Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 2023/ШЦТ/145

 

 

 

 

 

 

 

 

 

  2023             04            21                                    2023/ШЦТ/145

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.С

    Улсын яллагч Ц.Л

    Хохирогч Н А

    Хохирогчийн өмгөөлөгч Р.Н

    Орчуулагч Р.О

    Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Э 

    Шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Б-т холбогдох эрүүгийн 2325001060159 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Н.Б

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Н.Б нь 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах үйлчилгээний төвийн хойд талын авто зам дээр Тоёота Приус 20 маркийн **** ОРН улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч Н.Н-г  мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Б-г  хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, орчуулагч иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б мэдүүлэхдээ “мэдүүлэг өгөхгүй, зогсоох арга хэмжээг хүн мөргөсөн даруй авсан. Цонхны цанг арилгаагүй хөдөлгөөнд оролцсон нь миний буруу. Хохирогчид 2 850 000 төгрөгийн хохирол төлсөн” гэв.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч А.Н   шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “Ажлаа тараад хүүхэдтэйгээ гэр лүүгээ явж байсан. Осол болсон замаар би гэр лүүгээ явдаг. Явдаг замаараа явж байгаад гарц дуусах үед машин зүүн талаас, баруун талаас ирж байна уу гэдгийг сайтар харж байгаад гарсан. Зам дуусах дөхөхөд нэг юм мөргөсөн. Юу гэдгийг нь мэдээгүй. Ухаан ороод харангуут хүүхэд маань уйлчихсан, би өөрөө хэвтэж байсан, тэр үеийгээ сайн санаж байна. Толгойгоо бариад унасан гар цус болсон байсан. Хүүхэд чанга уйлж байсан учраас гол анхаарлаа хүүхдэдээ хандуулсан. Машинаас жолооч нь гарч ирсэн. Хамт ажилладаг эмэгтэй Х    ард явж байсан. Машинд суулгаад Х    орчуулгыг нь хийгээд хамт эмнэлэг рүү явсан. Нурууны гэмтэлтэй, одоог хүртэл нуруу хамгаалах бүстэй явж байгаа. Толгой гэмтэл авсан байгаа, цаашид үзлэгт хамрагдах шаардлагатай. Бүтэн сар хэвтэрийн байдалтай ямар ч ажил хийх боломжгүй байсан. Сэтгэл санааны хувьд маш хүнд, маш их стресстэй байгаа. Цаашид эрүүл мэндэд яаж нөлөөлөх талаар маш их санаа зовж байгаа. Нурууны гэмтэл ирээдүйд яаж өөрчлөгдөхийг мэдэхгүй, сэтгэл санааны хохирол гэж 12 сая төгрөг нэхэмжилсэн байгаа. Тэр хохирлыг барагдуулж өгөхийг хүсэж байна. Залуу хүн цаашид эрүүл мэнд минь яаж өөрчлөгдөхийг сайн мэдэхгүй байна” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд. /хавтаст хэргийн 10-17 дахь тал/

2. Тоёота Приус 20 маркийн **** ОРН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд. /хавтаст хэргийн 18-21 дэх тал/

3. Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн №166 дугаартай Н.Н-н биед бүсэлхийн 1-р нугалмын шахагдсан хугарал, тархи доргилт, хуйханд 1 тооны няцарсан шарх, баруун болон зүүн өвдөг, баруун тохой, шуу тохойн зөөлөн эдэд 4 тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Бүсэлхийн нугалмын хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт. /хавтаст хэргийн 39-40 дэх тал/

4. Хохирогч А    Н-н мэдүүлсэн “Уурхайчин багт байрлах Үйлчилгээний төвийн ертөнцийн зүгээр хойд талд байх авто машины засмал замыг явган хүний гарцаар урд зүгээс хойд зүгийн чиглэлд охиноо зүүн гар талд хөтлөн алхаад явж байхад миний баруун гар талаас гэнэт машин мөргөж охин бид хоёрыг газарт унагаасан” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 56-58 дахь тал/

5. Гэрч Ц.Б-н  “Н.Б бид хоёр халуун усанд орчихсон байсан болохоор машины урд талын шил цантаж үзэгдэх орчин сайн харагдахгүй байсан. Мөн урд талаас нар тусаад байсан. Тэгээд Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Үйлчилгээний төвийн хойд талын засмал төв замын 1 дүгээр эгнээгээр зүүнээс баруун чиглэлд хурдаа тохируулан бага хурдтай явж байхад явган хүний гарцны хэсэгт нэг юм мөргөх шиг чимээ гаран урд талын цонх цуурахад Н.Б машинаа зогсоож, бид гурав гурвуулаа машинаас бууж харахад Оросын Холбооны Улсын эмэгтэй хүүхдээ тэвэрчихсэн уурласан маягтай Орос хэлээр юм яриад байсан, юу гэж яриад байгааг нь ойлгоогүй, тэгээд хүн мөргөчихсөн юм байна гэдгээ мэдэж, уг эмэгтэй болон хүүхдийг машинд суулган Бүсийн оношилгоо эмчилгээний төв рүү авч яван эмчид үзүүлсэн” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 60 дахь тал/

6. Гэрч Ш.Б-н  “Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Үйлчилгээний төвийн хойд талын засмал төв замаар зүүнээс баруун чиглэлд бага хурдтай явж байхад явган хүний гарцны хэсэгт Н.Б гэнэт машинаа зогсоож, Н.Б , Ц.Б хоёр машинаас буухаар нь яасан юм бол гээд араас нь буухад Оросын Холбооны Улсын эмэгтэй хүүхдээ тэврээд зогсчихсон уурлаад юм яриад байсан. Орос хэл мэдэхгүй болохоор юу гэж байгааг нь ойлгоогүй. Тэгээд уг эмэгтэйг мөргөчихсөн юм байна гэж бодоод шууд машинд суулгаж Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хүргэн өгч эмчид үзүүлсэн. Би хойд талын цонхоор хажуу тийшээ харан явж байсан болохоор юу ч мэдэгдэж сонсогдоогүй, гэнэт л машинаа зогсоосон. Тэгээд эмнэлэг дээр цагдаа нар ирэн бид нарыг дагуулан үйлчилгээний төвийн хойд талын зам дээр ирэх үед би Н.Б ийн машины урд талын цонх хагарсан гэдгийг анзаарч харсан, анх суухад зүгээр байсан.” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 62 дахь тал/

7. Яллагдагч Н.Б ийн “2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Урхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах Үйлчилгээний төвийн хойд талын авто зам дээр Тоёота Приус маркийн **** ОРН улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа гарцаар гарч явсан хохирогч Н.Н-г  мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан. Тухайн өдөр ажлаа тараад өөрийн эзэмшлийн Тоёота Приус маркийн **** ОРН улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодон зорчигчийн суудалд Бямбажав, Баянжаргал нарыг суулган Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багт байрлах Үйлчилгээний төвийн хойд талын засмал төв замаар явж байхад тээврийн хэрэгслийн урд салхины шил цанатаж үзэгдэх орчин муу харагдаж, мөн өөдөөс нар гялбаж байхал явган хүний гараар зам хөндлөн гарч явсан нэг эмэгтэй болон түүний хөтлөн явж байсан бага насны хүүхдийг харалгүйгээр санамсаргүй байдлаар тээврийн хэрэгслийн урд хэсгээрээ мөргөж уг эмэгтэйгийн биед гэмтэл учруулсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 98 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзлээ. 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ц.Л дүгнэлтдээ “Шүүгдэгч Н.Б нь 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт Үйлчилгээний төвийн хойд талын авто зам дээр **** ОРН улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх хэсэгт заасан явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн мөн дүрмийн 12.3-т заасан жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчиж уг явган хүний гарцаар зорчиж явсан хохирогч Н.Натальяаг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримт болох ослын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн ослын шалтгааныг тогтоосон мөрдөгчийн магадлагаа, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтүүд болон гэрчээр буюу шүүгдэгчтэй машинд зорчиж явсан н.Бямбажав, н.Баянжаргал нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь нотлогдож тогтоогдсон байна. Иймд шүүгдэгч Н.Б-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Хохирол төлбөрийн тухайд хохирогчийн нотлох баримтаар нэхэмжилсэн эмчилгээний зардал, бусад зардлууд төлөгдсөн. Өөрсдийнх нь гаргаж өгсөн тооцооллоор нэхэмжилсэн 3,156,534 төгрөг өнөөдөр бүрэн төлөгдсөн байна. Өнөөдөр шүүх хуралдаан дээр сэтгэл санааны хохирол 12,000,000 төгрөг, өмгөөлөгчийн зардал 1,000,000 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна гэж үзэж байна. Өмгөөлөгчийн зардал зайлшгүй гарах зардалд тооцогдохгүй. Сэтгэл санааны хохирлын тухайд энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэгдэх боломжгүй, нотлох баримтуудаа бүрдүүлээд иргэний журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй байгаа учраас сэтгэл санааны хохирол нэхэмжилсэн 12,000,000 төгрөгийг хэлэлцэхгүйгээр орхих нь зүйтэй гэсэн саналтай байна” гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Р.Н  дүгнэлтдээ “Гэм буруугийн асуудлаар шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт маргаж мэтгэлцэхгүй байна. 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын ерөнхий захиргааны өмнөх авто замын зорчих хэсэг дээр зохицуулалтгүй явган хүний гарцаар гарч явсан иргэн Н.Натальяаг мөргөж гэмтэл учруулсан үйлдлээ бол хүлээн зөвшөөрч байгаа юм байна. Явган зорчигчийн хувьд явган хүний зохицуулалтгүй гарцаар дүрмийн дагуу гарч явсан хохирогчид ямар нэгэн буруугийн асуудал байхгүй. Хамгийн гол нь ажлаа тараад бага насны хүүхэдтэйгээ явж байсан хүн гэнэт нэг хүний хайхрамжгүй болгоомжгүй үйлдлээс болоод эрүүл мэндээрээ хохирсон. Хохирогч хэрэг гарснаас хойш эмчийн тодорхойлсноор 4 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл эмнэлгийн байнгын хяналтанд байсан. Одоо хөл дээрээ босоод ирэх 1 дэх өдрөөс ажилдаа явна гэсэн байдалтай байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоос мэдүүлэг авах, хэргийн материал танилцуулахад хохирогч хэвтрийн байдалтай байсан. Үзлэг шинжилгээ, эм эмчилгээний зардалд 03 дугаар сарын 06-ны өдөр 2,160,000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан. Тэр зардал төлөгдсөн. Өнөөдрийн гаргасан 184,000 төгрөг байсан төлөгдсөн. Эрдэнэт үйлдвэрийн харъяа гадаадын хүмүүст үйлчилдэг Орос эмнэлэгийн ерөнхий эмчийн тодорхойлж байгаагаар хохирогчийн өөрийнхөөө нэхэмжлэлд бичиж байгаагаар эрүүл мэнд нь хэдийгээр сэргэж ажилдаа орох болж байгаа ч осолтой холбоотойгоор хэд хэдэн нөхцөл байдалд орж, сэтгэл санааны хямрал цаашдаа айдас түгшүүртэй болсон. Үүнтэйгээ холбоотой Ирдвелскийн томъёолоор 12,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг гаргасан. Үүнийг яах ёстой вэ гэдгийг судалж үзэхээр манай улсын мөрдөж байгаа хууль тогтоомж дээр сэтгэл санааны хохирлыг ийм нэхэмжлэлийн хүрээнд шууд шийдчих боломж хязгаарлагдмал. Гэхдээ бол огт байхгүй гэсэн зүйл биш. Шүүхийн шинжилгээний тухай хууль шинэчлэгдэж мөрдөгдөөд явж байна. Энэ хуулийн 39.1 дүгээр зүйлийн 8-д энэ хуулийн 40.1-д заасан сэтгэцэд учирсан хохирлыг сэтгэцийн шинжилгээ хийнэ гэж байгаа. 40.1 дүгээр зүйлд ямар ямар гэмт хэрэгт сэтгэцийн шинжилгээ хийх юм бэ гэхээр үүнд 27.10 дугаар зүйл бүхэлдээ багтсан байгаа. Мөн хуулийн 40.2 дугаар зүйлд 2-т нь мөн хуулийн 40.1-д заасан гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд түр зуурын, эсхүл байнгын шинжтэй өөрчлөлт орсон тохиолдолд тооцно гэж байгаа, 40.2 дугаар зүйлийн 3-т сэтгэцэд учирсан хямрал, эмгэгийг сэтгэцийн шинжилгээгээр тогтооно гээд энэ хууль маань хохирол төлөхтэй холбоотой заалтууд 80.6 дугаар зүйлд зааснаараа сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр зохицуулагдсан. Тийм болохоор шүүх энэ 12,000,000 төгрөгийн сэтгэл санаанд учирсан хохирлыг хэрэгсэхгүй болохгүйгээр хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна. 07 дугаар сарын 01-ний өдрөөс хуулийн үйлчлэл гараад ирэхээр энэ хүн мэдээж эдгэх юм бол нэхэмжлэл гаргах үндэслэлгүй, хэрвээ үргэлжилж байх юм бол хуулийн үйлчлэлд хамаарах ийм нөхцөл байдалтай байна. Тиймээс цаашид эмчилгээ хийлгэнэ гэсэн зүйл ярьж байгаа учраас цаашид гарах бусад эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нээж өгөх нь зүйтэй гэсэн саналтай байна. Эрүүгийн хариуцлагын хувьд гаргах саналгүй” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Э   дүгнэлтдээ: “Улсын яллагчийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох саналд маргах зүйл байхгүй. Миний үйлчлүүлэгчийн хувьд өөрийнх нь гэм буруутай үйлдэл нь болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн нөхцөл байдал харагддаг. Хохирогчийн хохирол төлбөртэй холбоотойгоор хавтаст хэрэгт 2 шүүх эмнэлгийн дүгнэлт авагдсан. 166 тоот дүгнэлтээр хохирогчийн биед гэмтлийн зэрэг тогтоох журмын дагуу хүндэвтэр гэмтэл түүний L1-р нугалам хугарсан гэсэн дүгнэлт мөн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар тархины доргилт буюу зөөлөн эдийн гэмтлүүд учирсан гэсэн дүгнэлт гарсан. Гэмтлийн зэргийн шалгуур шинжээр нь тогтоогоод хүндэвтэр гэмтлийг бол 4 долоо хоногоос дээш хугацаа өнгөрсөн байхыг шаарддаг. Хөдөлмөрийн чадвар алдалт 15-30 хувьтай байдаг. Нийт 13,684,900 төгрөг нэхэмжлэл гаргасан. Хохирогчийн өмгөөлөгч сэтгэл санааны хохирол болон өмгөөлөгчийн хөлсийг хэлэлцэхгүйгээр цаашид нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлгэх санал гаргаж байна. Үүн дээр зөрүүтэй зүйл гарч ирээд байна. Яллах дүгнэлтэд авагдсан буюу хохирогчийн өөрийнх нь нотлох баримтын хүрээнд гаргаж өгсөн баримт нь 3,159,534 төгрөг. Үүнээс шүүгдэгчийн хувьд 2,160,000 төгрөг, 690,000 төгрөг гээд 2,850,000 төгрөгийг хохирогчид өнөөдрийн байдлаар төлж барагдуулсан. 3,159,534 төгрөгөөс өмнө нь нэхэмжилж байсан зардлаас өмгөөлөгчийн хөлс 500,000 төгрөг хасагдаад бодит өөрийнх нь нэхэмжлэх зардал нь 2,659,534 төгрөг болсон. Хохирогчийн эмчилгээний зардал болон түүнд учирсан хор уршгийг Н.Б ийн хувьд мэдээж гадаадын иргэн, миний өөрийн буруутай үйлдлээс энэ хүнд ийм гэмтэл хохирол учирсан учраас үүнийг би бүрэн төлж барагдуулъя гэсэн учраас хохирлыг өнөөдрийн шүүх хуралдаанаар гаргаж өгсөн нотлох баримтын хэмжээнд бүрэн төлж барагдуулсан буюу 5,566 төгрөг илүү төлсөн байна. Энэ нь бол өнөөдрийн 184,900 төгрөг ороод энэ хохирол бүтэн төлөгдчихөж байгаа юм. Өнөөдөрийн шүүх хуралдаан дээр гаргаж өгч байгаа 12,000,000 төгрөгийг сэтгэл санааны хохирол, 1,000,000 төгрөг нь өмгөөлөгчийн хөлс, 500,000 төгрөг нь орчуулагч хэлмэрчийн зардал, 184,900 төгрөг миний эмчилгээний зардал гэж гаргасан. Эмчилгээний зардалтайгаар холбоотойгоор өнөөдөр шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр бол тархи болон зөөлөн эдэд гарсан гэмтлүүд нь хөнгөн зэргийн гэмтэл гэсэн. Өнөөдөр гэмтлийн зэрэг тогтоох журмын дагуу 4 долоо хоногоос дотогши хөнгөн гэмтлийн шинж шалгуур байх ёстой гэж үзсэн. Хохирогчийн хувьд өнөөдөр хийгдсэн эмчилгээнүүд нь нуруу нугаламд биш тархи толгойнд, тайвшруулах, өвчин намдаах, тархи амраах зориулалттай эмнүүдийг хэрэглэсэн байна гэж үзэж байгаа. Сэтгэцийн хувьд өөрчлөлт ороод байгаа бол үүнийг зохих Монгол улсын хэмжээнд Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэн, сэтгэц эмгэг судлалийн үндэсний төвөөр шинжээчийн дүгнэлт гаргасны үндсэн дээр бодитой энэ хохирлыг нэхэмжлэх эрхтэй. Тэгэхээр нээлттэй орхих боломжгүй гэж өмгөөлөгчийн хувьд харж байгаа. Энэ хүний хувьд өөрийнхөө нөхцөл байдлыг үнэн зөв мэдүүлдэг. Хэрэг шалгах хугацаанд хохирол төлбөрийг нэхэмжлэлийнх нь хэмжээнд төлж барагдуулж байсан. Хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшээд байгаа нөхцөл байдлууд харагддаг. Ийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг гэм буруутайд тооцох нь шударга ёсны зарчимд нийцнэ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулын арга хэмжээ авч өгнө үү.

 

 Торгуулын ял оногдуулахдаа хамгийн доод хэмжээгээр буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгож нөхцөл байдлыг нь харгалзаж үзээч гэсэн саналыг оруулж байна” гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, Тоёота Приус 20 маркийн **** ОРН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд, хохирогчийн эрүүл мэндэд үзлэг хийж хүндэвртэр хохирол учирсан болохыг тогтоосон Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн №166 дугаартай дүгнэлт, хохирогч А    Н-н “Уурхайчин багт байрлах Үйлчилгээний төвийн ертөнцийн зүгээр хойд талд байх авто машины засмал замыг явган хүний гарцаар урд зүгээс хойд зүгийн чиглэлд охиноо зүүн гар талд хөтлөн алхаад явж байхад миний баруун гар талаас гэнэт машин мөргөж охин бид хоёрыг газарт унагаасан” гэх мэдүүлэг, гэрч Ц.Б-н  “явган хүний гарцны хэсэгт нэг юм мөргөх шиг чимээ гаран урд талын цонх цуурахад Н.Б машинаа зогсоож, бид гурав гурвуулаа машинаас бууж харахад Орос эмэгтэй хүүхдээ тэвэрчихсэн уурласан маягтай Орос хэлээр юм яриад байсан, юу гэж яриад байгааг нь ойлгоогүй, тэгээд хүн мөргөчихсөн юм байна гэдгээ мэдсэн” гэх мэдүүлэг, гэрч Ш.Б-н  “Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Үйлчилгээний төвийн хойд талын засмал төв замаар зүүнээс баруун чиглэлд бага хурдтай явж байхад явган хүний гарцны хэсэгт Н.Б гэнэт машинаа зогсоож, Н.Б , Ц.Б хоёр машинаас буухаар нь яасан юм бол гээд араас нь буухад Орос эмэгтэй хүүхдээ тэврээд зогсчихсон уурлаад юм яриад байсан” гэх мэдүүлэг, яллагдагч Н.Б ийн мэдүүлсэн “явган хүний гараар зам хөндлөн гарч явсан нэг эмэгтэй болон түүний хөтлөн явж байсан бага насны хүүхдийг харалгүйгээр санамсаргүй байдлаар тээврийн хэрэгслийн урд хэсгээрээ мөргөж уг эмэгтэйгийн биед гэмтэл учруулсан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Б 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Орхон аймгийн Бая-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг үйлчилгээний төвийн хойд талын авто зам дээр Тоёота приус 20 маркийн **** ОРН улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 15.3, 16.1, 12.3 дугаар заалтуудыг зөрчсөний улмаас гарцаар гарч явсан явган зорчигч Н.Н-г  мөргөж, эрүүл мэндэд нь бүсэлхийн 1-р нугалмын шахагдсан хугарал, тархи доргилт, хуйханд 1 тооны няцарсан шарх, баруун болон зүүн өвдөг, баруун тохой, шуу тохойн зөөлөн эдэд 4 тооны цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч Н.Б нь тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

 

            Шүүгдэгч Н.Б ийн үйлдлийн улмаас А.Н-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирч эмчилгээний зардал 3 159 534.60 төгрөг, сэтгэл санааны хохирол, цаашид гарах эмчилгээний зардалд 12 сая төгрөг өмгөөллийн хөлс 1 сая төгрөгийг нэхэмжилсэн байна. Шүүгдэгч нь эмчилгээний зардал 3 159 534.60 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байна. Хохирогч А.Н   сэтгэл санааны хохирол, цаашид эмчилгээ хийлгэх зардал нийт 12 сая нэхэмжилсэн боловч баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул шүүх хуралдаанаар хэлэлцэлгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдав.

 

            Хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөлийн хөлс 1 000 000 төгрөгийн нэхэмжлэл нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Б-г  яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамааралтай бусад нөхцөл байдалын талаар:

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирлоо нөхөн төлснийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлэхгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Я овгийн Н Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-г  1500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1 500 000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-т оногдуулсан 1 500 000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

5. Хохирогч Н Агийн нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөлийн хөлс 1 000 000 /нэг сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй бөгөөд хохирогч А.Н   нь сэтгэл санааны хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.АЛТАНГАДАС