Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 182/ШШ2019/01984

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  дүүрэг, дугаар хороо, гудамж, дугаар корпус  тоот хаягт байрлах, Д ББСБ ХХК /регистрийн дугаар /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: дүүрэг, дүгээр хороо, гудамж, тоот хаягт оршин суух,  /регистрийн дугаар /, овогт Б.Н,

 

Хариуцагч: дүүрэг, дүгээр хороо, гудамж, тоот хаягт оршин суух /регистрийн дугаар  /, овогт Ц.А нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 33,726,177 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Т, М.Б, хариуцагч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маргад-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгч М.Т, М.Б нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Ц.А, Б.Н нар 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр манай байгууллагатай 000001069 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 20,000,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн. Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу гудамж, байрны тоот Ү- тоот улсын бүртгэлийн дугаартай, 15 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлдэгч нар зээлийн төлбөрт 10,912,000 төгрөг төлсөн ба 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш өнөөг хүртэл зээлийн төлбөр огт хийгээгүй. Зээлийн гэрээний хуваарийн дагуу төлбөл зохих төлбөрийг төлөөгүй хугацаа хэтэрсэн тул зээлдүүлэгчийн зүгээс зээлээ төлөхийг удаа дараа шаардаж байсан ч гэрээний 4.2.1, 4.2.2 дах хэсэгт заасан үүргээ биелүүлэхээс санаатайгаар зайлсхийж, өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг бүрэн барагдуулаагүй байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”, мөн хуулийн 453.1-д “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй”, зээлийн гэрээний 6.2-д “Зээлдэгч нь зээл болон зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний дагуу үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү төлөхийн зэрэгцээ нэмэгдүүлсэн хүү, гарсан хохирол, зардлыг нэмж төлнө” гэж заажээ. 2019 оны  10 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 19,153,925 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 27,183,533 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1,662,542 төгрөг нийт 48,000,000 төгрөгийг Ц.А, Б.Н нараас гаргуулж, хариуцагч нар сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргасан. Бид ярилцаад хариуцагч Б.Н 48,000,0000 төгрөг төлөхийг зөвшөөрч, сар бүр хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон тул эвлэрэх хүсэлттэй байна гэв.  

Хариуцагч Б.Н, Ц.А нар шүүхэд гаргасан тайлбартаа: Бид 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Д ХХК-иас 20,000,000 төгрөг авч энэ хугацаанд 10,920,000 төгрөг төлсөн. Эхний нэхэмжлэл болох 33,726,177 төгрөгийг тодорхой хугацаанд төлөх хүсэлтэй байна. Мөн дараагийн нэхэмжлэл болох 14,273,823 төгрөгийг төлж барагдуулах боломжгүй. Би зээл авснаас хойш 2 удаа Солонгос улс руу явж, мөн байраа түрээслүүлэн төлбөрөө төлдөг байсан. Өргөж авсан охин минь хүнд өвдсөн учир асарч байгаад цэцэрлэгт оруулсан. Иймд одоо ажил хийх боломжтой болсон гэжээ.

Хариуцагч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн заасан хугацааны дагуу төлбөрөө төлнө. Эвлэрлийн гэрээнд 2020 оныг дуусталх хугацааны хүү төлөхөөр заасан бөгөөд Солонгос улс явж ажил хийгээд зээлээ төлнө гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад                                                               

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Д ББСБ ХХК нь хариуцагч Б.Н, Ц.А нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 33,726,177 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 14,273,823 төгрөгөөр нэмэгдүүлсэн байна. 

 

Хариуцагч Б.Н, Ц.А нар нэхэмжлэлийн шаардлагаас 33,726,177 төгрөгийг тодорхой хугацаанд төлөх, эвлэрэх хүсэлт гаргажээ.

 

Хариуцагч Ц.А нь 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Б.Нт итгэмжлэл /хх-ийн 26 тал/ олгож, хариуцагч  Б.Н түүнийг төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.Хамтран нэхэмжлэгч буюу хамтран хариуцагч нь ашиг сонирхлын зөрчилгүй, уг хэргийг хянан шийдвэрлэхэд бүгд оролцох шаардлагагүй, түүнчлэн хэргийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхгүй гэж үзвэл аль нэгийгээ төлөөлүүлэн оролцуулж болно” гэсэн зохицуулалттай нийцсэн гэж үзнэ. 

Зээлдүүлэгч Д ББСБ ХХК зээлдэгч Б.Н, Ц.А нарын хооронд 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 00001069 дугаартай зээлийн гэрээ /хх 10-11 тал/ байгуулагдаж зээлдэгч Б.Н, Ц.А нарт 20,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт буцаан төлөхөөр харилцан тохиролцсон байна.

Дээрх гэрээнээс үүдэлтэй харилцаа нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа байх ба зохигч талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргахгүй байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагч нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй бөгөөд хариуцагч нар зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.

 

2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 00001069 дугаартай зээлийн гэрээний зээлдэгч Б.Н, Ц.А нар бөгөөд тэд уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг зээлдүүлэгч буюу үүрэг гүйцэтгүүлэгчид хүлээлгэн өгөх үүргийг хамтран хүлээсэн этгээдүүд байх тул тэднийг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасан хамтран үүрэг гүйцэтгэгчид гэж үзнэ.

 

Зээлдүүлэгч Д ББСБ ХХК болон зээлдэгч Б.Н, Ц.А нарын хооронд 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 00001069 зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах үүднээс эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 000213644 дугаар гэрчилгээтэй, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу гудамж, 32 байр 14 тоот хаягт байршилтай, 15 м.кв талбай бүхий орон сууцыг үүргийн гүйцэтгэлд барьцаалсан байна.

 

Дээрх барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дах хэсэгт заасан бичгээр байгуулагдсан байх, улсын бүртгэлд бүртгүүлсэн байх, гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заасан байх шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт “Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй”, мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэж тус тус заажээ.

 

Нэхэмжлэгч Д ББСБ ХХК нь хариуцагч нараас 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 19,153,925 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 27,183,533 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1,662,542 төгрөг нийт 48,000,000 төгрөгийг шаардаж, нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Төмөрсүх, М.Баярцэнгэл нар шүүх хуралдааны үед 27,183,533 төгрөгийн зээлийн хүүгийн төлбөрийг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд тооцож нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн гэж тайлбарлаж байна. 

 

Зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу зээлдэгч Б.Н, Ц.А нар зээлийн төлбөрт 20,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 10,095,590 төгрөг нийт 30,095,590 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нар шүүх хуралдаанд “Зээлдэгч нар зээл болон хүүг буцаан төлөх хуваарь зөрчиж төлбөрийг дутуу төлж байсан гэж маргаж байгаа боловч дансны хуулга болон санхүүгийн ямар нэгэн баримтаар нотолж чадахгүй байна.

 

Гэвч зохигчдын хэн аль нь зээлийн төлбөрт 10,912,000 төгрөг төлсөн тухайд маргаагүй. 

 

Иймд хариуцагч Б.Н, Ц.А нарын зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд төлөх 30,095,590 төгрөгөөс тэдний төлсөн 10,912,000 төгрөгийг хасч тооцож, үлдэх 19,183,590 төгрөгийг гаргуулах, зээлийн гэрээний хугацаа дууссан 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс нэхэмжлэгч шүүхэд хандсан 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хэтэрсэн хугацааны хүүгийн төлбөрт /зээлийн төлбөр 19,183,590  төгрөгөөс 3,5 хувиар тооцвол сард 671,425 төгрөгийн хүү төлөх, хуваах нь 30 хоног, өдөрт 22,380 төгрөг төлөхөөр байх ба хугацаа хэтэрсэн 196 хоногоор тооцоход/ 4,386,643 төгрөг, үүнээс гэрээнд зааснаар хэтэрсэн хугацааны хүүгийн төлбөр 20 хувиар тооцож нэмэгдүүлсэн хүү 877,328 төгрөг төлөх үүрэгтэй байна. 

 

Иймд хариуцагч Б.Н, Ц.А нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 19,183,590 төгрөг, хэтэрсэн хугацааны хүүгийн төлбөр 4,386,643 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 877,328 төгрөг нийт 24,447,561 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 23,552,439 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй. 

 

Талууд хооронд байгуулагдсан 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 00001069 дугаартай барьцааны гэрээ хүчин төгөлдөр, хариуцагч нар гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон тул Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 000213644 дугаар гэрчилгээтэй, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу гудамж, 32 байр 14 тоот хаягт байршилтай, 15 м.кв талбай бүхий орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Т, М.Б нар хариуцагчтэй эвлэрэх хүсэлт гаргаж, шүүхэд эвлэрлийн гэрээг ирүүлсэн байна.

 

Зохигчид нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж, үлдэх хэсгийг нь хариуцагч хүлээн зөвшөөрснийг зохигчид эвлэрсэн гэж үзнэ. 

 

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 14,273,823 төгрөгөөр нэмэгдүүлж, шүүх хуралдааны үед нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Т, М.Б нар зээлийн хүүгийн төлбөрт 27,183,533 төгрөгийг шаардсан үндэслэлээ “Зээлийн хүүгийн төлбөрийг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тооцож авахаар тохирч эвлэрч байна” гэж тайлбар гаргаж байгаа нь зохигчид харилцан тохиролцсон тохиролцоо байхгүй эвлэрсэн гэх үндэслэлд хамаарахгүй Иргэний хуульд нийцээгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөж болзошгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзлээ.

 

Өөрөөр хэлбэл талуудын хооронд 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 24 сарын хугацаатай байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа дууссан байхад нэхэмжлэгч Д ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа 14,273,823 төгрөгөөр нэмэгдүүлж, зээлийн хүүгийн төлбөрийг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд авахаар тооцож, эвлэрлийн гэрээ байгуулсан нь хуульд нийцээгүй байна. 

 

Нэхэмжлэгч Д ББСБ ХХК нь “Зээлдэгч нар зээл болон хүүг буцаан төлөх хуваарь зөрчиж төлбөрийг дутуу төлж байсан гэж маргаж байгаа боловч дансны хуулга, санхүүгийн баримтаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлох баримтаар нотолж чадаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.2 дах хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2.,453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Н, Ц.А нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 24,447,561 /хорин дөрвөн сая дөрвөн зуун дөчин долоон мянга таван зуун жаран нэг/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 23,552,439 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 000213644 дугаар гэрчилгээтэй, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу гудамж, 32 байр 14 тоот хаягт байршилтай, 15 м.кв талбай бүхий орон сууцаар үүргийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 626,101 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Н, Ц.А нараас 350,388 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д ББСБ ХХК-д олгосугай. 

 

4.Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Н.НАРАНГЭРЭЛ