Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 7

 

Ү.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Х.Эрдэнэтуяа,

шүүгдэгч Ү.Б, түүний өмгөөлөгч Б.Банзрагч,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 627 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ү.Б-гийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1910005390302 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

............. овгийн ................ын .............., 19......... оны ........... дугаар сарын ..............-ний өдөр ............. аймгийн .................. суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа, ............. дүүргийн ............... дугаар хороо, ............... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:.............../,

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 4 cap 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 54 дугаартай магадлалаар 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт заасан хэргийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан хэргийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, цагдан хоригдсон 125 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцож сулласан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 406 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн.

Ү.Б нь 2019 оны 2 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хорооллын S-14 дүгээр байрны 3-2 тоотод оршин суух иргэн О.Ууганбаярын гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, 40 инчийн “Самсунг” загварын зурагтыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 566.940 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Ү.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ............. овгийн ..............ын .................г хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Ү.Бг 2 жил 6 сарын хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ү.Бд оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Ү.Бгийн цагдан хоригдсон 184 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ү.Б нь хохирогч О.Ууганбаярт 280.000 төгрөг төлсөн болохыг дурдаж, Ү.Б нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ү.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ү.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие өөрийн буруугаас болж өөрийн найз буюу хохирогч О.Ууганбаярт хохирол учруулсандаа маш их гэмшиж, мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв байцаалт өгч байсан. Мөн шүүх хурал дээр өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хохирол гомдолгүй байсан. Гэвч шүүгч намайг хохирол гомдлоо бүрэн барагдуулаагүй гэж үзэж “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлаж өгнө үү” гэсэн өмгөөлөгчийн минь саналыг хүлээн аваагүй. Иймд миний шийтгүүлсэн 2 жил 6 сарын хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Ү.Б-гийн өмгөөлөгч Б.Банзрагч тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргах зүйлгүй. Прокурорын зүгээс 2 жилийн хорих ял оногдуулах санал гаргасан. Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор 2 жил 6 сарын хорих оногдуулсан. Ү.Б нь учруулсан хохирол төлбөрөө барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хавтас хэрэгт авагдаагүй ч сонсголын бэрхшээлтэй зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, 1 жилийн хорих ял болгож өгнө үү.” гэв.

 

Прокурор Х.Эрдэнэтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ү.Б нь хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал. Энэ заалтыг хэрэглэсэн байхад прокурорын зүгээс татгалзах зүйл байхгүй.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн шатанд хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

Ү.Б нь 2019 оны 2 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хорооллын S-14 дүгээр байрны 3-2 тоотод оршин суух иргэн О.Ууганбаярын гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, 40 инчийн “Самсунг” загварын зурагтыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 566.940 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

хохирогч О.Ууганбаярын “...Ц.Батболд, Л.Тэрбиш хоёр “очих газар байхгүй, ганц хоёр хоногоос хөдөө явна” гэхээр нь яаж найзуудаа орон гэргүй үлдээх вэ гэж бодоод Ц.Батболдод “за би чамд итгээд гэрийн түлхүүрээ үлдээлээ шүү, наад Ү.Б чинь ямар гэдгийг мэдэж байгаа биз дээ, гэрт ганцааранг нь үлдээх эсхүл гэр орны түлхүүр өгч огт болохгүй шүү” гэхэд “за ойлголоо” гэж хэлээд түлхүүр аваад үлдсэн. ...2019 оны 2 дугаар сарын 05-ны орой Ү.Б над руу залгаад “нөгөө хоёр чинь намайг орхиод Дорнод руу явчихлаа” гэхээр нь “за чи гэр орны юм авчихваа, наанаа аятайхан байгаарай. Тэгээд одоо чи наанаа байгаад яахав дээ гэр рүүгээ явахгүй юу даа” гэхэд “тэгнээ, энд ганцаараа жаахан уйтгартай байна” гэж хэлсэн. Би Ц.Батболд руу залгахад утас нь холбогдохгүй байсан. Би хүн итгээд түлхүүр өгч байхад яах гэж Ү.Бг гэрт үлдээсэн юм бол гэж бодсон. Би 2019 оны 2 дугаар сарын 10-ны орой ирээд илүү түлхүүрээр гэрээ онгойлгоод ортол “Самсунг” маркийн 40 инчийн хавтгай дэлгэцтэй зурагт байхгүй байсан. ...маргааш нь Ү.Б өөрөө над руу залгаад “зурагтыг чинь Яармагийн ломбарданд барьцаанд тавьчихсан байгаа” гэхээр нь Яармагийн бүх ломбардаар хайгаад олоогүй. ...Ц.Батболд хэлэхдээ “Ү.Б уг нь бид хоёрыг унаанд суулгаж өгнө гэж хэлээд хамт гарсан. Тэгээд замдаа миний халааснаас түлхүүр авчихсан юм байна” гэж хэлсэн...” /хх 5-9/,

 

гэрч Ц.Батболдын “...Багын найзууд болох ......................., Тэрбиш, ........... нартай уулзаад Ууганбаярын “Вива сити” хороололд байдаг гэрт нь очсон. Тэндээ 2-3 хоног архи ууж байгаад гэрийн эзэн ................ “би Дархан-Уул аймаг явж шинэлнэ, та нар яах юм бэ” гэхээр нь би “надад хотод очих газар байхгүй” гэж хэлсэн чинь “заза тэгвэл би гэрийн түлхүүрийг үлдээчихье, чи явахдаа гэрээ өөрөө цоожлоод түлхүүрээ аваад яваарай” гэсэн. Би түлхүүрийг нь авч үлдээд шинийн нэгэнд Тэрбиш бид хоёр Дорнод аймаг найзтайгаа уулзахаар явсан. Би Ууганбаярын гэрээс гарахдаа цоожлоод гарсан. Тэрбиш, .............бид гурав хамт гарсан. ..................бид хоёрыг унаанд чинь суулгаж өгнө гэж хамт автобусанд сууж яваад замдаа “би ерөөсөө эндээ буулаа” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр цаашаа явсан. Дорнод аймагт очоод юм хумаа үзэж байтал халаасанд хийсэн байсан Ууганбаярын гэрийн түлхүүр байхгүй байсан. Ууганбаяртай утсаар ярьсан чинь “...................д яагаад түлхүүр өгч байгаа юм бэ, тэр чинь манайд байна гээд над руу яриад байх юм” гэхээр нь “би уг нь өгөөгүй, надаас хулгайлаад авсан байна” гэж хэлсэн. Ууганбаяр нилээд ууртай байсан бөгөөд “Баярмагнай явсан газраа дандаа юм хум авчихдаг зантай болохоор наадах чинь гэр орны юм зарж үрэх вий дээ, чи яасан найдваргүй юм бэ” гээд уурлаад байсан. Хэд хоногийн дараа Ууганбаяр над руу залгаад “гэртээ иртэл зурагт байхгүй байна, чи авсан уу” гэхээр нь “үгүй ээ, би наанаас чинь гарахад байсан” гэж хэлсэн. Хэд хоногийн дараа .................. Ууганбаяртай утсаар яриад “зурагтыг чинь ломбарданд тавьсан байгаа, өөрөө авчих” гэж хэлээд 280.000 төгрөг шилжүүлсэн гэсэн. ...” /хх 12/,

 

гэрч Л.Тэрбишийн “...би Батболд, Баярмагнай нарын хамт найз Ууганбаярын “Вива сити” хороололд байх гэрт нь хэд хоносон юм. Ууганбаяр болохоор 2 дугаар сарын 03-ны өдөр золголт хийнэ гэж хэлээд Дархан-Уул аймаг руу явсан байсан. Явахдаа гэрийн түлхүүрээ Батболд бид хоёрт “та хоёр аваарай” гэж хэлээд үлдээсэн юм. Бид хоёр 2019 оны 2 дугаар сарын 05-ны өдөр Дорнод аймаг руу золголт хийхээр явсан. Ууганбаярын гэрээс бид гурав хамт гараад Батболд түлхүүрээр цоожилсон бөгөөд Баярмагнай бид хоёрыг гаргаж өгнө гэж хэлээд хамт автобусанд суугаад замдаа “би ерөөсөө эндээ буулаа, та хоёр сайн яваарай” гэж хэлсэн. Тэгээд Батболд бид хоёр унаанд суугаад Дорнод аймаг руу оччихоод Ууганбаярын гэрийн түлхүүрийг хайгаад олоогүй. Тэгтэл маргааш нь билүү Ууганбаяр залгаад “та хоёр гэрийн түлхүүр яах гэж Баярмагнайд өгч байгаа юм вэ, наадах чинь одоо гэр орноос юм авчихна шүү дээ” гэж хэлсэн. Тэгтэл хэд хоногийн дараа зурагтыг нь аваад явсан байна гэж мэдсэн. Батболд бид хоёр Баярмагнайд гэрийн түлхүүр өгөөгүй. Харин хамт автобусанд суухдаа Батболдын халааснаас авчихсан юм билээ. Тэрийг тухайн үед бид хоёр мэдээгүй. Мэдсэн бол юу гэж өгч явуулах билээ. Түлхүүр нь Батболдын халаасанд байсан ба Дорнод аймагт очиход түлхүүр алга болсон байна гэхээр нь Баярмагнайг авсан байна гэж мэдсэн. Тэрнээс түлхүүр үлдээсэн, өгсөн асуудал байхгүй. ...” /хх 13-14/ гэх мэдүүлгүүд,

 

хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 19-20/, хохирлын мөнгө шилжүүлсэн депозит дансны хуулга /хх 38/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

 

            Анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцсэн байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад тулгуурлаж, шүүгдэгч Ү.Бг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

            Шүүгдэгч Ү.Бг иргэн О.Ууганбаярын гэрт нэвтэрч, 40 инчийн “Самсунг” загварын зурагтыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 566.940 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхээс Ү.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх тул “...хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэсэн шүүгдэгч Ү.Бгийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгч Ү.Б нь өмнө нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар, 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар ял шийтгүүлж байсан бөгөөд дахин гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал нь түүний засрал хүмүүжлийг олоогүй байдлыг илтгэж байна.

 

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 627 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ү.Бгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 627 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ү.Бгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                                                        М.ПҮРЭВСҮРЭН

 ШҮҮГЧ                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 ШҮҮГЧ                                                        Д.МЯГМАРЖАВ