Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/101

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Байгалмаа даргалж,

         нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,

         улсын яллагч Б.Дашням,

         шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Бт холбогдох эрүүгийн 2319001130134 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

         Биеийн байцаалт: Э.Б

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Э.Б нь 2023 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар баг Шинэ зуун гудамжны 314-3 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ц.Эрдэнэчимэгийн өмчлөлийн 2 ширхэг монет нь бөгжийг архи уух зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1.664.880 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

      Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Б нь 2023 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар баг Шинэ зуун гудамжны 314-3 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ц.Эрдэнэчимэгийн өмчлөлийн 2 ширхэг монет нь бөгжийг архи уух зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1,664,880 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

          Дээрх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч   Ц.Эрдэнэчимэгийн "...Би 2023 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн өглөөний 09 цагийн үед Баянжаргалын байшин доторх урд талд нь байх жижиг өрөөнд нь баруун талын хананы наана байсан жижиг ширээн дээр баруун гарынхаа дунд хуруу, ядам хуруундаа зүүж байсан бөгжөө тайлан тавиад нүүр гараа угаагаад, ахын гэрээс гараад Дорноговь аймгийн 6 дугаар багт байх, 3 баян дэлгүүр орон ах Баянжаргал рүү залган миний бөгжийг ширээн дээрээс авчих гэсэн чинь миний бөгж байхгүй байна гэж байсан. Ахын гэрт ирээд бөгж тавьсан өрөөндөө бөгжөө хайсан чинь бөгж байгаагүй. ...Гаднаас зүс таних Б гэх эмэгтэй ганцаараа орж ирсэн байсан. ...Би бөгжөө ширээнээс өөр газар тавиагүй. Миний бөгжийг Б гэх эмэгтэй авсан гэж би сэжиглэж байна" гэсэн /хх 6, 59 ху/, гэрч Ц.Баяржаргалын "...Ц.Эрдэнэчимэг, Ц.Түвшинтулга нарыг гарах үеийг бол харсан. Манай дүү нарыг гарахаас өмнө Б гэдэг эмэгтэй орж ирээд гарсан. Бийн нөхөр Түвшинбат гэдэг хүн нь манай дүү Түвшинтулгын малыг маллаад хөдөө байдаг юм. Түүнээс бол Б гэдэг хүнийг бол танихгүй" гэсэн /хх 12-13 ху/, гэрч Ц.Түвшинтулгын "... Жижиг өрөөний ширээн дээр эхнэрийн 2 бөгж болон миний бөгж гинж хамт байсан би гарахаас өмнө түүнийгээ авч зүүсэн харин эхнэрийн бөгж ширээн дээр үлдсэн намайг бөгж, гинжээ авч зүүж байх үед Б өрөөнд хамт байсан намайг харж байсан. Би Бийг өрөөнд үлдээгээд гарсан юм, удалгүй миний араас гарч ирээд би хувцсаа аваад ирнэ гэж хэлээд гарсан. Би Б гэдэг хүнийг сэжиглэж байна учир нь тэр эмэгтэй орж ирсэн тэгээд ширээн дээр бөгж хамгийн сүүлд хараад ганцаараа үлдсэн болохоор..." гэсэн /хх 14-15 ху/ мэдүүлгүүд, хохирлын үнэлгээ /хх 48-50 ху/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 7-9 ху/, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Э.Бийн “...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг төлсөн. Биет байдлаар буцаан өгсөн...” гэсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч Э.Бийн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

         Шүүгдэгч Э.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаархи саналыг яллагдагч Э.Бт танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байна.

           Иймд шүүгдэгч Э.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд 260 /хоёр зуун жар/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар  солихыг анхааруулж шийдвэрлэлээ.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Эрдэнэчимэгийн эд хөрөнгөд 1.664.880 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг биет байдлаар төлж барагдуулсан /хх 73 ху/ байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдав.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч Э.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бийг 260 /хоёр зуун жар/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8-аас дээшгүй цагаар тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар  солихыг анхааруулсугай. 

        4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

        5.Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Ж.БАЙГАЛМАА