| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 171/2023/0144/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/181 |
| Огноо | 2023-05-26 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ж.Б |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 2023/ШЦТ/181
2023 05 26 2023/ШЦТ/181
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Д,
улсын яллагч Ж.Б,
гэрч Л.Б, Ц.Ц, Э.Г,
хохирогч М.М, өмгөөлөгч Б.Б,
шүүгдэгч Ц.Б, өмгөөлөгч Р.Ц нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, Ц.Б холбогдох эрүүгийн 2225000000440 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, Ц.Б
Шүүгдэгч Ц.Б нь;
2022 оны 9 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Говил баг “Ар булаг” амралтын газарт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, иргэн М.М-тай хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүнийг хавсарч унагаан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт;
шүүгдэгч Ц.Б “...би тухайн өдөр ажлаасаа буугаад ажлынхаа арав гаран хүнтэй зугаалсан, бид “Ар булаг” амралтын газарт очоод орой бүжгэнд орсон, манай зарим хүмүүс гэр рүүгээ буцаад явсан юм. Бүжиглэж дуусаад Ц.Цэнгүүнжав бид хоёр 1 шил архи олох санаатай амралтын урд талын хаалга дээр очиход Буман-Эрдэнэ хүнд зодуулсан хэвтэж байсан. Бид нар тавуулаа нийлж Буман-Эрдэнийг гэрт оруулсан, түргэн дуудахад иллэг хийхийг зөвлөсөн тул би түүнийг асарч, иллэг хийж байтал гаднаас жинсэн хувцастай хүүхэн, түүний араас Магсаржав нар орж ирсэн. Магсаржав орж ирээд миний асарч байгаа хүнийг “хөөе, чи босооч ямар юмандаа баашлаад хэвтээд байгаа юм” гэж хэлээд биед нь хамаагүй хүрээд, нүүр хэсгээс нь татаад байсан болохоор бид хоёр хоорондоо маргалдаж, зууралдаад гэрээс гараад давхаралдаж унасан. Одонгоо эгч машинаас архи авч ирэхэд энэ хүн сөн түшсэн, энэ хүмүүс амралтаас яваад Баасанжаргалынд очоод архи уусан гэсэн, тэндээ юм болсон болов уу, тэнд л гараа гэмтээсэн гэж бодож байна. Би хохирогчийг хавсарч унагаагүй, бид хоёр зууралдаад унах үед гар нь гэмтсэн байх боломжтой, гэхдээ гэрчүүд айлд очсоноо нуугаад худлаа мэдүүлэг өгсөн гэж бодож байна. Шүүх намайг гэм буруутай гэж шийдвэл би хохирол, төлбөрийг төлнө.” гэв.
хохирогч М.М “...би эхнэр Аюушжав, найз Нямхүү, Цэцэгсайхан, Одонгоо нарыг аваад “Ар булаг” амралтын газар очсон, Баттулгыг бол танихгүй, би гэр рүү орсон, тухайн үед Баттулга миний хүзүүг маажсан, миний нүдний шил газар уначихаар нь би аваад зүүсэн, нүдний шил гэрт хугараагүй, гадаа хугарсан. Би түрүүлж гэрээс гартал Баттулга араас гарч ирээд намайг хавсараад бид хоёр давхаралдаж газар унасан, гар эвгүй болчихоор нь эхнэртээ “гар өвдөөд байна” гэж хэлээд эхнэрээрээ гараа татуулсан, гар өвдөөд эмнэлэгт үзүүлэхэд миний гарыг “хугарсан байна” гэсэн. Баттулга хохирол, төлбөрт надад нэг ч төгрөг өгөөгүй, цалингийн зөрүүгээ гаргуулна, нийт 9.809.541 төгрөг нэхэмжилж байна.” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;
хохирогч М.М “...тухайн өдөр “Эрдэнэт-Үйлдвэр” ТӨҮГ-т өглөөний ээлжтэй байж байгаад оройн 21 цагийн орчим ажлаа тараад Булаг багийн 41-08 тоот гэртээ очоод байж байтал найз Нямхүү залгаад “манай нөхөр Дэлгэрбат Говилд амралтын газар байна, хамт очоод амралтын газраас авах боломж байна уу” гэж асуусан. Би энэ үед өөрийн эхнэр Аюушжавын хамт найз Нямхүүгийн гэрийн гадаа очоод дуудахад удалгүй гарч ирсэн, Нямхүү гэрээсээ гарч ирээд “замаараа Цэцэгсайхан, Одонгоо хоёрыг аваад явъя” гэсэн, Одонгоо, Цэцэгсайхан нарыг гэрээс нь очиж аваад Орхон аймаг Баян-Өндөр сум Говил багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг амралтын газар луу явсан. Амралтын газар очиход Дэлгэрбат, Орхонтуул, Баасанжаргал, Сандагдорж, Буман-Эрдэнэ, Цэнгүүнжав, Баттулга нар бүгд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан, ...