Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 8

 

Д.С-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Энхболд,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 928 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.С-гийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1905024230874 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

............ овгийн .............ийн ................, 19.......... оны ..... дүгээр сарын ...............-ний өдөр ............... хотод төрсөн, ................ настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, мал малладаг гэх, ам бүл 2, эхийн хамт ................ дүүргийн ........... дүгээр хороо, ............ дугаар гудамжны .............. тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:................/,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2008 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 283 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн.

 

Д.С нь 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэди 2” худалдааны төвийн 3 дугаар номерын лангуунаас Э.Болортуяагийн эзэмшлийн зарж байсан “Самсунг Эс 8”, “Самсунг Эс 7 Эджи”, “Эл Жи Жи-6” загварын гар утаснуудыг хулгайлж, 930.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Д.С-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: .............. овгийн ..................ийн .......................г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Сг 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Д.Сд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Сгийн энэ хэрэгт цагдан хоригдсон 24 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Д.С гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг цагаан өнгийн флашийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Д.Сд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Д.С гаргасан давж заалдах гомдолдоо: “Миний бие хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 105 дугаар гудамжны 10а тоотод өндөр настай эхийн хамт амьдардаг бөгөөд ээжийгээ ганцааранг нь үлдээгээд энд сууж байгаадаа үнэхээр их гэмшиж байна. Миний ар гэрийн байдал хохирол төлбөргүйг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг үндэслэн ялыг минь хөнгөрүүлж, тэнсэн харгалзах ял оноож өгнө үү. Би дахиж гэмт хэрэг үйлдэхгүй гэдгээ амлаж байна.” гэжээ.

 

Прокурор Н.Энхболд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Д.С нь мөрдөн шалгах ажиллагааны явцад удаа дараа ирдэггүй, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэх болоход 2 сар гаруй хугацаанд оргон зайлсан. Эрэн сурвалжлах ажиллагаа явуулан Төв аймгийн Лүн суманд айлд унтаж байхад нь илрүүлж, албадан ирүүлж, цагдан хорьж байгаад шүүхэд шилжүүлсэн. Д.С нь өмнө ял шийтгэгдэж байсан. Өөрийн хийсэн хэрэгтээ гэмшсэн зүйлгүй. Эхийн хамт амьдардаг гэх бүртгэлтэй боловч хамт амьдардаггүй, тухайн хаяг дээрээ байдаггүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн шатанд хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

Д.С нь 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэди 2” худалдааны төвийн 3 дугаар номерын лангуунаас Э.Болортуяагийн эзэмшлийн зарж байсан “Самсунг Эс 8”, “Самсунг Эс 7 Эджи”, “Эл Жи Жи-6” загварын гар утаснуудыг хулгайлж, 930.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

хохирогч Э.Болортуяагийн “...би лангуугаа нээсэн чинь хүний гар орох хэмжээтэй зай гарчихсан байсан. Би гайхаад нээгээд харсан чинь миний лангуун дээр тавьсан гар утаснуудын байр хөдөлчихсөн, гар утас бүтээгээд тавьсан байсан бүтээлэг сөхөгдчихсөн байсан. Тэгээд би шууд худалдааны төвийн дотор талын хяналтын камерийг шүүж үзсэн чинь тэр өглөөний 9 цаг 10 минутын үед нэг залуу гаднаас орж ирээд дотуур явж байгаад гарахдаа миний хүнгүй байсан лангууны араар ороод ард талд сууж байгаад гар утаснууд хулгайлаад авч гарч байгаа бичлэг байсан. ...” /хх 18-19/ гэх мэдүүлэг,

 

флаш дискэнд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 11-14/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 26-27/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

 

            Анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцсэн байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад тулгуурлаж, шүүгдэгч Д.Сг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Д.С нь иргэн Э.Болортуяагийн “Самсунг Эс 8”, “Самсунг Эс 7 Эджи”, “Эл Жи Жи-6” загварын гар утаснуудыг хулгайлж, 930.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхээс Д.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон, мөн шүүх тухайн хуульд заасан хамгийн бага ял оногдуулсан байх тул “...ялыг минь хөнгөрүүлж, тэнсэн харгалзах ял оноож өгнө үү.” гэсэн шүүгдэгч Д.Сгийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 928 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Сгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 928 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Сгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                                                        М.ПҮРЭВСҮРЭН

 

 ШҮҮГЧ                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

              ШҮҮГЧ                                                       Д.МЯГМАРЖАВ