| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2019/01744/И |
| Дугаар | 102/ШШ2019/02359 |
| Огноо | 2019-09-11 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 102/ШШ2019/02359
| МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн Өндөр сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн Д.М холбогдох засвар үйлчилгээний зардал 335 310 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Л , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Баярцэцэг нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Л шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өндөр дэнж сууц өмчлөгчдийн холбоо нь Баянгол дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 77 дугаар байрны дундын өмчлөлийн эд хөрөнгө, цэвэр бохир ус түгээлтийн цахилгааны шугамыг хамгаалж, шинэчлэх, засварлах, орц хонгил, талбайн гэрэлтүүлгийг хамгаалах, хэвийн үйл ажиллагаа, оршин суугчдын тав тух, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган ажиллаж байна. Харин манай холбоонд хамаарах 77-р байрны 2-23 тоотод оршин суух Д.М нь Иргэний хууль, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулиар хүлээсэн үүргээ цаг тухайд нь биелүүлэхгүй, биелүүлэх тухай хууль ёсны тавьсан шаардлагыг үл тоон, нийт оршин суугчдын эрх ашгийг зөрчиж байгаа нь холбооны хэвийн үйл ажиллагааг доголдох үндэслэл болоод байна. Хариуцагч Д.М нь 2017 оны 12-р сараас хойш 18 сарын төлбөр болох нийт 335 310 төгрөгийг төлөөгүй өнөөдрийг хүрээд байна. Иймд хариуцагч Д.М-оос Иргэний хуулийн 147-р зүйлийн 147.1, 148-р зүйлийн 148.2.3, 148.3, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13-р зүйлийн 13.2.3 дахь заалт, 16-р зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг үндэслэн 335 310 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв. Хариуцагч Д.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ө сууц өмчлөгдчийн холбоо нь 2017 онд ямар ч үйл ажиллагаа явуулж байгаагүй. Орчны тохижилт, камержуулалт, авто машины байрны эзэмшлийн талбайг түрээслүүлэн үйл ажиллагаа явуулдаг ба үүнээс үүдэн манайх болон оршин суугчдад машины толь дараалан алдагдсан. Мөн халаалт муу, хүүхэд тоглох талбай байхгүй гэх мэт дурьдвал олон учир дутагдалтай, үйл ажиллагаа явуулдаггүй байсан тул 2019 он хүртэлх сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг төлөөгүй. 2019 оны 01-р сараас Ө сууц өмчлөгчдийн холбооны шинэ захиралтай уулзан тохиролцож, 1 дүгээр сараас эхлэн явуулах үйл ажиллагааг харж байж төлнө хэмээн тохиролцсон. Иймд Д.М-д миний бие 2019 оны 01-р сараас хойших төлбөрийг нөхөн төлөх хүсэлтэй байна. 2019 оноос өмнөх төлбөрийг ямар ч үйл ажиллагаа явуулдаггүй байсан тул нөхөн төлөх боломжгүй гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ө өмчлөгчдийн холбоо нь Д.М-д холбогдох засвар үйлчилгээний зардал 335 310 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Баянгол дүүргийн 11-р хороо, 77-р байрны 2-23 тоот сууц өмчлөгч Д.М нь Иргэний хуулийн 147-р зүйлийн 147.1 дэх хэсэг, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13-р зүйлийн 13.2.3 дахь хэсэгт зааснаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй байна.
Сууц өмчлөгч нь орон сууцны цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууц хоорондын талбай болон тагт, сууцны доторх дундын ашиглалтын талбай, орцны хаалга, довжоо, цонх, хог зайлуулах хоолойн засвар үйлчилгээтэй холбогдсон, түүнчлэн өөр нийтлэг зардлыг санхүүжүүлэх зардлыг тогтоосон хэмжээгээр төлөх үүрэгтэй бөгөөд Д.М нь 2017 оны 12-р сараас 2019 оны 5-р сар хүртэлх хугацааны нийт 335 310 төгрөгийг төлөөгүй, засвар үйлчилгээний зардлыг тогтоосон хэмжээгээр төлөх үүргээ биелүүлээгүй нь зохигчийн тайлбар, Төрийн банкны тооцооны баримтаар /хх 09-10/ тогтоогдсон байна.
Хариуцагч нь дундын өмчлөлийн засвар үйлчилгээний зардлыг сар бүр төлөөгүй үндэслэлээ ...орчны тохижилт, камержуулалт муу, авто машины байрны эзэмшлийн талбайг түрээслүүлэн үйл ажиллагаа явуулдаг ба үүнээс үүдэн манайх болон оршин суугчдад машины толь дараалан алдагдсан. Мөн халаалт муу, хүүхэд тоглох талбай байхгүй гэх мэт дурьдвал олон учир дутагдалтай, үйл ажиллагаа явуулдаггүй байсан гэж тайлбарладаг боловч энэ нь засвар үйлчилгээний зардлыг төлөхгүй байх үндэслэл болохгүй.
Хариуцагч Д.М шүүх хуралдааны мэдэгдлийг хүлээн авсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147-р зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан М-оос 335 310 /гурван зуун гучин таван мянга гурван зуун арван/ төгрөг гаргуулж Ө сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10 709 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.М-оос 10 709 төгрөг гаргуулж, Ө сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.
3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА
| |||
| |