Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2019/02381

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, Ж сангийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 18-р хороонд байрлах М ХХК,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 18-р хороонд байрлах В.С нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 254 765 467 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х, хариуцагч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Баярцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч М ХХК нь Ж-с 2016 оны 12-р сарын 21-ний өдөр 2016/3-96 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 300 сая төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэйгээр Монгол гэрийн экспортыг нэмэгдүүлэх төслийн зориулалтаар зээлж, зээлийн барьцаанд Х.О-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 6-р хороо, Бага тойруу, Сүхбаатарын талбай 18-р барилгын 5 давхарт байрлах Ү-2203014975 дугаартай 191 м.кв талбай бүхий конторын зориулалттай хөрөнгийг барьцаалуулсан. М ХХК болон хамтран зээлдэгч В.С нар нь зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлд 46 519 168 төгрөг, зээлийн хүүд 17 535 329 төгрөг нийт 64 054 497 төгрөг төлсөн. Зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлөх үүргээ биелүүлээгүй удаа дараа зөрчил гаргасан, зээл төлөх хугацааг 229 хоногоор хэтрүүлсэн тул мэдэгдсэн. 2019 оны 5-р сарын 31-ний байдлаар зээлдэгч үндсэн зээл 253 480 832 төгрөг, зээлийн хүү 1 068 091 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 186 544 төгрөг, нотариатын зардал 30 000 төгрөг нийт 254 765 467 төгрөгийн өртэй, энэ нь гэрээг хугацаанаас өмнө цуцлах шалтгаан болсон. Зээлдэгч үүнээс 35 000 000 төгрөг төлсөн байх тул гэрээ цуцалж, нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 221 735 703 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Зээлийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч М ХХК-г төлөөлж Б.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 онд Ж санд 2 тэрбум төгрөгийн зээлийн төсөл дэмжигдсэн боловч 300 сая төгрөгийн зээлийг олгосон. Энэ зээлийг төсөл хэрэгжүүлэх ажлын байрандаа зарцуулсан, үлдсэн зээлээ авч үйлдвэрлэл явуулах байсан боловч яам шийдвэрлэж өгөөгүй. 2016-2017 онд зээлээ ямар ч зөрчилгүй төлсөн, 2018 онд бидэнтэй харилцдаг Франц маань нас барсан учир зээлээ хугацаандаа төлж чадаагүй. Энэ хугацаанд яамны сайд 3 удаа солигдож, гаргасан гомдлыг шийдвэрлэж өгөөгүй. Зээлээ хуваарийн дагуу төлөөд явах хүсэлтэй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуйн яамны Ж сан нь М ХХК, В.С нарт холбогдох зээлийн гэрээ цуцалж 254 768 467 төгрөг гаргуулах, үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 221 735 703 төгрөг гаргуулахаар шаардсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

 

Монгол улсын Засгийн газрын 2016 оны 138 дугаар тогтоолоор батлагдсан "Ж сангаас санхүүжүүлэх хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төсөл сонгон шалгаруулах түр журам-ын хүрээнд жижиг дунд үйлдвэрийг үйлдвэрийг хөгжүүлэх зорилгоор М ХХК-тай 2016 оны 12-р сарын 21-ний өдөр 2016/3-96 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 300 000 000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэйгээр, улсын бүртгэлийн Ү- Ү-2203014975 дугаарт бүртгэгдсэн Х.О-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 6-р хороо, Бага тойруу, Сүхбаатарын талбай 18-р барилгын 5 давхарт байрлах 191 м.кв талбай бүхий конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан зээлүүлэхээр тохирчээ.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 281-р зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан, барьцааны гэрээ нь энэ хуулийн 156-р зүйлийн 156.1, 156.2, 166-р зүйлийн 166.1 дэх хэсэгт зааснаар бичгээр хийж, нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан, зээл, барьцааны гэрээ хүчин төгөлдөр гэрээ байна. /хх 7-21/

 

Зээлдэгч М ХХК-тай зээлийн гэрээний үүргийг хамтран гүйцэтгэхээр В.С зээлийн гэрээнд оролцсон байх ба хамтран зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзнэ.

 

Зээлдэгч нар зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлд 46 519 168 төгрөг, зээлийн хүүд 17 535 329 төгрөг нийт 64 054 497 төгрөг төлсөн, энэ талаар талууд маргаагүй байна.

 

Харин 2018 оны 8-р сараас хуваарийн дагуу төлөх зээл, зээлийн хүүг төлөөгүй нь зохигчийн тайлбараар тогтоогдсон, зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээ ...2 тэрбум төгрөгийн төсөл оруулсан боловч 300 сая төгрөг өгсөн, хамтран ажилладаг хүн нас барснаар зээл төлөх боломжгүй болсон гэж тайлбарлажээ.

 

Хариуцагчийн эдгээр татгалзал нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй бөгөөд гэрээний 8-р зүйлийн 8.1.1, 10-р зүйлийн 10.2.1 дэх хэсэгт заасан зээл төлөх хуваарийг 3-аас дээш удаа зөрсөн, энэ нь гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэл болсон байна.

 

Хариуцагч шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 35 000 000 төгрөг төлсөн талаар талууд маргаагүй, энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг багасгажээ.

 

Талууд гэрээний 3-р зүйлийн 3.3-т зээлдэгч зээл, зээлийн хүүг хугацаанд төлөөгүй тохиолдолд хүүг 20 хувиар нэмэгдүүлж тооцохоор тогтоосон байна. Зээлдүүлэгч нь Иргэний хуулийн 451-р зүйлд заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдэд хамаарахгүй бөгөөд энэ хуулийн 452-р зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар нэмэгдүүлсэн төлүүлэхээр шаардах эрхгүй гэж дүгнэлээ.

 

Нөгөө талаас, нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн бүрдүүлбэрийн шаардлага хангах, нотлох баримтыг эх хувиар нь, эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг гаргах үүрэгтэй, хуулийн энэ шаардлагыг хангаж нотариатын үйлчилгээнд 30 000 төгрөг төлснийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэлийн шаардлагаас эдгээр шаардлагыг хасч 219 548 923 төгрөгийн хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй, энэ үүргийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлийг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 219-р зүйлийн 219.1 дэх хэсэг, 281-р зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ж сан, М ХХК, В.С нарын хооронд 2016 оны 12-р сарын 21-ний өдөр байгуулсан 2016/3-96 тоот зээлийн гэрээг цуцалж, М ХХК, В.С нараас 219 548 923 /хоёр зуун арван есөн сая таван зуун дөчин найман мянга есөн зуун хорин гурав/ төгрөг гаргуулж Ж санд олгож, нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 175-р зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар М ХХК, В.С нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2203014975 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 6-р хороо, Бага тойруу, Сүхбаатарын талбай 18-р барилгын 5 давхарт байрлах 191 м.кв талбай бүхий конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд хариуцуулсугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2, 60-р зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М ХХК, В.С нараас 1 255 6 94 /нэг сая хоёр зуун тавин таван мянга зургаан зуун ерэн дөрөв/ төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

 

Зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА