Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2025/0453

 

 

      

 

 

 

 

 

 

 

 

  

            С.Ш-н нэхэмжлэлтэй

                 захиргааны хэргийн тухай

 

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Э.Лхагвасүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Д.Оюумаа,

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү,

Давж заалдах гомдол гаргасан: нэхэмжлэгч

Нэхэмжлэгч: С.Ш

Хариуцагч: Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын газар

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 0007 дугаар шийдвэртэй

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгч С.Ш, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Еликай

Хэргийн индекс: 127/2024/0013/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч С.Ш-гээс Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан “Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын газрын 82342 дугаартай Өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудсыг хүчингүй болгуулж, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасан томьёоллоор өндөр насны тэтгэврийн хэмжээг цалинд үндэслэсэн аргаар дахин шинэчлэн тогтоон бодохыг, мөн Засгийн газрын 2023 оны 238 дугаар тогтоолын дагуу шинэчлэн тогтоосон итгэлцүүрээр 2023 оны 07 дугаар сарын 01-ээс 2025 оны 07 дугаар сарын 01-нийг хүртэлх хугацааны нэмэгдсэн тэтгэврийн зөрүү 30.529.994 төгрөг нөхөн олгуулахыг тус тус даалгах”-аар маргасан байна.

2. Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 0007 дугаар шийдвэрээр:

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль /1994 оны/-ийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль /2023 оны/-ийн 29 дүгээр зүйлийн 29.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан, Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан гаргасан “Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын газрын 82342 дугаартай Өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудсыг хүчингүй болгуулж, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасан томьёоллоор өндөр насны тэтгэврийн хэмжээг цалинд үндэслэсэн аргаар дахин шинэчлэн тогтоон бодохыг, мөн Засгийн газрын 2023 оны 238 дугаар тогтоолын дагуу шинэчлэн тогтоосон итгэлцүүрээр 2023 оны 07 дугаар сарын 01-ээс 2025 оны 07 дугаар сарын 01-нийг хүртэлх хугацааны нэмэгдсэн тэтгэврийн зөрүү 30.529.994 төгрөг нөхөн олгуулахыг тус тус даалгах” шаардлага бүхий нэхэмжлэгч С.Ш-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 127/ШШ2025/0007 тоот шийдвэрийг нэхэмжлэгч С.Ш би эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

3.1. С.Ш би Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын газрын 82342 дугаартай Өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудсыг хүчингүй болгуулж, нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар өндөр насны тэтгэврийн хэмжээг цалинд үндэслэсэн аргаар дахин шинэчлэн тогтоон бодох, Засгийн газрын 2023 оны 238 дугаар тогтоолоор шинэчлэн тогтоосон итгэлцүүрээр 2023 оны 07 дугаар сарын 01-ээс 2024 оны 11 дүгээр сарын 01-ийг хүртэлх хугацааны нэмэгдсэн тэтгэврийн зөрүү 30.529.994 төгрөг нөхөн олгуулахыг даалгах үндэслэлээр нэхэмжлэл гаргасан болно. С.Ш миний тэтгэврийн хэмжээг Нийгмийн даатгалын газраас бодохдоо 20 жил буюу 241 сарыг хасаж тооцож 127 сарыг 0.125%- аар үржүүлэн бодож миний тэтгэврийг зориуд санаатайгаар буруу тогтоосон гэж би үзэж байна.

3.2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: Нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагад заасан итгэлцүүрийг бодох аргачлалд бодитой дүгнэлт хийхгүйгээр хэт нэг талыг барьж миний тэтгэврийг тогтоохдоо аймгийн Нийгмийн даатгалын газрын ажилтан нь буруу тогтоож хүчингүй болсон хуулийг үндэслэл болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч би үл зөвшөөрч байна.

Анхан шатны шүүх нь нэхэмжлэгчийн маргаж байгаа шаардлага, нэхэмжлэлийн үндэслэл тодорхой байхад дүгнэлт өгөхгүйгээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг буруу тайлбарлаж тодорхойлсон гэж үзлээ.

3.3. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж заасантай нийцээгүй, хэргийн бодит байдал, маргаж буй үндэслэл тус бүрд эрх зүйн дүгнэлт хийхгүйгээр тодорхойлж шийдвэрлэснийг би зөвшөөрөхгүй байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 7.1.1-д заасан томьёогоор бодоход Цб=Ц*(45%+(Ш241+*0125%))/ 897.026 төгрөг болж байна. (45+30.125=75.125%)

  • 1.194.045*75.125%=897.026 төгрөг
  • Өөрөөр хэлбэл миний цалинд үндэслэсэн аргаар тооцсон бүрэн тэтгэврийн сарын хэмжээ 897.026 төгрөгөөр тогтоогдох ёстой байсан.
  • Гэтэл аймгийн Нийгмийн даатгалын газраас 799.560 төгрөгөөр буруу тогтоосныг зориудаар санаатайгаар хийсэн үйлдэл гэж үзэж давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна.

3.4. Мөн би 2013 оны 06 дугаар сарын 05-ны өдөр өндөр насны тэтгэвэрт гарсан учир 2013 онд Засгийн газрын 2023 оны 238 дугаар тогтоолын хавсралтад заасан итгэлцүүрээр 897.026 төгрөгийг 1.83 гэсэн итгэлцүүрээр үржүүлбэл (897.026*1.83) 1.641.557 төгрөг болно. Энэ тооцооллыг санаатайгаар зориудаар огт хийгээгүйгээр намайг хохироосон болно.

3.5. Засгийн газрын 2013 оны 239 дүгээр тогтоолд зааснаар 2023 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар шинээр тогтоогдсон тэтгэврийг 10 хувиар өсгөх ёстой бөгөөд (1.641.557 төгрөг *10%=164.155 төгрөг) 164.155 төгрөг нэмэгдээд 1.328.712 төгрөг болох ёстой юм.

3.6. Миний үзэж байгаагаар нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 7.1.1-д заасан өндөр настны тэтгэврийн хэмжээг бодох тухай хуулийн /Тцб=Ц*(45%+(1±1241+...*0125%))/ гэсэн томьёог ... гэж 3 цэгийн оронд нийт ажилласан сарын тоог X гэсэн үсгээр орлуулбал би Улсад нийт 30 жил 7 сар ажилласнаар тооцсон болно. Үүний 30 жилийн 20 жилд ногдох сар нь 241, илүү ажилласан 10 жилийн 120 сар, илүү ажилласан 7 сар бүгд нийлээд 368 сар болж байна.

368 сар*0.125%=46% гарч байгаа ба 45%+46%=91% болно.

  1. төгрөг*91 %=1.086.581 төгрөг болно.
  1. төгрөг*45%=537.320 төгрөг
  1. төгрөг*91 %=1.086.581 төгрөг
  1. төгрөг*10%=108.658 төгрөг
  1. төгрөг+108.658=1.195.239 төгрөг

1.195.239 төгрөг*1.83 итгэлцүүр=2.187.287 төгрөг болно.

3.7. Өөрөөр хэлбэл би сарын 2.187.287 төгрөгөөр тэтгэвэр маань тогтоогдох ёстой гэж би үзэж байна. Гэтэл 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар аймгийн Нийгмийн даатгалын газраас миний тэтгэврийг 799.560 төгрөгөөр тогтоосон бөгөөд зөрүү нь 1.387.727 төгрөгөөр миний тэтгэврийг дутуу бодож тогтоосон. Тэтгэврийн зөрүү болох 1.387.727 төгрөгийг 18 сараар үржүүлэн 24.979.086 төгрөгийг аймгийн Нийгмийн даатгалын газраас нэхэмжилж авна гэсэн тооцоо юм. Мөн 2024 оны 12 дугаар сард гарсан Засгийн газрын тогтоолоор 2013 онд 1.83 байсан итгэлцүүрийг 1.86 болгон өөрчилсөн итгэлцүүрийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс тооцох Засгийн газрын шийдвэр гарсан тул 1.195.239 төгрөг*1,86итгэлцүүр=2.239.144 төгрөг болно.

