Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 10

 

2017.01.16 Дугаар 10

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 180/2016/0016/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "Б" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Нарийн бичгийн дарга:            А.Цэрэндулам,
Улсын яллагч:                Я.Сансар,
Шүүгдэгчийн өмгөөлөгч:            Б.Энх-Амгалан        ,
Шүүгдэгч:                    Э.Отгонбаатар нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Отгонбаатарт холбогдох 201623000346 тоот эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1996 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн Батноров суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засвар ашиглалт мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, эгч, дүү нарын хамт Хэнтий аймгийн Батноров сум 6-р баг Бүрдийн 17-02 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Шарнууд овогт Энхтуяагийн Отгонбаатар /РД:СА96081512/

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар / яллах дүгнэлтэнд дурдсанаар /
Шүүгдэгч Э.Отгонбаатар нь 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 12 дугаар сарын 08-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Батноров сумын 6-р баг Бүрдийн 16-03 тоотод оршин суух иргэн Д.Загдсүрэнгийн гэрийн цонхоор нэвтрэн орж их гарын манан хөөрөг 1 ширхэг, алтан нуухтай шүрэн толгойтой ундрам хөөрөг 1 ширхэг, гартаам хөөрөг 1 ширхэг, улаан шонхор тамхи 10 хайрцаг  хулгайлж бусдад бага бус хэмжээний буюу 4.016.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Д.Загдсүрэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ ... Би 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр эхнэр Уранзаяа, хүүхэд Дэлгэрчимэг нарын хамт хөдөө нутгийн айл болох Д.Сүхбаатар, Наран гэх айлуудаар наймаа хийж адуу авсан. Тэгээд тэр оройдоо Сүхбаатар гэдэг айлынд хоносон юм. Тэгээд өнөөдөр буюу 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гэртээ ирсэн чинь манай гэрт хулгай орсон байсан. Манай байшингийн баруун талын жижиг цонх онгорхой гэрт байсан шургуулага сав нээлттэй байсан. Манай гэрээс их гарын ногоон мана хөөрөг, дунд гарын ундрам хөөрөг, гартаам хөөрөг, 1 блок улаан шонхор тамхи алдагдсан байна ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23 тал/
Гэрч Т.Уранзаяагийн мөрдөн байцаалтад өгсөн: “ ... Би 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр өөрийн нөхөр хүүхдүүдтэйгээ  хөдөө нутгийн айл болох Д.Сүхбаатар, Наран гэх айлуудаар наймаа хийж адуу авсан юм. Тэгээд тэр оройдоо Сүхбаатар гэдэг айлынд хоносон юм. Тэгээд өнөөдөр буюу 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гэртээ ирсэн чинь манай гэрт хулгай орсон байсан. Манай байшингийн баруун талын жижиг цонх онгорхой гэрт байсан шургуулага сав нээлттэй байсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26 тал/
Гэрч С.Энхтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн: “ ... Би өөрийнхөө төрсөн хүүг хулгай хийсэн гэж мэдээгүй. 2016 оны 12 дугаар сарын 08-ны орой манайд цагдаа нар орж ирсэн. Тэгээд хүүхдээ хулгай хийсэн юм байна гэж мэдсэн тэгээд би хохирогчтой уулзаж хүүгийнхээ хулгайлсан эд зүйлийг буцаан өгч уучлалт гуйсан ... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 29 тал/
Шүүгдэгч Э.Отгонбаатарын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... Тэгээд ороод хар өнгийн цэцэгтэй зурагтай ширээ байхаар нь доод талын татдаг шургуулгыг нээсэн чинь дотор нь 3 хөөрөг байсан. Тэгэхээр нь хойд талын тольтой ширээний шургуулгыг татаж үзэхэд 10 ширхэг хайрцагтай улаан шонхор нэртэй тамхи байсан. Тэгэхээр нь би аваад буцаж цонхоор гарахдаа 3 ширхэг хөөрөг аваад Д.Загдсүрэнгийн гэрээс гарсан. Тэгээд өөрийн гэрийн хашаа руу ороод хашааны зүүн хойд булан дахь их цасанд Загдсүрэнгийнхээс хулгайлсан 3 хөөрөг тамхиа нуусан гэх мэдүүлэг.
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-8, 16-18 тал/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэг учрал гарсан гэх газрын гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хх-ийн 4-5 тал/,
Хураан авах тогтоол, тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 19-21 тал/,
Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52 тал/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Э.Отгонбаатар нь 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 12 дугаар сарын 08-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Батноров сумын 6-р баг Бүрдийн 16-03 тоотод оршин суух иргэн Д.Загдсүрэнгийн гэрийн цонхоор нэвтрэн орж их гарын манан хөөрөг 1 ширхэг, алтан нуухтай шүрэн толгойтой ундрам хөөрөг 1 ширхэг, гартаам хөөрөг 1 ширхэг, улаан шонхор тамхи 10 хайрцаг хулгайлж бусдад бага бус хэмжээний буюу 4.016.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хураан авах тогтоол, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохиролоо бүрэн төлж барагдуулсан болох нь хавтас хэргийн 63 дугаар хуудсанд авагдсан ... Доржсүрэн овогтой Загдсүрэн би гэрээсээ алдсан эд зүйлээ бүрэн бүтэн эргүүлэн авсан. Миний зүгээс хохирол гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй ... гэх баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Э.Отгонбаатар нь А дансандаа малгүй тухайн багийн нэн ядуу иргэн болох нь Хэнтий аймгийн Батноров сумын Дунд бүрд сумын Засаг даргын тодорхойлолтоор /хх-ийн 47хуу/ тогтоогдож байх тул түүнд эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагаггүй байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд ял шийтгэлийг оногдуулж, түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн байдал, учруулсан хохирлоо нөхөн төлсөн болон хувийн байдлыг нь харгалзан оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаарлагагүй гэж үзлээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  
 
ТОГТООХ  НЬ :
1. Шүүгдэгч Шарнууд овогт Энхтуяагийн Отгонбаатарыг бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Отгонбаатарын эд хөрөнгийг хураахгүйгээр 02 жил 03 сарын хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Отгонбаатарт оногдуулсан 02 жил 03 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
    4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг журамлан Э.Отгонбаатарт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 02 жил 03 сарын ялыг тэнсэж 02 жилийн хугацаагаар хянан харгалзсугай.
6. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар хянан харгалзах хугацаанд тэнсэгдсэн ялтан Э.Отгонбаатарт хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймгийн Цагдаагийн газарт даалгаж, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол хорих ялыг биечлэн эдлүүлж болохыг дурдсугай.  

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

 9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Отгонбаатарт авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 


ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      Ц.МӨНХТУЛГА