Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2019/02358

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэгт оршин суух, хуульч өмгөөлөгч ажилтай, Г.Г,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэгт оршин суух  Г.З нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэгт оршин суух, А.Ц,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Ф ХХК-д  холбогдох хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 44 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, хариуцагч А.Ц-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, хариуцагчийн өмгөөлөгч Д.Э /үнэмлэх 0253/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Баярцэцэг нар оролцов.

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ф ХХК, түүний захирал А.Ц хүсэлтээр Эрүүгийн 201626030629 тоот хэрэгт сэжигтэн, яллагдагчаар татагдан шалгагдахад нь хууль зүйн туслалцаа үзүүлэх, өмгөөлөгчөөр ажиллахаар 2016 оны 05-р сарын 10-ны өдөр 8 000 000 төгрөгийн, өөрийн охин Г.З хамтаар иргэн, захиргаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой хэрэг маргааныг шийдвэрлэхэд хууль зүйн туслалцаа үзүүлэх, дэмжлэг үзүүлэх зорилгоор 2016 оны 05-р сарын 25-ны өдөр 8 зүйл асуудлаар 35 000 000 төгрөгийн үйлчилгээний хөлс төлөхөөр 2 гэрээг байгуулж ажилласан. Эдгээр гэрээний хөлс 43 000 000 төгрөгийг А.Ц, Ф ХХК төлөх үүргээ биелүүлээгүй, нэн даруй төлөхөө А.Ц өөрөө илэрхийлдэг байсан. Ингээд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж төлбөр төлөх график гаргасан боловч мөн л төлөөгүй. 2018 оны 04-р сарын 10-нд 18/17 дугаартай шаардлага хүргүүлэхэд шаардлагын хариуг албан бичгээр өгнө, найзаасаа хөрөнгө оруулалт орохоор таны мөнгийг өгнө гэсэн ч одоо болтол өгөөгүй.   Иймд 2 гэрээний хөлс 43 000 000 төгрөг, Эрүүгийн хэргийн 8 000 000 төгрөгийн төлбөрийн алданги 4 000 000 төгрөг нийт 47 000 000 төгрөг болсон, үүнээс 3 000 000 төгрөгийг төлсөн. Гэрээний хөлсийг Голомт банкин дахь Ф ХХК-ийн данснаас төлж барагдуулахад дэмжлэг үзүүлэхийг хүсч Дорноговь аймгийн засаг даргад компанийхаа бланктай хүсэлт гаргаж байсан. А.Ц нь мөнгө төлсөн баримтаа гаргаж өгөөгүй. Иргэний хуулийн 159.1-д хөлсөөр ажиллуулсан бол хөлс төлөх үүргийг хүлээнэ гэж заасан байдаг. Иймд Ф ХХК, хувьцаа эзэмшигч А.Ц нараас хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хөлс 44 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  А.Ц хувьд ядарч зүдэрч яваа хүн. 2013 онд Ф ХХК нь Дорноговь аймгийн З-ийн Спорт цогцолборын барилгыг өөрийн хөрөнгөөр барих, дараа нь улсаас санхүүжилт авахаар 5 000 000 000 төгрөгийн гэрээ байгуулсан. Ингээд Хаан банкнаас 2013 онд 1 000 000 000 төгрөг зээл авч 24*36 харьцаатай 2 блок байрны суурийн цутгалт хийгдэж эхэлсэн. Үүнээс хойш 10 гаруй иргэдээс байрыг барьцаанд тавиулж зээл авч тухайн барилгыг босгосон. 2015 онд улсаас 2 100 000 000 төгрөгийг улсаас олгосон. Гэтэл 2014 оны өвөл барилга дээр гал гарч хохирол учирсан. Мөн өвөл цутгалтаа хийсэн боловч хөлдсөн. Удаагүй байтал нөхөр н.Г нь нас барсан. Одоо энэ хүнийг улсаас чанар муутай барилга ашиглалтад оруулсан гэж шалгаж, иргэд зээлсэн мөнгөө нэхэж хүнд байдалд орсон. Энэ үед Г.Г өмгөөлөгчид хандаж, нэг иргэнээс цагдаад хандсан асуудал дээр хууль зүйн туслалцаа авахаар гэрээ хийсэн. Гэтэл Г.Г өмгөөлөгч “эвлэрэх юм бол Эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болдог” гэж зөвлөсөн байдаг. А.Ц “мөнгө байхгүй” гэхэд нь миний байр, машиныг 94 000 000 төгрөгт тооцож аваад өрөндөө өг гэсэн. Байшин, машин нь хуучин 94 000 000 төгрөгт хүрэхээргүй эд хөрөнгийг өгөөд, хохирол төлснөөр Эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болно гэж хэлсэн байсан. Гэтэл анхнаасаа энэ хэрэг эрүүгийн гэмт хэргийн шинжгүй байсан тул хэрэгсэхгүй болсон. Одоо иргэний журмаар төлбөрүүд нь нэхэгдэж байгаа. Г.Г өмгөөлөгч эрүүгийн болон иргэний хэрэг дээр ямар ч ажиллагаа хийгээгүй. Өмгөөлөгч хүн хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэтэл явдаг болохоос дуусаагүй байхад нь хаядаггүй. Эрүүгийн хэрэг одоо ч шалгагдаж байна. Харин Г.Г өмгөөлөгч бүх хүнээс түрүүлж мөнгөө алдангитай нь гаргуулж авсан. Өөр нэг ч хүний төлбөр барагдаагүй байгаа.  Үүнийг А.Ц тайлбарлахдаа “хуульч хүн болохоор чи ингэ тэг гээд дайрдаг, дахин мөнгө төгрөгийн асуудалгүй  гэчихээд одоо шүүхэд өгөөд байгааг ойлгохгүй байна” гэсэн. Мөн Г.Г охин Г.З 2 000 000 төгрөг өгсөн байдаг. 141 000 000 төгрөгийг авахдаа “чи энэ компанийн хувьцаа эзэмшигч гэж хэлээд өөрөө бүх бичиг баримтыг нь бүрдүүлж гарын үсэг зуруулаад З-д баригдаж байгаа барилгын барьцааны мөнгөнөөс өөрийнхөө мөнгийг гаргуулж авсан. Ф ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь А.Ц биш, н.Г гэдэг хүн байсан ч нас барсан. н.Г нас барсны дараа эгч нар нь өвийн маргаан үүсгэсэн боловч компанийг өртэй болохоор өвлөж аваагүй байгаа. Эдгээр үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Г, Г.З нар нь А.Ц болон Ф ХХК-д холбогдох хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 44 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

Ф ХХК-ийг төлөөлж А.Ц нь өмгөөлөгч Г.Г-той 2016 оны 05-р сарын 10-ны өдөр “Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ” байгуулж, А.Ц холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148-р зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан эрүүгийн 201626030929 тоот хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцалт, прокурорын шатанд өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх, эрүүгийн анхан, давж заалдах, хяналтын шүүх хуралдаанд оролцох, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх, үйлчлүүлэгч А.Ц нь хууль зүйн туслалцаа үзүүлсний хөлс 8 000 000 төгрөгийг төлөхөөр /хх 4-5/,

 

Ф ХХК-ний хувьцаа эзэмшигч А.Ц нь өмгөөлөгч Г.Г, Г.З нартай 2016 оны 05-р сарын 25-ны өдөр “Хууль, эрх зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээ” байгуулж, Замын үүд суманд баригдаж байгаа спорт цогцолборын барилгын ажилтай холбогдуулан хууль зүйн зөвлөгөө өгөх, үйлчлүүлэгч болон ХААН банкны хооронд хийгдсэн зээлийн гэрээтэй холбоотой асуудал, М.М, П.Г нарын нэхэмжлэлтэй УБЕГ-т холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байгаа А.Ц төлөөлөх, Ж ББСБ-аас авсан зээлийн төлбөртэй асуудал, Э ББСБ-ын нэхэмжлэлтэй С.З-д холбогдох хэрэг, Х ББСБ-ын нэхэмжлэлтэй А.Ц, Я нарт холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа, Ц.Т-аас 7 650 942 төгрөг гаргуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа, Д-н нэхэмжлэлтэй Фр ХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд тус тус өмгөөлөл, хууль зүйн зөвлөгөө өгөх, үйлчлүүлэгч нь үйлчилгээний хөлс 35 000 000 төгрөгийг тус тус төлөхөөр /хх 7-8/ тохирчээ. 

 

Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс нь 2016 оны 5-р сарын 9-ний өдөр А.Ц-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148-р зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан 201626030929 тоот эрүүгийн хэрэг үүсгэж, 2016 оны 5-р сарын 24-ний өдөр сэжигтнээр тооцож мэдүүлэг авсан,  хэргийг шалгаж байгаад прокурорын 2016 оны 8-р сарын 3-ны өдрийн 188 тоот тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй /хх 23-27, 37-38/ болгожээ.

 

А.Ц-д холбогдох эрүүгийн хэргийг тухайн үед мөрдөгдөж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24-р зүйлийн 2.1.1, 208-р зүйлийн 208.1.1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна.

 

Өмгөөлөгч Г.Г нь эрүүгийн хэрэг шалгагдаж байх хугацаанд А.Ц-д эрүүгийн хэрэг үүсгэсэн нь үндэслэлгүй гэсэн гомдол гаргасныг прокурорын 2016 оны 5-р сарын 25-ны өдрийн 88 тоот тогтоолоор гомдлыг хүлээн авахаас татгалзжээ. /хх 28-29/ А.Ц-г сэжигтнээр байцаасан байцаалтад өмгөөлөгч оролцоогүй /хх 24-27/ байна.

 

Өмгөөлөгч нь 2016 оны 6-р сарын 7-ны өдөр Нийслэлийн прокурор Б.А 33 тоот албан бичгээр гомдол, хүсэлт гаргасан /хх 30-35/ гэх ба гомдлыг прокурорын газарт хүргүүлсэн эсэх, гомдлыг хүлээн авч хуульд заасан журмаар шийдвэрлэж хариу өгсөн эсэх нь баримтаар тогтоогдоогүй байна.

 

 Эдгээрээс үзвэл, өмгөөлөгч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, өөрөөр хэлбэл, гэрээний 1.1-т заасан гүйцэтгэх ажлаас Хан-Уул дүүргийн прокурорт гомдол гаргаснаас өөрөөр хууль, эрх зүйн туслалцааг үзүүлээгүй гэж дүгнэлээ.

 

Өмгөөлөгч Г.Г, Г.З болон Ф ХХК-ны хувьцаа эзэмшигч А.Ц нарын хооронд байгуулсан 2016 оны 05-р сарын 25-ны өдрийн “Хууль, эрх зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ний тухайд:

 

-Замын Үүд суманд баригдаж байгаа спорт цогцолборын барилгын ажилтай холбогдуулан хууль зүйн зөвлөгөө өгсөн, бичиг баримт үйлдсэн, эрх бүхий байгууллагат хандсан нь баримтаар тогтоогдоогүй.

 

-Үйлчлүүлэгч болон ХААН банкны хооронд хийгдсэн зээлийн гэрээтэй холбоотой туслалцаа үзүүлсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй. 

 

-А.Ц нь М.М, П.Г нарын нэхэмжлэлтэй Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээдийг төлөөлөн оролцох итгэмжлэлийг 2016 оны 4-р сарын 14-ний өдөр /хх 58/ олгожээ. Итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8-р сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд оролцсон нь 585 тоот шийдвэрээр /хх 60-66/ тогтоогдсон байна.     

 

-Ж ББСБ-аас авсан зээлийн төлбөртэй асуудлаар ямар нэг хууль зүйн туслалцаа үзүүлсэн, эрхийг нь хамгаалсан үйл ажиллагаа явуулсан талаарх шаардлага, үндэслэлээ баримтаар нотлоогүй байна.

 

-С.З нь Э ББСБ-ын нэхэмжлэлтэй холбоотой хэрэгт хариуцагчийг төлөөлөх итгэмжлэлийг 2016 оны 5-р сарын 2-ны өдөр /хх 67/ олгожээ. Итгэмжлэгдсэн төлөөлөгч г.З нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд ...нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрөхгүй ...гэсэн тайлбарыг гаргасан /хх 68/ байна. Харин хариуцагчийн төлөөлөгч нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7-р сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд оролцоогүй байх ба  хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд эвлэрч шүүгчийн 04669 тоот захирамжаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон, өөрөөр хэлбэл, төлөөлөгчийн хүсэл зориг, оролцоогүйгээр талууд эвлэрсэн гэж дүгнэлээ. /хх 69-70/  

 

-Төлбөр төлөгч Ц.Я нь 2016 оны 9-р сарын 14-ний өдөр Г.З-д итгэмжлэл олгож, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох нэхэмжлэл гаргах, нэхэмжлэгчийг бүрэн төлөөлөх эрхийг 1 жилийн хугацаатай /хх 46/ олгожээ. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11-р сарын 2-ны өдрийн 01127 тоот шүүгчийн захирамжаар Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байх ба шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлөгч Г.З оролцсон байна. Нэхэмжлэгч нь үнэлгээг хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа өөрийн хүсэл зоригоо илэрхийлэн татгалзсан, өөрөөр хэлбэл, үнэлгээний талаар маргаагүй /хх 48-49/ гэж үзнэ.   

 

-Төлбөр төлөгч Ц.Т нь 2016 оны 5-р сарын 31-ний өдөр төлбөр төлөгчийн хувьд өмгөөлөгч Г.З итгэмжлэл олгож, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гомдол гаргах эрхийг 1 жилийн хугацаатай /хх 51/ олгожээ. Ц.Т нь шүүхийн шийдвэрээр Н.Э 7 650 942 төгрөгийг төлөх төлбөртэй, энэ төлбөрийг Ф ХХК хариуцаж төлөхөөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт 2016 оны 4-р сарын 13-ны өдрийн 19 тоот албан бичгээр мэдэгдсэн /хх 41/,

 

-Мөн Т.Д-ын нэхэмжлэлтэй Ф ХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбоотой 21 тоот бичгийг /хх 43/ үйлдэж туслалцаа үзүүлсэн гэх боловч эрх бүхий байгууллага эдгээр албан бичгийг хүлээн авсан, хуульд заасан журмаар шийдвэрлэж, хариу өгсөн эсэх нь тогтоогдоогүйгээс гадна төлөөлөгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулинд заасан журмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргаж байгаагүй байна.

 

Эдгээрээс дүгнэвэл, өмгөөлөгч Г.Г, Г. нар нь 2016 оны 05-р сарын 25-ны өдрийн “Хууль, эрх зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ний 2.1-д заасан 8 зүйл заалт бүхий ажлаас 3 дахь заалт буюу захиргааны хэрэгт гуравдагч этгээд А.Ц-г төлөөлөхөөс бусад ажлыг бүрэн гүйцэтгээгүй гэж үзнэ.

 

Ф ХХК-ийг А.Ц, Б.Г нар үүсгэн байгуулж, компаний хувьцааг 50, 50 хувиар эзэмшдэг, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр Б.Г бүртгэгдсэн нь улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон /хх 72-75/, энэ талаар талууд маргаагүй, харин захирал Б.Г нас барсан, А.Ц тус компанийг төлөөлөх эрхгүй гэж хариуцагч маргажээ.

А.Ц нь өмгөөлөгч нартай гэрээ байгуулахдаа Фронт гейт ХХК-ний захирал, компанийг төлөөлж хувьцаа эзэмшигч гэж гэрээнд гарын үсэг зурсан, Ф ХХК-ний Д аймгийн З суманд барьж байсан спорт цогцолборын барилгын ажил, түүний санхүүжилт, төлбөр тооцоо, бусад иргэд, аж ахуйн нэгжтэй компанийн төлбөр тооцооны асуудлаар харилцаж байсан, эрүүгийн хэрэгт сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө тус “компанийн захирал” гэж биеийн байцаалтаа өгсөн байна.

 

Хэдийгээр А.Ц нь итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй гэж бүртгэгдээгүй боловч хувьцаа эзэмшигчийн хувьд компанийн үйл ажиллагааг эрхлэн явуулж байсан гэж дүгнэлээ.  

 

Нэхэмжлэгч нар 2 гэрээний хөлсөнд хариуцагч 3000 000 төгрөгийг төлсөн гэх боловч бэлнээр, эсхүл дансаар шилжүүлсэн талаарх баримтыг гаргаагүй, харин хариуцагч энэ тайлбарыг няцаагаагүй, өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хийсэн ажлын хэмжээ, хэрэг, маргааныг шийдвэрлэхэд оролцсон оролцоо, ажлыг биечлэн гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй зэргийг харьцуулан дүгнэвэл ажиллуулагч тохирсон хэмжээний хөлсийг төлсөн, “...өмгөөлөгч нар өөрсдийн мөнгөө гаргуулж авснаас өөрөөр ямар ч эрх зүйн туслалцаа үзүүлээгүй...” гэсэн хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байна.

 

Өмгөөлөгч Г.Г нь үйлчлүүлэгч А.Ц 2016 оны 7-р сарын 3-ны өдөр “Хэлцэл” хийж, өөрийн өмчлөлийнй Hino Ranger маркийн автомашиныг 25 000 000 төгрөгөөр, Баянзүрх дүүргийн 2 өрөө байрыг 69 660 000 төгрөгөөр худалдах, А.Ц нь 94 660 000 төгрөгийг 2016 оны 9-р сарын 15-ны дотор бүрэн төлөх, төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөх, улмаар А.Ц нь худалдан авч байгаа эд хөрөнгийг Ч.Ч, Б.Д нарын өр төлбөрт  орон сууцыг 58 050 000 төгрөгөөр, машиныг 22 950 000 төгрөгөөр нийт 81 000 000 төгрөгөөр тооцож шилжүүлэхээр /хх 9/ тохирчээ.

 

Харин А.Ц нь үнийг хугацаандаа төлөөгүй үндэслэлээр Г.Г нь шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалд хандсан, 2017 оны 11-р сарын 7-ны өдөр 250 тоот Эвлэрлийн гэрээ байгуулж, 94 660 000 төгрөгийг алданги 47 330 000 төгрөгийн хамт нийт 141 990 000 төгрөгийг төлөхөөр эвлэрсэн, улмаар шийдвэр гүйцэтгэх  ажиллагаа /хх 10-13/ хийгджээ. 

 

Өмгөөлөгч Г.Г нь өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлсний хөлс 43 000 000 төгрөгийг гаргуулахаар 2017 оны 12-р сарын 13-ны өдрийн 17/46 тоот хүсэлтийг Д аймгийн Засаг дарга Т.Э “...Ф ХХК-ний Голомт банканд байршиж буй З суманд баригдаж байгаа цогцолбор барилга угсралтын ажлын гэрээний баталгаат барьцаа төлбөрөөс дээрх 43 сая төгрөгийг Х банкны өөрийн 495031241 дансанд шилжүүлэхийг ...”хүссэн хүсэлтийг гаргасан /хх 17-18/, Ф ХХК-ний хувьцаа эзэмшигчийн 2018 оны 4-р сарын 10-ны өдрийн хурлын тэмдэглэл, шийдвэрээр /хх 20-22/  Г.Г төлөх 141 990 000 төгрөгийг Г байршиж байгаа данснаас төлөхөөр шийдвэрлэсэн, энэ төлбөрийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны шатанд төлсөн нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

Үүгээр Г.Г нь гагцхүү өөрийн авах авлагыг барагдуулах ажиллагааг хийж, харин 2 гэрээгээр хүлээсэн өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх үүргээ биелүүлээгүй, эдгээр үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан хариуцагчийн татгалзлыг буруу гэж үзэхгүй. 

 

Өмгөөлөгч Г.Г нь  үйлчлүүлэгчтэй байгуулсан өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу мэргэжлийн үйл ажиллагаа явуулахдаа   өөрийн өмчлөлийн эд зүйлээ үйлчлүүлэгчдээ худалдсан, үйлчлүүлэгч нь эд зүйлийг худалдан авсан үнээс доогуур үнээр буюу 13 660 000 төгрөгийн хохиролтойгоор бусдын төлбөрт тооцож өгөхөөр тохирсон, үйлчлүүлэгч бусдад төлөх төлбөртэй, төлбөр төлөх боломжгүй байсныг мэдэж байсан боловч гагцхүү өөрийн мөнгийг гаргуулж авсан нь Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийн 27-р зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Дараах бүх нөхцөл хангагдсанаас бусад тохиолдолд хуульч нь үйлчлүүлэгчтэй бизнесийн үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

 

2.1. бизнесийн үйл ажиллагааны гэрээний нөхцөл нь үйлчлүүлэгчийн хувьд шударга, үндэслэлтэй, ойлгогдохуйц бөгөөд энэ талаар үйлчлүүлэгчид бичгээр мэдэгдсэн,

 

2.2. бизнесийн үйл ажиллагааны талаар хараат бус хууль зүйн зөвлөгөө авах нь зүйтэй талаар үйлчлүүлэгчид бичгээр зөвлөж, тийм боломж олгосон,

 

2.3.үйлчлүүлэгч бизнесийн үйл ажиллагаан дахь хуульчийн үүрэг болон тухайн үйл ажиллагааны үндсэн нөхцөлийн талаар мэдээлэлтэй зөвшөөрлийг бичгээр өгсөн  байх бүх нөхцөл хангагдаагүй байхад худалдах, худалдан авах хэлцэл хийсэн нь бизнесийн үйл ажиллагаа явуулахыг хориглосон заалтыг зөрчсөн байна. 

 

Талууд хэлцлийн 6 дахь заалтад “Энэхүү хэлцлийг талууд тэгш эрхийн үндсэн дээр байгуулж, бусдын дарамт шахалт болон бусад хүчин зүйлсийн нөлөөлөлд авталгүй, хүсэл зоригоо бүрэн илэрхийлсэн” талаар тусгасан боловч дүрмийн 2.1, 2.2, 2.3 дахь нөхцөл хангагдсан гэж үзэхгүй.

 

Нөгөө талаас, хуульч, өмгөөлөгч нь мэргэжлийн үйл ажиллагаа явуулахдаа Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн  5.1.Хуульч нь мэргэжлийн үйл ажиллагаагаа үнэнч шударгаар гүйцэтгэнэ,

 

26-р зүйлийн 26.1, 26.1.1.Хуульч мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомж болон Хуульчийн мэргэжлийн дүрэмд захирагдах;

 

38.1.1.Өмгөөлөгч үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуульд үл харшлах арга, хэрэгслийг ашиглан бүрэн, тууштай хамгаалах;

 

38.1.2.үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын эсрэг аливаа үйлдэл хийхгүй байх;

 

Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийн  1.4-р зүйлд заасан шударга ёсыг баримтлах, хууль дээдлэх, зарчимч байх, мэргэжлийн үүрэгтээ үнэнч байх, мэргэжлийн нэр хүндээ эрхэмлэх, бодитой, ухаалаг хандах зарчмыг баримтлаагүй гэж дүгнэлээ.  

 

Хэргийн 52-57 дахь талд авагдсан Н ХХК болон  Ф ХХК-ны хооронд үүссэн маргаантай асуудлаар хууль зүйн туслалцаа үзүүлэхээр тохироогүй байх ба энэ хэрэгтэй хамааралгүй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3, 116, 118-р зүйлд  заасныг удирдлага болгон

                                                                                               ТОГТООХ нь:

 

            1.Иргэний хуулийн 359-р зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ф ХХК болон А.Ц нараас 44 000 000 /дөчин дөрвөн сая/ төгрөг гаргуулахыг хүссэн Г.Г, Г.З нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 377 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

                 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Р.АЛТАНТУЯА