Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2019/02529

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Ц.С-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 8-р хороонд үйл ажиллагаа явуулдаг У ХХК-д /регистр 5057086/ холбогдох ажил гүйцэтгэх гэрээний улмаас учирсан хохиролд 670 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж Ш.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Тэмүүлэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ш шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 10 сарын 01-ний өдөр миний ээж Ц.С нь Баянгол дүүргийн 3,4 дүгээр хорооллын эцэст байрлах Хороолол барилгын материалын хороолол дэлгүүрт байдаг У ХХК-иар Элизабет хотхоны байрандаа 1 340 000 төгрөгөөр гал тогооны тавилга хийлгэх захиалга өгсөн. Захиалга авдаг эмэгтэй нь үдээс хойш очиж хэмжээ авна гээд захиалгаа баталгаажуулж 20 000 төгрөг төлүүлсэн. Тэр орой нь У ХХК-ийн захирал Н.Б гэдэг хүн очиж хэмжээ авч урьдчилгаа 650 000 төгрөгийг төлсөн. Үүнээс хойш 14 хоногийн дараа тавилга авчирсан. Тэгээд тавилгаа суурилуулах гэтэл хэмжээ нь зөрж ханандаа багтаагүй. Захиалга өгснөөс өөр байсан учраас ажилтнуудад нь тайлбарласан. Тэр өдрөө Н.Б ирээд тавилгаа аваад явсан. Нөгөөдөр нь н.Б-тай манай ээж утсаар ярисан, тэгэхэд танай тавилгыг дэлгүүрт тавьж зарахаар болсон, өөр компаниар тавилгаа хийлгэнэ үү, мөнгийг буцааж өгнө гэж хэлсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл 670 000 төгрөгийг буцааж өгөөгүй байна. Иймд У ХХК-иас 670 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: У ХХК нь 2017 оны 5-р сард иргэн С тавилга хийж өгөхөөр тохиролцон урьдчилгаа 670 000 төгрөг авсан нь үнэн. Бид тавилга хийж гүйцэтгээд яваад очтол ямар ч шалтгаангүй буцаасан болно. Тиймээс хүргэлтийн үнэ 30 000 төгрөг, зургийн үнэ 30 000 төгрөг, ажилчдын хөлс 45 000 төгрөгийг хасаад 465 000 төгрөгийг 3 сард хувааж төлөх боломжтой гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.С нь У ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний улмаас учирсан хохиролд 670 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

Хариуцагч шүүх хуралдааны мэдэгдлийг хүлээн авсан боловч хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

 

Ц.С нь 2017 оны 10 сарын 01-ний өдөр У ХХК-иар Элизабет хотхоны байрандаа гал тогооны тавилга хийлгэхээр харилцан тохирч, У ХХК нь ажлыг 14 хоногт гүйцэтгэж хүлээлгэж өгөх, захиалагч нь ажлын хөлс 1 340 000 төгрөгийг төлөх, үүнээс урьдчилан 6 70 000 төгрөгийг төлж, үлдэгдэл 670 000 төгрөгийг ажлыг хүлээж авсны дараа төлөхөөр /хх 6-7/ тохирчээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 343-р зүйлд заасан Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Ажил гүйцэтгэгч У ХХК нь гал тогооны тавилгыг тогтоосон хугацаанд, ямар нэгэн доголдолгүй гүйцэтгэж шилжүүлэх, захиалагч тавилгыг хүлээн авч хөлсийг төлөх үүрэгтэй байна. Харин талуудын хооронд ...ажил гүйцэтгэгч тавилгыг хийж гүйцэтгэн угсарсан боловч хэмжээнээс зөрж хананд багтаагүй доголдолтой гүйцэтгэсэн, улмаар тавилгаа буцааж авсан, 670 000 төгрөгийг буцааж төлөөгүйгээс маргаан гарчээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас ... хүргэлтийн үнэ 30 000 төгрөг, зургийн үнэ 30 000 төгрөг, ажилчдын хөлс 45 000 төгрөгийг хасч 465 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн байна.

 

Харин ажил гүйцэтгэгч тухайн ажлыг өөрийн материалаар хийхээр тохирсон, тавилгын зураг гаргах, хийх, хүргэх, угсрах, ажилчиддаа хөлс төлөх нь ажил гүйцэтгэгчийн үүрэг бөгөөд гүйцэтгэсэн ажлын доголдол нь ажил гүйцэтгэгчийн буруугаас болсон, энэ зардлыг захиалагч хариуцах үүрэггүй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 343-р зүйлийн 343.1 дэх хэсэг, 352-р зүйлийн 352.1 дэх хэсэгт заасныг баримтлан У ХХК-иас 670 000 /зургаан зуун далан мянга/ төгрөг гаргуулж Ц.С олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20 630 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У ХХК-иас 20 630 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА