| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2023/0028/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/146 |
| Огноо | 2023-04-24 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 2023/ШЦТ/146
2023 04 26 2023/ШЦТ/146
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Нарийн бичгийн дарга Б.С
Улсын яллагч Н.Д
Шинжээч Б.А /онлайн/
Хохирогч Ш.Н
Хохирогчийн өмгөөлөгч Д.Д
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Д , Э.Г
Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б холбогдох эрүүгийн 2225003730505 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Д.Б
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Д.Б нь 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багийн Гок гарден хотхоны **** тоотод Ш.Н тэй таарамжгүй харилцааны улмаас маргалдан,0 цээж хэвлий хэсэгт хутгаар зүсэж, цээжний урд хананд цээжний хөндийд нэвтрээгүй 2 тооны хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийд 1 тооны зүсэгдсэн шарх дарж унагаан баруун өвдөгний урд чагтан холбоосын суналт, гадна болон дотор хагас саран жийргэвчийн урагдал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Б-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, шинжээч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ “Н ах хүнтэй утсаар яриад маргалдаж байгаад гал тогооноос хутга аваад өөрийгөө зүссэн. Би хутгыг нь булааж аваад орцонд гарч хажуу айлын хүнийг цагдаа дуудаад өг гэж хэлсэн. Н ахыг хутгалаагүй. Хөлийг нь гэмтээгүй. Н ахын хөл нь урьд нь өвдөж байсан” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Ш.Н мэдүүлэхдээ “Б бид хоёр үйлдвэрийн аваргааас болж маргалдсан. Намайг гарах гэж байхад хутга аваад цээжийг маань зүссэн. Тэгээд гэрээс гарахаар нь бусдад гэмтэл учруулж магадгүй гэж бодоод болиулах гэж зууралдсан. Бид хоёр гэрт нь маргалаж байхад барьцалдаж аваад намайг унагаахад хөл гэмтсэн. Эмчилгээний зардал, ажилгүй эмнэлэгт хэвтсэн хугацааны цалингийн зөрүү, өмгөөллийн хөлс нийт 6 895 000 төгрөг нэхэмжилж байна” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжээч эмч Б.А мэдүүлэхдээ “Ш.Н ийн биед цээж хэвлийн хэсэгт ир үзүүртэй зүйлээр үүсгэгдсэн гэмтэл, баруун өвдөгний үеийн зөөлөн эдийн гэмтэл гэсэн хоёр төрлийн гэмтэл байгаа. 3 шинжээч эмч эхний дүгнэлт гаргаж байхад тухайн нөхцөл байдал ир үзүүртэй зүйлээр үйлдэгдсэн ясанд гэмтэл байхгүй учраас тухайн үед хөнгөн зэргийн гэмтэл үүссэн байна гэдэг дүгнэлтийг гаргаж байсан. Тэгээд шүүх хуралдааны үеэр энэ хүний өвдөгний үений гэмтэл эдгэрээгүй, шүүх хуралдаан хүртэл үргэлжилж байгаа. Эмнэлгийн магадлагаа авсан үндэслэл нь уг нь өвдөгний үений гэмтлийнхээ улмаас акт аваад явсан. Ерөөсөө цээжний үүссэн гэмтлээсээ магадлагаа аваагүй гэдэг мэдүүлгийг үндэслээд шинээр нөхцөл байдал үүссэн учраас хэрвээ энэ өвдөгний үений зөөлөн эдийн гэмтлийг нарийвчлан тодруулах юм бол үений холбоосны гэмтэл байх магадлалтай гэсэн үндэслэлээр нэмэлт нөхцөл байдал үүссэн учраас өвдөгний үений холбоосны шинжилгээнүүдийг зөвхөн өвдөгний үений MRI буюу соронзон томографикийн шинжилгээгээр оношлох боломжтой учраас энэ шинжилгээг дүгнэх юм бол дахин шинжилгээ хийх шаардлагатай гэж шүүх үзсэн учраас нэмэлтээр дүгнэлтээ гаргасан. Шинээр нөхцөл байдал үүсч байгаа бол нэмэлтээр дүгнэлт гаргаж болно. Энэ нөхцөл байдал дээр Мөнгөн гүүр эмнэлгийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн соронзон томографикийн шинжилгээгээр баруун өвдөгний үений урд чагтан холбоо болон үений холбоосонд урагдал үүссэн учраас энэ хүний эрүүл мэнд удаан хугацаагаар сарнисан гэдэг үндэслэлээр гэмтлийн зэргийг хүндэвтэр гэж тогтоосон. Цээжинд үүссэн хатгагдсан зүсэгдсэн шархнууд бол гэмтлийн зэргийн хөнгөн гэмтэл. Өвдөгний үеийн зөөлөн эдийн гэмтэл эрүүл мэнд удаан хугацаагаар сарнисан гэдэг үндэслэлээрээ гэмтлийн зэрэг өөрчлөгдөж байгаа.” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд. /1 дэх хавтаст хэргийн 13-18 дахь тал/
2. Гок гарден 5-а байрны 2-р орцны хяналтын камерт үзлэг хийсэн тухай тэмдэглэл. /1 дэх хавтаст хэргийн 19-24 дэх тал/
3. Хатуу дискинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл. /1 дэх хавтаст хэргийн 25-26 дахь тал/
4. Дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл. /1 дэх хавтаст хэргийн 27-29 дэх тал/
5. Хувцаст үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд. /хавтаст хэргийн 30-31 дэх тал/
6. Дуу бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл. /1 дэх хавтаст хэргийн 32-35 дахь тал/
7. Хохирогч Ш.Н ийн “архи уугаад сууж байгаад Б бид хоёр ажлын талаар ярилцаж байгаад маргалдаж эхэлсэн, энэ үед Б нь сууж байгаад гараараа миний нүүрэн тус газарт нэг удаа цохихоор нь би түүнийг түлхээд нэг нэгнийгээ барьж авсан, энэ үед Н , С нар бид хоёрыг салгачхаад гараад явчихсан, би Н , С нарын араас гарах гээд зогсож байтал Б чи ямар овоо том пизда бэ гэж хэлээд миний цээж тус газарт хутгаар хоёр удаа зүсэх шиг болсон, дахин хутгаар зүсэх гэтэл би гарыг нь цааш түлхэчихээд өмсөж байсан подволкоо тайлаад Б аа чи намайг шаачихлаа шүү дээ гэж хэлсэн, миний цээжин тус газраас цус гарч байсан... Б т хутгалуулахаас гадна Б намайг дарж унагах үед миний баруун хөлийн өвдөг гэмтсэн. Тийм учраас би дахин шинжээч томилуулж дүгнэлт гаргуулмаар байна” гэх мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 42-43, 47 дахь тал/
8. Гэрч Г.Н ын “Тэгээд би лефтин дотор С ахыг хүлээгээд зогсож байсан чинь С ах гаднаас орж ирээд энэ хоёр хэрэлдэж магадгүй байна. Б нөгөөдхөө 2 удаа цохиод авчихлаа гэж яриад байсан” гэх мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 51 дэх тал/
9. Гэрч Б.С ын “Намайг гарах үед Б , Н нар хоорондоо өндөр дуугаар ярилцаж маргалдаж байж байгаад болиод байсан. Би Б ын гэрээс гарах гээд гутлаа өмсөөд сууж байхад Б , Н нар нэг нэгийгээ гараараа алгадах шиг болсон. Намайг харах үед буйдан дээр маргалдаад сууж байхаар нь би гараад явсан. Тэр хоёр хоорондоо маргалдаад том том дуугарч байхаар нь бид хоёр бүтэхгүй хүмүүс гэж хоорондоо ярилцсан” гэх мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 53-54 дэх тал/
10. Гэрч Э.О “Үүнээс хойш би хэд хэдэн удаа залгахад утсаа заримдаа аваад, заримдаа таслаад байсан. Орой 22 цагийн үед Н рүү залгаж ярихад цаана нь олон хүмүүс хоорондоо яриад байсан, юу гэж ярьж байгаа нь сонсогдохгүй байсан, ямар нэгэн хоорондоо маргалдаж байгаа болон зодолдож байгаа зүйл байгаагүй болохоор утсаа тасалсан юм. Ингээд хэсэг хугацааны дараа манай бага охин Тийн гар утас руу нөхөр Н залгасан. Энэ үед охин Т дуудлагыг нь аваад чанга яригч дээр нь тавих үед нөхөр Н “3-12” гэж гэрийн хаягаа хэлээд “аав нь хүнд хутгалуулчихлаа” гээд утсаа тасалсан. Энэ үед би гэрээсээ гараад байрны гадна талд гарах үед ирчихсэн зогсож байсан. Таксины жолооч болон таксины жолоочтой хамт явсан үл таних эмэгтэй нар хамт зогсож байсан. Би нөхөр Н ээс юу болсон талаар асуухад “хүнд ингүүлчихлээ, гудамжны хүнд ингүүлчихлээ" гэж хэлсэн. Би таксины жолоочоос хаанаас суусан талаар асуухад “Гок гарден хотхоны гадна талаас ганцаараа суусан” гэж хэлсэн. Би таксины жолоочид мөнгийг өгөөд Н ийг эмнэлэг явъя гэсэн чинь явахгүй гэж хэлээд орц руугаа ороод 2 давхарт гараад гэррүүгээ орох гээд байсан. Би эмнэлэг рүү авч явах гээд гэрлүү оруулахгүй гэж хорьж байх үед “болохгүй, Б ингэсэн, хүний амьдрал алчихна” гэх мэт зүйл ярьсан. Энэ үед би арай гэж орцноос гаргаад 3-17 дугаар байрны автобусны буудал дээрээс таксинд суугаад эмнэлэг дээр очиж оёдол тавиулсан. Эмнэлгээс цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Цагдаа ирэх үед нөхөр Н уурлаж намайг цагдаад дуудлага өглөө гэж хэрүүл хийж “хүний амьдрал алчихна, гудамжны хүнд хутгалуулсан” гэх мэт зүйл яриад байсан. Маргааш нь асуухад “Б ахын хүргэн ш дээ Б , өөрөө ярина биз, ажил, төрөлгүй болгож яах юм бэ” гэж хэлсэн. Урд өдөр нь би эмнэлэг рүү таксигаар явж байх үед “хэрэггүй аварга боллоо” гэж хэлж байсан. Би яагаад ингэсэн талаар асуухад “яах вэ дээ тэгээд аварга, ажил төрлөөс болж байгаа” юм гэж хариулаад өөр юм яриагүй. Миний нөхөр Н нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын геологи хайгуулын хэсэгт өрөмдөгчөөр ажилладаг юм. Б нь мөн адил Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын геологи хайгуулын хэсэгт өрөмдөгчөөр ажилладаг талаар нөхөн Н хэлсэн” гэх мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 59 дэх тал/
11. Гэрч Э.Э-н “2022 оны 05 дугаар сарын 28-ны орой 22 цагийн үед төрсөн дүү О над руу залгаад Н бусдад хутгалуулчихлаа одоо яах вэ гэхээр нь гэртээ байгаа юм уу, хаана байгаа юм бэ, гэж асуусан. Байрныхаа орцонд байна гэртээ орохгүй байна гэхээр нь би гэртээ оролгүй эмнэлэг яваарай биеийн байдал нь ямар хуу байдалтай байна гэж асуухад цээжнээс нь их хэмжээний цус гарч байна, гараараа дарчихсан байна би харж болохгүй байна айгаад байна гэсэн. Би яаралтай эмнэлэг яв, эмнэлэгт очоод цагдаа байгаа, цагдаад болсон асуудлын талаар хэл, яаралтай түргэн дуудаад яв, эсвэл таксигаар яваарай, гэж хэлээд Э.О ээс хэн хутгалсан талаар асуухад Н хэлэхдээ манай ажлын Б намайг ийм болгочихлоо би шал дэмий үйлдвэрийн аварга болжээ, гэж хэлсэн талаар надад хэлсэн. Энэ үед би хутгалсан хүн нь тодорхой юм байна та хоёр яаралтай эмнэлэг яваарай гэж хэлээд утсаа салгасан. Үүнээс хойш 20 минутын дараа О над руу залгаад “эмнэлэг дээр ирчихсэн үзүүлээд явж байна, эмч нар яаралтай шинжилгээ авна, зураг авхуулна, эхний үзсэн эмч нь цээжний хөндий рүү нэвтэрч ороогүй байна, рентген, томографи зураг авна” гэж байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 62 дахь тал/
12. Гэрч Г.Э-н “2022 оны 05 дугаар сарын 28-ны орой 22 цагийн үед эхнэр Э-тэй түүний төрсөн дүү О утсаар яриад “Н ийг бусдад хутгалуулсан талаар хэлсэн. Тухайн үед эхнэр бид хоёр гэртээ байсан. Хэн хутгалсан талаар эхнэр асуух үед ажлынхаа газрын Б гэх хүнд хутгалуулсан, тэдний гэрт хамт байсан, тэдний гэрээс такси барьж ирсэн талаар хэлж байсан. Тухайн өдөр ямар шалтгааны улмаас хутгалсан талаар эхнэр Э дүүгээсээ асуух үед “Б нь биерхүү том залуу байдаг, өнгөрсөн жил буюу 2021 онд Н нь үйлдвэрийн аварга болсонд нь дургүйцэж маргаан үүссэн, Н хэрэггүй үйлдвэрийн аварга болжээ гэж удаа дараа ярьж харамсаж байсан” гэж ярьж байсныг сонссон. Тухайн өдрөөс хойш эхнэр Э нь Б ын утсыг дүүгээсээ аваад Б тай холбоо барихад “би ажпаасаа саяхан бууж ирлээ, ажил ихтэй байсан болохоор утсаа авч чадаагүй та хэн бэ” гэж ярих үед нь манай эхнэр би Н ийн эгч нь байна чи яагаад манай дүүг хутгалсан юм бэ? гэж асуух үед “би Н ийг гуйж зуслангийн шовгор байшинг хамт зөөж ачуулсан юм, ажлаа дуусгаад гэртээ ирээд хоол, цай идэж уугаад нэг, хоёр шил архи задалсан, 4 үүлээ байсан манай хоёр найз байсан, жоохон маргаан болсон юмаа, эгч минь та тайвшир учир зүй нь олдох байхаа бие нь яаж байна, гайгүй юу” гэх мэт зүйл асуух үед эмнэлэгт хэвтсэн бие нь тааруу байгаа гэж ярьж байгаад тасалсан” гэх мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 65-66 дахь тал/
13. Гэрч Х.А-н “Би 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг сайн санаж байна. Тухайн өдөр би гэртээ байсан, орой болчихсон байсан цагийг нь сайн санахгүй байна. Гэртээ байсан чинь манай давхарт сонин дуу, чимээ гараад байхаар нь хаалга онгойлгоод харсан чинь манай хажуу 114 тоотын залуу Б нь нэг үл таних залуутай зууралдаж байгаа байдалтай зогсож байсан. Энэ үед Б намайг хараад эгчээ цагдаа дуудаад өг энэ залуу агсам тавиад байна гэж хэлэхээр нь би цагдаа дуудлаа шүү гэж хэлсэн чинь Б ын хажууд байсан үл таних залуу явган хүний шатаар гүйгээд доошоо буугаад явчихсан. Уг залуу явчихсан болохоор цагдаад дуудаагүй” гэх мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 71-73 дахь тал/
14. Яллагдагч Д.Б ын “Н ах бид хоёр уусан байсан юм. Тэгээд С , Нараа ах хоёр гарч явснаас хойш 1 цагийн дараа Н гэрээс гарсан. Гэрээс гарахаас өмнө Н ээжийндээ очно гэж яриад байсан. Тэгэхээр нь би та согтуу очиж болохгүй гэсэн чинь дээгүүр хувцасаа тайлаад гал тогооны түмбүүшик дотор байсан хүрэн иштэй хутга авч баруун гар талын гартаа хутга барьж зүүн талын цээж хэсэгтээ нэлээн хэдэн удаа дүрсэн. Тэгээд үүдний коридорт гарахад цээжнээс нь цус гарч би болиулах гэж байсан чинь хутга барьсан гараараа намайг цохиж над руу битгий ойрт ойртвол ална гэж хэлсэн” гэх мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 75 дахь тал/
15. Орхон аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн №466 дугаартай “...Ш.Н ийн биед цээжинд 2 тооны хатгагдаж зүсэгдсэн, хэвлийд 1 тооны зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц үзүүртэй зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтэл нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байж болно. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Цээжний хатгагдаж зүсэгдсэн шарх нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт. /1 дэх хавтаст хэргийн 80-81 дэх тал/
16. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн №909 дугаартай “Хохирогч Ш.Н ийн биед цээжний урд хананд цээжний хөндийд нэвтрээгүй 2 тооны хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийд 1 тооны зүсэгдсэн шарх, баруун өвдөгний үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Ш.Н ийн баруун хөлийн өвдөгний үений зөөлөн эдийн няцрал гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Орхон аймгийн ШША-ны шинжээчийн гаргасан 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн №466 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Ш.Н ийн биед учирсан гэмтлийн улмаас цээжний хатгагдаж зүсэгдсэн шарх, цус алдалт оношоор 2022.06.20-ны өдрийн ЭХК №25: актыг 7 хоног сунгахаар, 2022.06.30-ны өдрийн ЭХК №26: актыг 7 хоног сунгахаар, 2022.07.07-ны өдрийн ЭХК №27 актыг 5 хоног сунгахаар тус тус шийдвэрлэсэн эмнэлгийн магадлагаа нь эмнэлзүйн үндэслэлгүй сунгагдсан байгаа тул гэмтлийн зэрэгт өөрчлөлт орохгүй” гэх дүгнэлт. /1 дэх хавтаст хэргийн 87-90 дэх тал/
17. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчдийн 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 255 дугаартай “Ш.Н ийн биед цээж хэвлийн зүсэгдсэн шархууд, баруун өвдөгний урд чагтан холбоосын суналт, гадна болон дотор хагас саран жийргэвчийн урагдал гэмтлүүд тогтоогдлоо. Цээж, хэвлийн зүсэгдсэн шархууд нь ир үзүүртэй зүйлийн тус бүр 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хөнгөн зэргийн гэмтэл, баруун өвдөгний урд чагтан холбоосын суналт, гадна болон дотор хагас саран жийргэвчийн урагдал нь өвдөгний үеэр мушгих, дарагдах үед үүсэх боломжтой ба эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах туд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар хүндэвтэр зэргийн гэмтэл болно. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэсэн дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 101-102 дахь тал/
18. Д.Б эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Н.Д дүгнэлтдээ “Шүүгдэгч Д.Б нь 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багийн Гок гарден хотхоны **** тоотод Ш.Н тэй таарамжгүй харилцааны улмаас маргалдан, цээж хэвлий хэсэгт хутгаар зүсэж, цээжний урд хананд цээжний хөндийд нэвтрээгүй 2 тооны хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийд 1 тооны зүсэгдсэн шарх дарж унагаан баруун өвдөгний урд чагтан холбоосын суналт, гадна болон дотор хагас саран жийргэвчийн урагдал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох ял оногдуулах, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, гэм хорын нэхэмжлэлээс өмгөөлөгчийн хөлсийг хасч үлдсэн хэсгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгуулах саналтай байна” гэв.
Шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Д.Д дүгнэлтдээ “шүүх хуралдаан хуульд заасан журмын дагуу явагдлаа. Хохирогчийн нэхэмжилсэн 6 895 000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгуулах нь зүйтэй” гэв.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Д дүгнэлтдээ “Д.Б ын хувьд хохирогчтой таарамжгүй харьцаа буюу архи ууж байгаа хүмүүс хоорондоо бие биенийхээ хэлсэн үгийг үл хүндэтгэх байдлаар таарамжгүй байсан байж болно. Гэхдээ бие биендээ гэмтэл учруулахаар хүнд зэргийн зүйл огт болоогүй. Энэ хэрэг урьд нь Анхан шатны шүүхээр хэлэлцэгдсэн хэрэг, тухайн цаг хугацаанд байсан гэрчүүд тодорхой мэдүүлэг өгдөг. Улсын яллагчийн яриад байгаа камерийн бичлэгийг харахаар миний үйлчлүүлэгч Д.Б хувийн таарамжгүй харилцааны улмаас үнэхээр хохирогчид хөнгөн зэргийн буюу цээжинд хатгагдаж зүсэгдсэн шархийг учруулсан. Улмаар хөлөнд нь гэмтэл учруулсан нөхцөд байдал хангаллтай тогтоогдсон байна гэж үзэх баримт байдаггүй. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд хохирогч үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй. Миний үйлчлүүлэгийг энэ гэмтлүүдийг учруулсан гэж буруутгаж байгаа боловч хэрэгт авагдсан баримтын хүрээнд, мөн Д.Б өөрийгөө энэ хэргийг хийгээгүй гэж байгаа боловч бусад баримтуудыг судлаад үзэхээр улсын яллагчийн яллах дүгнэлтэд дурьдаад байгаа хөнгөн зэргийг гэмтэл буюу цээж, хэвлий хэсэгт хатгагдаж, зүсэгдсэн шархыг учруулсан гэж шүүх үзэж хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж хэргийг зүйлчлэх боломжтой юм. Харин хүндэвтэр буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдэл нь огт тогтоогддоггүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх заасан тухайн хэргийн нотловол зохих асуудал буюу энэ хэргийг хэн хэдийд, хэрхэн яаж үйлдсэн бэ гэдэг хэрэгт авагдсан баримтын хүрээнд тогтоогдох ёстой.
Хохирол төлбөрт 6 900 000 төгрөг нэхэмжилж байна. 6 000 000 төгрөгийнхөө хохирлыг тодруулж хэлэхдээ цалингийн зөрүү буюу тухайн үед авч байсан цалинтай холбоотой 4 300 000 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн байна. Шүүх бодит баримтуудыг дүгнээсэй гэж хүсэж байна. Хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд 6 900 000 төгрөгийн хохирол учирсан гэж тооцох боломжгүй. Тийм учраас хохирол төлбөрийг шийдвэрлэхдээ холбогдох нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж өгнө үү. Ял хариуцлага оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдал буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг сонгох санкицитай тул ял хариуцлагыг оногдуулахдаа заавал хүнд хэлбэрээр нь биш тодорхой хэмжээгээр оногдуула саналыг шүүх бүрэлдэхүүнд гаргаж байна” гэв.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Г дүгнэлтдээ “Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж уг хэрэгт Д.Б-ггэм буруутай гэж үзэж байгаа боловч өнөөдөр хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаагүй нотлох баримтад үндэслэж уг зүйчлэлийг хийж гэм буруутай гэж тооцох санал гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь уг хүндэвтэр гэмтэл гэж 255 дугаартай дүгнэлт гаргасан процесс ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуулийг зөрчсөн нотлох баримт байна. Зөвхөн хутганы гэмтлийн талаар дүгнэлт гаргуулсан бол энэ шинжээч нар оролцож болно. Өөрсдөө дутуу хийгээд, тэр үед өвдөг өвдөж байна гэсэн юм бол MRI хийлгэж байж дүгнэлтээ гаргана. Шинжээч шинжлэх ухааны арга аргачлалын дагуу үндэслэлтэй шинжилгээ хийсний эцэст дүгнэлт гаргана. Хуульд заасан журмыг зөрчиж цугларсан нотлох баримтыг үндэслэж яллах дүгнэлт үйлдэгдсэн учраас энэ яллах дүгнэлтийн хүрээнд энэ зүйл хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжгүй гэж үзэж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 15.2-т зааснаар Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан байдаг тул шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү. Хохирол төлсөн, эрүүл мэндийн байдал, ажил төрлийн онцлог зэргийг үндэслэж ял хариуцлагын хувьд торгох ялыг оногдуулж өгнө үү. Торгох ялыг оногдуулахаа торгох ялын доод хэмжээгээр тогтоож шийдвэрлүүлэх саналтай байна” гэв.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, Гок гарден 5-а байрны 2-р орцны хяналтын камерт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хатуу дискинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл, хувцаст үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд, дуу бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Ш.Н ийн “...Б чи ямар овоо том пизда бэ гэж хэлээд миний цээж тус газарт хутгаар хоёр удаа зүсэх шиг болсон, дахин хутгаар зүсэх гэтэл би гарыг нь цааш түлхэчихээд өмсөж байсан подволкоо тайлаад Б аа чи намайг шаачихлаа шүү дээ гэж хэлсэн, миний цээжин тус газраас цус гарч байсан. Б т хутгалуулахаас гадна Б намайг дарж унагах үед миний баруун хөлийн өвдөг гэмтсэн...” гэх мэдүүлэг, гэрч Г.Н ын “…би лефтин дотор С ахыг хүлээгээд зогсож байсан чинь С ах гаднаас орж ирээд энэ хоёр хэрэлдэж магадгүй байна. Б нөгөөдхөө 2 удаа цохиод авчихлаа гэж яриад байсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.С ын “...Б , Н нар нэг нэгийгээ гараараа алгадах шиг болсон, намайг харах үед буйдан дээр маргалдаад сууж байхаар нь би гараад явсан тэр хоёр хоорондоо маргалдаад том том дуугарч байхаар нь бид хоёр бүтэхгүй хүмүүс гэж хоорондоо ярилцсан...” гэх мэдүүлэг, гэрч Э.О“...нөхөр Н “3-12” гэж гэрийн хаягаа хэлээд, “аав нь хүнд хутгалуулчихлаа” гэж хэлээд утсаа тасалсан. Маргааш нь асуухад “Б ахын хүргэн ш дээ Б , өөрөө ярина биз, ажил, төрөлгүй болгож яах юм бэ” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Э.Э-н “...Э.О ээс хэн хутгалсан талаар асуухад Н хэлэхдээ манай ажлын Б намайг ийм болгочихлоо би шал дэмий үйлдвэрийн аварга болжээ, гэж хэлсэн талаар надад хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Г.Э-н “...Хэн хутгалсан талаар эхнэр асуух үед ажлынхаа газрын Б гэх хүнд хутгалуулсан, тэдний гэрт хамт байсан, тэдний гэрээс такси барьж ирсэн талаар хэлж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Х.А-н “...Б нь нэг үл таних залуутай зууралдаж байгаа байдалтай зогсож байсан. Энэ үед Б намайг хараад эгчээ цагдаа дуудаад өг энэ залуу агсам тавиад байна гэж хэлэхээр нь би цагдаа дуудлаа шүү гэж хэлсэн чинь Б ын хажууд байсан үл таних залуу явган хүний шатаар гүйгээд доошоо буугаад явчихсан...” гэх мэдүүлэг, яллагдагч Д.Б ын “...Н ах хувцасаа тайлаад гал тогооны түмбүүчик дотор байсан хүрэн иштэй хутга авч баруун гар талын гартаа хутга барьж зүүн талын цээж хэсэгтээ нэлээн хэдэн удаа дүрж, тэгээд үүдний коридорт гарахад цээжнээс нь цус гарч би болиулах гэж байсан чинь хутга барьсан гараараа намайг цохиж над руу битгий ойрт ойртвол ална гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн №466 дугаартай дүгнэлт, шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн №909 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 255 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Д.Б нь 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багийн Гок гарден хотхоны **** тоотод Ш.Н тэй таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар цээж хэвлий хэсэгт хутгаар зүсэж, цээжний урд хананд цээжний хөндийд нэвтрээгүй 2 тооны хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийд 1 тооны зүсэгдсэн шарх бүхий хөнгөн гэмтэл, дарж унагаан баруун өвдөгний урд чагтан холбоосын суналт, гадна болон дотор хагас саран жийргэвчийн урагдал бүхий хүндэвтэр гэмтэл тус тус учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Б ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ “Н ах гал тогооноос хутга аваад өөрийгөө зүссэн. Н ахыг хутгалаагүй. Хөлийг нь гэмтээгүй. Н ахын хөл нь урьд нь өвдөж байсан” гэж мэдүүлж байх боловч хавтаст хэрэгт авагдсан бусад баримтаар шүүгдэгчийн мэдүүлэг нотлогдохгүй, хохирогч Ш.Н нь өөрийгөө хутгаар зүссэн гэх үйл баримт тогоогдоогүй байна. Мөн хохирогч Ш.Н ийн баруун өвдөгний урд чагтан холбоосын суналт, гадна болон дотор хагас саран жийргэвчийн урагдал бүхий хүндэвтэр гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн болох нь шинжээчийн дүгнэлтүүд болон хохирогчийн мэдүүлгээр нотлогдож байна. Хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээс үзэхэд хэрэг учрал болохоос өмнө хохирогч нь өвдөгний гэмтэлтэй байсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч нар шинжээчийн нэмэлт дүгнэлт нь шинжилгээний тухай хууль тогтоомж зөрчсөн учир нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэсэн санал дүгнэлт гаргасан боловч шүүхээс нэмэлт шинжилгээ хийлгэж шинжээчдийн бүрэлдэхүүнээр гаргасан дүгнэлтийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримт гэж үзсэн болно.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ш.Н ийн биед цээж хэвлий хэсэгт хутгаар зүсэж, цээжний урд хананд цээжний хөндийд нэвтрээгүй 2 тооны хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийд 1 тооны зүсэгдсэн шарх дарж унагаан баруун өвдөгний урд чагтан холбоосын суналт, гадна болон дотор хагас саран жийргэвчийн урагдал бүхий хүндэвтэр хохирол учирсан бөгөөд эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү, өмгөөллийн хөлс нийт 6 895 000 төгрөг нэхэмжилсэн байна. Шүүх баримтуудыг шинжлэн судлаад өмгөөллийн хөлс болох 1 500 000 төгрөг нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй тул хэрэгсэхгүй болгож, эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү 5 395 654 төгрөгийг шүүгдэгч Д.Б аас гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлыг нөхөн төлсөн байна.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Б-гяллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлснийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Эд мөрийн баримтаар Columbia гэсэн бичвэртэй SB68 дугаартай ажлын хэсэг нь 11 см, бор өнгийн иш нь 10 метр нийт 21 метр хутга 1 ширхэг, Ш.Н ийн фудволк 1 ширхэг зэрэг эд зүйл хураагдаж ирснийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, CD хуурцаг 2 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээх нь зүйтэй.
Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Оь овгийн Д-н Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-г 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-т оногдуулсан 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Хохирогч Ш.Н ийн нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөөлийн хөлс 1 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан 2 ширхэг CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, Columbia гэсэн бичвэртэй SB68 дугаартай ажлын хэсэг нь 11 см, бор өнгийн иш нь 10 метр нийт 21 метр хутга 1 ширхэг, фудволка 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС