Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 124/ШШ/2022/0001

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС    

      Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

        Гомдол гаргагч: Д.С-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч,Увс аймгийн Улаангом сумын 3-р багт оршин суух, М.С

             Хариуцагч: Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Б   холбогдуулан гаргасан,

           Татварын улсын байцаагч Г.Б-ын2021 оны 06 сарын 08-ны өдрийн 0176491 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдол бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч Д.С, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, хариуцагч татварын улсын байцаагч Г.Батсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

           1. Гомдол гаргагч Д.С-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С нь тус шүүхэд Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Батсүхэд  холбогдуулан “улсын байцаагчийн 2021 оны 06 сарын 08-ны өдрийн 0176491 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” гомдлыг гаргасан байна.

        2. Хариуцагч татварын улсын байцаагч Г.Батсүх 2021 оны 06 сарын 08-ны өдрийн 0176491 дугаар шийтгэлийн хуудсаар орон нутгийн сонгуульд нэр дэвшсэн нэр дэвшигч Д.С нь сонгуулийн зардлын дансны дугаар,банкны нэрийг Увс аймаг дахь Төрийн аудитын газарт бүртгүүлээгүй зөрчил гаргасан гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт зааснаар 10.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

          3. Гомдол гаргагч Д.С өмнө нь шүүхэд гомдол гаргах хугацааг сэргээлгэх тухай хүсэлт гаргасныг Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 сарын 10-ны өдрийн 243 дугаар захирамжаар хугацааг сэргээж шийдвэрлэн шүүх хуралдаанаар гомдлыг хэлэлцээд Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 сарын 22-ны өдрийн 393 дугаар захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь хэсэгт заасны дагуу гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ. Үүний дараа гомдол гаргагчаас гомдлыг хүлээн авахаас татгалзсан нөхцөлийг арилган хуульд нийцсэн итгэмжлэлийн үндсэн дээр гомдлыг дахин 2021 оны 12 сарын 01-ний өдөр гаргасан байна.Иймд Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.15, 33.16 дахь хэсгүүдэд зааснаар хуульд заасан хугацааны дотор шүүхэд гомдлыг гаргасан гэж үзэв.

        4. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С анх шүүхэд гаргасан  гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Увс аймаг дахь Төрийн аудитын газар нь сонгуульд нэр дэвшигч Д.С нь сонгуулийн зардлын дансны дугаар,банкны нэрийн мэдээллийг Увс аймаг дахь Төрийн аудитын газарт хүргүүлээгүй гэж үзсэн.Аудитын газар сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актыг гаргахын өмнө сонсох ажиллагаа явуулж, хууль ёсны эрх ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээд болох төлөөлүүлэгчийн оролцооны эрхийг хангаагүй.Суманд төрийн аудитын салбар байхгүй тул зардлын дансны дугаар,нэрийн мэдээллийг аймгийн намд холбогдох бичгийн хамт хуулийн хугацаанд нь хүргүүлсэн.Иргэн байж төр байх ёстой гэж үзэж байна. Иргэнд ээлтэй төр байх ёстой. Иргэнд ээлтэй байдлаар шүүхийн шийдвэр гаргах байх гэдэгт итгэж байна. Хуульд зааснаар Д.С сонгуулийн зардлын дансаа нээлгэсэн ба сонгуулийн зардлын дансыг зөв зохистой ашигласан эсэхэд Увс аймаг дахь Төрийн аудитын газар хяналт шалгалт хийх ёстой байсан. Д.С хувийн аудитын газраар дүгнэлт хийлгэж төрийн аудитын газар өгсөн зүйл байгаа учир түүнд үндэслэн асуудлыг шийдвэрлэх боломжтой байсан. Ардчилсан намын зүгээс нэр дэвшигч нарын зардлын тайланг хэд хэдэн удаа Увс аймаг дахь Төрийн аудитын газар хүргэж өгсөн боловч 2020 оны 9 дүгээр сарын 25-нд өгөх ёстой байтал 2020 оны 9 дүгээр сарын 29-нд өгсөн гэдэг асуудлаас болж нэр дэвшигч нарын сонгуулийн зардлыг тайланг хүлээн аваагүй байсан.Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэж гомдлын үндэслэлээ тодорхойлжээ.

       5. Шүүх хуралдаанд гомдол гаргагч Д.С оролцсон бөгөөд шүүхэд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан гаргасан гомдлоо дэмжиж “...Би 69 настай. Орон нутгийн сонгуульд нэр дэвшихдээ Увс аймгийн Түргэн сумаас 5 удаа сонгогдож байсан. Намаас нэр дэвшиж ялах үедээ ялж, ялагдах үедээ ялагдаж байсан. 2020 онд намайг намаас нэр дэвших үү гэхээр нь нас өндөр болсон учир нэр дэвшихгүй гэж хэлтэл Увс аймгийн Түргэн сумын Баянхайрхан багт 2 суудал хоосон байгаа тул та нэр дэвшчих гэж хэлсэн. Ялбал ялаад, ялагдвал ялагдах байх гэж бодоод нэр дэвшсэн. Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Б-ын зүгээс 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 0176491 дугаар бүхий шийтгэлийн хуудсаар намайг 10.000.000 төгрөг төлж барагдуулахаар шийтгэлийн хуудас бичсэн. Би тухайн шийтгэлийг хуудсыг хүлээн зөвшөөрөхгүй ба их гомдолтой байна. 10.000.000 төгрөгийг төлж барагдуулахаас илүү өнөөдөр маргаашийг аргацааж амьдарч байна. Ардчилсан намын зүгээс хуулийн хугацаандаа сонгуулийн зардлын тайланг явуулаагүй учир намдаа гомдолтой байна. 10.000.000 төгрөг бол миний 3 жилийн тэтгэврийн мөнгө юм. Энэ асуудлыг яагаад Өршөөлийн тухай хуулиар оруулж болоогүй юм бэ, сонгуулийн зардлын тайланг хуулийн хугацаандаа өгөөгүйгээс болж нэр дэвшигчид улс оронд 1 төгрөгийн ч хохирол учруулаагүй. Би анх удаа шүүх хуралд орж үзэж байна. Энэ асуудлаас болж олон хүн хэцүү байдалд орж байгаа учир зарим нэгэн нь амиа хорлох шинжтэй байна. Гэмт хэрэг хийсэн хүн Өршөөлийн тухай хуулиар өршөөгдөж байхад сонгуульд нэр дэвшигчид хуульд заасан хугацаанд сонгуулийн зардлын тайланг өгөөгүй гэдэг үндэслэлээр 10.000.000 төгрөгөөр торгож байгаад гомдолтой байна.Ардчилсан нийгэмд иргэдэд энэрэнгүй төр гэж байх ёстой.10.000.000 төгрөгийг төлөх чадвар байхгүй учир биечлэн эдлүүлэх боломж байвал шийтгэлийг биеэр эдлүүлж өгнө үү...” гэх тайлбар гаргав.

         6. Хариуцагч татварын улсын байцаагч Г.Батсүх шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.С нь 2020 онд Увс аймгийн ИТХ-н сонгуульд Түргэн сумын 3-р тойрогт АН-аас нэр дэвшсэн бөгөөд Увс аймаг дахь Төрийн аудитын газрын 2021.01.14-ний өдрийн 18 тоот албан бичгээр орон нутгийн сонгуульд нэр дэвшигч нар Аймаг,нийслэл,сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийг зөрчсөн талаар мэдээллийг харьяаллын дагуу шалгуулахаар Татварын албанд ирүүлсэн. Дээрх мэдээллийн дагуу Д.С-т холбогдуулан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулахад тэрээр зардлын данс нээлгэсэн боловч уг данс,банкны нэрийг Увс аймаг дахь Төрийн аудитын газарт мэдэгдэж бүртгүүлээгүй буюу Аймаг,нийслэл,сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг зөрчсөн болох нь тогтоогдсон.Иймд Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д зааснаар 10 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. Гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү..” гэв.

      Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

         7. Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед гаргасан гомдол гаргагч,итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлэн дүгнээд гомдлын шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

        8. Иргэн Д.С нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан  Увс аймгийн татварын улсын байцаагч Г.Б-ын 2021 оны 06 сарын 08-ны өдрийн 0176491 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлыг  шүүхэд гаргасан бөгөөд шүүх хуралдаанд гомдлоо дэмжиж оролцсон болно.

       9. Гомдол гаргагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “ Сонгуулийн зардлын дансны дугаар,банкны нэрийг Төрийн аудитын газарт өгөх ёстой талаар мэдээгүй бөгөөд намаас ямар ч сургалт ороогүй, дансны дугаарыг сумынхаа намд өгсөн, улсад хохирол учруулаагүй тул өндөр хэмжээний торгуулийг хүлээн зөвшөөрөхгүй, энэрэнгүй байх зарчмыг баримтал шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгөх,төрийн аудитын газар сонсох ажиллагаа явуулаагүй” тухай тайлбар гарган маргаж байна.

        10. Хариуцагч улсын байцаагчаас “Д.С нь сонгуулийн зардлын дансны дугаар,банкны нэрийг заасан хугацаанд Увс аймаг дахь Төрийн аудитын газарт мэдэгдэх, хүргүүлэх үүргээ биелүүлээгүй болох нь нийцлийн аудитын тайлангаар тогтоогдож байх тул Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл ногдуулсан” гэсэн тайлбар гаргав.

        11. Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Б-ын үйлдсэн  2021 оны 06 сарын 08-ны өдрийн 0176491 дугаар шийтгэлийн хуудсаар  иргэн Д.С-ыг   Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д заасан “сонгуулийн зардлын дансны дугаар,банкны нэрийг Увс аймаг дахь Төрийн аудитын газарт мэдэгдэж,бүртгүүлээгүй болох нь холбогдогч,гэрчийн мэдүүлэг,бусад нотлох баримтаар тогтоогдсон гэж үзэн 10.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

       12. Д.С-т холбогдох зөрчлийн хэрэгт Увс аймгийн Түргэн сумын ардчилсан намын дэд дарга Ж.О-ийн “Би манай сумын ИТХ-д Ардчилсан намаас нэр дэвшсэн нэр дэвшигч нарын овог нэр,дансны дугаар,утас зэргийг жагсааж бичиж 2020 оны 9 сарын 27,29-ний өдөр Хэрэг эрхлэх газрын дарга Г.Б-ийн фэйсбүүк хаягаар өгсөн. Би аймгийн Ардчилсан намын хэрэг эрхлэх газарт өгсөн болохоор аймгийн намаас бүртгүүлэх байх гэж бодсон” гэх мэдүүлэг,Ж.О-ээс Г.Б-ийн фэйсбүүк хаягаар явуулсан гэх нэр дэвшигчдийн дансны дугаар, холбогдогчийн мэдүүлэг,Д.С-ын сонгуулийн зардлын дансны дэлгэрэнгүй хуулга,Увс аймаг дахь Төрийн аудитын газрын 2021.01.14-ний өдрийн 18 дугаартай “Нийцлийн аудитын тайлан хүргүүлэх тухай” албан бичгийн хуулбар,нийцлийн аудитын тайлангийн зөвлөмж хэсгийн хуулбар,нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт бүхий хуулбар, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, 0176491 дугаар шийтгэлийн хуудас зэрэг баримтууд авагдсан байна.

        13. Орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг сонгох 2020 оны ээлжит сонгууль 2020 оны 10 сарын 15-ны өдөр зохион байгуулагдсан ба Увс аймаг дахь Төрийн аудитын газраас хийсэн нийцлийн аудитын тайланд сонгуулийн зардлын дансны дугаар,банкны нэрийг 389 нэр дэвшигч ирүүлээгүй тухай дурдаж, хавсралтаар нэрсийг нь гаргасны 282 дугаарт Д.С гэсэн нэр бичигджээ. Мөн Увс аймгийн Ардчилсан намын хорооны хэрэг эрхлэх газрын 2020 оны 09 сарын 29-ний өдрийн 30 дугаартай албан бичгээр сумуудаас нэр дэвшсэн нэр дэвшигч нарын зардлын дансны талаарх мэдээллийг хүргүүлэх албан бичгийн хавсралтад Түргэн суманд нэр дэвшигчдийн дансны мэдээлэл багтсан, гэрч П.Э-ын “ 30 дугаартай албан бичгийг аудитын газрын Намжил гэж хүнд өгөхөөр уулзахад хугацаа хэтэрсэн байна.Хүлээж авах боломжгүй гэж хэлсэн учир би албан бичгүүдээ буцааж Г.Б даргад хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг,гэрч Т.Н-ын “ Увс аймгийн Ардчилсан намаас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшсэн болон Улаангом сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшсэн иргэдийн дансны мэдээллийг 2020 оны 09 сарын 25-ны өдөр ирүүлснийг аудитын газар хүлээн авч бүртгэсэн.Харин бусад сумын материалыг 2020 оны 09 сарын 25-ны өдрийн дотор ирүүлээгүй...” гэх мэдүүлэг, гэрч Ж.Оюундэлгэрийн “Би манай сумын ИТХ-д Ардчилсан намаас нэр дэвшсэн нэр дэвшигч нарын овог нэр,дансны дугаар,утас зэргийг жагсааж бичиж 2020 оны 9 сарын 27,29-ний өдөр Хэрэг эрхлэх газрын дарга Г.Б-нийн фэйсбүүк хаягаар өгсөн” гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар орон нутгийн сонгуульд нэр дэвшсэн Д.С нь дансны дугаар,банкны нэрийг хуульд заасан хугацааны дотор Увс аймаг дахь Төрийн аудитын газарт мэдэгдэж,хүргүүлээгүй болох нь тогтоогджээ.

         14. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулийн 8-р бүлэгт сонгуулийн зардалтай холбогдох харилцааг зохицуулж, уг хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д “Нам, эвсэл болон нэр дэвшигч нь сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад мэдэгдэж,бүртгүүлэх үүрэгтэй” гэж нэр дэвшигч нарт үүрэг хүлээлгэсэн байна.Өөрөөр хэлбэл нэр дэвшигч нарын дансны дугаар,банкны нэрийг аймгийн Ардчилсан намын хорооны хэрэг эрхлэх газарт хүргүүлснийг Төрийн аудитын орон нутгийн салбар байгууллагад хүргүүлсэн гэж үзэхгүй юм.

        15. Энэхүү зохицуулалт зөрчигдөхөөс сэргийлж, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д “Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ.

           16. Гомдол гаргагч Д.С нь Орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг сонгох 2020 оны ээлжит сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж Түргэн сумын 1-р багт өрсөлдсөн талаарх үйл баримтад маргаангүй болно.

         17. Зөрчлийн хэргийн холбогдогч Д.С сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг Увс аймаг дахь Төрийн аудитын газарт мэдэгдэж,хүргүүлээгүй нь Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжийг хангаж байх тул зөрчил гаргасан гэж үзэж,татварын улсын байцаагчийн 2021 оны 06 сарын 08-ны өдрийн 0176491 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д зааснаар 10,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй байна.

        18. Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2-т “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна”, 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ”, 2-т “Хүн, хуулийн этгээд нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно” гэж зааснаар  материаллаг хууль тогтоомжоор тогтоосон тодорхой үүргээ биелүүлэх боломжтой байсан ч биелүүлээгүйг зөрчил гэж үзэж, хариуцлага тооцох нь мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д заасан “... шударга ёсыг тогтоох ...” зарчимтай нийцэх юм.

        19. Өөрөөр хэлбэл гомдол, тайлбарт гаргасан “сонгуулийн талаарх хууль тогтоомжийн талаар буюу сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг Төрийн аудитын байгууллагад өгөх ёстойг мэдээгүй, холбогдох байгууллага, намаас ямар нэг зөвлөмж, чиглэл ирүүлээгүй, улсад бодит хохирол учруулаагүй, торгуулийг төлөх боломжгүй, төрийн аудитын газраас сонсох ажиллагааг явуулаагүй” гэсэн үндэслэлээр нэр дэвшигч нь хуульд заасан үүрэг, хариуцлагаас чөлөөлөгдөхгүй.

         20. Түүнчлэн Увс аймаг дахь Төрийн аудитын газрын нийцлийн аудитын тайлан дахь “сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг мэдэгдэж, хүргүүлээгүй” талаарх дүгнэлт нь үйл баримтын мэдээллийг агуулсан, зөрчлийн хэргийн нотлох баримтаар үнэлэгдсэн тул итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “төрийн аудитын газар сонгуулийн хуулийг зөрчсөн гэж үзэхдээ мэдэгдэх,сонсох ажиллагаа явуулаагүй” гэх итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шаардлагын үндэслэлийг хүлээн авах боломжгүй болно.

         21. Иймд Д.С-ын гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

        22. Гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй.

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Д.С-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан “Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Б-ын2021 оны 06 сарын 08-ны өдрийн 0176491 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

         2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар гомдол гаргагч талаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.АЛТАНЦЭЦЭГ