| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2023/0149/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/158 |
| Огноо | 2023-05-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Лхамсүрэн |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 2023/ШЦТ/158
2023 05 03 2023/ШЦТ/158
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Нарийн бичгийн дарга Б.С
Улсын яллагч Ц.Л
Шүүгдэгч Г.А нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.А-д холбогдох эрүүгийн 2325000000201 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Г.А
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Г.А нь 2023 оны 03 дугаар сарын 22-ны шөнийн 22 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин багт үйл ажиллагаа явуулдаг Вегас бааранд П.М үл ялих шалтгаанаар маргалдаж, газар түлхэж унагаан нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.А мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид 500 000 төгрөг төлсөн” гэв.
Хохирогч П.М “Шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч П.М-н “2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Вегас бааранд найз О, Х, С нарын хамт орсон. Бааранд ороод хүний нэг нэг Сэнгүр пиво авсан. Хэсэг сууж байгаад найз О ын хамт баарнаас гарч тамхи татсан. Тамхиа татаж дуусаад баар луу орох гэтэл баарны үүд хэсэгт танихгүй залуу намайг шатнаас буух гэхэд араас түлхсэн. Би шатны дээд хэсэгт унаад босож ирээд тэр залууг яаж байгаа юм бэ гээд мөр лүү нь цохьсон. Уг залуу намайг татаж унагаад миний дээр гарч байгаад толгой, бие рүү цохисон. Толгой руу цохиход би толгойгоороо шатны ирмэг мөргөж, хамрын дээд хэсэг задарч цус гарсан. О салгах гэсэн боловч чадахгүй байсан” гэсэн мэдүүлэг. /хавтаст хэргийн 6-7 дахь тал/,
2. Гэрч Э.О ын “...М-н хамт баарнаас гарч баарны урд хэсэгт тамхи татсан. Тамхиа татаж дуусаад баар луу орох гэтэл үл таних залуу М бид хоёрыг янхан гэж доромжилсон. Мг тэр залуу шат руу түлхэж унагаасан. Мг газар унагааж байгаад гараараа цохиод байсан. Би салгах гэсэн боловч чадаагүй. Танихгүй хүмүүс тэр залууг салгасан” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 10-11 дэх тал/,
3. Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 287 дугаартай “П.М-н биед нүүрэнд зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд шарх, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Нүүрэнд зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд шарх гэмтэл нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт. /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,
4. Яллагдагч Г.А-н “Баарны үүдэнд үл таних хоёр эмэгтэйтэй маргалдсан, тухайн үед ямар шалтгааны улмаас маргалдсан талаар санахгүй байна” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 24 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ц.Л дүгнэлтдээ “Шүүгдэгч Г.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 03 дугаар сарын 22-ны шөнийн 22 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин багт үйл ажиллагаа явуулдаг Вегас бааранд П.М үл ялих шалтгаанаар маргалдаж, газар түлхэж унагаан нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох ял оногдуулах саналтай байна” гэв.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч П.М-н “танихгүй залуу намайг шатнаас буух гэхэд араас түлхсэн. Би шатны дээд хэсэгт унаад босож ирээд тэр залууг яаж байгаа юм бэ гээд мөр лүү нь цохьсон. Уг залуу намайг татаж унагаад миний дээр гарч байгаад толгой, бие рүү цохисон. Толгой руу цохиход би толгойгоороо шатны ирмэг мөргөж, хамрын дээд хэсэг задарч цус гарсан” гэсэн мэдүүлэг, гэрч Э.О ын “Мг тэр залуу шат руу түлхэж унагаасан. Мг газар унагааж байгаад гараараа цохиод байсан. Би салгах гэсэн боловч чадаагүй. Танихгүй хүмүүс тэр залууг салгасан” гэх мэдүүлэг, Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 287 дугаартай дүгнэлт, яллагдагч Г.А-н “Баарны үүдэнд үл таних хоёр эмэгтэйтэй маргалдсан, тухайн үед ямар шалтгааны улмаас маргалдсан талаар санахгүй байна” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Г.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 03 дугаар сарын 22-ны шөнийн 22 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багт үйл ажиллагаа явуулдаг Вегас бааранд П.М үл ялих шалтгаанаар маргалдаж, газар түлхэж унагаан нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь нүүрэнд зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд шарх бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтын талаар улсын яллагч болон хохирогч, шүүгдэгч нараас зөрүүтэй санал дүгнэлт гараагүй бөгөөд хэрэг учрал болсон цаг хугацаа, газар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шалтгаан, оролцогчдын үйлдэл оролцоо, учирсан хохирол хор уршиг зэрэг нотлогдвол зохих зүйлүүд хангалттай нотлогдож тогтоогдсон байна
Шүүгдэгч Г.А нь санаатай үйлдлээр хүний эрүүл мэндэд халдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.А-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас П.М-н эрүүл мэндэд нүүрэнд зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд шарх бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулах тухай прокурорын санал үндэслэлтэй байна гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгэр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Г А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-г 650 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 650 000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А нь шүүхээс оногдуулсан 650 000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС