Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 2342

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,      

 

Нэхэмжлэгч: М.А-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “МУ”-д холбогдох

 

2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 24,823,590 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амартунгалаг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Базаррагчаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Должинсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч О.Мягмарсүрэн, нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан тайлбарт:

М.А нь тус шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн дугаар 181/ШШ2017/00461 шийдвэрийн дагуу МУд ажиллаж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шийдвэр гарсан байдаг.

Үүнээс хойш 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалингаа авсан боловч өнөөдрийг хүртэл ажилд эгүүлэн тогтоогоогүй, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг 2016 оны 8 дугаар сараас хойш нөхөн төлөөгүй, бичилт хийгээгүй болно.

Монгол Улсын Их сургуулийг шүүхийн шийдвэрийг үл тоомсорлон сайн дураараа биелүүлээгүй учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хандсан боловч

өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэр биелэгдээгүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд МУ нь 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/369 дугаар тушаалаар М.Аыг ажилд томилсон эх тушаал хүргүүлсэн байдаг хэдий ч түүний дагуу ажилдаа орохоор очиход канондсон тушаал өгч, “2 сарын хугацаатай гэрээ хийнэ” гэж хууль бус шаардлага тавьсан бөгөөд ажиллах нөхцөл боломжоор хангаж өгөөгүй өдийг хүрсэн бөгөөд Монгол Улсын Их сургуулийн Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Г.Эрдэнэбаяр 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр ажлаас чөлөөлсөн тухай мэдэгдэл гэх зүйлийг шуудангаар илгээсэн.

Тухайн чөлөөлсөн гэх тушаалыг өнөөдрийг болтол танилцуулаагүй, гардуулаагүй бөгөөд тус шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн дугаар 181/ШШ2017/00461 шийдвэрийг бодитой биелүүлэхгүй дүр үзүүлсэн байдлаар цаасан дээр тушаал гэх зүйл гаргасан ба шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар одоо ажиллаж байна.

Иймд хариуцагчаас 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговорт 24,823,590 төгрөг гаргуулж, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

МУ нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2017/00461 дүгээр шийдвэрийн дагуу М.Аыг 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/369 дүгээр тушаалаар Монгол Улсын Их сургуулийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн дадлагажигч багшийн албан тушаалд эгүүлэн тогтоож, 5,091,280 төгрөгийг гаргаж нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг шийдвэр гүйцэтгэх албаны дансанд шилжүүлсэн.

Гэтэл хууль бус тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй гээд ажиллаагүй бөгөөд М.А нь тушаал, шийдвэр гарч түүнтэй биечлэн танилцсан атлаа хичээлийн хөтөлбөрөө боловсруулж, хичээл сонголтын бүртгэлийн системд хичээлээ оруулаагүй болно.

Нэхэмжлэгч М.А дадлагажигч багшаар ажиллаж байсны хувьд Монгол Улсын Их сургуулийн хичээл сонголтын байдал сургуулийн онцлогийг сайн ойлгож байсан. Тухайн үеийн Захиргаа, хяналт шинжилгээ, үнэлгээний албаны дарга В.Батцэнгэлтэй хичээл эхлэхээр ажилд томилуулах тушаал гаргуулахаар гэж аман тохироо хийсэн байсан боловч дахин шүүхэд хандаж 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн хоорондох цалин 6,562,096 төгрөг дахин нэхэмжилж Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2017/02737 дугаар шийдвэрийн дагуу 5,928,536 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг мөн биелүүлсэн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 49.1-д заасны дагуу цалин хөлс олгох ёстой. М.А ажил хийгээгүй тул түүнд 24,823,590 төгрөг төлөх хууль зүйн үндэслэлгүй, мөн шимтгэл, хураамж нөхөн төлөх үүрэггүй. 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс ажилд авах тушаал гарснаар Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан олговор шаардах эрхгүй болно.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.2-т зааснаар шүүхийн шийдвэр биелэгдсэн гэж үзнэ. Өнөөдөр шүүхийн шийдвэрийн аль хэсэг биелүүлээгүй гэхээр нэхэмжлэгч тал шимтгэл, хураамж нөхөн төлөгдөөгүй, дэвтэрт бичилт хийгдээгүй л гэж байгаа. МУ нь шимтгэл, хураамжийг шийдвэр гүйцэтгэх газрын дансанд шилжүүлсэн.

Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.А нь хариуцагч МУ /цаашид “МУИС” гэнэ/-аас ажлаас үндэслэлгүй халагдсаны улмаас 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 24,823,590 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасан байна.

 

Хариуцагч шүүхийн шийдвэрийг 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Б/369 дүгээр тушаал гаргаж биелүүлсэн, нэхэмжлэгч өөрөө ажилдаа ирээгүй тул 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр түүнийг ажлаас нь чөлөөлсөн, ажил эрхлээгүй хүнд цалин хөлс олгох хууль зүйн үндэслэлгүй гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахаар маргасан. 

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 08-ний өдрийн 181/ШШ2017/00461 дүгээр шийдвэрээр Монгол Улсын Их сургуулийн захирал нь М.Аыг 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/384 тоот тушаалаар Олон Улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуулийн дадлагажигч багшийн ажлаас үндэслэлгүй халсан гэж үзэж, түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 5,091,280 төгрөгийг МУИС-аас гаргуулан олгох, М.Аыг ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг МУИС-д даалгаж шийдвэрлэсэн ба уг шийдвэр хүчин төгөлдөр болжээ.

 

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дахин нотлохгүй болно.

 

Нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн дагуу ажилд эгүүлэн тогтоох үүргээ бодитоор биелүүлээгүй үндэслэлээр ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулахаар шаардсан бол хариуцагч 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр тушаал гарснаар шүүхийн шийдвэрийг биелүүлсэн, өөрөө ажилдаа ирээгүй учир 2018 оны 1 сарын 31-ний өдөр ажлаас нь чөлөөлсөн гэж мэтгэлцэж байна.

 

МИУС-ын захирлын 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/369 тоот тушаалаар М.Аыг 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн Олон Улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуулийн Нийтийн удирдлагын тэнхимд дадлагажигч багшаар авч ажиллуулахаар шийдвэрлэсэн бөгөөд уг тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь заалтыг удирдлага болгож, тушаалын 3 дахь заалтаар М.Атой хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулах үүргийг тус сургуулийн захиралд даалгасан байна.

 

Энэ тушаал гарсан байдалд талууд маргаагүй боловч нэхэмжлэгч нь 2 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулахыг шаардсан үндэслэлээр тушаалыг эс зөвшөөрсөн байдаг.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй байна.

 

Нэхэмжлэгчийн урьд ажиллаж байсан Олон Улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуулийн дадлагажигч багшийн ажлын байр нь байнгын ажлын байр болох нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 08-ний өдрийн 181/ШШ2017/00461 дүгээр шийдвэрээр тогтоогдсон тул уг шийдвэрийн дагуу хариуцагч нь тухайн ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэгтэй гэж үзнэ.

 

Манай тохиолдолд ажил олгогч нь байнгын ажлын байр бүхий ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмын дагуу хугацаагүй хөдөлмөрийн гэрээг байгуулж, ажилтныг ажлаар, хөдөлмөрийн нөхцөлөөр хангасан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.1.2-т зааснаар ажилд эгүүлэн авсан гэж үзэх бөгөөд ингэснээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.3-т “Мэдэгдлийг хүлээн авсан ажил олгогч урьд гаргасан шийдвэрээ хүчингүй болгож, тухайн ажилтныг эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосноор гүйцэтгэх баримт бичгийн шаардлага биелэгдсэнд тооцно.” гэж заасан шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж үзэх үндэслэл бүрдэх юм.

 

Гэтэл хариуцагч МУИС нь нэхэмжлэгч М.Аыг ажил, албан тушаалд эгүүлэн авах 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/369 тоот захирлын тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т заасан хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулах зохицуулалтыг удирдлага болгон хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллахыг даалгасан байх тул шүүх энэ тушаалаар нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн авах үүргээ хариуцагч биелүүлсэн гэж үзэхгүй, мөн шүүхийн шийдвэр биелэгдсэнд тооцох үндэслэлгүй байна.

 

Ийнхүү ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн М.Аыг ажилд эгүүлэн авах ажиллагааг МУИС хуулийн дагуу хийгээгүй, ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг зохих ёсоор биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг үндэслэн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзлээ.

 

Иймд хариуцагч МУИС-аас 2017.08.31-ний өдрөөс 2019.11.04-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацаа /26 сар 3 хоног/-ны цалинтай тэнцэх олговорт 24,823,590 төгрөг /(973,000х26)+(973,000х21,5х3хон)=25,433,767 төгрөг боловч нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээр/-ийг гаргуулан нэхэмжлэгч М.Аод олгох үндэслэлтэй.

 

Түүнчлэн ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэр нээж, түүнд хуульд заасан хувь хэмжээгээр ажилтнаас сар бүр төлсөн шимтгэл, хураамж /сарын цалингаас/-ийг төлсөн тухай бичилтийг хийх үүрэгтэй тул М.Аын ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг зохих журмын дагуу төлж, дэвтэрт бичилт хийхийг МУИС-ийн удирдлагад даалгах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

                                                                                                ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын Их сургуулиас 24,823,590 төгрөг гаргуулж М.Аод олгосугай. 

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар М.Аын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг Монгол Улсын их сургуулийн удирдлагад үүрэг болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 374,017 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 374,017 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.   

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй бөгөөд, хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 Ө.УЯНГА