Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 513

 

МАГАДЛАЛ

 

2018.02.21                                                  Дугаар 513                                     Улаанбаатар хот

 

 

 

 

Б.Г нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Ч.Цэнд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 184/ШШ2017/02802 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Гнэхэмжлэлтэй,

Хариуцагч Ч.Т, Д.Б нарт холбогдох,

? төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагч Ч.Т-н гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.М,

Хариуцагч: Ч.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Б.Г нь 2016 оны 8 дугаар сард хөөрөг сонирхож яваад нутгийн зүс таних эмэгтэй Д.Б Мөнгөн завъяа үнэт эдлэлийн дэлгүүрт тааралдаж хямдхан сайн хөөрөг олж өгнө гэж ярилцаад салсан байдаг. Тэгээд Д.Б нь 2016 оны 10 дугаар сарын эхээр манай дүү ? төгрөгийн үнэтэй хөөргөө ломбарданд тавиад алдах гээд байна чамайг авна гэвэл ? төгрөгт өгнө гээд утсаар ярьж, ломбард дээр манай нөхөр Ч.Ттай уулзаад үзчих гэсэн юм. Ломбарданд ороход лац, ломбо, сав битүүмжлэлгүй хөөрөг гаргаж үзүүлсэн, уг хөөргийг үзчихээд гарч Ч.Т ахад ...энэ хөөрөг толгой нь цуурсан, бөөрөндөө сэвтэй юм байна би хөөрөг сайн мэдэхгүй нутгийн улс та нарт итгэж байна... гэхэд наадах чинь байгалийн ийм хөөрөг насан туршийн баталгаа өгнө, чи зүгээр л мөнгөө олоод ир гэх зэргээр ярихаар нь эргэж мөнгө авч ирж тус хөөргийг авсан юм. Тэр оройдоо хөөрөг мэддэг хүнд худалдаж авсан хөөрөгөө үзүүлэхэд наадах чинь байгалийн биш сэв гэсэн учир Ч.Т луу залгаж энэ чинь сэвтэй хөөрөг байна наймаа буцая гэхэд гэртээ хүрээд ир гэсний дагуу очиж хөөргийг нь өгтөл ? төгрөг тэр дор нь бэлнээр өгөөд үлдсэн ? төгрөгийг чинь тэгж байгаад өгнө гэсэн боловч 4, 5 сар өгөхгүй байхаар нь цагдаад өргөдөл гаргасан. Иймд үлдсэн ? төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Б.Гыг танихгүй “...сайхан хөөрөг зарах бол би авна шүү та тийм хөөрөг байвал яриарай... гэсэн болохоор нь эхнэр маань надад хэлсэн. Тэгэхээр нь ...миний ломбарданд байгаа хөөргийг өөрөө очоод үз таалагдвал авна биз... гэсний дагуу зааж өгсөн ломбарданд өөрөө ганцаараа очоод хөөргийг хоёр ч удаа үзсэн байсан. Удалгүй ...ахаа таалагдаж байна би энэ хөөргийг авмаар байна... гэж утсаар ярихаар нь ...сайн үзсэн биз дээ толгой, бөөрөндөө угийн өөрийнх нь судалтай шүү, байгалийн тийм байсан, надад ирэхдээ ч ийм байсан... гэж хэд хэдэн удаа хэлсэн. За тийм байна таалагдаж байна ? төгрөгөөр авна гэхээр нь наад ломбардны тооцоо ? төгрөг болсон байх хийчихээд хөөргөө аваад хүрээд ир гэсэн. Тэгээд надад үлдэгдэл ? төгрөгөө өгөөд баярлаад л явсан. Түүнээс биш би маш муу, сэв, цуурхай эд зарж хуурч мэхэлсэн зүйл байхгүй. Дараагаар нь ? төгрөгт тооцоод л ав, нэмж өгсөн ? төгрөгөө чи өөрөө буцааж ав гээд эргүүлээд өөрт нь өгсөн. Иймд уг нэхэмжлэлтэй иргэний хэргийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь бид хоорондоо тохиролцож худалдаа наймаа хийсэн, бүх зүйлээ шалгаад авсан байхад залилсан гэж нэр төрд удаа дараа халдаж, доромжилж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Энэхүү нэхэмжлэлийг гаргасан Б.Гыг танихгүй ба шүүхэд гаргасан нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй төдийгүй надад ямар нэг холбогдолгүй тул уг нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.Таас ? төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Гад олгож, хариуцагч Д.Бад холбогдох нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Г улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн ? төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Таас ? төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Гад олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Ч.Т давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Тухайн өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т нь мэдэж байсан ч урьд нь зарласан шүүх хуралдаанд оролцож шүүх хуралдаанууд хоорондоо давхардаж байгааг илэрхийлэн анхан шатны шүүх хуралдааныг хойшлуулж өгөхийг хүссэн хүсэлтийг өгсөн байтал шүүх хуралдааныг явуулсан. Энэ тухайгаа шүүхийн шийдвэртээ мөн л тусгаагүй, дурьдаагүй байгаа нь хуульд нийцэхгүй байна. Мөн хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т уг иргэний хэргийн хавтаст материалыг огт танилцуулаагүй атлаа шүүх хуралдааныг эзгүйд нь шийдвэрлэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй төдийгүй шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтойгоор зөрчсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд нийцүүлэн дүгнэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч Ч.Т, Д.Б нарт холбогдуулан биет байдлын доголдолтой сэв суусан хөөрөг худалдсан тул төлсөн ? төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч “хөөргийг өөрөө үзэж байгаад худалдан авсан” гэж маргажээ.

Хэрэгт цугларсан баримт болон талуудын тайлбараас үзэхэд 2016 оны 10 дугаар сарын эхээр бичгээр гэрээ байгуулаагүй боловч нэхэмжлэгч нь хариуцагчаас ? төгрөгөөр хөөрөг худалдан авахаар тохиролцож, хариуцагчтай тохиролцсон үнийг барьцаалан зээлдүүлэх газарт төлж хөөргийг авсан байх ба худалдан авсан өдөртөө гэрээний зүйлийн биет байдлын доголдолтой буюу сэв суусан талаар хариуцагчид мэдэгдэж буцаан өгсөн гэх үйл баримт тогтоогдсон, энэ талаар зохигчид маргаагүй байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. Мөн хуулийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн хэн    аль нь гэрээг цуцлах эрхтэй, энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хөөрөгний үнийг шаардах эрхтэй.

Хариуцагч давж заалдах гомдолдоо “нэхэмжлэгчийг хууран мэхлээгүй, хөөрөгний чулууг сэвтээгээгүй” гэх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх үүрэгтэй юм. 

Мөн хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг хүлээн аваагүй гэж гомдол гаргасан нь үндэслэлгүй юм. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт заасан журмын дагуу шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хуралдаан хойшлуулах хүсэлтдээ нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг шүүхэд ирүүлсэн тул хүсэлтийг шүүх     хангаагүй нь зөв байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 184/ШШ2017/02802 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн ? төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Г.ДАВААДОРЖ

     ШҮҮГЧИД                              Ч.ЦЭНД

                                                                   М.НАРАНЦЭЦЭГ