Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 11

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                     Хэргийн индекс: 180/2017/0015/Э

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Нарийн бичгийн дарга                     А.Цэрэндулам,
Улсын яллагч                  Ц.Цэен-Ойдов,
Шүүгдэгчийн өмгөөлөгч             Г.Баярсайхан,
Шүүгдэгч                                                 Л.Ганбат нарыг оролцуулан

     Тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, мөн хуулийн 152 дугаар зүйлийн 152.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бүргэд овогт Лхамсүрэнгийн Ганбатад холбогдох эрүүгийн 201623000199 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
 
Шүүгдэгчийн биеийн байцаалт: 1965 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 8, эхнэр хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Жаргалтхаан сум 3 дугаар баг, Цэнхэрийн гол гэх газаг оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэл үгүй, Бүргэд овогт Лхамсүрэнгийн Ганбат /РД:СМ65060413/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/: Л.Ганбат нь 2016 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 4-р баг Чулуут гэх газарт иргэн Ц.Батзаяагийн байшинд хууль бусаар нэвтрэн орж үхрийн мах 20 кг, аккумлятор 1 ширхэг /хуучин/, үхрийн борц 15кг хулгайлж 310.000 төгрөгийн хохирол учруулсан,
Давтан үйлдлээр 2016 оны 07 дугаар сарын 09-ны өдөр Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 5-р баг Шийрийн 04 тоотод айлын байшинд хууль бусаар нэвтрэн орж  дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг /хуучин/, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг /хуучин/, үхрийн борц 15кг, бэлэн мөнгө 200000 /хоёр зуун мянга/ төгрөг хулгайлж иргэн Б. Туулайд 1.050.000 төгрөгийн  хохирол учруулсан,
2016 оны 6 дугаар сард Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутагт иргэн А.Болдбаатарын Даюун маркийн итгэмжлэн өгсөн мотоциклийг завшиж 500000 төгрөгний хохирол учруулсан,
2016 оны 08 дугаар сарын 27-ны өдөр гадагш явж болохгүй байх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ мөрдөн байцаалтын шатнаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт холбогдсон байна.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүдэгч Л.Ганбат нь 2016 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 4-р баг Чулуут гэх газарт иргэн Ц.Батзаяагийн байшинд хууль бусаар нэвтрэн орж үхрийн мах, борц, аккумлятор зэргийг хулгайлж 310.000 төгрөгийн,
2016 оны 07 дугаар сарын 09-нд Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 5-р баг Шийрийн 04 тоотод айлын байшинд хууль бусаар нэвтрэн орж  дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, үхрийн борц 15кг, бэлэн мөнгө 200000 төгрөг хулгайлж иргэн Б.Туулайд 1.050.000 төгрөгийн  хохирол учруулсан,
2016 оны 6 дугаар сард Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутагт иргэн А.Болдбаатарын итгэмжлэн өгсөн Даюун маркийн мотоциклийг завшиж 500000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь:
    Хохирогч Б.Туулайгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...Би 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдөр гэрээ түгжээд Улаанбаатар хотруу Гандан орох гээд явсан юм. Гэтэл намайг Улаанбаатар хотруу явсан хойгуур манай байшингийн цоожийг хөшиж онгойлгоод хулгай орсон байсан. ...Байшинд ирэхэд авдрын цүүг мултлаад авдар дотор тавиур дээр байсан дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, гар цүнхэнд байсан 200.0 төгрөг, жижиг модон ширээний шургуулганд байсан мөнгөн аяга, 10 кг үхрийн борц хулгайд алдагсан байсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39 тал/,
     Хохирогч Ц.Батзаяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...Би 2016 оны 03 дугаар сарын дундуур нэг шөнө манай хойд байшинд хулгай орж 50 килограммын ууттай үхрийн үүцний мах, 25 килограммын ууттай борц, гэрийн хажууд машины дэргэд байсан аккумлятор зэргийг аваад явсан байсан юм. Тэгээд тухайн үед цагдаад тэмдэглүүлээд олдоогүй юм гэсэн мэдүүлэг / хх-ийн 52-53 тал/,
    Хохирогч А.Болдбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: ..Ганбат мотоцикль унаж явснаас хойш 7-8 хоногийн дараа Жаргалтхаан сумын хэсгийн төлөөлөгчид мэдэгдэж миний мотоциклийг олж өгсөн. Ганбат миний мотоциклийг унаж яваад Цэнхэрмандал суманд нэг хүнд 100.0 төгрөгөөр зарсан байна лээ гэсэн мэдүүлэг /хх-ийн 57-58 тал/,
    Иргэний нэхэмжлэгч Г.Эрдэнэболдын мөрдөн байцаалтанд өгсөн: ...2016 оны 06 сарын эхээр өдрийг нь сайн санахгүй байна. Цэнхэрмандал сумын төвд намайг гэртээ байхад Ганбат хул шар өнгийн Даюун маркийн мотоцикль уначихсан ирсэн. Ирээд мотоцикль эвдэрчихлээ янзалж өгөөч гэж гуйхаар нь янзалж өгөөгүй байхад мотоциклио зарна гэхээр нь 300.0 төгрөгөөр зарна гэхээр нь 100.0 төгрөгөнд та зарах уу гэхэд жаахан байж байснаа зарна гэсэн. Би тэр мотоциклийг авсан. Хулгайн мотоцикль гэдгийг мэдээгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 61-62 тал/,
    Гэрч М.Мэндсайханы мөрдөн байцаалтанд өгсөн: ...Ганбат А.Болдбаатарын мотоциклийг унаад эргүү төлөг харна гэж хэлээд явсан байсан. Мотоциклийг унаж явсан талаар эхнэр Туул Болдбаатар ахад утсаар хэлсэн. Тэгээд эхнэр бид хоёр гэртээ Л.Ганбат ахыг хүлээгээд ирэхгүй болохоор нь Жаргалтхаан сумын төв рүү машинтай ирж хайгаад олоогүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 63 тал/,
Гэрч Ж.Туулын мөрдөн байцаалтанд өгсөн: ...2016 оны 6 сарын сүүлээр яг өдрийг нь санахгүй байна. Л.Ганбат ахыг Жаргалтхаан сумын төвд явж байхад хөдөө гэртээ авчирсан юм. Л.Ганбат ах гэрийн гадаа эргүү төлөг хайна гээд Болдбаатар ахын мотоциклийг унаад явсан. Эргүү төлөг маань 2 хоногийн дараа айлын хониноос олдсон. Нөхөр бид хоёр Л.Ганбатыг ахыг хайгаад олоогүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 64-65 тал/,
Гэрч М.Амаржаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: ...2016.03-14-15-нд үед болов уу өдрийг нь сайн санахгүй байна. Жаргалтхаан сумын төвд байх хашаандаа нөхөр Батзаяагийн хамт хог цэвэрлэж байхад байшингийн баруун талын цонх онгорхой байхыг хараад үзэхэд үхрийн ууттай борц болон мах хулгайд алдагдсан. Байшингийн гадна талд харахад 90 амперийн хар өнгөтэй жижиг аккумлятор бас алдагдсан байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 54 тал/,
Гэрч Л.Баатарсүхийн мөрдөн байцаалтанд өгсөн: ..Л.Ганбат нь 2016.03.27-ны үед шиг санаж байна. Надад аккумлятор 3000 төгрөгөөр зарсан. Л.Ганбатын зарсан аккумляторыг хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй, минийх гэж байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 55 тал/,
Шүүгдэгч Л.Ганбатын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  ... 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр ам цангаад Бямбасүрэн ахынх руу орох гэтэл гэр нь цоожтой байхаар нь баруун талын хашаанд байдаг Туулай гуайнх руу ус уух санаатай хашааны хойд хаалгаар орсон. Тэгээд байшингийнх үүдэнд гэрэлгүй байхаар нь бариулнаас нь татаж үзтэл түгжээтэй байх шиг байхаар нь ахиад жоохон хүчтэй угзартал хаалга нь онгойчихсон. ...жижиг модон авдарных нь татсан чинь цүү нь сугарсан. Авдрыг онгойлгож үзтэл хар өнгийн цүнх байхаар нь үзтэл 200.0 төгрөг байсныг авсан. Авдарны хойд буланд хөх өнгийн хөвөнтэй дээл байхаар нь сөхөж үзтэл 2 дунд гарын 1 ширхэг бага гарын нийт 3 ширхэг мөнгөн аяга байсан. Түүнийг аваад гарах гэтэл үүдэнд ууттай борц байсныг аваад гарсан.  ...2016.03.20-ны үеэр орой 22 цагийн үед Батаагийнх руу ороод хашаанынх нь хойд гэрийнх нь ард байдаг дүнзэн байшин руу орж 25 кг ууттай адууны мах болон 25 кг-ийн ууттай үхрийн борц байсныг аваад гарсан. Гарах үед гэрийнх нь зүүн хойд хаяанд хар өнгийн аккумлятор байгаа харагдсныг эргэж очиж авсан. ...надад үлдээсэн Даюун маркийн мотоциклийг унаад унаад хонийг хариулж байгаа цай унд уух гээд гэрийнх гадаа ирсэн чинь эргүүтсэн төлөг байхгүй байхаар нь хайх гэж яваад Цэнхэрмандал сум орсон. Тэнд Эрдэнэболд гэдэг хүн 100.000 төгрөгөөр мотоциклио зарсан... Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна, хохирогч нарын хохирлыг намайг цагдан хоригдож байхад дүү маань бүгдийг нь төлсөн гэж хэлсэн... гэсэн мэдүүлэг /хх-ийн 82-83 тал/,
Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хураан авсан тэмдэглэл, сумын үнэлгээний комиссын үнэлгээ гаргасан баримтууд /хх-ийн 7-17,21, 28, 29 тал/,
Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 88 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Харин Хэнтий аймгийн прокурорын газраас шүүгдэгч Л.Ганбатыг мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлхийсэн гэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч шүүгдэгчийг хэзээ, ямар ажиллагаанд, яаж дуудсан болох нь тодорхойгүй, энэ байдлыг улсын яллагч шүүхэд нотолж чадаагүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар дээрх байдал тогтоогдохгүй байх тул уг үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Л.Ганбатын давтан үйлдлээр орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг нь хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан, хадгалуулсан буюу бусад зорилгоор итгэмжлэн өгсөн бусдын эд хөрөнгийг завшсан үйлдэл нь мөн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Батзаяад 310.000 төгрөгийн, Б.Туулайд 1.050.000 төгрөгийн, А.Болдбаатарт 500000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нар нь хохирол төлсөн талаарх баримтуудыг шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч нь энэ хэргийг шууд санаатай үйлдсэн ба түүнд ял шийтгэл оногдуулахдаа хохирол төлбөрөө нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болгон харгалзаж, эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.  


Монгол Улсын Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 293, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон      

 

ТОГТООХ НЬ:

          1.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т зааснаар Хэнтий аймгийн прокурорын газраас шүүгдэгч Л.Ганбатыг мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлхийсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосүгай.
2. Шүүгдэгч Бүргэд овогт Лхамсүрэнгийн Ганбатыг давтан үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгийг нь хулгайлсан, бусдын итгэмжлэн өгсөн эд хөрөнгийг завшсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
    3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ганбатыг эд хөрөнгийг хураахгүйгээр 05 сарын баривчлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт зааснаар 01 сар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.
    4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ганбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 05 сарын баривчлах ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 сарын баривчлах ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх нийт ялыг 06 сарын баривчлах ялаар тогтоосугай.
    5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ганбатын цагдан хоригдсон 65 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.
    8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Л.Ганбатад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                                                 


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Д.ГАНЗОРИГ