Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/156

 

 

 

 

 

 

 

 

 

  2023          05             02                                     2023/ШЦТ/156

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Нарийн бичгийн дарга Б.С

Улсын яллагч Т.Т

Хохирогч Б.О

Хохирогчийн өмгөөлөгч Б.Т

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.М

Шүүгдэгч Э.М нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.М-д холбогдох эрүүгийн 2325000000172 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Э.М

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Э.М нь 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн 2А хорооллын “Euro residence” байрны*** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.О ийг бусадтай хардсаны улмаас маргалдаж улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.М мэдүүлэхдээ “О-с уучлалт гуйж байна. Эмчилгээний зардлыг шүүхээс тогтоосон хэмжээнд төлнө. Өөр хэлэх зүйлгүй” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Б.О  мэдүүлэхдээ “Санамсаргүй цохиогүй, санаатай цохьсон. М   намайг хардаж удаа дараа зодож, дарамталдаг. Нүдийг маань сохолно, биеийг чинь мэдээгүй болгож хажуудаа байлгана гэдэг. Сална гэхээр амиа хорлоно гэдэг. Хагалгааны зардалд 6 778 000 төгрөг нэхэмжилнэ” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хохирогч Б.О ийн “2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр гэртээ өөрийн 5 настай охин, хамтран амьдрагч Э.М нарын хамт байсан. Би тухайн өдөр 12 цагаас гадагш гарч бариа хийлгэх гэж байсан учраас 11 цагийн үед гэртээ усанд орчихоод гарч иртэл Э.М нь надад хандан чи хэнтэйгээ явж унтах гээд байгаа юм бэ гэж хэлэхээр нь чи юу яриад байгаа юм бэ, би бариа хийлгэнэ гээд цаг авчихсан байгаа, мэдэж байгаа биз дээ гэж хариултал би тэр бариа хийлгэж байгаа газрын чинь гадаа хүлээгээд байж байж болохгүй юм уу гэж хэлсэн. Үүнээс болж бид хоёр хоорондоо хэрүүл маргаан хийсэн. Энэ үед М   намайг ванны өрөөний шалан дээр түлхэж газар унагаасан. Тухайн үед миний гар утас дуугарсан ба миний охин надад утас авчирч өгсөн. Тэгтэл М   охиноос минь миний гар утсыг шүүрч аваад хохчино шүү, чи цаашаагаа бай. бид хоёрын явдал чамд хамаагүй гэж охиныг загнасан. Тухайн үед би гар утсаа М  ын гарнаас салгаж авах гэхэд М   өмсөж явсан хувцасныхаа халаасанд хийсэн. Үүний дараа баруун гараараа миний хамар руу нэг удаа хүчтэй цохьсон. М  д хамар руугаа цохиулаад миний хоёр нүд хэсэг юм харахгүй, харанхуйлж, толгой эргэж, хамар нарк гээд /дугараад/ явчихсан. Би шууд уйлаад газар сөхрөөд суутал хамраас их цус гарч эхэлсэн. Би 2022 оны 03 дугаар сараас эхлэн аав ээжийн амьдардаг байр болох Уртбулаг багт байрлах Crown нэртэй байранд М  той хамтран амьдарч эхэлсэн. Манай аав, ээж хоёр хөдөө ажилладаг учираас 1 сардаа ганц удаа гэртээ ирж усанд орж, хувцасаа угаачихаад буцаад явдаг. Ер нь бол гэртээ байнга байдаггүй. Аав, ээжийн байхгүй үед М   надтай хамт амьдардаг байсан. Байрны тог цахилгаан интернет зэрэг ашиглалтын зардлыг би өөрөө байнга төлдөг. Харин М   надтай ээлжилж хоол, хүнсээ захаас хамт цуглуулдаг байсан” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 11, 13 дахь/

2. Гэрч Б.Б-н  “миний мэдэхийн 2022 оны зунаас М   ах О   хоёр үерхэж, тэр хоёр Уртбулаг багт байрлах Crown нэртэй байранд хамтран амьдарч эхэлсэн. М   ах өөрийн гэр болон Crown байр хоёрын хооронд ээлжилж ирж очин амьдардаг байсан. О  ийн аав, ээж хоёр хөдөө бригадад ажилладаг учраас хааяа байрандаа ирээд буцдаг байсан” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 17 дахь тал/

3. Гэрч Б-У “миний дүү О   2022 оны 02 дугаар сард Э.М  той уулзаж, танилцсан. Харин би М  той дүүгээрээ дамжуулж 2022 оны 03 дугаар сард танилцаж байсан. Ингээд О  , М   хоёр миний санаж байгаагаар 2022 оны 04 дүгээр сараас эхлэн аав, ээжийн байранд хамтран амьдарч эхэлсэн. О   М   хоёр манай аав, ээжийн гэрт амьдарч байгаад 2022 оны 11 дүгээр сард Оюут багт шинээр ашиглалтанд орсон байранд тусдаа гарч нүүж орсон. Гэрт нь М  , О  , түүний 5 настай охин гурав хамт амьдардаг байсан. 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр О   над руу залгаж эгчээ би М  д зодуулчихлаа, та манайд хүрээд ирээч гэж М  той хамтран амьдарч байсан аав, ээжийн гэрт дуудсан. Тэгэхээр нь би нөхрийн хамт яваад очтол О  ийн толгой энд тэндээ хавдчихсан, гар хөл нь улайж хөхөрсөн байдалтай, охиныхоо хамт байсан. О-с   юу болсон талаар асуухад намайг М   чи надаас өөр залуучуудтай явалддаг, чамд уулзаж, унтаж үзээгүй залуу байхгүй байна хүнээс сонссон гэж хэлээд зодсон гэж хэлсэн. Мөн 2022 оны 08 дугаар сард М   О  ийг шүдний эмнэлэгт үзүүлэх гээд хамт явж байхдаа чиний цамцны цаанаас хөхний чинь толгой харагдаад байна гэж хэлээд цамцыг нь урсан байсан. Ер нь бол миний дүү О   хэд хэдэн удаа М   намайг залуучуудтай байнга харддаг, уурлахаараа үснээс зулгаах, хацар руу алгадах зэргээр зоддог гэж хэлж байсан” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 19 дэх тал/

4. Гэрч Д.Д : “Б.О  миний мэдэхийн 2022 оны 03 дугаар сард Э.М  той танилцаад үерхэж байгаа гээд цуг явж харагдсан. Ингээд хоорондоо танилцсанаас хойш нээх удалгүй Уртбулаг багт байранд хамтран амьдарч эхэлсэн. 2022 оны 11 дүгээр сард өдрийг нь санахгүй байна, эхнэр У-н утас руу О   залгаж М  д зодуулчихлаа, хүрээд ир гэж дуудсан. Тэгэхээр нь эхнэрийн хамт О  ийн гэрт очтол О   нь охины хамт хоёулахнаа байсан. Энэ үед О  ийн хоёр гарын шуу нь шалбарч цус гарсан, үснээс нь зулгаасан байдалтай газар О  ийн үснүүд байсан. Бас О   хэлэхдээ М   намайг өөр эрэгтэй хүнтэй хардаад зодчихлоо гэж хэлсэн” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 21-22 дахь тал/

5. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр гаргасан №250 дугаартай “Б.О ийн биед хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу зүйлийн нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн, тухайн цаг үедээ шинэ гэмтэл байжээ. Хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгтхамаарагдана. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хавтаст хэргийн 25-27 дахь тал/

6. Яллагдагч Э.М  ын “2023 оны 01 дүгээр сарын эхээр хамтран амьдрагч О   бид хоёр мөнгөн дээрээс болж маргалдсан. Мөн тэр үед О   надад хандан өөрийг нь Эрдэнэт үйлдвэрт ажилд оруулж өг гэж уурлаад байсан. Ер нь бол нэг иймэрхүү жижиг зүйлээс болж маргалдсан. Би маргалдаж байхдаа О  т хандан чамаас сална гээд гэрт байсан багажнуудаа аваад гэрээс гарах гэтэл О   миний нуруу руу нэг удаа өшиглөж, нүүр рүү гараараа 2 удаа цохиж, чи арчаагүй, хөгийн гэх мэтээр орилж хашхираад дайраад байхаар нь чи боль гэж зөндөө хэлсэн. Энэ үед битгий хүн цохиод бай гэж хэлээд өөрийгөө О-с   холдуулах гээд гараа арагш нь саваад эргээд хартал О  ийн хамар руу баруун гараараа цохисон. Энэ уед О  ийн хамарнаас цус гоожоод байхаар нь угаалгын өрөө орж цусыг нь цэвэрлээд шууд БОЭТ-ийн хамрын тасаг дээр очсон. Эмч О  ийн хамрыг үзээд хамар чинь хугарсан байна, хамарныхаа хавдарыг буулгаад эргээд ирээрэй гэсэн. Би тэр үедээ О  ийн хамрын эмчилгээ, эм тарианд 500,000 орчим мянган төгрөг зарцуулсан. Би 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Б.О ийн биед хөнгөн хохирол учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Харин тухайн үед би Б.О ийг намайг өчнөөн цохиж нүдээд байхаар нь болиулах гэж, өөрөөсөө салгах гэж байгаад дээрх гэмтлийг санамсаргүй учруулсан. Мөн 2022 оны 12 дугаар сарын 20-ны хавьцаа О   надтай хэрэлдэж байгаад миний нүд рүү цохиж хөхрүүлсэн, 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр толгой руу хүүхдийн тоглоомоор цохиж хагалж байсан. Б.О  бид 2 хамтран амьдрагч биш, гэрлэлтээ батлуулж нэг дор амьдарсан зүйл байхгүй” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 32, 38-39 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Т.Төгөлдөр дүгнэлтдээ “Шүүгдэгч Э.М нь 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн 2А хорооллын “Euro residence” байрны*** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.О ийг бусадтай хардсаны улмаас маргалдаж улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э-г 1000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1 сая төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Б.Т  дүгнэлтдээ “Шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байна. Учирсан хохирлын хувьд хамрын таславчийн муруйлтыг засах хагалгааны зардал болон хамрын ясны хугарлыг засах, тэгшлэх хагалгааны зардал нийт 6 778 000 төгрөг нэхэмжилж байгаа. Энэ зардлыг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгож өгнө үү” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.М  дүгнэлтдээ “Шүүгдэгч нь хохирогчид эчмилгээний зардалд 465 200 төгрөгийг төлсөн. “Эрдэнэт медикал” эмнэлэгт хагалгаа хийлгэх 2 778 000 төгрөгийн зардлыг зөвшөөрч болох ч хамар тэгшлүүлэх, өндөрлөх хагалгаа нь гэмтэлтэй хамааралгүй, гоо сайхны хагалгаа байх тул зардлыг зөвшөөрөх боломжгүй байна” гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.О ийн “М   намайг ванны өрөөний шалан дээр түлхэж газар унагаасан. Баруун гараараа миний хамар руу нэг удаа хүчтэй цохисон” гэх мэдүүлэг, гэрч Б-У“2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр О   над руу залгаж эгчээ би М  д зодуулчихлаа, та манайд хүрээд ирээч гэж дуудсан. Ер нь бол миний дүү О   хэд хэдэн удаа М   намайг залуучуудтай байнга харддаг, ууралхаараа үснээс зулгаах, хацар руу алгадах зэргээр зоддог гэж хэлж байсан” гэх мэдүүлэг, гэрч Д.Д  “О   залгаж М  д зодуулчихлаа, хүрээд ир гэж дуудсан. Тэгэхээр нь эхнэрийн хамт О  ийн гэрт очтол хоёр гарын шуу нь шалбарч цус гарсан, үснээс нь зулгаасан байдалтай газар О  ийн үснүүд байсан” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр гаргасан №250 дугаартай дүгнэлт, яллагдагч Э.М  ын “битгий хүн цохиод бай гэж хэлээд өөрийгөө О-с   холдуулах гээд гараа арагш нь саваад эргээд хартал О  ийн хамар руу баруун гараараа цохьсон байсан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Э.М нь 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн 2А хороолол, “Euro residence” байрны*** тоотод хамтран амьдрагч Б.О тэй маргалдаж, нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Э.М нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг бусадтай хардаж, эрхийг хязгаарлаж, маргаан үүсгэн, шууд санаатай үйлдлээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Э.М нь хохирогч Б.О тэй гэрлэлтээ батлуулаагүй, хохирогчийг санаатай цохиогүй” гэж мэдүүлж байх боловч Э.М  , Б.О  нар нь гэр бүлийн харилцаатай хамтран амьдарч байсан болох нь тэдний мэдүүлгээр нотлогдож байх тул гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай гэж үзэх үндэслэлтэй, мөн хохирогч Б.О ийг шууд санаатай үйлдлээр цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь нотлогдсон байна.

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Б.О ийн эрүүл мэндэд нь хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч хамрын таславчийн муруйлтыг засах хагалгааны зардал болон хамрын ясны хугарлыг засах, тэгшлэх хагалгааны зардал нийт 6 778 000 төгрөг нэхэмжилсэн байна. Шүүх гэм хорын нэхэмлэлтэй холбоотой баримтуудтай танилцаад “Эрдэнэт медикал” эмнэлэгт хамрын таславчийн муруйлт засуулах хагалгаа нь хохирогчийн эрүүл мэндэд цаашид нөлөөлөх учир зайлшгүй хийгдэх хагалгаа гэж үзэж, 2 778 000 төгрөгийн зардал нь баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгуулахаар шийдвэрлэв. Хамрын ясны хугарал гэмтлийн хувьд хохирогчийн эрүүл мэнд гоо сайханд цаашид нөлөөлөх эсэх, уг хугарлыг засах хагалгаа хийх шаардлагатай эсэх нь тодорхойгүй байх тул хэлэлцэлгүй орхиж, мэргэжлийн эмчийн үзлэг оношлогоо, болон холбогдох баримтуудаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан зорчих эрх хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч Э.М-д оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэнд хяналт тавихыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.

 

            Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б  овгийн Э  М  ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э-г 3 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-д оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэнд хяналт тавихыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М  оос 2 778 000 /хоёр сая долоон зуун далан найман мянга/ төгрөг гаргуулан хохирогч Б.О  /Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн Euro residence хотхоны*** тоотод оршин суух, РД: ******/-т олгосугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй бөгөөд хохирогч Б.О  нь хамрын ясны хугарлын хагалгаатай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэниы хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

 

            7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС