| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ноостын Хонинхүү |
| Хэргийн индекс | 125/2025/0005/З |
| Дугаар | 221/МА2025/0449 |
| Огноо | 2025-06-27 |
| Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 221/МА2025/0449
“МИ” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Э.Лхагвасүрэн,
Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү,
Давж заалдах гомдол гаргасан: гомдол гаргагчийн төлөөлөгч Д.А
Гомдол гаргагч: “МИ” ХХК
Хариуцагч: Ховд аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч Д.П
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 0016 дугаар шийдвэртэй,
Шүүх хуралдаанд оролцогчид: гомдол гаргагчийн төлөөлөгч Д.А нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.О, хариуцагч Д.П
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Галцэцэг
Хэргийн индекс: 125/2025/0005/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч “МИ” ХХК-аас Ховд аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч Д.П-д холбогдуулан “Ховд аймгийн Татварын газрын хяналт шалгалтын эрх бүхий албан тушаалтан Д.П-гийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 0044563 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 0016 дугаар шийдвэрээр: “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5 дахь хэсэг, Татварын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.3, 28 дугаар зүйлийн 28.1, 38 дугаар зүйлийн 38.4, 41 дүгээр зүйлийн 41.2, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “МИ” ХХК-аас Ховд аймгийн Татварын газрын Татварын улсын байцаагчид холбогдуулан гаргасан “Ховд аймгийн Татварын газрын хяналт шалгалтын эрх бүхий албан тушаалтан Д.П-гийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 0044563 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Гомдол гаргагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
3.1. Шүүхэд нотлох баримтаар татуулсан, мөн хавтаст хэрэгт авагдсан баримтаар эрх бүхийн албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд зөрчилд холбогдогчийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2.2, 2.5, 2.8, 2.9-д заасан эрхээр нь хангаагүй болох нь эрх үүрэг танилцуулсан баримтад гарын үсэг зуруулаагүй байдлаар илэрдэг, нотлогддог, шүүхийн хэлэлцүүлэгт үүнийг хариуцагч тал үгүйсгэдэггүй (хавтаст хэргийн 28-29-р хуудас). Уг эрхээр хангаагүй, танилцуулаагүй нь зөрчилд холбогдогчийн эрхийг ноцтой зөрчсөн. Эрх бүхий албан тушаалтан холбогдогчид эрх, үүргийг танилцуулан, тайлбарлах үүрэгтэй байдаг.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан дараахь үндэслэл тогтоогдвол зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргана” гэж зааж өгсөн бөгөөд 1.4-д зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа дууссан гэжээ. Мөн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1-д “эрх бүхий албан тушаалтан 14 хүртэл хоногийн дотор зөрчлийн хэрэг бүртгэлт явуулна.”, 2-д “Зөрчил шалгах нэмэлт ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулах шаардлагатай бол зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан 14 хүртэл, прокурор 30 хүртэл хоногоор сунгаж болно.”, 4-д “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон үйлдэл, эс үйлдэлд зөрчлийн хэрэг нээх тухай прокурорын шийдвэрийг эрх бүхий байгууллага хүлээн авсан өдрөөс эхлэн зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг тоолно" гэж тус тус заажээ. Хавтаст хэргийн 24-р хуудсанд 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр зөрчлийн хэрэг нээсэн бөгөөд зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан зөрчлийн хэргийн хугацааг 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүртэл сунгасан байна. Зөрчлийн хэрэг нээгээд буюу 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл хугацаа сунгахдаа хугацаа хожимдож сунгасан буюу 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа дууссан байна. Зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа дуусаад 2 хоногийн дараа хугацаа сунгасан байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 4-д “Хугацааг хоногоор тоолоход уг хугацаа нь сүүлийн хоногийн 24 цагт дуусна” гэж зааж өгсөн байна. Үүнээс харвал Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох бүрэн боломжтой байтал хэргийг хэрэгсэхгүй болгоогүй нь эрх бүхий албан тушаалтан хууль зөрчсөн байна.
Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 12-д “Татварын тайланг гаргасан, эсхүл тайлан гаргахад оролцож гарын үсэг зурсан этгээд, татварыг суутган авч төсөвт төлөөгүй талаар мэдэж байсан, эсхүл мэдэх ёстой байсан удирдах ажилтан, татвар суутган авч төсөвт төлөх асуудал хариуцсан удирдах албан тушаалтан, ерөнхий нягтлан бодогч хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас энэ зүйлд заасан зөрчил үйлдэгдсэн бол хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасныг хэрэглэх бүрэн боломжтой байсан. Уг зөрчил нь компанийн буруугаас биш ажилтны буруугаас болсон.
Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.11-д “Татварын алба, татварын улсын байцаагч хяналт шалгалт хийхдээ дараах ажиллагааг хэрэгжүүлэхийг хориглоно” гээд 41.11.1-д “энэ хуулийн 41.4-т зааснаас бусад үндэслэлээр хяналт шалгалт хийх” гэж зааж өгчээ. Мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-д “Татварын алба татварын хяналт шалгалтыг ерөнхий болон тусгай удирдамж, томилолттой хийх бөгөөд бүрэн, эсхүл хэсэгчилсэн хэлбэрээр олон улсын жишиг, хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлнэ” гэж зааж өгсөн бөгөөд хяналт шалгалтыг удирдамж, томилолттой хийсэн эсэх нь эргэлзээтэй байна.
Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.5-д “Татварын хяналт шалгалт хийх талаар татвар төлөгчид ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө урьдчилан мэдэгдэнэ”, гэх заалтыг зөрчсөн байж болзошгүй байна. Мөн хуулийн 41.8-д “Татварын алба нь татварын улсын байцаагчийн мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага туршлага, ашиг сонирхлын зөрчилд өртөхгүй байх нөхцөлийг харгалзан татварын хяналт шалгалтыг зохион байгуулж, томилгоо хийж, удирдамжийг батална. Татварын ерөнхий газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/70 дугаартай тушаалын 3.3-д хяналт шалгалтыг ерөнхий удирдамжаар хийж гүйцэтгэнэ гэх баримт хавтаст хэрэгт авагдаагүй, хавтаст хэрэгт авагдаагүй учраас хууль зөрчсөн байж болзошгүй байна. Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж шийдвэрээ гаргасан гэж үзэж байна” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэстэй зөв дүгнэлт хийгээгүй, хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2. Маргаан бүхий шийтгэлийн хуудсаар “2022 онд харилцан хамааралтай этгээд хооронд хийгдсэн ажил гүйлгээтэй холбоотой үнэ шилжилтийн жилийн ажил гүйлгээний тайланг татварын албанд хугацаанд нь тайлагнах үүргээ биелүүлээгүй” гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.3-дахь хэсэгт заасны дагуу 446.206.267.62 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсныг гомдол гаргагч “МИ” ХХК-аас эс зөвшөөрч “... үнэ шилжилтийн тайлан гаргаж өгөх талаар мэдээгүй, ... зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй, ... зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хугацаа хэтэрсэн байхад шийтгэл оногдуулсан” гэх үндэслэлээр “Ховд аймгийн Татварын газрын хяналт шалгалтын эрх бүхий албан тушаалтан Д.П-гийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 0044563 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2.1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 2-т “Зөрчлийн хэрэг нээсэн өдрөөс эхлэн зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг тоолно”, 6.8 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан 14 хүртэл хоногийн дотор зөрчлийн хэрэг бүртгэлт явуулна”, 2-т “Зөрчил шалгах нэмэлт ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулах шаардлагатай бол зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан 14 хүртэл, прокурор 30 хүртэл хоногоор сунгаж болно”, 6.11 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан дараахь үндэслэл тогтоогдвол зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргана”, 1.4-т “зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа дууссан” гэж тус тус заасан.
2.2. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан 14 хоног, прокурор 30 хоногоор тус бүр сунгасан тохиолдолд нийт 58 хоногийн дотор явуулж, уг хугацаа дууссан бол зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгохоор тухайлан зохицуулсан байна.
2.3. Хэрэгт авагдсан Зөрчлийн хэрэг дэх баримтуудаас үзэхэд 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны тогтоолоор[1] 2436000874 дугаар зөрчлийн хэргийг нээсэн байх бөгөөд 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг удирдах албан тушаалтны тогтоолоор 14 хоногийн хугацаагаар сунгахаар байсан байна.
Гэтэл 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 2 хоногийн дараа удирдах албан тушаалтны 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн тогтоолоор[2] “МИ” ХХК-д холбогдох 2436000874 дугаартай хэрэгт зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл 14 хоногоор сунгаснаас үзвэл зөрчил шалган шийдвэрлэх хугацааг прокурор 30 хүртэл хоногоор сунгаагүй байна.
2.4. Уг зөрчлийн хэрэг нээсэн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн зөрчил шалган шийдвэрлэх хугацааг тооцвол зөрчлийн хэргийг шийдвэрлэж дуусах хугацаа нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан 14 хоног дуусгавар болсны дараа удирдах албан тушаалтан 14 хоногоор сунгаж, нийт 28 хоногийн хугацаанд буюу 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр дуусгавар болохоор байх бөгөөд уг хугацаа дууссан бол Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1.4-т зааснаар зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхээр байна.
2.5. Хуульд зааснаар Зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах хугацааг 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн сунгахаар байтал Зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах хугацааг сунгах тухай эрх бүхий албан тушаалтны 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн тогтоолоор 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2024 ооны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл 14 хоногоор сунгасан буюу тухайн хэрэг бүртгэлтийн хугацааг тогтоол гаргаж байгаа өдрөөр бус харин зөрчлийн хэрэг бүртгэлт нээсэн өдрөөс хэрэг бүртгэлт явуулах хуулийн хугацааг тооцохоор байхад уг хуульд нийцээгүй хэрэг бүртгэлтийн хугацаа сунгасан шийдвэрт үндэслэн шийтгэлийн хуудсыг 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр үйлдсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 2-т “Зөрчлийн хэрэг нээсэн өдрөөс эхлэн зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг тоолно” гэж заасантай нийцээгүй байна.
2.6. Мөн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан 14 хүртэл хоногийн дотор зөрчлийн хэрэг бүртгэлт явуулна”, 2-т “Зөрчил шалгах нэмэлт ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулах шаардлагатай бол зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан 14 хүртэл, прокурор 30 хүртэл хоногоор сунгаж болно” гэж заасны дагуу прокуророос 30 хүртэл хоногоор сунгаагүй энэ тохиолдолд зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг 58 хоногоор тооцохгүй бөгөөд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан 14 хоногийн хугацаанд, удирдах албан тушаалтны 14 хоногийг нэмж тооцож, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хугацааг 28 хоногоор тооцохоор байна.
2.7. Хариуцагч нь 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр зөрчлийн хэрэг нээсэн, энэ өдрөөс эхлэн хэрэг бүртгэлтийн 28 хоногийн хугацааг тоолоход 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр дуусах байсан, гэтэл хариуцагч татварын улсын байцаагч нь хуульд заасан хугацааг 1 хоногоор хэтрүүлж, 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр маргаан бүхий актыг гаргасан нь хууль зөрчсөн байна.
2.8. Энэ тохиолдолд хариуцагчаас Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан дараахь үндэслэл тогтоогдвол зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргана”, 1.4-т “зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа дууссан” гэж заасны дагуу зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох байжээ.
2.9. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд хэрэг бүртгэлтийн хугацаа, түүнийг хэтрүүлсэн тохиолдолд үүсэх үр дагаврыг ийнхүү тодорхой заасан байх тул зөрчлийг шалган шийдвэрлэж буй албан тушаалтан хуулийг дагаж мөрдөх үүрэгтэй бөгөөд “хэрэг бүртгэлтийн хугацаа”-г хуульд тусгайлан зааж, уг хугацаа хэтэрсэн тохиолдолд хэргийг хэрэгсэхгүй болгохоор зохицуулсан байх бөгөөд тус хуульд заасан “шударга ёсны зарчим”-ын хэрэгжилт нь энэхүү хуульд заасан хугацаагаар хязгаарлагдаж, эрх бүхий албан тушаалтан хуулийн хугацаанд зөрчлийг шалган тогтоож, зохих хариуцлагыг оногдуулснаар шударга ёсны зарчмыг хэрэгжүүлэхээр байна.
2.10. Гэтэл зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хугацааг прокурор 30 хоногоор сунгаагүй байхад анхан шатны шүүхээс “... зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны нийт хугацаа 58 хоног байхаар заасан ба зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэлт ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулах шаардлагатай бол зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг сунгах саналаа удирдах албан тушаалтан болон прокурорт гаргах боломжтой байсан хэдий ч зөрчлийн хэргийн хугацаа сунгах саналаа хуульд заасан хугацаанд гаргаагүй нь зөрчлийн хэргийн хугацаа дуусгавар болсон гэж үзэх үндэслэл болохгүй” гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хугацаа дууссан байхад шийтгэл оногдуулсан ” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна.
2.11. Нэгэнт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хугацаа дууссан байхад шийтгэлийн хуудас гаргасан нь хууль бус, энэ үндэслэлээр зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байх тул гомдол гаргагч “МИ” ХХК-ийн 2022 онд харилцан хамааралтай этгээд хооронд хийгдсэн ажил гүйлгээтэй холбоотой үнэ шилжилтийн жилийн ажил гүйлгээний тайланг татварын албанд хугацаанд нь тайлагнах үүргээ биелүүлээгүй гэх зөрчил үндэслэлтэй эсэхэд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.
Иймд шүүх бүрэлдэхүүн дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдлыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж тогтов.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 0016 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1.4-т заасныг баримтлан гомдол гаргагч “МИ” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж Ховд аймгийн Татварын газрын хяналт шалгалтын улсын байцаагч Д.Пгийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 0044563 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан гомдол гаргагчаас гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж гомдол гаргагчид олгож, гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