| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Өлзийн Уянга |
| Хэргийн индекс | 181/2019/03029/И |
| Дугаар | 2497 |
| Огноо | 2019-12-04 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 2497
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Э.Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “Д” ХХК-д холбогдох
Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, шилжүүлсэн 2,834,300 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Б, нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
Би байшин барих зорилгоор 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр “Д” ХХК-аас 748 ширхэг блок худалдан авахаар тохирч, нийт үнийн дүнгийн 50% болох 2,834,300 төгрөгийг 5175067651 тоот дансаар нь шилжүүлэн төлсөн. Блокийг 20 хоногийн дараа гаргаж өгнө гэсэн боловч гаргаагүй бөгөөд 10 хоног сунгаач гэсэн хүсэлт тавьсан. Тэгээд хүсэлтийн дагуу 10 хоног сунгаж, блокоо авахаар машин хөлслөн очтол блокийг өөр газар руу явуулсан, одоо гаргаж өгөх боломжгүй байна гэсэн. Би байшин барих гээд хүлээж байсан учир дахин хугацаа өгөх боломжгүйгээ хэлээд мөнгөө авъя гэхэд болно гэсэн хариу өгсөн боловч нэг ч төгрөг буцаан өгөөгүй.
Иймд 748 ширхэг блокны урьдчилгаанд төлсөн 2,834,300 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч бичгээр хариу тайлбар гаргаагүй болно.
Шүүх нэхэмжлэгчээс шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Б нь хариуцагч “Д” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсаны улмаас шилжүүлсэн 2,834,300 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсан байна.
Шүүх нэхэмжлэлийн хувийг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сайханбатад гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг нь түүнд мөн өдөр тайлбарлан танилцуулж, шүүх хуралдаан 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр болох талаар 2019 оны 11 дүгээр сарын 25-ны мэдэгдэх хуудсаар 12 дугаар сарын 02-ны өдөр мэдэгдсэн боловч хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой тайлбар болон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх үүргийг тайлбарлан өгч, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хариуцагч нэхэмжлэлд тайлбар өгөөгүй, шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул шүүх нэхэмжлэгч талын хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4, 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т нийцнэ гэж үзсэн болно.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Зохигчдын хооронд 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 5,668,600 төгрөгийн үнэ бүхий 748 ширхэг блок худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл “Д” ХХК-ийн 023 тоот нэхэмжлэх, тус компанид 2,834,300 төгрөг шилжүүлсэн Э.Бийн Хаан банк дахь 5381054397 тоот дансны дэлгэрэнгүй хуулга, урьдчилгаанд 2,834,000 хүлээн авсан тухай захирал Б.Мөнхтуулаас гаргасан тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Худалдах, худалдан авах гэрээг амаар хийж болох тул шүүх Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д заасныг үндэслэн зохигчдын хооронд мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзсэн бөгөөд гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэв.
Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.
Э.Б нь 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр блокны нийт үнийн 50% болох 2,834,300 төгрөгийг 023 тоот нэхэмжлэх дээрх дансаар буюу “Д” ХХК-ийн Хаан банк дахь 5175067651 тоот дансаар шилжүүлэн төлсөн болох нь түүний дансны хуулга болон урьдчилгаа хүлээн авсан тухай “Д” ХХК-ийн санхүүгийн тэмдгээр баталгаажсан захирал Б.Мөнхтуулын тайлбараар тус тус нотлогдсон.
Харин “Д” ХХК нь 023 тоот нэхэмжлэх дээр заасан хугацаанд буюу 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 748 ширхэг блокийг шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн гэж үзэх үйл баримт нотлогдохгүй байна.
Хариуцагч хариу тайлбар, нотлох баримт гаргаагүй, шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй учир нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан “хариуцагч үүргээ зөрчсөн, зөрчил арилгах үүднээс үүрэг гүйцэтгэх 10 хоногийн нэмэлт хугацаа тогтоосон ч үр дүн гараагүй” гэх тайлбарыг шүүх үндэслэлтэй гэж үнэлнэ.
Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхийг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар олгосон тул шүүх нэхэмжлэгчийн татгалзлыг хуулийн энэ зохицуулалтад нийцсэн гэж үзлээ.
Нэхэмжлэгч ийнхүү гэрээнээс татгалзсан нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасан гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөх хууль зүйн үр дагавар үүсгэх тул хариуцагч “Д” ХХК-аас 2,834,300 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Бт олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг тус тус баримтлан “Д” ХХК-аас 2,834,300 төгрөгийг гаргуулж Э.Бт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 60,300 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд төлбөр гаргуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хуулийн этгээдээс төлбөр гаргуулах журмын дагуу гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардан авах үүрэгтэй бөгөөд хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ө.УЯНГА