Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/102

 

 

 

 

 

 

 

   

 

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Байгалмаа даргалж,

         нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,

         улсын яллагч Б.Дашням,

         шүүгдэгчийн өмгөөлөгч М.Эрдэнэчимэг,

         шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Мад холбогдох эрүүгийн 2319000810142 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

         Биеийн байцаалт: Б.М

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Б.М нь 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ Э.Бтай хэрүүл маргаан үүсгэж улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, нуруунд түлэгдсэн шарх гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар Б.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ хамтран амьдрагч Э.Бтай хэрүүл маргаан үүсгэж улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, нуруунд түлэгдсэн шарх гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

          Дээрх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Э.Бы "...2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Хатанбулаг сумын төвд гэртээ хамтран амьдрагч М болон найз нөхдийнхөө хамт архи ууж байхад миний гар утас руу Мын төрсөн дүү нь залгахад авч амжилгүй тасарчихсан юм. Тэгтэл М согтуудаа "Намайг дүүтэй минь яриулсангүй" гээд миний гар утсыг авч шидээд босож ирээд миний баруун шанаа pyy 1 удаа өшиглөсөн" гэсэн /хх 58 ху/, гэрч Б.Янжинлхамын “ ...2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр намайг... ажилтай байх үед манай ээжийг зодсон байсан. ...Тэгэхээр нь би ажил дээрээсээ шууд гэр лүүгээ очоод ээжийгээ харахад баруун талын шанаа нь томорч хавдсан, нурууны далны гол хэсэг нь түлэгдсэн, баруун нуд нь хавдсан байдалтай байсан” гэсэн /хх 60 ху/, гэрч Л.Цолмонгийн "...Би 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Б, М нарын гэрт Б, М, Мягмаржаргал, Мягмаржаргалын нөхөр Ховорбат, манай найз Болор нарын хамт хөзөр тоглож байсан юм. ...бид нар хөзөр тоглож байхдаа Хараа архи хувааж ууцгаагаад сууж байтал гэнэт М Б нар нь хоорондоо гар утаснаас болоод маргалдаад эхэлсэн бөгөөд М намайг дүүтэй минь яриулсангүй гээд гэнэт Б уйлаад эхлэхээр нь би очиход баруун хацар луу нь өшиглөчихсөн гэсэн бөгөөд хацар нь хавдсан байдалтай байсан" гэсэн /хх 62 ху/ мэдүүлгүүд, хохирогчийн биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, нуруунд түлэгдсэн шарх гэмтлүүд бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн 02/094 дугаартай дүгнэлт /хх 22 ху/, яаралтай тусламжийн хуудас /хх 24-25 ху/, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх 27-28 ху/, шийтгэх тогтоолын хуулбар /хх 69-70 ху/, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Б.Мын “...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Эхнэр бид хоёр эвлэрсэн, хамт амьдарч байгаа” гэсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч Б.Мын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

         Шүүгдэгч Б.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирол төлбөргүй байдал нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаархи саналыг яллагдагч Б.Мад танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байна.

           Иймд шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.Бы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол нэхэмжлээгүй тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдав.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 /долоон зуун мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

         4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА