| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2017/0018/Э |
| Дугаар | 12 |
| Огноо | 2017-01-16 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Я.Санчир |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 12
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2017/0018/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга: А.Цэрэндулам
Улсын яллагч: Я.Сансар
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Оюунцэцэг
Шүүгдэгч: Х.Мөнхтөмөр нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Мөнхтөмөрт холбогдох 201623000240 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Хэнтий аймгийн Баянмөнх суманд 1975 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй ,эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Булагийн 5-10 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал үгүй, 1995 онд Эрүүгийн хуулийн 88 дугаар зүйлд зааснаар 4 жилийн хорих ялыг 5 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзагдаж байсан, 1998 онд Эрүүгийн хуулийн 1231 дугаар зүйлийн 4, 127 дугаар зүйлийн 127.2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар, 2002 онд Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 1, 127 дугаар зүйлийн 127.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан Бор овогт Басхүүгийн Мөнхтөмөр /РД: СД75012617/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.Мөнхтөмөр нь 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 08 дугаар сарын 19-ний өдрийн хооронд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2-р баг Булагийн 4-11 тоотод оршин суух иргэн Б.Мөнхтогтохын гэрт нэвтрэн орж 2 ламптай хасах гэрэл, хуучин 4-5 ширхэг самбай хадаг, алтан сарнай авьяаслаг сурагч алтан медаль, судар, хурган дотортой дээл, алдарт эхийн 1, 2-р одон, тэргүүний барилгачин алтан медаль, ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль, 1 хос мөнгөн ээмэг, 2 ширхэг түлхүүр, халуун тогоо, хонины мах 2 тортой, ногоон япон цай, 10 кг гурил зэрэг эд зүйл хулгайлж бусдад бага бус хэмжээний буюу 1,059,500 төгрөгийн хохирол учруулсан.
Давтан үйлдлээр 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2-р баг Өргөөгийн 7-б-08 тоотод оршин суух иргэн М.Эрдэнэцолмонгийн гэрт нэвтрэн орж хурганы элдсэн арьс 100 ширхэг, самсунг маркын нөүтбүүк, будаа, гурил зэрэг эд зүйл хулгайлж бусдад бага бус хэмжээний буюу 2,959,000 төгрөгийн хохирол учруулсан,
Давтан үйлдлээр 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 08 дугаар сарын 24-ний өдрийн хооронд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2-р баг Өлзийтийн 04-01 тоотод оршин суух иргэн Л.Оджавын гэрт нэвтрэн орж 4 ширхэг мөнгөн аяга, гуйлан цар 1 ширхэг, гуйлан түмпэн 2 ширхэг, үстэй дээл 1 ширхэг, борцолсон мах 3 кг, цагаан будаа 2 кг, лапша гоймон 2 ширхэг, ногоон улаан хүрэн өнгийн түрийвч дотор байсан 2000, 5000, 10000 дэвсгэртүүд, мөн 1 доллар, 5 юань зэрэг эд зүйл хулгайлж бусдад бага бус хэмжээний буюу 3,333,084 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Б.Мөнхтөмөр нь 2016 оны 08 дугаар сарын 17-19-ний өдрийн хооронд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2-р баг Булагийн 4-11 тоотод оршин суух иргэн Б.Мөнхтогтохын гэрт хууль бусаар нэвтрэн орж хасах гэрэл, хадаг, алтан сарнай авьяаслаг сурагч алтан медаль, судар, хурган дотортой дээл, алдарт эхийн 1, 2-р одон, тэргүүний барилгачин алтан медаль, ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль, мөнгөн ээмэг, түлхүүр, халуун тогоо, хонины мах, ногоон япон цай, 10 кг гурил зэрэг эд зүйл хулгайлж 1,059,500 төгрөгийн.
2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2-р баг Өргөөгийн 7-б-08 тоотод оршин суух иргэн М.Эрдэнэцолмонгийн гэрт нэвтрэн орж хурганы элдсэн арьс 100 ширхэг, самсунг маркын нөүтбүүк, будаа, гурил зэрэг эд зүйл хулгайлж 2,959,000 төгрөгийн,
2016 оны 08 дугаар сарын 22-24-ний өдрийн хооронд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2-р баг Өлзийтийн 04-01 тоотод оршин суух иргэн Л.Оджавын гэрт нэвтрэн орж 4 ширхэг мөнгөн аяга, гуйлан цар 1 ширхэг, гуйлан түмпэн 2 ширхэг, үстэй дээл 1 ширхэг, борцолсон мах 3 кг, цагаан будаа 2 кг, лапша гоймон 2 ширхэг, түрийвч, 2000, 5000, 10000 дэвсгэртүүд, мөн 1 доллар, 5 юань зэрэг эд зүйл хулгайлж 3,333,084 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь доорхи нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч М.Эрдэнэцолмонгийн: Манай аймгийн төвийн гэр Хэрлэн сумын 2-р баг Өргөөгийн 7Б-8 тоотод байдаг. ... хамгийн сүүлд 2016 оны 08 сарын 15-ны үед хөдөөнөөс аймгийн төвд ирчхээд гэрээрээ орчихоод явсан тэрнээс хойш гэр эзэнгүй байж байгаад манай ахын хүүхэд Довчин эхнэр хүүхэдтэйгээ манай гэрт 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр ирсэн. Тэгээд манай гэрт 2-3 хоносон өөрсдөө хөдөөнөөс аймгийн төвд шилжиж ирж байгаа айл тэгээд гэрэл цахилгаанаа тавиулаагүй гээд манай гэрт хоол унд хийж идээд байсан. Тэгээд өнөө өглөө Довчин надруу утасдаад гэрт хулгай орсон байна вакум цонхоор хулгай орсон байна гэрт байсан 100 ширхэг хурганы элдсэн арьс алга болсон мөн самсунг маркын хар өнгийн нөүтбүүк ногоон өнгийн цүнхтэйгээ, мөн хоолны шүүгээнд цагаан будаа 3 кг, 2 кг орчим гурил алдагдсан байна гэсэн. Тэгээд би хөдөөнөөс ирээд юмаа бүртгэж үзэхэд дээрх эд зүйл алга болсон байсан. 100 ширхэг хурганы арьс нь дунд талын өрөөнд хөх өнгийн даавуунд цугласан зүүн урд талд буланд байсан угаалгын машин дээр байсан, нөүтбүүк тольтой шүүгээний шургуулганд байсан, гурил, будаа нь тогооны шүүгээнд байсан... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 80 хуу/
Хохирогч Л.Оджавын: Би 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 10 цагийн үед хөдөө гэрээсээ аймагт байдаг гэртээ ирсэн. ... хашааны том хаалга онгойлгох гэтэл манай хашааны жижиг хаалга онгорхой байсан тэгээд би манайд хүн ирсэн юм байх гэж бодоод ... хашааны хаалгаа хаагаад гэртээ ороод цаад талын өрөө рүү орсон чинь манай авдарны таг онгорхой цаад талын цонхны дотор талын цонхыг аваад ор налуулаад тавьсан байсан. Манай гэрээс 4 ширхэг мөнгөн аяга, гуйлан цар 1 ширхэг, гуйлан түмпэн 2 ширхэг, үстэй дээл 1 ширхэг, борцолсон мах 3 кг, цагаан будаа 2 кг, лапша гоймон 2 ширхэг, ногоон улаан хүрэн өнгийн түрийвч дотор байсан аз гэсэн серийн үсэгтэй 2000, 5000, 10000 дэвсгэртүүд, мөн 1 доллар, 5 юань зэрэг алдагдсан. Манай гэрээс алдагдсан мөнгөн аяганууд бүгд авдар дотор байсан. Нэг мөнгөн аяга нь хуучны харлаж өнгөр тогтсон дунд гарын ямар ч хээ угалз байхгүй цулгуй аяга байгаа, нөгөө нэг мөнгөн аяга нь дунд гарын аяганы гадна талдаа бөөрөн дээрээ 30 жил гэсэн бичигтэй аяга, 4 дэх мөнгөн аяга нь дунд гарын шинэ цагийн ирмэг дээрээ шүдээр хазсан оромтой мөнгөн аяга байгаа харин индукцэн плитка нь хар өнгийн шинэ плитка, гуйлан цар нь ирмэгээр нь эмжээртэй дунд зэргийн хэмжээтэй зузаавтар цар байгаа үстэй дээлний хувьд ногоон өнгийн өөрөөсөө хээтэй торгон материалтай дээл байгаа... гэсэн мэдүүлэг. /хх 87-88 хуудас/
Хохирогч Б.Мөнхтогтохын: Би 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хот руу хүүхдүүдээ аваад явсан. ... 2016 оны 08 дугаар сарын 21-ний өдөр үдээс хойш Нарантуул зах ороод зүүн том ногоон хашааны гадна юм зардаг хүмүүсийн зарж байгаа юмыг сонирхоод явж байгаад тэр эд зүйлс дотор хурган дотортой цэцэгэн хээтэй цэнхэр торгон эмэгтэй хүний дээл зарж байсан нь манай гэрт авдарт үлдсэн миний өөрийн дээлтэй маш адилхан харагдсан. Тэгээд бүр тэр дээлний дотор хойрмойг сөхөж харахад 2 хэсэг газарт нэхийг нь гурвалжин хайчилж авч талийгаач аавынхаа шарилын хайрцагт хийсэн тэмдэг нь мөн байсан. Мөн хуучин 70-ын саарал даавуун дээлэн дээр цэнхэр торгоор өнгөлж өнгө татсан эрээн дотортой мөн би өнгөрсөн жил энгэртээ гар утас хийх гэж байгаад дотоод энгэрийг урсан оёогүй байсан нь хүртэл яг хэвээрээ мөн байхаар нь би таниад тухайн зарж байсан хүнийг Нарантуулын цагдаагийн хэсгийн цагрдаад дээлтэйгээ авч очоод мэдэгдсэн. Манай гэрт хушай орсон байна гэсэн .тэгээд хулгайд алдсан дээлийг зах дээр зарж байсан С.Батсүх гэх хүнээс 20000 төгрөг өгөөд дээлээ авсан. С.Батсүх хэлэхдээ Төрөө гэх ченж надад 20000 төгрөг өгчих дээлээ орхиё 40000 төгрөгөөр зараарай гээд орхиод явсан гэж хэлсэн. ... Би хулгай орсон тухай сонсоод шууд аймаг руу дээлээ аваад таксинд суугаад ирэхэд байшингийн доторх эд зүйлийг хулгайч ухаж эмх замбараагүй болгож орхисон байсан. Манай гэрээс 2 ламптай хасах гэрэл, хуучин 4-5 ширхэг самбай хадаг, алтан сарнай авьяаслаг сурагч алтан медаль, судар, хурган дотортой дээл, алдарт эхийн 1, 2-р одон, тэргүүний барилгачин алтан медаль, ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль, 1 хос мөнгөн ээмэг, 2 ширхэг түлхүүр, халуун тогоо, хонины мах 2 тортой, ногоон япон цай, 10 кг гурил алдагдсан... гэсэн мэдүүлэг /хх-96-98 хуудас/
Иргэний нэхэмжлэгч Г.Батбаярын: ... 2016 оны 08 дугаар сарын сүлээр байхаа намайг аймагт байдаг гэртээ байж байхад Мөнхтөмөр над дээр ганцаараа ирээд хямдхан хурганы арьс байна авах уу гэж асуусан. Тэгэхээр нь би авахгүй хүн хараас сураглаж өгье гээд явуулсан. Тэгээд удалгүй Мөнхтөмөр шуудайтай арьс бариад хулгайн юм бишээ би элдсэн хүнийг нь дагуулаад ирлээ гэж нэг 50 орчим насны эмэгтэй хүн дагуулж ирсэн. Наадах чинь хулгайн арьс биш биз гэж асуугаад арьсыг нь аваад үлдсэн. 150.000 төгрөгөөр зарна гэхээр нь надад 100.000 төгрөг байна гэсэн чинь заза гээд арьсаа үлдээгээд 100.000 төгрөг аваад явсан. Тэр хурганы арьсыг тоолж үзэхэд 52 ширхэг арьс байсан... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 85 хуу/
Гэрч Г.Довчингийн: ...2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр гэрээ янзалж байгаад ахын гэрт очоод хоол хийж идэх гээд хөргөгчнөөс нь мах аваад явах гэтэл ахын гэрийн цонхны салхивч баруун өрөөний салхивч онгойсон байсан. Тэгэхээр нь санаанд оролгүй дутуу хаачихсан юм байх гэж бодоод хаачихаад яваад өгсөн. Тэгээд орой 23 цагийн үед ахын гэрт ирээд хоол хийж идээд байж байтал манай эхнэр Ирэхбаяр угаалгын машин дээр байсан баадантай юм алга болсон байна гэж мэдээд хулгай орсон байна гэдгийг нь мэдсэн. Маргааш өглөө нь ахын хүүхэд рүү ярихад тольтой шүүгээний шургуулганд нөүтбүүк байх ёстой гээд үзэхэд байхгүй байсан мөн тогооны шүүгээнд байсан гурилнаас 2 кг орчим мөн 3 кг орчим цагаан будаа алга болсон байсан... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 101 хуу/
Гэрч П.Ганболдын: Би 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Түвшингийн гэрт орсон чинь Мөнхтөмөр эхнэртэйгээ, Түвшинбаатар эхнэртэйгээ хамт хоол хийгээд байж байсан Мөнхтөмөр намайг ломбарданд юм тавиад өгөөч надад бичиг баримт байгаа юу тавих юм би тавиад өгье гэж хэлсэн. Мөнхтөмөр нэг мөнгөн аяга байна энийг тавиад өгчих гээд Мөнхтөмөр, Гүнжээ бид гурав хамт ... “Цэцэг” ломбарданд ... 90000 төгрөгөөр тавиад би ломбардны хүнд цахим үнэмлэхээ өгсөн ломбардны хүн бүртгээд би баримт дээр гарын үсэг зурсан. Түвшингийн гэрт очоод архи уусан тэгээд би гэрлүүгээ явсан... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 114 хуу/
Гэрч Л.Түвшинбаатарын: Би энэ Мөнхтөмөр гэдэг хүнтэй хамт Багануур дүүрэгт 2008, 2009 онд нүүрсэн дээр хамт ажиллаж байгаад танилцсан. Бид хоёр хамт нүүрс ачдаг байж байгаад Бор-Өндөр суманд чулуун дээр нэг гэр барьсан тэрнийгээ авна гээд явж байгаа гээд манай гэрт ороод ирсэн. Манай гэрт орж ирэхдээ эхнэр Гүнжээ гэх эхнрийнхээ хамт орж ирсэн. Манай гэрт 2016 оны 08 дугаар сарын 10-ны үед ирсэн. Манай гэрт ирснээс хойш манайхаар байдаг байсан хааяадаа ах лүү нар маань аймагт байдаг гээд хааяа манайд ирж хонодоггүй байсан. Манай гэрт ирж хонохдоо гурил, будаа жоохон мах авчирсан ингэж ирэхдээ архитай орж ирдэг байсан. Мөн нэг удаа манайд орж ирэхдээ шуудайтай үстэй цэнхэр өнгийн дээл мөн мөнгөн бүстэй орж ирсэн. Манайд орж ирэхдээ эхнэрийн дээл бүсийг авч яваа гэдэг байсан. Тэгээд архи бариад ороод ирэхээр нь тэр архинаас нь уудаг байсан. Тэгээд нилээн хэд хоногийн дараа 2016 оны 08 дугаар сарын 20-ны орчимд Мөнхтөмөр нь цагдаад баригдсан байсан. Баахан орон байрны хулгай хийсэн байсан. Мөнхтөмөрийг цагдаад баригдсанаас нь хойш мэдсэн эхнэртэйгээ явж байгаа хүнийг юу гэж хулгай хийгээд яваад байгаа гэж мэдэхэв дээ манай гэрт авчирдаг байсан гурил, будаа нь дандаа хулгайн эд зүйл байсан юм билээ надад ярихдаа бол хүүхдүүдээс мөнгө ирсэн ах дүү нараасаа авлаа муухай болох гээд байна хоол хийгээд идчих гээд ах дүү нар маань өглөө гэж авчирдаг байсан. Тэр мах гурил нь нэг их биш нэг кг орчим л бага багаар авчирдаг байсан. 2016 оны 08 дугаар сарын 20-ны орчимд байх Мөнхтөмөр нь эхнэрийн хамт манай гэрт ирэхдээ 3 кг ууттай бүтэн цагаан будаа 2 кг гурил авчирсан харин нөүтбүүк, хурганы арьс авчраагүй. ... Мөнхтөмөр хурганы арьс зараад архи уусан тухайгаа надад ярьсан... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 107-108 хуу/
... Мөнхтөмөр 08 дугаар сарын 23-ны өглөө манайд ирэхдээ гоймон, гурил, мах бариад ирсэн хоол хийж идье гэж байсан. Бид нар хоол хийгээд байж байсан чинь гаднаас Ганболд орж ирсэн Мөнхтөмөр нэг мөнгөн аяга гаргаж ирээд Ганболдыг бичиг баримт байна уу энэ мөнгөн аягыг ломбарданд тавиад өгчих гэж хэлсэн тэгээд тэр аягыг Гүнжээ, Ганболд, Мөнхтөмөр нар аваад гарч яваад эргээд ирэхдээ 0,75 литрийн архи 3 шилийг авчираад бид 5 хувааж уусан... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 117 хуу/
... 2016 оны 08 дугаар сарын 17-ны шөнө Мөнхтөмөр манайд унтаад маргааш өглөө нь босоод надад дээл бүс байна энийг зарах хэрэгтэй байна гэж хэлсэн би Төрөө гэх хүнтэй утсаар яриад бид гурав “Жаст ойл” ШТС дээр уулзаад тэр дээл бүсийг нь 18000 төгрөгөөр зарсн. Тэр мөнгөөр нь Мөнхтөмөр бид хоёр архи авч уусан. Би тухайн үед хулгайн дээл бүс гэж мэдээгүй... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 118 хуу/
Гэрч Д.Оюунцэцэгийн: 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр эмэгтэй, эрэгтэй хоёр хүн орж ирээд мөнгөн аяга авах уу гэж асуусан тэгэхээр нь би аягыг нь үзэхэд хуучирсан харлаж тогтсон ямар нэг хээ угалз байхгүй тагштай аяга байсан 90000 төгрөг болж байсан ... бичиг баримтыг нь бүртгэхэд Ганболд гэсэн хүний бичиг баримт байсан... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 121 хуу/
Гэрч Д.Төрмөнхийн: 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Хэнтий аймгаас Улаанбаатар хотруу явах гээд байж байтал Түвшин гэх залуу гар утасруу залгаад нэг ширхэг судар байна авах уу гэсэн. ... Түвшинтэй насаар өөртэй нь ойролцоо өөрөөс нь бага зэрэг өндөр туранхай бор залуугийн хамт байж байсан. Тэгээд Түвшин надад хир буртаг болсон ягаан баринтагтай дотуураа шар өнгийн баринтагтай 1 сөөм хэртэй уртай модон бараар хэвлэсэн цаасан түвд судар, цэнхэр өнгийн торгон гадартай хуучин үстэй дээл, шинэ цагийн мөнгөөр бүрсэн бүстэй хамт үзүүлсэн. ... тэгээд би өөртөө байсан 18000 төгрөгөөр худалдаж авсан... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 127 хуу/
Гэрч Л.Батсүхийн: ...Төрөө гэдэг залуу над дээр ирээд цэнхэр өнгийн торгон үстэй дээл авчирч өгөөд ганц дээл үлдлээ чи энийг зараад өгчих гэж хэлсэн. Тэгээд намайг энэ дээлийг 40000 төгрөгөөр зараад өг одоо 20000 төгрөгийг нь өгчих ирээд үлдэгдлийг нь авна гэж хэлсэн. Надад хэлэхдээ хөдөө яваад ирлээ гэж байсан. ... 2016 оны 08 дугаар сарын 21-ний өдөр үдээс хойш нэг эмэгтэй ирээд энэ миний дээл байна гээд загнаад намайг дагуулаад Нарантуул захын цагдаагийн хэсэг дээр ирсэн... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 130 хуу/
Иргэн М.Эрдэнэцолмонгийн гэрээс эд зүйл хулгайд алдагдсан гэх хэрэг учрал болсон газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хх-ийн 12-16 хуу/
Эд зүйл хураан авсан тогтоол, тэмдэглэл, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл. /хх-ийн 28-32 хуу/
Иргэн Л.Оджавын гэрээс эд зүйл хулгайд алдагдсан гэх хэрэг учрал болсон газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хх-ийн 34-38 хуу/
Эд зүйл хураан авсан тогтоол, тэмдэглэл, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл. /хх-ийн 42-48 хуу/
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл. /хх-ийн 53-55 хуу/
Иргэн Б.Мөнхтогтохын гэрээс эд зүйл хулгайд алдагдсан гэх хэрэг учрал болсон газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хх-ийн 70-73 хуу/
Хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 82, 89-90, 99-100 хуу/
Алдагдсан эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 82, 89-90, 91, 99-100 хуу/
Валютын ханшийн мэдээлэл /хх-ийн 223-224 хуу/
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 069 дугаартай дүгнэлт. /хх-ийн 143-144 хуу/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна
Шүүгдэгч Б.Мөнхтөмөрийн давтан үйлдээр бусдын орон байр, агуулах саванд нэвтэрч эд зүйлийг нь хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нарт нийт 7351584 төгрөгийн хохирол учирсан ба зарим эд зүйлийг хохирогчид буцаан өгсөн байх тул шүүгдэгчээс 1.659.000 төгрөгийг гаргуулж хохирогч М.Эрдэнэцолмонд, 2.055.485 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Оджавд, 1.059.500 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Мөнхтогтоход, 100.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Г.Батбаярт тус тус олгох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь энэ хэргийг шууд санаатай үйлдсэн ба түүнд ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, урьд ял шийтгэгдэж байсан боловч ялгүй болсон, хувьд ногдох эд хөрөнгийнх нь байдал зэргийг харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр ял оногдуулж, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг нь харгалзан оногдвол зохих хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 283, 286, 293, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Бор овогт Баасанхүүгийн Мөнхтөмөрийг давтан үйлдлээр бусдын орон байр, агуулах саванд нэвтэрч эд зүйлийг нь хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнхтөмөрийн эд хөрөнгийг хураахгүйгээр 02 жил 01 сарын хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Мөнхтөмөрт оногдуулсан 02 жил 01 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар шүүгдэгч Б.Мөнхтөмөрийн цагдан хоригдсон 137 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Мөнхтөмөрөөс 1.659.000 төгрөгийг гаргуулж хохирогч М.Эрдэнэцолмонд, 2.055.485 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Оджавд, 1.059.500 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Мөнхтогтоход, 100.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Г.Батбаярт тус тус олгосугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Мөнхтөмөрт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