3.8. Тэгвэл 2.239.144 төгрөг*18сар=40.304.529 төгрөгийн тэтгэврийн зөрүүг аймгийн Нийгмийн даатгалын газраас шинээр нэхэмжлэхээр тооцоологдож байна. (2023.07.01- эс 2025.07.01)

3.9. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн заалт, 106.4-т “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байх, заалтуудыг зөрчиж байна.

3.10. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: Зөвхөн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн дүгнэлт хийсэн нь үйл баримтын алдаатай тогтолцоог үнэн бодитоор шийдвэрлэхгүй дан ганц хариуцагчийн ашиг сонирхолд нийцүүлсэн дүгнэлт гаргасан нь шүүх хараат бус байх, талуудад тэгш хандах, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд үл нийцэж байх тул давж заалдах гомдол гаргаж байна.

Иймд Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 127/ШШ2025/0007 тоот шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч С.Ш-гээс Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан “... Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын газрын 82342 дугаартай Өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудсыг хүчингүй болгуулж, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасан томьёоллоор өндөр насны тэтгэврийн хэмжээг цалинд үндэслэсэн аргаар дахин шинэчлэн тогтоон бодохыг, мөн Засгийн газрын 2023 оны 238 дугаар тогтоолын дагуу шинэчлэн тогтоосон итгэлцүүрээр 2023 оны 07 дугаар сарын 01-ээс 2025 оны 07 дугаар сарын 01-нийг хүртэлх хугацааны нэмэгдсэн тэтгэврийн зөрүү 30.529.994 төгрөг нөхөн олгуулахыг тус тус даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар миний өндөр насны тэтгэврийг 799.560 төгрөгөөр буюу Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль /2023 он/-ийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасан томьёогоор бодохдоо буруу бодсон, Засгийн газрын 2023 оны 238 дугаар тогтоолын итгэлцүүрийг буруу хэрэглэсэн ...” гэж тайлбарлан маргасан.

Харин хариуцагчаас “нэхэмжлэгчийн тэтгэврийг тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль /1994 он/-ийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2-т тус тус заасны дагуу бодож, 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 799.560 төгрөгийн тэтгэвэр олгож эхэлсэн нь хууль зөрчөөгүй ...” гэж тайлбарлан маргасан байна.

3. Дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

3.1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч С.Ш нь нийтдээ 30 жил 7 сар улсад ажилласан, 2013 оны 6 дугаар сард өндөр насны тэтгэвэр анх тогтоолгосон байх бөгөөд Засгийн газрын 2023 оны 238 дугаар тогтоолын дагуу 2023 оны 07 сарын 01-ний өдрөөс эхлэн тэтгэврийн хэмжээг шинэчлэн тогтоосон итгэлцүүрээр тэтгэврийн хэмжээг нь нэмэгдүүлж нийт 799.560 төгрөгийн тэтгэвэр олгож эхэлсэн байна.

3.2 Нэхэмжлэгч С.Ш-гээс Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын газарт “... өндөр насны тэтгэвэр буруу бодож нэмэгдүүлсэн ...” гэсэн өргөдөл гаргасны дагуу Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 01/494 дүгээр албан бичгээр “... С.Ш нь 2013 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 60 настай, ажилласан жил нь 30 жил 7 сартайгаар өндөр насны хэвийн тэтгэвэр тогтоолгосон байна. Тэтгэврээ анх тогтоолгохдоо 2008-2013 онуудын 5 жилийн цалингаараа тогтоолгосон байгаа юм, ... тэтгэвэр тогтоолгосон цалингаа нэг удаа өөрчлөн тогтоолгож болно гэж заасны дагуу 2015 онд 1993-1997 онуудын цалингаараа өөрчлөн тогтоолгосон байна. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Журам батлах тухай” 10 дугаар тогтоолын дагуу итгэлцүүрээр шинэчлэн тогтоогдон одоо 8995601 төгрөгийн тэтгэвэр авч байна, ... таны тэтгэврийг өөрчлөн бодолт хийх шаардлагагүй гэж үзэж байна ... ” гэсэн хариуг нэхэмжлэгчид өгснийг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч Нийгмийн даатгалын Ерөнхий газрын маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлд 2024 оны 07 дугаар сард гомдол гаргасан, тус зөвлөлийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 32/49 дүгээр албан бичгээр “... таны тэтгэврийг тухайн үед хүчин төгөлдөр мөрдөж байсан хуулийн дагуу зөв тогтоон олгож байгааг үүгээр мэдэгдье” гэх хариуг нэхэмжлэгчид өгсөн байна.

4. Нэхэмжлэлийн “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасан томьёоллоор өндөр насны тэтгэврийн хэмжээг цалинд үндэслэсэн аргаар дахин шинэчлэн тогтоон бодохыг даалгах” шаардлагын тухайд:

4.1.  Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Тэтгэврийн хэмжээг дараах тохиолдолд өөрчлөн тогтооно”, 25.1.1-д “тэтгэврийг нь тогтооход баримталсан шимтгэл төлсөн хугацаа болон цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, төлсөн шимтгэлийн хэмжээ өөрчлөгдөх үндэслэлтэй бол”, 25.1.2-т “тэтгэвэр авагч тэтгэвэр тогтоолгосноос хойш тэтгэврийн даатгалын шимтгэлийг албан журмаар төлсөн бол”, 29 дүгээр зүйлийн 29.3-д “Энэ хуулийг дагаж мөрдөхөөс өмнө дараалсан зургаа, долоон жилийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос тэтгэвэр бодуулсан тэтгэвэр авагчийн тэтгэврийг түүний хүсэлтэд үндэслэн энэ хуулийн 20.1-д заасны дагуу нэг удаа өөрчлөн бодно”, 29 дүгээр зүйлийн 29.4-т “Энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө тогтоосон тэтгэврийг энэ хуулийн 25.1, 29.3-т зааснаас бусад тохиолдолд өөрчлөн тогтоохгүй”, 30 дугаар зүйлийн 30.1-д “Энэ хуулийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж тус тус заасан.

4.2. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд тэтгэвэр тогтооход баримталсан шимтгэл төлсөн хугацаа болон цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, төлсөн шимтгэлийн хэмжээ өөрчлөгдөх үндэслэлтэй бол, тэтгэвэр авагч тэтгэвэр тогтоолгосноос хойш тэтгэврийн даатгалын шимтгэлийг албан журмаар төлсөн бол тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтоохоор байхаас гадна тус хуулийг дагаж мөрдөхөөс өмнө буюу 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх дараалсан зургаа, долоон жилийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос тэтгэвэр бодуулсан тэтгэвэр авагчийн тэтгэврийг түүний хүсэлтэд үндэслэн нэг удаа өөрчлөн тогтоох боломжтой, эдгээрээс бусад тохиолдолд тэтгэврийг өөрчлөн тогтоохгүй байхаар тухайлан заасан байна.

4.3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч С.Ш нийт 30 жил 7 сар улсад ажиллаж 2013 оны 6 дугаар сард өндөр насны тэтгэвэр анх тогтоолгосон, Засгийн газрын 2023 оны 238 дугаар тогтоолын дагуу 2023 оны 07 сарын 01-ний өдрөөс эхлэн тэтгэврийн хэмжээг шинэчлэн тогтоосон итгэлцүүрээр тэтгэврийн хэмжээг нь нэмэгдүүлж нийт 799.560 төгрөгийн тэтгэвэр олгож эхэлсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс “улсад нийт 30 жил 7 сар ажилласан болон тэтгэвэр тогтоолгосноос хойш тэтгэврийн даатгалын шимтгэлийг албан журмаар төлсөн эсэхтэй холбоотой асуудал болон тэтгэвэр тогтооход үндэслэл болгосон дараалсан жилүүд сонгохтой холбогдуулан тэтгэврийг өөрчлөн тогтоолгох хүсэлтэй” хэмээн маргаагүй, тэрээр давж заалдах шатны шүүх хуралдаанд эдгээр үйл баримттай холбогдуулан маргахгүй байгаа талаар тайлбарласан.

4.4. Энэ тохиолдолд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д заасан тэтгэвэр авагчийн тэтгэврийг нэг удаа өөрчлөх хууль зүйн үндэслэл бүрдээгүй байх тул анхан шатны шүүхийн “... нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэврийг өөрчлөн тогтоох эрх зүйн үндэслэл бүрдээгүй ...” гэх дүгнэлт үндэслэлтэй байна.

5. Нэхэмжлэлийн “Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын газрын 82342 дугаартай Өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудсыг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

5.1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль /1994 оны/-ийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Өндөр насны тэтгэврийг даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого /цаашид "хөдөлмөрийн хөлс" гэх/-ын 45 хувиар тогтооно”, 5.2-т “Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20 жилээс илүү төлсөн жил тутамд 1.5 хувиар, сар тутамд 0.125 хувиар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон хөдөлмөрийн хөлснөөс тооцож нэмэгдэл олгоно” гэж заасан.

5.2. Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын газрын маргаан бүхий 82342 дугаартай өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудсаар нэхэмжлэгч С.Ш-д өндөр насны тэтгэвэр тогтоохдоо тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан дээрх Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийг баримтлан тэтгэвэр тогтоосон, тэтгэвэр бодох сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг 1.194.045 төгрөгөөр төгрөгөөр тооцсон байх бөгөөд тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацааг 30 жил 7 сараар тооцож, дээрх хугацаанаас тэтгэврийг хэмжээг тооцоолохдоо тэтгэврийн даатгал төлсөн эхний 20 жилд буюу 241 сард харгалзах хэмжээг 45 хувь гэж тооцоолж, үлдсэн 10 жил 7 сард харгалзах хэмжээг 15%+0.88% тооцож, ногдох хэсгийг 179.106+10.447=189.553, бодогдсон тэтгэврийн бодит хэмжээг 726.873 төгрөгөөр тооцсон бөгөөд дээр тэтгэврийн хэмжээнд Засгийн газрын нэмэгдэл 72.687 төгрөгийг нэмж, нийт сард олгох тэтгэврийн хэмжээг 799.560 төгрөгөөр тогтоосон байна.

5.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 127/ ШЗ2024/0162 дугаар захирамжаар шинжээч томилсны дагуу Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн ЕГ040125/016 дугаар дүгнэлтээр[1] “... С.Ш-н тэтгэвэр олгох нийт хувийг 45%+45%+0.875%=60.875%, ... тэтгэврийн бодит хэмжээг 799.560 төгрөг ...” гэсэн байна.

5.4. Эдгээрээс үзэхэд Хэнтийн аймгийн Нийгмийн даатгалын газрын маргаан бүхий 82342 дугаартай Өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудсаар нэхэмжлэгчийн тэтгэврийг тогтоохдоо хариуцагч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан аргачлалын дагуу тооцоолсон нь буруу биш, энэ талаар шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлтээр мөн тогтоогдсон байх тул хууль бус гэж үзэж, тэтгэвэр тогтоолтын хуудсыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

5.5. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн тэтгэврийг тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хууль болох Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль /1994 оны/-ийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Өндөр насны тэтгэврийг даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого /цаашид "хөдөлмөрийн хөлс" гэх/-ын 45 хувиар тогтооно”, 5.2-т “Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20 жилээс илүү төлсөн жил тутамд 1.5 хувиар, сар тутамд 0.125 хувиар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон хөдөлмөрийн хөлснөөс тооцож нэмэгдэл олгоно” гэж заасны дагуу тооцож тэтгэвэр тогтоосон, шинээр батлагдан мөрдөгдөж байгаа Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль /2023 он/-ийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасан томьёогоор 2013 онд тэтгэвэр тогтоолгосон тэтгэвэр авагчийн тэтгэврийг шинээр бодох буюу уг хуулийг буцааж өмнөх цаг хугацаанд тэтгэвэр тогтоосон харилцаанд хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй тул шүүх нэхэмжлэгчийн энэ талаарх маргасан үндэслэлийг хүлээн авах хууль зүйн боломжгүй юм.

6. Нэхэмжлэлийн “Засгийн газрын 2023 оны 238 дугаар тогтоолын дагуу шинэчлэн тогтоосон итгэлцүүрээр 2023 оны 07 дугаар сарын 01-ээс 2025 оны 07 дугаар сарын 01-нийг хүртэлх хугацааны нэмэгдсэн тэтгэврийн зөрүү 30.529.994 төгрөг нөхөн олгуулахыг тус тус даалгах” шаардлагын тухайд:

            6.1. Нийгмийн даатгалын тухай хууль /1994 он/-ийн 15 дугаар зүйлийн 7-д “... Засгийн газар жил бүр даатгуулагчийн шимтгэл төлөх орлогын дээд хэмжээг Үндэсний статистикийн хорооноос гаргасан дундаж цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан даатгалын хэлбэр тус бүрээр ялгавартайгаар тогтооно” гэж заасны дагуу Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн “Итгэлцүүр шинэчлэн тогтоох, тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 238 дугаар тогтоолоор тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг хавсралтаар шинэчлэн тогтоосон байна.

            6.2. Нэхэмжлэгчийн зүгээс 2015 онд 1993-1997 онуудын цалингаараа тэтгэврийн хувь хэмжээгээр өөрчлөн тогтоолгосон байх бөгөөд Засгийн газрын 2023 оны 238 дугаар тогтоолоор баталсан итгэлцүүрээр тэтгэвэр тогтоолгоход баримтлах цалингийн итгэлцүүрээр 1993 он-215.16, 1994-130.16, 1995-49.74, 1996-37.79, 1997-31.86 төгрөг байхаар тогтоосон байх бөгөөд хариуцагчаас нэхэмжлэгчийн өөрийнх нь сонгосон 1993-1997 онуудыг тооцож тэтгэврийн хэмжээг тогтоосныг буруутгах үндэслэлгүй.

            6.3. Өөрөөр хэлбэл, “... даатгуулагчийн шимтгэл төлөх орлогын дээд хэмжээ, тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг Засгийн газар тогтоох”-оор хуулиар тусгайлан заасан зохицуулалтын хүрээнд Засгийн газраас шинэчлэн баталсан цалингийн итгэлцүүр, орлогын дээд хэмжээ болон түүнийг баримтлах хугацаанд тогтоосон хязгаарлалт нь нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж авч байгаа бүх тохиолдолд нэгэн адил үйлчлэх учиртай.

            6.4. Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хууль /1994 оны/-ийн 32 дугаар зүйлийн 1-д “... Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг дүйцүүлэн тооцох итгэлцүүрийг хэрэглээний үнийн өөрчлөлт, цалин хөлсний өсөлттэй уялдуулан Үндэсний статистикийн хороо, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар жил бүр шинэчлэн тогтоох”-оор заасны дагуу Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 238 дугаар тогтоолоор тэтгэвэр бодоход баримтлан цалингийн итгэлцүүрийг шинэчлэн тогтоосон, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль /1994 оны/-ийн 22 дугаар зүйлийн 1-д “тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 2О жилийн доторх аль дуртай дараалсан 5 жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос ... бодож тодорхойлох”-оор заасныг тухайн тохиолдолд хариуцагч Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын газар зөрчөөгүй, 2015 онд нэхэмжлэгчийн хүсэлтээр өөрийн сонгосон 1993-1997 онуудын дараалсан 5 жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос тэтгэврийг бодож тодорхойлсон, Засгийн газраас тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг шинэчлэн тогтоосон даруйд нэхэмжлэгч С.Ш-н тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоосон нь дээрх хуулийн заалтуудыг зөрчөөгүй байна.

            6.5. Энэ талаарх анхан шатны шүүхийн “ ... 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тэтгэврийг 799,560 төгрөгөөр бодож олгосон нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль /1994 он/-ийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2 дахь хэсэг, Засгийн газрын 2023 оны 238, 239 дүгээр тогтоолд нийцсэн байх тул Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын газрын 82342 дугаартай Өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудсыг хүчингүй болгуулах шаардлага, мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т заасны дагуу өндөр насны тэтгэврийн хэмжээг цалинд үндэслэсэн аргаар дахин шинэчлэн тогтоон бодохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хангах үндэслэлгүй” гэх дүгнэлт үндэслэлтэй байна. 

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 0007 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                       Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                                   Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                                                   Н.ХОНИНХҮҮ

 

 

 

[1] Хэргийн 113 дахь тал