би эхний гэр рүү ороход Буман-Эрдэнэ орон дээр хэвтсэн байдалтай хажууд үл таних Баттулга гэх залуу сууж байсан. Би ороод Буман-Эрдэнэд “миний дүү яасан, тасарсан юм уу” гэж асуухад Буман-Эрдэнэ “би зүгээрээ, бие бага зэрэг эвгүй байна.” гэж хариулахад хажууд нь сууж байсан Баттулга гэх үл таних согтуу залуу надад “чи юу хийж байгаа юм, ямар учиртай хүн юм” гэж асуусан, би энэ үед нь “найзууд дуудаад ах нь авах гэж ирлээ” гэж хариулахад надад ямар нэгэн учир шалтгаангүй уурлаад согтуурхаад миний хүзүү хэсгийг хумсаараа маажиж, нүдний шилийг минь газар унасан байх үед дээр нь гишгэж хугалсан. Энэ үед манай эхнэр Аюушжав “чи одоо зүгээр бай, ямар сонин хүүхэд вэ, хүний хүзүү толгой маажиж, нүдний шилийг нь эвдэллээ” гэхэд Баттулга гэх залуу манай эхнэрт “чи муу гичий юу юм” гээд босоод зогсох үед нь манай эхнэр гэрээс гараад явсан. Би энэ үед нь “миний дүү согтуу, ах нь эрүүл хоёулаа муудаад хэрэггүй” гэж хэлээд гэрээс гараад явтал Баттулга миний араас гарч ирээд намайг барьж, зуурч аваад газар унагаасан, газар унагаах үедээ миний дээрээс дарж унаад миний баруун талын гарыг их эвгүй болгосон. ...Шөнө гэртээ очоод унтах гэтэл миний баруун талын гар их өвдөөд байхаар нь маргааш өглөө эмнэлэгт очиж үзүүлэхэд “баруун гарын шууны доод хэсгийн нэг яс хугарсан байна” гэж хэлсэн. Миний хүзүүний ар талын хэсгийг хумсаараа маажсан, зодох гэж дайрч байх үедээ газар намайг унагаагаад миний гарыг хугалсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10 дахь тал/,
“...Баттулга босож ирээд “чи хаанаас юу хийж яваа юм” гэхээр нь би түүнд “ах нь Дэлгэрбат нарыг авах гэж ирлээ” гэсэн, гэтэл над руу ойртоод байхаар нь би түүнд “би эрүүл, чи согтуу чамтай маргах хүсэлгүй байна.” гэсэн. ...миний хүзүүг маажих шиг болсон, би хойшоо болоод хүзүүгээ арчсан чинь гар цус болсон. Тэгэхээр нь би эхнэртээ “үүнийг хараад өгөөч” гээд хүзүүгээ харуулсан чинь “урсан байна.” гэсэн, тэгээд манай эхнэр Баттулга руу “чи яагаад зүгээр байгаа хүний хүзүү урж байгаа юм.” гээд дайрсан. ...Баттулга гэрээс гарч ирээд хажууд зогсож байгаад гэнэт куртикний захнаас барьж аваад хавсраад газарт унагаад дээрээс дараад унасан. Орхонтуул Баттулгыг “боль, боль” гээд бариад авсан, босоод ирсэн чинь миний баруун талын гар бугуй хэсгээрээ өвдөөд байхаар нь эхнэрийнхээ орсон гэрт ороод эхнэртээ “гадаа Баттулгатай ноцолдож байгаад газарт унасан чинь гар эвгүй болчихлоо, гар тулчих шиг боллоо, татаад өг.” гээд гараа татуулсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 104-107 дахь тал/,
гэрч О.Ц “...Магсаржав гэрт орж ирээд бүх хүнд хандаж “за сайн байна уу.” гэж мэндлэхэд Бум-Эрдэнэ Магсаржавт “бригадаар юу хийж яваа юм” гэж асуутал, тэр гэрт байсан үл таних согтуу залуу Магсаржав руу “чи одоо юу вэ, яах гэж ирсэн юм, хүн тавлах гэж ирсэн юм уу.” гэх мэтээр дайрч давшилж эхэлсэн. Энэ үед Магсаржав “би чамтай юм яриагүй байна.” гэж хэлэхэд тухайн үл таних залуу хүзүү хэсгээс нь хумсаараа маажаад “хоёулаа гэрээс гарчихъя, үзчихье” гэж хэлээд Магсаржавыг аваад гараад явсан. Би тэр хоёрыг гэрээс гарсны дараа нөхрийгөө сэрээгээд “хурдан бос энд удаан байвал зодоон болох юм байна, энэ залуу чинь хүн бүр рүү дайраад байх юм байна, хувцсаа хурдан ол.” гэж хэлээд байж байтал удалгүй гаднаас гэрт Магсаржав нүдний шил нь хугарчихсан, өмд, хувцас нь шороо болсон байдалтай “өө муу п***а чинь хүнийг хавсарч унагаагаад шил хугалаад хаячихлаа.” гэж хэлээд орж ирсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,
“...М гэрт орж ирээд гэрийн хойморын ор луу суух гээд алхсан, ... Магсаржавын хүзүү нь урагдаж, цус урссан байсан...нөгөө агсан тавиад байсан залуу Магсаржав руу “гаръя, үзье” гээд бариад авсан, би “хөөе, хөөе та нар ямар балай юм бэ” гэж хэлсэн. Тэгээд намайг орны дээгүүр, доогуур нөхрийнхөө куртик, малгай хоёрыг хайж байхад Магсаржав, нөгөө залуу хоёр гараад явчихсан байсан. Намайг юмаа хайгаад дээшээ, доошоо тонголзоод байж байхад Магсаржав гаднаас хагархай нүдний шилээ барьчихсан, баруун талын хөлийн өмдний шуумаг нь дээшээ болчихсон, биеийнх нь баруун тал шороо болчихсон орж ирээд “нөгөө п***а чинь шил хугалаад хаячихлаа.” гэж хэлсэн. Миний хувьд ямар нэгэн зодоон болохыг хараагүй, ямар ч байсан тэр залуу Магсаржав руу “ална, шудна” гээд л дайрч давшлаад байсан. Ер нь тэр гэр рүү орж ирсэн хүн болгон руу л “чи хэн бэ, чи яах гэж байгаа юм.” гээд л дайраад байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 112-113 дахь тал/,
гэрч Л.Аюушжавын “...Бид нарыг гэрт орсны дараа нэг үл таних согтуу залуу намайг “чи хэний гичий вэ, энд юу хийж яваа юм.” гэх мэтээр хэл амаар доромжилж, дайрч давшилж эхэлсэн. Би тухайн үед тэр гэрээс гараад нөгөө гэрт нь орох гээд явж байх үед манай нөхөр Магсаржав хойноос “миний гар болохоо больчихлоо.” гэж хэлээд хүрээд ирсэн, юу болсон талаар асуухад “тэр үл таних залуу миний гарыг эвгүй болгочихлоо, миний баруун гарын шуу хэсгээр өвдөөд байна.” гэж хэлсэн. Би гарыг нь харахад ямар нэгэн гэмтэл гэхээр зүйл ажиглагдаагүй, манай нөхрийн хэлснээр “гар минь маш их өвдөж байна.” гэж хэлсэн. Тэгээд бид нар Орхон аймаг руу буцахаар болоод би өөрийн машиныг унаад, манай нөхөр Дэлгэрбатын машиныг унаад явсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,
“...гэрт байсан хүмүүс рүү ороход үл таних залуу миний нөхөр лүү “чи яах гэж ирсэн юм, юу хийж яваа юм.” гэж хараалын үг хэлээд уурласан. ...миний нөхрийн хүзүүн дээгүүр нь зүүн талын гараа тавьж байгаад авсан, гэтэл манай нөхөр хүзүүгээ арчаад “чи яагаад миний хүзүүг маажиж байгаа юм.” гээд гараа харсан чинь гар нь цус болчихсон байсан, ...намайг гэрээс гарахад хэвтэж байсан залуу, миний нөхөр, нөгөө агсраад байсан залуу нар үлдсэн. Намайг хажуу гэрт байж байсан чинь миний нөхөр орж ирээд “миний гар өвдөөд байна.” гээд баруун гараа үзүүлсэн. Тэгэхээр нь “яасан юм.” гэсэн чинь “нөгөө залуу болохоо байлгачихлаа.” гэж хэлсэн. ...Миний нөхөр өөр хүнтэй маргаан хийгээгүй, хүзүүг нь маажих үед миний нөхрийн нүдний шил газар унасан, аваад малгай дээрээ нүдний шилээ тавьж байсан, маргааш өглөө нь “нүдний шил хугарчихсан.” гэж хэлсэн, “яагаад хугарчихсан юм.” гэсэн чинь “намайг унагахад хугарчихсан.” гэж хэлсэн. Тэр шөнөжин “гар өвдөөд байна.” гэхээр нь өвчин намдаах эм уулгасан, маргааш өглөө нь “Баян-Өндөр Мед” эмнэлэгт үзүүлсэн чинь “шууны яс нь хугарсан байна гэсэн.”.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 115-116 дахь тал/,
гэрч Г.Д “...Манай ажлын газрын хамт олон тухайн амралтын газарт хоёр монгол гэр түрээсэлж авсан, тэд нарыг ирсний дараа би гэр рүү явахаар эд зүйлсээ бэлдээд нэг гэрт нь өөрийн эхнэр Нямхүүгийн хамт байж байх үед нөгөө талын гэрт Магсаржав, Баттулга нар хоорондоо маргалдсан байсан. Тэгээд бид удалгүй тэр амралтын газраас гэр рүүгээ явахаар хөдөлсөн, нэг нэгнийгээ гэрт нь хүргэж өгөөд бүгд амарсан. ...тухайн өдөртөө Магсаржавыг гараа гэмтээсэн гэж мэдээгүй. Маргааш өглөө нь над руу холбогдож “миний гар хавдаад, өвдөж хонолоо.” гэж байсан, би юу болсон талаар асуухад “Баттулга агсан согтуу тавиад зодно гэж дайрч байгаад хүзүү маажиж, нүдний шилийг хугалж, хоорондоо зууралдаж байгаад газарт унаж гэмтээсэн.” гэж хэлж байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,
гэрч Б.Н “...Би яагаад гараа гэмтээсэн талаар мэдээгүй, өөрийн нүдээр хараагүй, манай машиныг унаад явж байх үед “баруун гарын шуу хэсгээр өвдөөд байна.” гэж ярьж байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дахь тал/,
“...хүн болгон луу /Баттулга/ дайраад л хүн инээхээр “чи инээлээ.” гэж уурлаад л байсан, тэгж байхдаа Магсаржавыг “гараад үзчих үү.” гэж хэлж байсан, гэхдээ тэр хоёр гэрээс гараагүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 109-110 дахь тал/,
гэрч Т.Б “...маргааш нь ажлын газрын хүмүүсээс “Магсаржав, Баттулга хоёр муудалцаж байгаад Магсаржавын гар нь хугарчихсан байна.” гэж сонссон.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дэх тал/,
гэрч Л.Б “...Баттулга миний нуруу хэсэгт гараараа иллэг массаж хийж байсан, удалгүй манай гэрт гаднаас хамт ажилладаг Магсаржав гэх хүн дөрвөн эмэгтэй хүний хамт ирсэн. Гэрт орж ирснийхээ дараа Магсаржав намайг “ямар юмандаа баашлаад хэвтээд байгаа юм, бумбагараа.” гэж хэлээд миний хоолой хэсгээс гараараа татах үед нь би дуугарч чадахгүй, гарыг нь тавиулж чадахгүй байж байтал Баттулга хажуунаас “хөөе болиоч.” гээд гарыг нь тавиулаад “та нар энэ гэрээс гар.” гэж хэлсэн. ...би тэр хоёр хүнийг хэрүүл маргаан хийж, зодолдсоныг хараагүй, ...хэд хоногийн дараа “Магсаржав гараа хугалчихсан байна.” гэж хүнээс сонссон.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дэх тал/,
гэрч Ц.Ц “...Магсаржав болон түүнтэй хамт ирсэн хүмүүс Дэлгэрбат гэх хүнийг амралтын газраас авахаар ирсэн байсан, Дэлгэрбатыг аваад явах гэтэл Баасанжаргал гэх хүний эхнэр Одонгоо “уурхайчид дээр хоосон ирээгүй.” гэж хэлээд нэг шил архи гаргаж задалсан. ...Одонгоо гэх хүний задалсан архийг Магсаржав тойруулж хундагалаад ууж дуусгачихаад тэд нар бөөндөө хоёр машинд хуваагдаж суугаад шөнийн 03 цагийн үед явсан. ...гар гэмтсэн, хугарсан талаар тэр өдөр мэдээгүй, тийм зүйл ажиглагдаагүй, зүгээр архи тойруулаад инээж хөхрөөд байсан, мөн буцахдаа зүв зүгээр машинаа бариад явсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37 дахь тал/,
гэрч Ц.С “...00 цагийн үед манай ажлын газрын Магсаржав өөрийнхөө эхнэртэй, мөн Дэлгэрбат, Орхонтуул, Баасанжаргал гэх хүмүүсийн эхнэрүүдтэй хамт гаднаас ороод ирсэн, Дэлгэрбат эхнэрээ “ирээд ав.” гэж дуудсан юм шиг байсан. Магсаржавтай хамт ирсэн эмэгтэйчүүд хажуу талын гэр лүү орсны дараа Магсаржав нь Баттулга, Буман-Эрдэнэ бид гурвын байж байсан гэрт орж ирээд Буман-Эрдэнийг “чи яагаад баашлаад байгаа юм.” гэж хэлээд нуруу хэсэгт нь алгадахад Баттулга Буман-Эрдэнийг өмөөрөөд маргалдсан, тэр хоёр муудалцаад хамт гэрээс гараад явсан. Удалгүй нөгөө хүмүүсийн эхнэрүүд Буман-Эрдэнэ бид хоёрын байсан гэр лүү нөхрүүдийнхээ хувцсыг хайгаад орж ирсэн, тэгж байтал Магсаржав, Баттулга хоёр хамт гаднаас орж ирсэн. Магсаржав нэг шил архи гаргаж ирээд задалж бид нарт тойруулж өгөөд ууж байтал Буман-Эрдэнийн эхнэр ахтай нь хамт ирээд Буман-Эрдэнийг аваад явсан. Буман-Эрдэнийг явсны дараа бид нар Магсаржавын гаргаж задалсан архийг ууж дуусгаад тэд нар буцаад Орхон аймгийн төв руу нөхрүүдээ аваад явсан, ...тэр өдөр Магсаржавын гар бэртэж гэмтсэн талаар би мэдээгүй, Магсаржав өөрөө ч тийм зүйл огт ярихгүй байсан, архи тойруулаад инээж хөхрөөд байж байсан. Харин хэд хоногийн дараа ажил дээрээ очиход “Магсаржавын гар хугарсан байна.” гэж хүмүүс ярьж байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40 дэх тал/,
“...Баттулга л Магсаржав руу дайрч, давшилж байсан, нэг харахад хоёулаа гэрээс гараад явчихсан байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 119-120 дахь тал/,
гэрч С.О“...Магсаржав өөрийнхөө машиныг унаад нөхөр бид хоёрыг гэрт хүргэж өгөөд явсан, манай гэрийн гадна очоод Магсаржавын эхнэр нь машиндаа үлдээд Магсаржав нөхөр бид хоёртой хамт манай гэрт орж ирээд тамхи асаасан, манай ах “унтаж байхад яагаад гэрт тамхи татаад байгаа юм бэ” гэсэн чинь Магсаржав “өө уучлаарай” гээд манай гэрээс гараад явсан. Гэтэл маргааш өдөр нь “Магсаржавын гар хугарсан байна.” гэсэн яриа гарсан байсан. ...Ямар ч байсан наашаа хөдөх гэж байхад Магсаржаваас “гар чинь гайгүй юу.” гэж асууж байсан, одоо бодоод байхад эхнэр нь тэгж асуусан шиг санагдаж байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 125-127 дахь тал/,
шинжээч эмч Ж.Г “...2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн баруун шууны ясны хоёр байрлалын рентген зурагт шууны ясны дунд 1/3-ээр далд зөрөөтэй хугаралтай байсан, амбулаторийн картанд 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн мэс заслын үзлэгт баруун шууны ясны далд хугарал оношлогдсоныг болон өөрийн үзлэгийг үндэслэн дүгнэлтийг тогтоосон.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 51 дэх тал/,
Ц.Баттулгын сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...амралтын газарт 13 цаг өнгөрч байх үед очсон, ...15 цаг өнгөрч байхаас эхлээд бид нар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж эхэлсэн. ...Буман-Эрдэнийг гэрийн баруун талын үүд хэсэгт байрлах орон дээр хэвтүүлээд, би нуруу хэсэгт нь иллэг, массаж хийж өгсөн, Цэнгүүнжав эмнэлэг хандаж, дуудлага мэдээлэл өгсөн. ...Цэнгүүнжавын хамт нөгөө талын гэр рүү ортол араас нь манай ажлын газрын зүс таних Магсаржав гэж хүн миний асарч байсан хүнийг “хөөе, чи босооч ямар юмандаа баашлаад хэвтээд байгаа юм.” гэж хэлээд биед нь хамаагүй хүрээд, нүүр хэсгээс нь татаад байсан. Энэ үед би “хөөе, та боль л доо, энэ хүн чинь өвчтэй, хөдөлж чадахгүй байна шүү дээ.” гэж хэлснээс болоод Магсаржав бид хоёрын дунд маргаан үүссэн, бид хоёр хэрүүл маргаан хийж байгаад хоорондоо зууралдаад гэрийн хаалга рүү явж байгаад би хаалганы босго хэсэгт хөлөөрөө тэглээд, гэрийн гадна тал руу хоёулаа хамт газар унасан, Магсаржав гэж хүний доор дарагдаад унасан. ...гэрийн гадна талд Магсаржав гэх хүнтэй хамт Орхон аймгийн төвөөс ирсэн үл таних хоёр эмэгтэй бид хоёрыг салгасан, би босоод Буман-Эрдэнийн байсан гэр рүү ороход Магсаржав гэх хүн нөгөө талын гэр рүү орсон. ...нөгөө талын гэр рүү ороход Магсаржав гэх хүн манай ажлын газрын хүмүүст архи хундагалан тойруулж өгөөд хоёр цаг гаран хугацаанд сөн түшээд, зовиур байхгүй инээлдээд байж байсан. ...Магсаржав өөрийн машинаа ямар нэгэн зовиургүй унаад яваад өгсөн. ...Бид хоёр хэн, хэнийхээ биед халдаж зодсон зүйл байхгүй, хоорондоо зууралдаж байгаад газар унасан асуудал байгаа. Би тэр хүний гарыг хугалаагүй, хэрэв тэр хүний гар надтай хамт газарт унах үедээ хугарсан байсан бол хоёр цаг гаран архи тойруулж чадахгүй байсан, Магсаржав гэх хүн нь “намайг гар хугалсан” гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.” гэсэн мэдүүлэг /хавтас хэргийн 54-55 дахь тал/,
“...би урьд сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ болсон явдлын талаар дэлгэрэнгүй мэдүүлэг өгсөн, нэмж ярих зүйлгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 62 дахь тал/,
Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмч Ж.Гэрэлмаагийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 817 дугаартай; “...1.М.Магсаржавын биед баруун шууны ясны дунд 1/3-ээр далд зөрөөтэй хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байж болно. 4.Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. 5.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 6. Гэмтэл нь босоо болон суугаа байрлалд байхад үүсэх боломжтой.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 46-47 дахь тал/,
Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмч Ч.Буянзаяагийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1 дугаартай; “...1.М.Магсаржавын биед баруун гарын богтос ясны дунд хэсгийн далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Ийм гэмтлийн үед гарын хуруунуудын хөдөлгөөн чөлөөтэй байх боловч гарын шууны булчингийн үйл ажиллагааг шаардсан нугалах, тэнийлгэх, гадагш, дотогш эргүүлэх, сарвууг дотогш татах зэрэг үйлдлүүдийг хийх боломж муутай. 2.3.Тухайн гэмтэл нь өвдөлт ихтэй, гэмтсэн хэсгээр хавдах, халуун оргих, тэмтрэхэд эмзэглэлтэй, гарын хөдөлгөөн хязгаарлагдана, цус хуралт үүсч болно. 2.3.Уг гэмтлүүд нь хатуу зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл ба хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байна. 4.Ясны хугарал нь хүч үйлчилсэн хэсэгт үүсдэг ба тухайн хүн гэмтэл авсан хэсгээр цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 85-86 дахь тал/,
“Бэйкер Тилли Далайван Аудит” ХХК-ийн 2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 02/02-08 дугаартай; “...2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар эрэгтэй хүний харааны нүдний шил зах зээлийн үнэлгээ 175.000 төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 134-138 дахь тал/,
Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газар, Орхон аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2023 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 8 дугаартай; “...1.М.Магсаржавын хүзүүнд гэмтэл тогтоогдсонгүй.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 147-148 дахь тал/,
Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 254 дугаартай; “...1.М.Мбиед баруун богтос ясны доод 1/3 хэсгийн далд хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, тухайлбал цохих, цохигдох, өшиглөх, унах үед үүсэх боломжтой. 3.Гэмтэл авсан дариуд зовиур, өвдөлт илрэх ба тээврийн хэрэгсэл жолоодох, хундагатай архи барих, бусдад дамжуулах зэрэг идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой. 4 Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 211-215 дахь тал/,
хохирогч М.М“...2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Говил багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг амралтын газар үл таних залуу миний гарыг хугалсан.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дэх тал/,
түүний өргөдөл, гэрэл зургууд /хавтаст хэргийн 5, 6 дахь тал/,
хохирогч М.Магсаржавын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 152-155 дахь тал/,
гэмт хэрэг үйлдэгдэх үед хохирогч М.Магсаржавын зүүж байсан гэх рам нь хугархай нүдний шил нэг ширхэг, гарны рентген зураг нэг ширхэгийг эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 156 дахь тал/,
шүүгдэгч Ц.Баттулгын;
хувийн бичиг баримтууд /хавтаст хэргийн 67-70 дахь тал/,
эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 72 дахь тал/,
М.Магсаржавын амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар, хаан банкны депозит дансны хуулга, цалингийн лавлагаа, ажлын газрын лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 163-165, 166-168, 169, 170, 171 дэх тал/,
М.М-н гаргасан хохирлын тооцоо /хавтаст хэргийн 185 дахь тал/,
“Эрдэнэт-Үйлдвэр” ТӨҮГ-ын 2023 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 111/68 дугаартай албан бичиг, түүнд хавсаргасан 2022.09.24-2022-11-09-ний өдрүүдийн цалин хөслний тооцоолол, эмнэлгийн хуудасны хуулбар /хавтаст хэргийн 188, 189-191 дэх тал/ зэрэг болно.
Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мөн Ц.Баттулгаас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрсдийн гаргасан дүгнэлтүүдийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч нар гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Шүүгдэгч Ц.Б гэм буруутайд тооцох;
шүүгдэгч Ц.Б нь 2022 оны 9 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Говил баг “Ар булаг” амралтын газарт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, иргэн М.Магсаржавтай хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүнийг газар унагаан, эрүүл мэндэд нь баруун гарын шууны богтос ясны доод 1/3 хэсгийн далд зөрөөтэй хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;
хэргийн үйл баримтын талаарх,
мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн хохирогч М.Магсаржавын “...Баттулга миний араас гарч ирээд намайг барьж, зуурч аваад газар унагаасан, газар унагаах үедээ миний дээрээс дарж унаад миний баруун талын гарыг их эвгүй болгосон. ...Шөнө гэртээ очоод унтах гэтэл миний баруун талын гар их өвдөөд байхаар нь маргааш өглөө эмнэлэгт очиж үзүүлэхэд “баруун гарын шууны доод хэсгийн нэг яс хугарсан байна” гэж хэлсэн.” гэх,
гэрч О.Ц “...Магсаржав “би чамтай юм яриагүй байна.” гэж хэлэхэд тухайн үл таних залуу хүзүү хэсгээс нь хумсаараа маажаад “хоёулаа гэрээс гарчихъя, үзчихье” гэж хэлээд Магсаржавыг аваад гараад явсан. ...Намайг юмаа хайгаад дээшээ, доошоо тонголзоод байж байхад Магсаржав гаднаас хагархай нүдний шилээ барьчихсан, баруун талын хөлийн өмдний шуумаг нь дээшээ болчихсон, биеийнх нь баруун тал шороо болчихсон орж ирээд “нөгөө п***а чинь шил хугалаад хаячихлаа.” гэж хэлсэн.” гэх,
гэрч Л.А “...манай нөхөр Магсаржав хойноос “миний гар болохоо больчихлоо.” гэж хэлээд хүрээд ирсэн, юу болсон талаар асуухад “тэр үл таних залуу миний гарыг эвгүй болгочихлоо, миний баруун гарын шуу хэсгээр өвдөөд байна.” гэж хэлсэн. ...Тэр шөнөжин “гар өвдөөд байна.” гэхээр нь өвчин намдаах эм уулгасан, маргааш өглөө нь “Баян-Өндөр Мед” эмнэлэгт үзүүлсэн чинь “шууны яс нь хугарсан байна гэсэн.” гэх,
гэрч Г.Д “...тухайн өдөртөө Магсаржавыг гараа гэмтээсэн гэж мэдээгүй. Маргааш өглөө нь над руу холбогдож “миний гар хавдаад, өвдөж хонолоо.” гэж байсан, би юу болсон талаар асуухад “Баттулга агсан согтуу тавиад зодно гэж дайрч байгаад хүзүү маажиж, нүдний шилийг хугалж, хоорондоо зууралдаж байгаад газарт унаж гэмтээсэн.” гэж хэлж байсан.” гэх,
гэрч Б.Н “...манай машиныг унаад явж байх үед “баруун гарын шуу хэсгээр өвдөөд байна.” гэж ярьж байсан.” гэх,
гэрч Т.Б “...маргааш нь ажлын газрын хүмүүсээс “Магсаржав, Баттулга хоёр муудалцаж байгаад Магсаржавын гар нь хугарчихсан байна.” гэж сонссон.” гэх,
гэрч Ц.С “...Баттулга л Магсаржав руу дайрч, давшилж байсан, нэг харахад хоёулаа гэрээс гараад явчихсан байсан.” гэх,
