Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 742

 

 

 

 

 

 

 

 

 

    “МТН” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ШШ2018/00222 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “МТН” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “ЭМ” ХХК болон “ГСАЗ” ХХК-д тус тус холбогдох

 

Тушаал, шийдвэр хүчингүй болгуулах  тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Х, С.А, С.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ЭМ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт нь 2016 оны 12 сарын 26-нд тариф тогтоох тухай А/145 дугаар тушаал гаргасан. Уг тушаал, тушаалын үндэслэл болсон төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол, “ГСАЗ” ХХК-ийн шийдвэр зэрэг нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол дараах байдлаар зөрчигдөж байна. Үүнд: Үндсэн хуульд заасан хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, эрх зөрчигдөж байна. Учир нь шударгаар олж авч байгаа хөрөнгөөс хуульд заагаагүй үндэслэлээр хураамж авч байна. Компанийн тухай хуулийн 3.1-д заасны дагуу манай компани нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг өөрийн тусгайлсан эд хөрөнгөтэй, үндсэн зорилго нь ашгийн төлөө ажилладаг хуулийн этгээд болно. Хууль бусаар хураамж авах нь компанийн хууль ёсны ашиг сонирхолд болон мөнгөн орлогод сөргөөр нөлөөлж байна. Компанийн гэрчилгээн дээр бичигдсэн үйл ажиллагааны чиглэлийг харахад гадаад худалдаа, автомашинаар ачаа тээвэр хийх хэмээн заасан ба үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд Монгол Улсаас БНХАУ-руу автомашинаар нүүрс тээвэрлэдэг тул өөрийн эрхийг хууль бус үйл ажиллагаанаас хамгаалах зорилготой болно. “ЭМ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын А/145 дугаар тушаалын дагуу тогтоосон хураамжийг эс зөвшөөрөн тухайн үед нь “ЭМ” ХХК-д болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хандаж байсан ч асуудал шийдвэрлэгдээгүй. Иймд хууль бус шийдвэрийг хүчингүй болгосноор манай зөрчигдсөн эрх сэргэж, үйл ажиллагааны орлого нэмэгдэж, ашигтай ажиллаж эхлэх тул дараах үндэслэлээр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна. Үүнд: Авто замын тухай хууль нь 2017 оны 5 сарын 11-ний, Цагдаагийн албаны тухай хууль нь 2017 оны 3 сарын 2-ны өдрийн хуулиар тус тус хүчингүй болсон тул тэдгээрийн холбогдох заалтыг хууль зүйн үндэслэл болгосон тушаалын үйлчлэл дуусгавар болох ёстой юм. Хууль зүйн үндэслэл болсон заалтууд дунд хураамж тогтоох эрхийг гүйцэтгэх захиралд олгоогүй байна. Өөрөөр хэлбэл эрх олгогдоогүй байхад бусдаас мөнгө хураах үйл ажиллагаа явуулж байна. Тушаалын аль ч заалтаар “ГСАЗ” ХХК-д үүрэг хүлээлгээгүй ч 2016 оны 12 сарын 27-ны 03/673 тоот албан бичгээр хууль бус хураамжийг авахыг даалгасан байна. Иймд хууль бус шийдвэрийг хэрэгжүүлж байгаа тухайн хуулийн этгээдийг хамтран хариуцагчаар татаж байгаа болно. Иймд “ЭМ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын тариф тогтоох тухай 2016 оны 12 сарын 26-ны өдрийн А/145 дугаар тушаал, “ЭМ” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 2 сарын 26-ны өдрийн 08 дугаар тогтоол, хууль бус шийдвэрийг үндэслэн хураамж авч байгаа “ГСАЗ” ХХК-ийн 2016 оны 12 сарын 28-ны GSR-16-В/278 тоот шийдвэрийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “ЭМ” ХХК шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ЭМ” ХХК нь Засгийн газрын 2007 оны 266-р тогтоолоор болон Төрийн өмчийн хорооны 52 дугаар тогтоолын дагуу үүсгэн байгуулагдсан төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани юм. Компанийн дүрмийн 2.2-д ашгийн төлөө хуулийн этгээд байна гэж заасан. “ЭМ” ХХК нь Засгийн газрын 2013 оны нүүрсний экспортыг дэмжих талаар зарим арга хэмжээний тухай 299 дүгээр тогтоолын дагуу Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд Говийн зам компанийн барьсан авто замыг Хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр 2014 оны 2 сарын 13-ны өдөр шилжүүлэн авсан бөгөөд зээлийн санхүүжилтийг авто зам ашигласны хураамжаас төвлөрүүлэх замаар эргүүлэн төлөх үүрэгтэйгээр ажилладаг. Энэхүү зам нь “Говийн зам” ХХК-ийн мэдэлд байхдаа зам ашигласны төлбөр нь 1 тонн тутамд 4.5 ам.доллар байсныг манай компани 1 тонн тутамд 1.5 ам.доллар болгож бууруулсан. 2014-2015 онуудад нүүрсний зах зээлийн уналттай холбогдуулан авто зам ашигласны төлбөрийг нүүрс тээвэрлэгч нарын хүсэлтийг харгалзан 1.25 ам доллар, 1 ам доллар зэргээр тус тус бууруулж байсан. Энэ хугацаанд “ЭМ” ХХК нь авто замын хураамжаараа зөвхөн зам засвар, арчилгаа болон үйл ажиллагаатай холбоотой зардлаа санхүүжүүлж Хөгжлийн банкны зээлээ төлж чадахгүйд хүрч зээлийн хүү, алданги 13.3 тэрбумд хүрээд байна. Энэ асуудалтай холбогдож гарсан Засгийн газрын 2017 оны 11 сарын 16-ны өдрийн 449 дүгээр тогтоолоор Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн авто замын санхүүжилттэй холбоотой асуудлыг шийдвэрлэсэн ба уг тогтоолын 3 дугаар хэсэгт авто замаар бүтээгдэхүүн тээвэрлэх тарифыг тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнэ ханштай уялдуулан тогтоож, орлого нэмэгдүүлэх арга хэмжээ авч, зам ашиглалтын орлогоос Хөгжлийн банкны зээл, зээлийн хүүгийн төлбөрийн тодорхой хэсгийг төлж барагдуулахыг “ЭМ” ХХК-д даалгаж үнийг ихэсгэх, багасгах эрхийг олгосон. “ЭМ” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 2 сарын 26-ны нүүрс тээвэрлэх тарифыг тогтоох тухай 08 тоот тогтоолоор гүйцэтгэх захиралд шаардлагатай тохиолдолд Таван толгой ордод үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, нүүрс тээвэрлэгч компаниудтай хамтран нүүрс тээвэрлэх тарифыг шинэчлэн /ихэсгэх, багасгах/ тогтоох арга хэмжээ авч ажиллахыг гүйцэтгэх захиралд үүрэг болгосон. Эдгээр тогтоолын хэрэгжилтийг хангаж “ЭМ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Засгийн газар болон ТУЗ-өөс олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд 2015 оны 3 сарын 31-ний А/36 тоот тушаалаар 1 тонн тутамд 1 ам доллар, 2016 оны 8 сарын 19-ны А/77 тоот гүйцэтгэх захирлын тушаалаар 1 тонн тутамд 200 төгрөг байх мөн тушаалаар 2017 оны 1 сарын 1-нээс 1 тонн тутамд 3,000 төгрөг байхаар шийдвэр гаргасан ба тээвэрлэгч компаниуд гэрээгээ байгуулан ажиллаж байсан. 2014 оны Засгийн газрын 100-р тогтоолоор Цагдаагийн байгууллагын хамгаалалтад авах онц чухал объектын жагсаалт батлах тухай тогтоол батлагдсан. Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 211 дүгээр тогтоолоор хавсралтад өөрчлөлт оруулж Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд сумаас Гашуунсухайт дахь хилийн боомт хүртэлх 247 км, мөн аймгийн Гурвантэс сумаас Шивээхүрэн дэх хилийн боомт хүртэлх 112 км хатуу болон засч сайжруулсан авто зам, түүний ойр орчин гэж нэмж зохих санхүүжилтийг гаргаж тогтоолын хэрэгжилтийг хангахыг даалгасан. Энэ тогтоолын дагуу цагдаагийн байгууллагын хамгаалалтад авах онц чухал объектын жагсаалтад Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 239 км авто замыг хамааруулсан ба хамгаалалттай холбогдон гарах зардал 2,2 тэрбум төгрөгийг тухай авто замаар тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн, аж ахуй нэгжтэй хамтран шийдвэрлэхийг “ЭМ” ХХК-д үүрэг болгосон.  “ЭМ” ХХК-ийн зүгээс түүхий эдийн үнэ ханшийн өсөлт, Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлт, цагдаагийн байгууллагатай холбоотой зардал болон авто замын их засварын ажлын өртөг зэргийг тооцон гүйцэтгэх захирлын 2016 оны 12 сарын 26-ны өдрийн А/145 тоот тушаалаар авто зам ашиглалтын тарифын үнийг 200 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Энэхүү тушаалын хэрэгжилтийг хангах зорилгоор нүүрс тээвэрлэгч компаниудын төлөөлөлтэй уулзаж 2017 оны 1 сарын 1-ний өдрөөс дээрх тогтоол хэрэгжиж эхэлсэн талаар мэдээлэл өгсөн бөгөөд авто зам ашиглагч компаниуд уг шийдвэрийг хүлээн зөвшөөрч батлагдсан тарифын дагуу гэрээ байгуулан үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа. Тарифт өөрчлөлт оруулсантай холбогдуулан Монгол тээвэр нэгдэл Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт тэр даруй хандсан боловч зүй ёсны монополь байдалтай аж ахуй нэгж эрхлэгчээр тогтоосон тухай албан хариуг өгсөн байдаг. Мөн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас “ЭМ” ХХК-д мэдэгдэл ирсний дагуу тариф нэмэгдсэн талаарх холбогдох бүх тушаал шийдвэр, нотлох баримтыг хавсралтаар хүргүүлж нүүрс тээврийн тарифыг үндэслэлгүй нэмээгүй гэдгээ баталсан. Мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2016 оны 12 сард Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 239 км замын ашиглалт, засвар арчлалтын ажлын байдалд шалгалт хийж 5 шаардлага бүхий дүгнэлтээ ирүүлсэн. Энэхүү дүгнэлтэд жилд хийгдэж байгаа замын засвар үйлчилгээг нэмэгдүүлэх, усны далан барих, тээвэрлэгчдийн аюулгүй байдал тав тухыг хангасан зогсоол, амрах талбайг төлөвлөж барих гэх мэт шаардлагууд тавьсан ба эхний ажлуудыг санхүүгийн боломжоороо үе шаттай хийхээр ажиллаж байна. Гэтэл нэхэмжлэгч “МТН” ХХК нь нэхэмжлэлдээ шударгаар олж авч байгаа хөрөнгөөс хуульд заагаагүй үндэслэлээр хураамж авч байна, “МТН” ХХК ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд өөрийн эрхийг хууль бус үйл ажиллагаанаас хамгаалах зорилготой гэх мэт тодорхой биш хууль зүйн үндэслэл тооцоо судалгаагүй нотлох баримтгүй нэхэмжлэл гаргасан байна. “ЭМ” ХХК нь Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа холбогдох хууль тогтоомжийн хүрээнд Монгол Улсын Засгийн газраас чиглэл болгосны дагуу авто зам ашиглалтын тарифыг тогтоож мөрдүүлдэг бөгөөд цаашид зах зээлийн ханш болон бусад холбогдох хүчин зүйлстэй уялдуулан нэмэгдүүлэх эсвэл бууруулах арга хэмжээг тухай бүр авч хэрэгжүүлж ажилладаг. “ЭМ” ХХК ч ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд зээлийн нөхцөлөөр шилжүүлж авсан өөрийн эзэмшлийнхээ авто замын тарифыг Компанийн тухай хуулийн 76.1.18-д зааснаар Төлөөлөн удирдах зөвлөлийн эрх олгогдсоноор гүйцэтгэх захирал холбогдох тушаал, шийдвэрээ нүүрсний зах зээлийн үнэ ханштай уялдуулан тариф тогтоох эрхээ хуулийн дагуу хэрэгжүүлсэн. Энэ шийдвэрийг тээвэр эрхэлдэг компаниуд хүлээн зөвшөөрч Иргэний хуулийн 40.1-д заасны дагуу талууд харилцан гэрээгээ байгуулан хамтран ажиллаж байгаа. Манай компани нь нүүрс тээврийн авто замынхаа аюулгүй байдал, засвар үйлчилгээг хариуцан жил бүр хөрөнгө мөнгө төвлөрүүлэн засвар арчлалтыг тухай бүрд хийж гүйцэтгэх мөн шинээр дэд бүтцийн олон ажлууд хийж зах зээлийн зарчмаар ажиллаж Монгол Улсын эдийн засагт тодорхой хувь нэмрээ оруулан ажиллаж байна. “МТН” ХХК-ийн ямар эрх ашгийг хэн хэрхэн яаж хөндсөн, ямар хэмжээний хохирол учирсан эсэх нь тодорхойгүй, нотолгоогүй, нотлох боломжгүй байна. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “ГСАЗ” ХХК шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ЭМ” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 029 дүгээр тогтоолоор “Эрдэнэс таван толгой” ХХК-ийг Таван толгойн ордод олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа бусад байгууллагуудтай гэрээ, хэлэлцээр хийж, хөрөнгө оруулах замаар “ЭМ” ХХК-ийн эзэмшилд байгаа Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн хүнд даацын хатуу хучилттай авто замын ашиглалт, засвар, арчилалт үйлчилгээ, хамгаалалт, байнгын бэлэн байдал, аюулгүй, найдвартай үйл ажиллагааг хангах үүрэг бүхий “ГСАЗ” ХХК-ийг байгуулж чиглэл өгч ажиллаж байна. “ГСАЗ” ХХК нь гэрээний үндсэн дээр “ЭМ” ХХК-ийн эзэмшлийн Гашуун сухайт-Тавантолгой чиглэлийн 247 км замын арчлалт, засвар үйлчилгээ, арчилгааг, хамгаалалт, байнгын бэлэн байдал, аюулгүй, найдвартай үйл ажиллагааг хариуцан ажиллаж нүүрс тээвэрлэгч компаниудтай гэрээгээр тохирсон зам ашиглах төлбөрийг төвлөрүүлж ажилладаг гүйцэтгэгч байгууллага юм. Манай компани Иргэний хуулийн дагуу гэрээгээр ажил гүйцэтгэгч компани бөгөөд гэрээний дагуу захиалагчийн гаргасан тушаал шийдвэрийг дагаж мөрдөх үүрэгтэй бөгөөд зам эзэмшигчийн зүгээс авто зам ашиглалт, нүүрс тээврийн тарифыг 2017 оны 1 сарын -ний өдрөөс эхлэн 1 тонн тутамд 3,200 төгрөг байхаар тогтоосныг хэрэгжүүлэн аж ахуйн нэгж байгууллага компаниуд хүлээн зөвшөөрч гэрээ байгуулан хамтран ажиллаж байгаа. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч “МТН” ХХК-ийн хариуцагч “ЭМ” ХХК, ”ГСАЗ” ХХК-д холбогдуулан гаргасан “ЭМ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 12 сарын 26-ны өдрийн А/145 дугаартай тариф тогтоох тухай тушаал, “ЭМ” ХХК-ийн ТУЗ-ын 2015 оны 2 сарын 26-ны өдрийн 08 дугаартай нүүрс тээвэрлэлтийн тарифыг тогтоох тухай тогтоол, “ГСАЗ” ХХК-ийн 2016 оны 12 сарын 28-ны өдрийн GSR-16-B/278 дугаартай авто зам ашиглалтын талаар гаргасан шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед үйлчилж байсан Авто замын тухай хууль /1998/-ийн 21 дүгээр зүйлийн 21.1-т “... авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авах журам, төлбөрийн хэмжээг Засгийн газар ... аймаг, нийслэлийн 3acaг дарга тогтооно" хэмээн заасан. Гэтэл дээрхийг зөрчин, үндэслэл бүхий тооцоогүйгээр “ЭМ” ХХК нь 2015.02.26-ны 8 дугаар тогтоолоороо төлбөр тогтоон өөрт олгогдоогүй эрхийг эдэлж, уг тогтоолоо үндэслэн төлбөрийн хэмжээ өөрчлөн тогтоохыг гүйцэтгэх захиралд зөвшөөрсөн байна. Цугларсан төлбөрийг хэрхэн зарцуулсан талаараа хариуцагч тал тайлбарлаагүйгээс гадна татварын болон бусад баримтаас үзэхэд уг төлбөрийн тун бага хэсгийг зам засварын арчлалт хамгаалалтад зарцуулдаг байна: Тэгэхээр Засгийн газар болон Засаг дарга эхлээд журам гаргаж, түүнийгээ үндэслэн төлбөрийн хэмжээ тогтоох ёстой ч аж ахуй нэгжийн ТУЗ болон ГЗ төлбөр тогтоож байгаа нь хууль бус ба үндэслэлгүйгээр хөрөнгөжиж байна. “... Аль нэг ангилалд хамаарах талаар шийдвэр гараагүй байх тул авто замыг ашигласны төлбөр тогтоох этгээдийг хуулиар тогтоосон гэж үзэхгүй” гэсэн дүгнэлтийг шүүх хийсэн. Автозамын тухай хууль /1998/-ийн 11 дүгээр зүйлийн 11.1-т зааснаар авто замыг олон улсын чанартай, улсын чанартай, орон нутгийн чанартай, аж ахуйн нэгж байгууллагын дотоодын хэмээн ангилсан.  “ЭМ” ХХК уг замыг өөрийнх нь өмч гэдгийг баримтаар нотолж чадаагүй тул дотоодынх нь зам биш учраас уг ангилалд хамаарахгүй. Тэгэхээр уг замын эзэмшигч нь дээрх хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эсхүл аймаг нийслэлийн Засаг дарга байх бөгөөд Монгол Улсын Үндсэн хууль болон Иргэний хуульд зааснаар уг зам нь нийтийн өмч юм. Иймд аль ангилалд замыг хамааруулаагүй бол эзэмшигч биш ч ТУЗ болон гүйцэтгэх захирал төлбөр тогтоосон тушаал гаргах нь хуульд нийцэж байгаа гэдгийг шүүх хууль зүйн талаас нотолж чадахгүй байх тул шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

                                        

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч “МТН” ХХК нь хариуцагч “ЭМ” ХХК болон “ГСАЗ” ХХК-д тус тус холбогдуулан “ЭМ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын тариф тогтоох тухай 2016 оны 12 сарын 26-ны өдрийн А/145 дугаар тушаал, “ЭМ” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 2 сарын 26-ны өдрийн 08 дугаар тогтоол, “ГСАЗ” ХХК-ийн 2016 оны 12 сарын 28-ны GSR-16-В/278 тоот албан бичгийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... Тариф тогтоосон тушаалын үндэслэл болсон Авто замын тухай хууль, Цагдаагийн албаны тухай хууль тус тус хүчингүй болсон, мөн Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн авто зам нь “ЭМ” ХХК-ийн өмчлөлийн зам биш тул тариф тогтоох эрхгүй” гэж тайлбарласан.

 

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 299  дугаар “Нүүрсний экспортыг дэмжих талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолоор Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд “Говийн зам” ХХК-ийн барьсан авто замыг төрийн өмчит худалдан авч “ЭМ” ХХК-ийн мэдэлд  шилжүүлэх арга хэмжээ авч, мөн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 449 дугаартай “Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн авто замын санхүүжилтийн тухай” тогтоолоор Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн авто замаар бүтээгдэхүүн тээвэрлэх тарифыг тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнэ ханштай уялдуулан тогтоож, орлого нэмэгдүүлэх арга хэмжээ авч, зам ашиглалтын орлогоос Хөгжлийн банкны зээл, зээлийн хүүгийн төлбөрийн тодорхой хэсгийг төлж барагдуулахыг “ЭМ” ХХК-ийн гүйцэтгэх захиралд даалгасан байна.

 

Дээрх Засгийн газрын тогтоолуудаар олгогдсон эрхийн хүрээнд “ЭМ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын тариф тогтоох тухай 2016 оны 12 сарын 26-ны өдрийн А/145 дугаар тушаал гарч, Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн авто замтай холбоотой зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүү болон зам засвар, арчлалтын зардал, гэрээт цагдаагийн тасаг ажиллуулахтай холбогдуулан авто зам ашиглалт, зохицуулалтын хураамжийг 1 тонн тутамд 3 200 төгрөгөөр тогтоосон байна. Уг тушаалын хүрээнд “ГСАЗ” ХХК нь 2016 оны 12 сарын 28-ны GSR-16-В/278 тоот албан бичгээр нийт тээвэрлэгчдэд тогтоосон тарифын дагуу зам ашиглуулах болсныг мэдэгджээ.

 

Авто замын тухай болон Цагдаагийн албаны тухай хууль хүчингүй болсон нь Засгийн газрын тогтоолыг хүчингүй болсон гэх үндэслэлд хамаарахгүй юм. Монгол Улсын Үндсэн хуулийн дөчин тавдугаар зүйлийн 2-т “Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно” гэж заасан. Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 299, 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 449 дүгээр тогтоолууд нь хүчин төгөлдөр байх бөгөөд уг тогтоолуудаар олгогдсон эрхийн хүрээнд хариуцагч нар тушаал, шийдвэр гаргасан нь хууль зөрчөөгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д заасантай нийцжээ.

 

            Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ШШ2018/00222 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                          ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                               

                                          ШҮҮГЧИД                                    Ш.ОЮУНХАНД

                                                                                                 

                                                                                   Г.ДАВААДОРЖ