Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2019/02588

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэгт оршин суух Б.Д-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэгт оршин суух Д.Д холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Тэмүүлэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч Б.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2011 онд Д-той танилцаж гэр бүл болсон бөгөөд гэрлэлтээ 2015 оны 1-р сарын 23-нд батлуулсан. Энэ хугацаанд 2015 оны 1-р сарын 31-нд охин Д.М төрсөн. Д нь надтай амьдарч байхдаа ажил хийдэггүй, архи уудаг, намайг зодож хүчирхийлэл үйлддэг, ажил хийлгэхгүй байнга дарамталдаг байсан. Цаашид хамт амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулж, охин М-ыг өөрийн асрмжиндаа авч, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Эд хөрөнгийн маргаангүй гэв.

 

Хариуцагч Д.Д болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Д-аас гэрлэлтээ цуцлуулахад татгалзах зүйлгүй. Нэхэмжлэлийн шаардлага гэрлэлт цуцлуулах, охин М-ыг эхийн асрамжинд үлдээх, тэтгэлэхэд төлнө. Эд хөрөнгийн маргаангүй гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч Б.Д нь Д.Д-д холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

Б.Д, Д.Д нар нь 2011 онд танилцаж, 2015 оны 1-р сарын 23-нд гэрлэжээ. Гэрлэгч амьдрах хугацаандаа 2015 оны 1-р сарын 31-нд охин Д.М-ыг төрүүлж өсгөжээ.

 

Гэр бүлийн тухай хуулинд зааснаар гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх үүрэгтэй байна.

 

Харин гэрлэгчид хамт амьдрах хугацаандаа нөхөр Д.Д нь архи уудаг, улмаар хүчирхийлэл үйлдэж эхнэрээ зодож биед нь гэмтэл учруулж байсан нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1-р сарын 22-ны өдрийн 65 тоот шийтгэх тогтоолоор түүнийг Эрүүгийн тусгай ангийн 99-р зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон баримтаар тогтоогдсон байна.

 

Дээрх нөхцөл байдлын улмаас гэрлэгчид цаашид хамт амьдрах боломжгүй, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн зэргийг харгалзан гэрлэлтийг цуцалж, хүүхдийн асрамж, тэтгэлэгийн асуудлыг хуульд зааснаар шийдвэрлэх нь зүйтэй.

 

Гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулахдаа бага насны охин Д.М-г эхийн асрамжинд үлдээхээр тохирсон, хүүхдийн тэтгэлэг төлөхөд хариуцагч маргаагүй байна.

 

Зохигч эд хөрөнгийн талаар маргаангүй, хариуцагч өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг нэхэмжлэгч зөвшөөрсөн тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118, 132-р зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1, 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Д, Д.Д нарын гэрлэлтийг цуцалж, 2015 оны 1-р сарын 31-нд төрсөн охин Д.М-ныг эх Б.Д-гийн асрамжинд тус тус үлдээсүгэй.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан охин Д.М-ныг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа тохиолдолд 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Д.Д-оор тэжээн тэтгүүлсүгэй.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Д.Д-оос 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА