эийн толгой руу цохисон. Тэгэхээр нь би боль чи яах гэж эрэгтэй хүний толгойд хүрч байгаа юм гэж хэлээд би явъя гээд куртикээ өмсөж байхад Х нь гүйж очоод шүүгээнээс хар иштэй хутга авсан чинь Э хутгыг нь тавиулах гээд зууралдаж байхад зүүн орноос босож ирснээ боль гээд голоор нь орсон” гэсэн мэдүүлгүүд, хохирогчийн биед зүүн 9, 10 дугаар хавирганы хугарал бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учирсныг тогтоосон шинжээчийн 02/136 дугаартай дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас, амбулаториор эмчлүүлэгчдийн карт, хохирлын баримт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

          Шүүгдэгч Ц.Эийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

         Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгтЭрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

         Иймд түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон хохирол төлөхөө илэрхийлж байгаа байдал, прокурорын дүгнэлт зэргийг харгалзан шүүгдэгч Ц.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, түүний цагдан хоригдсон 7 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, 105.000 төгрөгийг эдлэх ялаас нь хасч тооцох нь зүйтэй.

          Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Ц.Э нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан материаллаг хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй. 

          Хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 172.354 төгрөгний эм тарианы баримтыг гаргаж өгсөн бөгөөд шүүхийн шатанд ажилгүй байсан хугацааны цалин 3.000.000 төгрөг, замын зардал 100.000 төгрөг, эм тарианы төлбөр 170.000 төгрөг, бусад 1.200.000 төгрөг, нийт 4.570.000 төгрөгийг /тооцож үзэхэд 4.470.000 төгрөг болсон/ нэхэмжилсэн байна.

        Шүүгдэгч Ц.Э нь “Хын нэхэмжлэлийг бүрэн хэмжээгээр төлөхийг зөвшөөрч байна. Х тогоочийн ажил хийгээд ийш тийшээ яваад байдаг юм. Цалингаасаа төлнө” гэсэн тайлбарыг гаргаж дээрх гэм хорын нэхэмжлэлийг төлөхийг хүлээн зөвшөөрч маргаагүй тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс 4.470.000 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Хд олгохоор шийдвэрлэлээ.

         Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч Ц.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 /долоон зуун мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эийн цагдан хоригдсон 7 /долоо/ хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, 105.000 /нэг зуун таван мянга/ төгрөгийг эдлэх ялаас хасч тооцсугай.

        4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

         5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Эт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

         6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эээс 4.470.000 /дөрвөн сая дөрвөн зуун далан мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Т.Х-д олгосугай.

         7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА