Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2025/0454

 

 

      

 

 

 

 

 

 

 

 

  

            А ХХК-ийн нэхэмжлэлтэй

                    захиргааны хэргийн тухай

 

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Д.Оюумаа

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Э.Лхагвасүрэн,

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү,

Давж заалдах гомдол гаргасан: хариуцагч нар

Нэхэмжлэгч: А ХХК

Хариуцагч: Татварын ерөнхий газрын дэргэдэх Том татвар төлөгчийн газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Б, Ц.О

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 154 дүгээр

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О\, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагч Ц.Б, Ц.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Еликай

Хэргийн индекс: 128/2025/0016/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч А ХХК-аас Татварын ерөнхий газрын дэргэдэх Том татвар төлөгчийн газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Б, Ц.О нарт холбогдуулан “Татварын ерөнхий газрын дэргэдэх Том татвар төлөгчийн газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Б, Ц.О нарын үйлдсэн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн НӨ-21230000025 дугаар актыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 154 дүгээр шийдвэрээр:

Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.13, 15 дугаар зүйлийн 15.1-д заасныг баримтлан А ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Татварын ерөнхий газрын дэргэдэх Том татвар төлөгчийн газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Б, Ц.О нарын үйлдсэн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн НӨ-21230000025 дугаар актыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга:

            3.1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх маргааныг хянаад: Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.13-т “нөхөн ногдуулалт” гэж энэ хуульд заасны дагуу гүйцэтгэсэн татварын хяналт шалгалтын дүнд үндэслэн татварын албанаас тодорхойлсон татварын дүнг”, 6.1.14-т "нөхөн ногдуулалтын акт" гэж татварын албанаас тодорхойлсон нөхөн ногдуулалт, торгууль, алдангийн дүнг тусгасан татвар төлөгчид хүргүүлэх баримт бичгийг;” ойлгоно гэж, 42 дугаар зүйлийн 42.1-д “Татварын улсын байцаагч энэ хуулийн 16.2, 16.3, 36.1, 37.1, 41.1-д заасан үндэслэлээр нөхөн ногдуулалтын акт, ... үйлдэх...” гэж зааснаар татварын хяналт шалгалтын явцад татвар төлөгч нь татвараас зайлсхийсэн, төлбөл зохих татварын ногдлоо буруу тодорхойлсон зэрэг зөрчил гаргасан нь тогтоогдсон тохиолдолд гаргасан зөрчлийн дүнгээр татварыг нөхөн төлүүлэхээр ногдуулалт хийж, торгууль, алданги, тооцохоор зохицуулсан, ингэхдээ мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “...татварын нөхөн ногдуулалт хийх... хөөн хэлэлцэх хугацаа 4 жил...” гэж заасан хугацааг баримтлах ёстой.

            3.2. Гэтэл татварын улсын байцаагч нараас 2011 онд төлбөл зохих татварын ногдлоо буруу тодорхойлсон зөрчлийг 2023 онд илрүүлж, тус зөрчилд холбогдуулсан 85,153,905.64 төгрөгийн татварыг нөхөн ногдуулсан нь хуулийн дээрх зохицуулалтад нийцэхгүй, татварын нөхөн ногдуулалт хийх хөөн хэлэлцэх хугацааг баримтлаагүй алдаа гаргажээ. Хэдийгээр “А” ХХК-аас дотоодын бараа, үйлчилгээний суутгасан нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг баталгаажуулах хүсэлт гаргаснаар татварын шалган баталгаажуулах ажиллагаа эхэлсэн ч Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т заасан “...татвар төлөгчид гаргасан хүсэлтийнх нь дагуу төлсөн татварыг буцаан олгох...” харилцаа үүсээгүй, маргааны энэ тохиолдолд хэрэглэгдэхгүй гэж үзээд татварын улсын байцаагчийн үйлдсэн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн НӨ-21230000025 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан актыг хүчингүй болгосон.

            3.3. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д “Шийдвэр хууль, ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэснийг зөрчиж Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн холбогдох заалт, журмуудыг зөрчиж хэрэглэх ёстой заалтыг хэрэглээгүй, хуулийг буруу хэрэглэн хууль тогтоомжид нийцээгүй үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

            Нэхэмжлэгч нь Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн НӨ-21230000025 дугаар актыг хүчингүй болгуулахаар маргасан байтал татварын “нөхөн ногдуулалтын акт”-д холбогдох хуулийн зүйл заалт, түүнд хамаарах хугацааг баримтлан шийдвэр гаргасан нь дараахь хуулийн заалтыг зөрчиж байна.

            3.4. Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.15-д "нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт" гэж Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд зааснаар албан татвар суутган төлөгчийн татварын ногдуулалт, төлөлтийг татварын алба хянан, баталгаажуулсан баримт бичгийг;”

            Мөн хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д “Татвар төлөгчийн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хүсэлтийг харьяа татварын алба хүлээн авч, хянаж шалган, баталгаажуулж, саналыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын том татвар төлөгч хариуцсан нэгжид шилжүүлнэ., 45.2.Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын том татвар төлөгч хариуцсан нэгж нь энэ хуулийн 45.1-д заасан саналыг хүлээн авч нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг хянан шалгаж, баталгаажуулсан акт үйлдэнэ.” гэж тус тус заасан байдаг.

            3.5. Татварын ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасан эрхийн хүрээнд тухайн компани Татварын ерөнхий хуулийн 45.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15.1.1-д заасны дагуу “Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах”, илүү төлөлтийг буцаан авах хүсэлтийг гаргасан байтал Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т заасан “...татвар төлөгчид гаргасан хүсэлтийнх нь дагуу төлсөн татварыг буцаан олгох...” харилцаа үүсээгүй гэж байгаа нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан “Албан татварын буцаан олгох” харилцааны зохицуулалтыг үгүйсгэж байна.

            3.6. Татварын ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4-д “Илүү төлсөн татварыг буцаан олгох харилцааг тухайн төрлийн татварын хуулиар нарийвчлан зохицуулж болно.” гэж заасны дагуу Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлд “Албан татварын буцаан олгох” харилцааг зохицуулсан байдаг.

            3.7. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7-д “Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 15.1.2. ...-д зааснаар ирүүлсэн хүсэлт, саналыг хүлээн авснаас хойш ажлын долоон өдөрт багтаан хянаж буцаан олгох татварын хэмжээг тодорхойлж, энэ тухай албан татвар төлөгчид бичгээр буюу цахим хэлбэрээр мэдэгдэж, буцааж олгох албан татварын хэмжээ, өрийн дүн зэргийг хянан баталгаажуулж, албан татвар буцаан олгох саналыг ажлын хоёр өдөрт багтаан санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.” гэж;

            Мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.9-д “Энэ хуулийн 14 дүгээр зүйлд заасан хасалт, 15.1-д заасан буцаан олголтыг хянан баталгаажуулах, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгах журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.” гэж заасны дагуу Сангийн сайдын 2015 оны 12 сарын 14-ний өдрийн 333 дугаар тушаалаар баталсан "Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгах журам"-ын 4 дэх хэсэг, 4,9, 4.9.1-д “Илүү төлөлтөө анх удаа буцаан авах хүсэлт гаргасан албан татвар суутган төлөгчийн бүртгэл, бүртгэгдсэн хугацаа Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэх;” гэж заасныг;

            Мөн Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.13-д “Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга баталж, мөрдүүлнэ.” гэж заасны дагуу Татварын ерөнхий газрын даргын 2023 оны 02 сарын 28-ны өдрийн А/34 дугаар тушаалаар “Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам”-ыг батлан өнөөдрийг хүртэл мөрдөн ажиллаж байна. Энэхүү журмын 2 дахь хэсгийн 2.6-д “Албан татвар суутган төлөгчийн нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар тайлагнасан илүү төлөлтийг буцаан авах, бусад татварын өрөнд суутган тооцуулах хүсэлтэд үндэслэн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хяналт шалгалт хийж, хяналт шалгалтад хамрагдсан хугацааны албан татварын илүү төлөлтийг баталгаажуулан "Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт" үйлдэх, ...” гэж заасныг баримтлан

            Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйл “Татварын хөөн хэлэлцэх хугацаа”-ийн 15.2 “Татвар, алданги, торгуулийн өр төлөх болон энэ хуулийн 12 дугаар бүлэгт заасан татварын өр хураах журам, түүнчлэн татвар төлөгчид гаргасан хүсэлтийнх нь дагуу төлсөн татварыг буцаан олгохтой холбогдсон харилцаанд энэ хуулийн 15.1-д заасан хугацаа хамаарахгүй.” гэж заасны дагуу хяналт шалгалт хийх томилолтод заасан хугацааг хамруулан Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг хянан баталгаажуулах шалгалтыг хийн шийдвэр гаргасан. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.

            2. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            3. Шүүх хариуцагчийн  давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэв. Үүнд:

            3.1.Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “А” ХХК-аас 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн Татварын газарт “... компанийн үйл ажиллагаанд зориулан дотоодоос худалдан авсан бараа, үйлчилгээний худалдан авалтын дүн 2023 оны 05 дугаар сарын байдлаар 84.354.908.91 төгрөг болсон тул илүү төлөлтийн дүнг баталгаажуулах”  хүсэлтийг гаргасны дагуу Нийслэлийн Татварын газрын 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 02/641 дүгээр албан бичгээр нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг хянаж, шалган баталгаажуулах саналыг Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газарт хүргүүлсэн байна.

            3.2. Улмаар Татварын ерөнхий газрын даргын баталсан удирдамж[1], 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 21231003223 дугаар татварын хяналт шалгалт хийх томилолтын[2] дагуу 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, маргаан бүхий 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн НӨ-21230000025 дугаар нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт[3]-аар Татварын ерөнхий хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсгийг үндэслэн 85.153.905.64 төгрөгийн нөхөн татварыг ногдуулж, тайлангийн илүү төлөлтөөс суутган тооцож, “А” ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 31-ний байдлаар төсвөөс буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг 0 төгрөгөөр баталгаажуулж шийдвэрлэснийг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч маргажээ.

3.3. Дээрх татварын хяналт шалгалтаар тус компани нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн холбогдох заалтыг дараах байдлаар зөрчсөн гэж үзжээ.Үүнд:

-Тайлант хугацааны албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээтэй хамааралгүй худалдан авалтыг төсөвт төлөх албан татвараас хасч тооцсон 2011 оны 851.539.056.40 төгрөгийн зөрчил нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Иргэн хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойшхи хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно”, 14.1.1-д “үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн”;

            3.4. Уг нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс гомдол гаргасан байх боловч Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 15 дугаар тогтоолоор[4] Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 он/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, мөн хууль /2015 он/-ийн 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.1.2, Татварын ерөнхий хууль /2008 он/-ийн 18.1, мөн хууль /2019 он/-ийн 15 дугаар зүйлийн 15.2, 45 дугаар зүйлийн 45.1, 45.2-т заасныг тус тус баримтлан татварын улсын байцаагчийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн НӨ-21230000025 дугаар нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан актыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

3.5. “А” ХХК-иас “... ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулахад зориулан худалдан авсан бараанд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх албан татвараас хасч тооцохгүй гэсэн зохицуулалт Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд байхгүй тул зөрчил гаргаагүй, хэрэв зөрчил гэж үзэж байгаа бол Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан хөөн хэлэлцэх 4 жилийн хугацааг баримтлахгүйгээр 12 жилийн дараа нөхөн татвар ногдуулж, хуулийг буруу хэрэглэсэн ...” гэсэн үндэслэлээр “... Татварын ерөнхий газрын дэргэдэх Том татвар төлөгчийн газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагчЦ.Б, Ц.О нарын үйлдсэн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн НӨ-21230000025 дугаар актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн хүрээнд улсын байцаагчийн маргаан бүхий актыг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

            3.6. Гэтэл анхан шатны шүүх “... татварын улсын байцаагч нараас 2011 онд төлбөл зохих татварын ногдлоо буруу тодорхойлсон зөрчлийг 2023 онд илрүүлж, тус зөрчилд холбогдуулан 85,153,905.64 төгрөгийн татварыг нөхөн ногдуулсан нь хуулийн дээрх зохицуулалтад нийцэхгүй, татварын нөхөн ногдуулалт хийх хөөн хэлэлцэх хугацааг баримтлаагүй алдаа гаргажээ, ...  улсын байцаагч нараас нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт үйлдсэн ч тус актаар татварын нөхөн ногдуулалт хийсэн байна, ...  Хэдийгээр “А” ХХК-аас дотоодын бараа, үйлчилгээний суутгасан нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг баталгаажуулах хүсэлт гаргаснаар татварын шалган баталгаажуулах ажиллагаа эхэлсэн ч Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т заасан “... татвар төлөгчид гаргасан хүсэлтийнх нь дагуу төлсөн татварыг буцаан олгох ...” харилцаа үүсээгүй, маргааны энэ тохиолдолд хэрэглэгдэхгүй, ... Иймд татварын улсын байцаагч нарын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн НӨ-21230000025 дугаартай актаар тогтоосон зөрчлийн хугацаа нь Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан 4 жилийн хөөн хэлэлцэх хугацаанд хамаарч байх тул хуулийг буруу хэрэглэж үйлдсэн актыг хүчингүй болгож шийдвэрлэлээ, ...  аль ч тохиолдолд “А” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлангийн ногдол нь 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 85.153.905.64 төгрөгийн илүү төлөлт үүсгэсэн үр дагавар хадгалагдахыг, мөн шүүхийн шийдвэрээр дүгнэгдсэн асуудлаар татгалзах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй ...” гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагад нийцэхгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

            3.7. Учир нь, Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д ““ашигт малтмал хайх” гэж эрдсийн хуримтлалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор газрын гадаргуу, түүний хэвлийд геологи, хайгуулын судалгаа хийж, түүний нөөц, баялгийг ашиглах боломжийг судлан техник, эдийн засгийн үнэлгээ хийх” гэж заажээ.

            3.8. Хуулийн энэхүү заалтын агуулгаас үзэхэд хайгуулын үйл ажиллагаа гэдэг нь нэмүү өртгийг өөртөө шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулахад чиглэгдсэн үйлдвэрлэл, эсхүл хэрэглэгчдэд хүргэх үйлчилгээ биш байна.

            3.9. Нэхэмжлэгч “А” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газраас олгосон 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Хэнтий аймгийн Б сумын БУ нэртэй газарт орших (1322.54 гектар талбай бүхий) ашигт малтмалын ашиглалтын MV-020*** тоот, 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Хэнтий аймгийн Ж, Мөрөн сумдын “Т” нэртэй газарт орших (2792.45 гектар талбай бүхий) MV-0209** тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл мөн Дундговь аймгийн Б, Д, Г сумдын “Эй” нэртэй газар орших XV-0033** тоот хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг эзэмшигч этгээд байна.

            3.10. Харин маргаан бүхий нөхөн ногдуулалтын актад “...  тус компани нь шалгалтад хамрагдах хугацаанд ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа эрхлэн явуулсан, Татварын албаны хөндлөнгийн мэдээллийн санд тус компанитай холбоотой 192 ширхэг 81.818.181.82 төгрөгийн үнийн дүнтэй борлуулалтын 882 ширхэг 153.258.732.27 төгрөгийн үнийн дүнтэй худалдан авалтын нэмэгдсэн өртгийн албан татварын падааны хөндлөнгийн мэдээлэл бүртгэгдсэнийг татварын албанд ирүүлсэн тайлан, санхүүгийн анхан шатны баримтуудтай тулган шалгав ...” гэж, Татварын ерөнхий газрын маргаан таслах зөвлөлийн 15 дугаар тогтоолд “... гомдол гаргагчаас хяналт шалгалтад хамрагдсан хугацаанд ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа болон дүрэмд заасан бусад үйл ажиллагааг явуулсан гэж албан бичгээр ирүүлсэн гомдол болон маргаан таслах зөвлөлийн хуралдаанд тайлбарлах боловч үйл ажиллагаа явуулсныг нотлох баримтыг ирүүлээгүй, ...  дээрх худалдан авалт нь хайгуулын үйл ажиллагаанд зориулж худалдан авсан болох нь тогтоогдсон ...” гэсэн байна.

            3.11. Түүнчлэн нэхэмжлэгч “А” ХХК-аас татварын хяналт шалгалтад хамаарах хугацаанд ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулсан гэх хариуцагчийн маргаан бүхий нөхөн ногдуулалтын үндэслэлтэй холбогдуулан маргаагүй, хариуцагчийн энэ талаарх үндэслэлийг няцаах холбогдох нотлох баримтуудыг шүүхэд гаргаагүй байна.

            3.12. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Экспортод гаргасан дараахь бараа, ажил, үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татварын хувь, хэмжээ тэг хувь /"0"/-тай тэнцүү байна”, 12.1.7-д “экспортод гаргасан уул уурхайн болон ноос, ноолуур, арьс, ширээр хийсэн эцсийн бүтээгдэхүүн”, 13 дугаар зүйлийн 13.1-д “Дараахь барааг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө”, 13.1.16-д “энэ хуулийн 12.1.7-д зааснаас бусад уул уурхайн бүтээгдэхүүн”, 14 дүгээр зүйлийн 14.1-д “Иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойшхи хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно” гэж тус тус заасан.

            3.13. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцох зохицуулалт нь эцсийн хэрэглэгчид хамааралгүй, харин нэмүү өртөг шингээсэн бараа, ажил, үйлчилгээ эрхлэгчид хамааралтай, хайгуулын үйл ажиллагаа эрхлэгч нь тухайн үйл ажиллагаандаа зориулан худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнийхээ хувьд эцсийн хэрэглэгч нь болж байгаа тул нэгэнт төлсөн татварыг буцаан шаардах эрхгүй байна.

            3.14. Хэрэв хайгуулын үйл ажиллагаа эрхлэгч нь үйл ажиллагаагаа цаашид үргэлжлүүлэн ашиглалтын үйл ажиллагаа эрхлэгч болсон бол нэмүү өртөг үүсэх боловч ашиглалтын үйл ажиллагааны үр дүнд гарах уул уурхайн бүтээгдэхүүн нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.16-д заасан “уул уурхайн бүтээгдэхүүн” учир татвараас чөлөөлөгдөх, нөгөө талаар мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.7-д зааснаар татваргүй байх тул хасалт хийгдэхгүй.

            3.15. “А” ХХК  ашигт малтмалын хайгуулынхаа үр дүнг үнэлэн ашиглалт хийсэн талаарх холбогдох баримтуудыг татварын хяналт шалгалтын явцад болон шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгөөгүй тохиолдолд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх заалтыг хэрэгжүүлэх боломжгүй байх тул хайгуулын үйл ажиллагааны зорилгоор худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2-ийн дагуу хасалт хийх үндэслэлгүй.

            3.16. Энэ тохиолдолд хайгуулын үйл ажиллагаа нь нэмэгдсэн өртгийн албан татвар тооцох бараа, ажил үйлчилгээ биш учраас татвараас чөлөөлөх, хасалт, буцаалт хийх ойлголт үйлчлэхгүй.

            3.17. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.5-д Улсын дээд шүүх хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зорилгоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг дараах тохиолдолд хяналтын журмаар хянан шийдвэрлэх:”, 25.7.5-ын “б”-д “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн” гэж заасан.

3.18. Тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хайгуулын үйл ажиллагааг явуулдаг, үйл ажиллагааныхаа үр дүнд нэмүү өртөг шингэсэн татвар ногдох барааг борлуулаагүй, ийм ажил үйлчилгээ эрхлээгүй хайгуулын үйл ажиллагаандаа зориулан худалдан авсан бараа, ажил үйлчилгээний хувьд эцсийн хэрэглэгч Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу буцаан шаардах эрхгүй, энэ талаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн  001/ХТ2018/0328 дугаар тогтоолд хуулийн тус зүйл, заалтыг тайлбарласан байх тул анхан шатны шүүхээс Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 он/ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.

3.19. Түүнчлэн хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч компанийн 2009-2011 оныг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 263467 дугаар улсын байцаагчийн актаар ногдуулсан нөхөн татвар 80.393.100.00 төгрөгийг, 2011-2015 оныг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 260011238 дугаар улсын байцаагчийн актаар нөхөн татвар 1.077.500.0 төгрөгийг нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн илүү үлдэгдлээс суутган тооцсон байна.

3.20. Татварын ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д “Татвар төлөгчийн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хүсэлтийг харьяа татварын алба хүлээн авч, хянаж шалган, баталгаажуулж, саналыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын том татвар төлөгч хариуцсан нэгжид шилжүүлнэ”, 45.2-т “Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын том татвар төлөгч хариуцсан нэгж нь энэ хуулийн 45.1-д заасан саналыг хүлээн авч нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг хянан шалгаж, баталгаажуулсан акт үйлдэнэ”, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Албан татвар суутган төлөгчийн илүү төлсөн албан татварыг дараах журмаар буцаан олгоно”, 15.1.2-т “харьяалах татварын алба энэ хуулийн 15.1.1-д заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдөрт багтаан хянан шалгаж, баталгаажуулахаар албан татварыг буцаан олгуулах саналын хамт татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ”, 15.8-д “Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 15.1.2, 15.4, 15.7, 15.18-д зааснаар ирүүлсэн хүсэлт, саналыг хүлээн авснаас хойш ажлын долоон өдөрт багтаан хянаж буцаан олгох татварын хэмжээг тодорхойлж, энэ тухай албан татвар төлөгчид бичгээр буюу цахим хэлбэрээр мэдэгдэж, буцааж олгох албан татварын хэмжээ, өрийн дүн зэргийг хянан баталгаажуулж, албан татвар буцаан олгох саналыг ажлын хоёр өдөрт багтаан санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ” гэж тус тус заасан.

3.21. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд татвар төлөгчөөс харьяа татварын албанд хандан илүү төлсөн албан татвараа буцаан авахаар хүсэлт гаргах, харьяа татварын алба хүлээн авч, хянаж шалган, баталгаажуулж, саналыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын том татвар төлөгч хариуцсан нэгжид хүргүүлж, хариуцсан нэгж нь хүсэлт, саналыг хүлээн авч буцаан олгох татварын хэмжээг тодорхойлон, хянан баталгаажуулж, албан татварыг буцаан олгох саналыг Сангийн яаманд хүргүүлэхээр хуульчлан тогтоосны дагуу нэхэмжлэгч компаниас гаргасан нэмэгдсэн өртгийн албан татварт илүү төлсөн албан татвараа буцаан авах хүсэлтийг гаргасны дагуу хяналт шалгалтыг хийж маргаан бүхий нөхөн ногдуулалтын актын гаргасныг буруутгах үндэслэлгүй байх бөгөөд нэхэмжлэгчийн “... өмнө нь хоёр удаа хяналт шалгалт хийсэн байтал давхардуулан дахин хяналт шалгалт хийсэн” гэх агуулга бүхий тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй

            Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “А” ХХК-ийн “...Татварын ерөнхий газрын дэргэдэх Том татвар төлөгчийн газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Б, Ц.О нарын үйлдсэн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн НӨ-21230000025 дугаар актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 154 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны / хуулийн  14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-аас Татварын ерөнхий газрын дэргэдэх Том татвар төлөгчийн газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагчЦ.Б, Ц.О нарт холбогдуулан гаргасан “...Татварын ерөнхий газрын дэргэдэх Том татвар төлөгчийн газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Б, Ц.О нарын үйлдсэн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн НӨ-21230000025 дугаар актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

   ШҮҮГЧ                                                                    Д.ОЮУМАА

   ШҮҮГЧ                                                                   Э.ЛХАГВАСҮРЭН

                           ШҮҮГЧ                                                                   Н.ХОНИНХҮҮ

 

 

[1] Хэргийн 41 дэх тал

[2] Хэргийн 37 дахь тал

[3] Хэргийн 45-47 дахь талууд

[4] Хэргийн 14-19 дэх талууд