Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намсрайн Нарангэрэл |
Хэргийн индекс | 182/2019/01352/и |
Дугаар | 182/ШШ2019/01957 |
Огноо | 2019-11-06 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 182/ШШ2019/01957
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарангэрэл даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: дүүрэг дугаар хороо, гудамж, тоот хаягт оршин суух, /регистрийн дугаар /, овогт Г.Бын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: дүүрэг, хороо, хаягт байрлах, Г ХХК /регистрийн дугаар /-нд холбогдох
Гүйцэтгэх захирлын орлогчийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 305 тоот тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Б, түүний өмгөөлөгч Ж.Б, О.Х, хариуцагчийн төлөөлөгч Б.Г, түүний өмгөөлөгч Б.Э, гэрч М.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маргад-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Г.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Г ХХК-ийн хамтын ажиллагааны хэлтэст менежерээр анх ажилд орж, улмаар 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр албанд захирлын албан тушаалд томилогдон ажиллаж 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан. 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр тус банкны дотоод аудитын газраас шалгалт оруулж, тус дүгнэлтээр Г.Б нь хамаарал бүхий этгээдтэй сонирхлын зөрчлөө илэрхийлээгүй, нуун дарагдуулж гэрээ байгуулсан, арга хэмжээний бүртгэлийг бодит бусаар хийн тайлан мэдээг буруу мэдээлсэн зэрэг нь Гны Засаглалын кодексын Ёс зүйн кодын 11.Сонирхлын зөрчлөөс зайлсхийхгүй”, “1.Харилцах итгэлцэлд үндэслэсэн харилцааны заалтуудыг, Хөдөлмөрийн дотоод журмын 2.18.3-т Мөнгө эд хөрөнгө хариуцсан ажилтан банкны итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан гэх заалт болон Зохистой хэрэглээний журмын 2.2.2 дахь заалтуудыг зөрчсөн тул ажлаас халах санал гаргасан. Улмаар дээрх дотоод аудитын дүгнэлтийг үндэслэн Гны гүйцэтгэх захирлын орлогчийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 305 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн. 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ажил хүлээлцсэн. Ажил олгогч ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг үндэслэн боловч ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болохоор зохицуулсан. Гэтэл Г дээрх хууль зүйн үндэслэлээс алиныг нь баримталсан нь тодорхойгүй. Тус тушаалд “мөнгө хариуцсан ажилтан нь банкны итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан” гэж дурджээ. Гэтэл - хэлтсийн захирлын албан тушаал нь хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод мөнгө хариуцах ажил үүрэг байхгүй. Түүний ажлын зорилго, чиг үүрэг нь тай холбоотой бодлого журам боловсруулах, холбогдох арга хэмжээг авах, идэвхжүүлэх ажил юм. 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 13/26 дугаар Дотоод аудитын газрын илтгэх хуудас нь ямар зөрчил илрүүлсэн, илэрсэн зөрчил нь анхан шатны баримттай эсэх нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл ажлаас халах ямар нэгэн шалтаг гаргахын тулд дотоод аудитын газраас шалгалт хийлгэж, зөрчил илрүүлсэн мэт харагдаж байна. Иймд Г ХХК-ийн гүйцэтгэх захирлын орлогчийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 305 дугаар тушаалыг хүчингүй болгож урьд эрхэлж байсан Г ХХК-ийн - хэлтсийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулан нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж, сангийн хуримтлал 6,000,000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын олгогдоогүй цалин 3,200,000 төгрөг нийт 9,200,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Г ХХК шүүхэд болон төлөөлөгч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Г.Б нь Хөдөлмөрийн тухай хуулийн Хөдөлмөрийн харилцааг ажил олгогчийн санаачлагаар цуцлах тухай 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлүүдийг аль алийг нь зөрчсөн. Банкны зүгээс Банкны газрын захирал Г.Бд банк харилцагч хоорондын харилцааг нягтруулах зорилго бүхий ажлыг зохион байгуулахыг хариуцуулан, итгэл хүлээлгэж, түүний дансанд мөнгө шилжүүлэн захиран зарцуулах эрхийг олгосон байсан. Гны Дотоод аудитын газрын шалгалт нь ээлжит хуваарьт шалгалт байсан бөгөөд шалгалтын дүнг гаргаж илтгэх хуудас бичин Г.Бд танилцуулсан, зөвхөн Г.Бд зөрчил илрүүлэхээр хийгдсэн шалгалт биш юм. Мөнгө болон эд хөрөнгө, үнэт зүйл гардаж хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл хийсэн нь тогтоогдсон. Хөдөлмөрийн хуулийн агуулгаар мөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл гаргасан гэдгийг тогтоохдоо тухайн байгууллагын дотоод аудитын газраас шалгаж тогтоосон байх шаардлагын дагуу илтгэх хуудас гарсан. Дотоод аудитын газрын илтгэх хуудсаар 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан үйлчилгээ үзүүлэх гэрээг хэлтсийн захирал Г.Б нь бие даан байгуулсан. Бие даан байгуулсан үйлдэл нь худалдан авалтын үйл ажиллагааг зөрчсөн гэж үзсэн. Худалдан авалтын үйл ажиллагааны журмын 3.3.1 дэх хэсэгт зааснаар гэрээ байгуулагч шийдвэр гаргах эрхийг зөрчсөн байна гэдэг үндэслэлтэй. Г.Б нь тухайн үед гэрээ байгуулах эрх үүргийн талаар мэдээ заавар байгаагүй учир арга хэмжээг зохион байгуулж эхлэхдээ гэрээ байгуулаагүй, буюу нөхөж байгуулсан гэсэн тайлбарыг Дотоод аудитын газарт өгсөн байдаг. Мөн Г ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны тушаалаар батлагдсан Зохистой хэрэглээний журмын 2.1.8, 2.2.2, 2.2.1 дахь хэсэгт заасан банкны сүлжээнд бүх компьютерт рэмөүтээр болон шууд хандах эрх олгохгүй гэснийг зөрчсөн. Мэдээллийн ажилтныг шууд болон шууд бусаар өөр ажилтанд өөрийн хандалтын эрх үүргээ дамжуулахыг хориглох ба хэрэглэгч өөр ажилтны нэр нууц үгийг ашиглахыг хориглоно. Энэ нь хөдөлмөрийн гэрээний 4.2.12 дахь хэсэгт заасан ажилтан өөр ажилтны өмнөөс цагийн бүртгэлийг бүртгүүлэх, санаатай худал бүртгүүлэх бүртгэх гэдэгтэй уялдаж байгаа юм. Г.Б ажилдаа ирээгүй байж өөрийн хэлтсийн менежер Т.Энх-Амгалангаар бүртгэл хийлгүүлсэн. Г.Б өөрөө би рэмөүтээр орж бүртгүүлсэн гэдэг боловч энэ эрхийг хэн өгсөн нь тодорхойгүй. Мөн илтгэх хуудасны мөнгө хариуцсан ажилтан банкны итгэлийг алдсан үйлдэл гаргасан. Дэлхийн санхүүгийн музейд зохион байгуулагдсан арга хэмжээний бүртгэлээс арга хэмжээнд зарцуулсан архины тоо, арга хэмжээ зохион байгуулагдсан цаг, оролцсон харилцагчидтай уялдаагүй буюу их хэмжээгээр зарцуулагдсан. Гэрч Ж.Хишигжаргал “Уялдаагүй зарцуулсан гэдгээ тайлбарлана уу” гэхэд 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 1130-1530 хооронд хөрөнгө оруулалтын боломж арга хэмжээг зохиогоод 14 харилцагч орсон гэдэг. Энэ арга хэмжээнд өдрийн цагаар харилцагч 8 шил виски, 10 шил вино хэрэглэсэн байгаа юм. Монголын нууц товчоо арга хэмжээг 21 удаа зохион байгуулахад нийт 346 вип харилцагчид оролцсон. Харилцагчийн бүртгэлийг бүртгэх талаар дүрэм журам байхгүй гэж хэлсэн. Харилцагчийн нэрсийн бүртгэлийг тулгахад 78 харилцагч нь уран зургийн үзэсгэлэнг 2-5 удаа үзсэн тэмдэглэл хийгдсэн буюу харилцагчийн нэр давтагдсан гэж дүгнэлт хийсэн” гэж мэдүүлсэн. Харин Г.Б эд хөрөнгө хариуцсан ажилтан мөн эсэх тухайд тайлбарлахад Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5 дахь хэсэгт заасан мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан гэдэгт ажил олгогчийн мэдлийн өмч хөрөнгийг бүртгэн авч, бүрэн бүтэн байдлыг хангах, хадгалах хамгаалах, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр бусдад шилжүүлэх үүрэг хүлээсэн хариуцагч байхаас гадна тодорхой зориулалт чиглэлээр эд хөрөнгө эзэмших ашиглах захиран зарцуулах эрх мэдлийг өмчлөгчөөс шилжүүлэн авсан удирдах албан тушаалтныг ойлгоно гэж заасан. Г.Б нь хэлтсийн захирал буюу удирдах албан тушаалтан бөгөөд Монголын нууц товчоо, Уран зургийн үзэсгэлэн арга хэмжээг зохион байгуулах эрх нь Г.Бд өөрт нь байсан. Тиймээс архи вино, бэлэг сэлт, Скай ресорт ХХК-ийн сургалтын төлбөр зэргийг захиран зарцуулах эрхийг өмчлөгчийн зөвшөөрлөөр буюу баталсан төсвийн хүрээнд захиран зарцуулж байгаа удирдах албан тушаалтан юм. Энэ зарцуулалт нь бодит байдалд нийцэхгүй байна гэж дотоод аудитын газрын шалгаж тогтоож байгаа үйл баримт юм. Г.Б дансаар орж ирсэн мөнгийг хувийн хэрэгцээндээ зарцуулж зээлээ төлөх, гар утасны төлбөр төлөх зэргээр ашигласан болох нь түүний дансны хуулгаар тогтоогдсон байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүхийн хэлэлцүүлэг болон зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Г.Б хариуцагч Г ХХК-д холбогдуулан Гүйцэтгэх захирлын орлогчийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 305 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сангийн хуримтлал 6,000,000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын олгогдоогүй цалин 3,200,000 төгрөг нийт 9,200,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.
Хариуцагч Г ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “Г.Б нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан нь тогтоогдсон” гэж маргаж байна.
Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.1.3 дах заалтыг үндэслэн Г ХХК-ийн - хэлтсийн захирал Г.Б хамаарал бүхий этгээдтэй сонирхлын зөрчлөө илэрхийлэлгүй, нуун дарагдуулж гэрээ байгуулсан, арга хэмжээний бүртгэлийг бодит бусаар хийн тайлан мэдээг буруу мэдээлсэн зэргээр Гны Засаглалын кодексын Ёс зүйн кодын 11.Сонирхлын зөрчлөөс зайлсхийхүй, Харилцах итгэлцэлд үндэслэсэн харилцаа заалтуудыг, Хөдөлмөрийн дотоод журмын 2.18.3.Мөнгө хариуцсан ажилтан нь банкны итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан, Зохистой хэрэглээний журмын 2.2.2 дахь заалтыг тус тус зөрчсөн нь Дотоод аудитын газрын 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 13/26 дугаар Илтгэх хуудсаар тогтоогдсон байх тул Г.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан болох нь Г ХХК-ийн гүйцэтгэх захирлын орлогчийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 305 тоот тушаал, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Ажилтан Г.Б нь Г ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Г ХХК-ийн албаны захирлаар томилогдон, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байжээ.
Г ХХК-ийн Дотоод аудитын газар нь Суваг удирдлагын газрын үйл ажиллагаанд шалгалт хийж, “Монголын нууц товчоо уран зургийн үзэсгэлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн гэрээг байгуулахдаа Худалдан авалтын үйл ажиллагааны журмын 3.3.1 дэх хэсэгт заасан гэрээ байгуулах эрхийн матрицыг зөрчиж, холбогдох эрх бүхий ажилтны зөвшөөрөлгүй байгуулсан. Монголын нууц товчоо уран зургийн үзэсгэлэнгийн арга хэмжээнд оролцсон харилцагчдын тоог бодит байдлаас зөрүүтэй бүртгэж, улмаар арга хэмжээтэй холбоотой бүртгэл тайланг буруу мэдээлэлж, зардлыг бодит бусаар нэмэгдүүлсэн нь Хөдөлмөрийн дотоод журмын 2.18.3 дах заалтыг зөрчсөн банкны итгэл алдсан үйлдэл байна. Уран зургийн үзэсгэлэнгийн арга хэмжээ зохион байгуулагч Б.Эрдэнэбилэгтэй холбоо хамааралтай болох нь данс хоорондын төлбөр тооцоо, санхүүгийн гүйлгээгээр нотлогдсон ба захирал Г.Б, менежер Т.Энх-Амгалан нар хувийн зээлийн үйлчилгээ авдаг Банк бус санхүүгийн байгууллагын ажилтан Б.Эрдэнэбилэгтэй уран зургийн үзэсгэлэнгийн арга хэмжээ зохион байгуулах гэрээ байгуулж, улмаар харилцагчтай хувийн санхүүгийн төлбөр тооцоо гүйцэтгэн, мөнгөн төлбөр хүлээн авсан байгаа нь Гны Засаглалын кодексын Ёс зүйн кодыг зөрчсөн байна. Хэлтсийн захирал Г.Б нь хэлтсийн зохион байгуулж буй арга хэмжээтэй холбоотой банкны урьдчилгаа данснаас олгосон төсвийн тодорхой хэсгийг хувийн хэрэгцээнд зарцуулсан. Хэлтсийн захирал Г.Б, менежер Т.Энх-Амгалан нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа ажлын цагаас хожимдон, ирцийн бүртгэлийг бусад хүнээр бүртгүүлсэн зэрэг нь Хөдөлмөрийн дотоод журмын 4.5 дах заалт болох “албан үүргээ гүйцэтгээгүй” гэж үзэх үндэслэл төдийгүй Гны Засаглалын кодексын Ёс зүйн кодын Харилцах итгэлцэлд үндэслэсэн харилцаа заалтыг зөрчиж албан үүргээ гүйцэтгээгүй хугацааны ирцийн бүртгэлийг хийлгэж банкийг хууран мэхлэх үйлдэл гаргасан” гэж дүгнэж, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах /хх-ийн 44-49 тал/ санал хүргүүлжээ.
Ажил олгогч ажилтны хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.9.Мөнгө болон эд хөрөнгө, үнэт зүйл гардан хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон, 4.2.11.Ажилтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, 4.2.12.Ажилтан өөр ажилтны өмнөөс цагийн бүртгэлийг бүртгүүлэх, санаатай худал бүртгэх, бүртгүүлэх зэрэг зөрчлийг ажил олгогчийн санаачилгаар сахилгын шийтгэл ногдуулах болон хөдөлмөрийн харилцааг шууд зогсооход хүргэх “ноцтой зөрчил”-д хамааруулахаар харилцан тохиролцсон байна.
Нэхэмжлэгч Г.Б нь ажлын онцлогоос шалтгаалан ирцийн бүртгэлийг Remote-р бүртгүүлж байсан гэж мэтгэлцэж байгаа боловч Г Зохистой хэрэглээний журмын 2.1.8.Банкны сүлжээнд бүх компьютерт Remote-р болон шууд хандах эрх олгохгүй” гэж заасныг зөрчсөн байх ба Remote-р бүртгүүлэх эрхтэй байсан болохоо нотолж чадаагүй.
Хариуцагч Г ХХК нь “ хэлтсийн хариуцан ажиллаж буй Дэлхийн санхүүгийн музейд зохион байгуулагдсан арга хэмжээний бүртгэлд баталгаажуулалт хийхэд 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1130-1530 цагт зохион байгуулсан “Хөрөнгө оруулалтын боломж” арга хэмжээнд 14 харилцагч оролцсон бөгөөд нийт 1,781,000 төгрөгийн өртөг бүхий 8 виски, 10 вино, 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1800-1900 цагт зохион байгуулсан “Үнэт металлын сорьцын хяналтын газрын ажилтнуудыг хүлээн авах” арга хэмжээнд 14 харилцагч оролцож, нийт 1,635,000 төгрөгийн өртөг бүхий 9 виски, 6 вино, 28 пиво, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1330-1430 цагт зохион байгуулсан Гны “Ахмадын баярын арга хэмжээ”-нд 53 хүн оролцож, нийт 1,307,000 төгрөгийн өртөг бүхий 6 виски, 10 вино, 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1800-1900 цагт зохион байгуулсан “Standart chartered bank болон Сангийн яамны төлөөлөгч нарыг хүлээн авах” арга хэмжээнд 8 хүн оролцсон бөгөөд 2,181,600 төгрөгийн өртөг бүхий 10 викси, 12 вино, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 0930-1040, 1040-1140 цагт “ЦЕГ-ийн ЭЦА-ны албан хаагчдыг хүлээн авах” арга хэмжээнд 55 хүн оролцож, нийт 2,106,600 төгрөгийн өртөг бүхий 15 виски, 12 вино, 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1800-2000 цагт “Жи Си Ар Монголия ХХК-ийн удирдлагуудыг хүлээн авах” арга хэмжээнд 14 харилцагч оролцсон бөгөөд арга хэмжээнд нийт 2,003,000 төгрөгийн өртөг бүхий 10 викси, 10 вино, 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1900 цагт зохион байгуулсан “Номин констракшн ХХК-ийн удирдлагуудыг хүлээн авах” арга хэмжээнд 16 харилцагч оролцож, нийт 1,549,000 төгрөгийн өртөг бүхий 13 виски, 8 вино, 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1830 цагт зохион байгуулсан “Тэсо группын удирдлагуудыг хүлээн авах” арга хэмжээнд 22 харилцагч оролцож, нийт 1,556,000 төгрөгийн өртөг бүхий 12 виски, 10 вино хэрэглэсэн байгаа нь уг арга хэмжээнд хэрэглэсэн архины тоо нь арга хэмжээ зохион байгуулагдсан цаг, оролцсон харилцагч нарын тоотой уялдаагүйгээр их хэмжээгээр зарцуулсан. Санхүү аж ахуйн хэлтэс нь 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр ХБХ-ийн Үйл ажиллагааны зардлын данснаас 3.000,000 төгрөгийг “Голомтоос вип тасалбарын төлбөр” утгатайгаар Эм Жи Эм Эвент ХХК руу шилжүүлсэн байна. Эм Жи Эм Эвент ХХК-ийн тус данснаас 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Соломон инвестмент ББСБ-ын 2015100512 тоот төгрөгийн данс руу 759,616.44 төгрөг “ЕВ-Баттулга-с зээл хаав-Эм Жи Эм Эвент” утгатай шилжсэн. “Монголын нууц товчоо” уран зургийн үзэсгэлэн зохион байгуулах, үйлчилгээ үзүүлэх гэрээний харилцагчтай холбоотой мэдээллийг баталгаажуулахад Б.Эрдэнэбилэг нь Соломон инвестмент ББСБ-ын ажилтан байх ба Г.Б нь тус ББСБ-аас 6 удаа 38,200,000 төгрөгийн зээл авсан“ гэж маргаж, мэтгэлцэж байгааг нэхэмжлэгч Г.Б үгүйсгээгүй бөгөөд хамаарал бүхий этгээдтэй сонирхлын зөрчлөө илэрхийлэлгүй гэрээ байгуулсан, арга хэмжээний бүртгэлийг бодит бусаар хийн тайлан мэдээг буруу мэдээлж Гны Засаглалын кодексын Ёс зүйн кодын 11.Сонирхлын зөрчлөөс зайлсхийхүй, заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна.
Ажилтан Г.Б нь тус хэлтсийн зохион байгуулж буй арга хэмжээтэй холбоотой банкны урьдчилгаа данснаас олгосон төсвийн мөнгийг 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 295,729 төгрөг зарлага зээлийн төлбөрт, 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 44,400 төгрөг зарлага хими цэвэрлэгээ, 5,000 төгрөг зарлага гар утасны төлбөр, 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 1,097,645 төгрөг зарлага зээлийн төлбөрт, 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 1,231,931 төгрөг зарлага зээлийн төлбөрт, 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 850,000 төгрөг зарлага зээлийн төлбөрт тус тус шилжүүлж хувийн хэрэгцээнд зарцуулсан болох нь түүний дансны хуулга /хх-ийн 223-245 тал/ гэрч М.Ч, Б.Хишигжаргал нарын мэдүүлэг, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Ажилтан Г.Б нь эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр тодорхой үйл ажиллагаа зохион байгуулж, батлагдсан төсвийг захиран зарцуулах эрхтэй байсан байх ба Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5.мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан гэж үзнэ.
Ажилтан Г.Б нь Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн дотоод журам зөрчиж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан болох нь Г ХХК-ийн Дотоод аудитын газрын 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 13/26 дугаар “Илтгэх хуудас”-аар тогтоогдсон байх тул Г ХХК-ийн гүйцэтгэх захирлын орлогчийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 305 тоот тушаал үндэслэлтэй байна.
Иймд Г ХХК-ийн гүйцэтгэх захирлын орлогчийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 305 тоот тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан Г ХХК-ийн Суваг- хэлтсийн захирлын ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.
Нэхэмжлэгч Г.Б 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 06-ний өдөр хүртэлх урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт /сард 3,681,083 төгрөг:21,5=өдөрт 171,213 төгрөг х 138 өдөр/ 23,627,394 төгрөгийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралтаар баталсан “дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-ийн “а”-д зааснаар ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр сарын дундаж цалинг тооцож хариуцагчаас шаардсан гэж тайлбарласан болно.
Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Г.Б нь сангийн хуримтлал 6,000,000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын олгогдоогүй цалин 3,200,000 төгрөг нийт 9,200,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.
Хариуцагч Г ХХК нь сангийн хуримтлал 6,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, харин 2019 оны 4 дүгээр сарын цалинг шилжүүлсэн гэж маргажээ.
Нэхэмжлэгч Г.Бын Нийгмийн даатгалын дэвтэрт 2019 оны 3 дугаар сард 3,377,250 төгрөгийн цалингаас шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган авсан тэмдэглэгээ хийгдэж, эрх бүхий этгээд гарын үсэг зурж баталгаажуулсан /хх-ийн 7 тал/ байх ба Г ХХК-иас 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 1,574,300 төгрөгийг /цалингийн гүйлгээ/ шилжүүлсэн байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.Ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ.
Иймд ажилтанд 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны олгогдоогүй цалин 1,578,386 төгрөг, сангийн хуримтлал 6,000,000 төгрөг, нийт 7,578,386 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, дээрх цалингаас Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагчид даалгах үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.11, 69 дүгээр зүйлийн 69.1. дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г ХХК-иас 7,578,386 /долоон сая таван зуун далан найман мянга гурван зуун наян зургаа/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас Г ХХК-ийн гүйцэтгэх захирлын орлогчийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 305 тоот тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан Г ХХК-ийн - хэлтсийн захирлын ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 23,627,394 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын цалин 1,621,614 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт заасныг баримтлан дээрх цалингаас Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих байгууллагад шилжүүлэн, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Г ХХК-д даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дах хэсэгт заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 162,150 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 110,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Бд олгосугай.
4.Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