гэрч С.О “...Ямар ч байсан наашаа хөдөх гэж байхад Магсаржаваас “гар чинь гайгүй юу.” гэж асууж байсан, одоо бодоод байхад эхнэр нь тэгж асуусан шиг санагдаж байна.” гэх,
шинжээч эмч Ж.Г “...2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн баруун шууны ясны хоёр байрлалын рентген зурагт шууны ясны дунд 1/3-ээр далд зөрөөтэй хугаралтай байсан.” гэх,
Ц.Б өөрийнх нь өгсөн “...Магсаржав бид хоёрын дунд маргаан үүссэн, бид хоёр хэрүүл маргаан хийж байгаад хоорондоо зууралдаад гэрийн хаалга рүү явж байгаад би хаалганы босго хэсэгт хөлөөрөө тэглээд, гэрийн гадна тал руу хоёулаа хамт газар унасан.” гэх мэдүүлгүүдээр,
Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Гэрэлмаагийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 817 дугаартай, эмч Ч.Буянзаяагийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1 дугаартай, Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 254 дугаартай дүгнэлтүүдээр,
мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр болон хохирогч М.Магсаржавын амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн баримтуудаар тогтоогдож байх бөгөөд дээрх нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүй байна.
Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд,
шүүгдэгч Ц.Б нь 2022 оны 9 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Говил баг “Ар булаг” амралтын газарт ажлын хамт олонтойгоо амарч зугаалж байсан байна. Тухайн үед хохирогч М.Магсаржав нь найз Д.Дэлгэрбатыг авахаар тус амралтын газарт очсон байх үед нь шүүгдэгч хувийн харилцааны улмаас хохирогчтой маргасан, хохирогч монгол гэрээс гарч явах үед шүүгдэгч араас нь очиж хавсарч, улмаар хамтдаа давхаралдаж газар унасан болох нь хохирогч М.Магсаржав, шүүгдэгч Ц.Баттулга нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны үед өгсөн мэдүүлгүүдээр, мөн хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдоогүйгээс гадна хохирогч М.Магсаржавын эрүүл мэндэд учирсан “баруун гарын шууны ясны дунд 1/3-ээр далд зөрөөтэй хугарал” гэмтэл нь шүүгдэгч Ц.Баттулгын гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзнэ.
Шүүгдэгч Ц.Б хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Шүүх хуралдааны үед;
шүүгдэгч Ц.Б “...энэ хүмүүс амралтаас яваад Баасанжаргалынд очоод архи уусан гэсэн, тэндээ юм болсон болов уу, тэнд л гараа гэмтээсэн гэж бодож байна. Би хохирогчийг хавсарч унагаагүй, бид хоёр зууралдаад унах үед гар нь гэмтсэн байх боломжтой, гэхдээ гэрчүүд айлд очсоноо нуугаад худлаа мэдүүлэг өгсөн гэж бодож байна.” гэж өөрийн гэм буруугийн талаар маргаж,
шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд “...прокурор яллах дүгнэлтдээ энэ хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнө гэж бичсэн, хэрэгт авагдсан баримтуудаар хохирогчид 2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хөдөлмөрийн чадвар алдалт эхэлсний дараа буюу 2022 оны 9 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнө энэ гэмт хэрэг гарсан байх тул шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү.” гэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар “...шүүгдэгч өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй, мөн мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй” бөгөөд шүүгдэгч Ц.Баттулгын “...энэ хүмүүс амралтаас яваад Баасанжаргалынд очоод архи уусан гэсэн, тэндээ юм болсон болов уу, тэнд л гараа гэмтээсэн гэж бодож байна.” гэх мэдүүлгийн эх сурвалж нь нотлох баримтгүй бөгөөд мөрдөгч, прокурор нь энэ асуудлыг мөрдөн шалгах ажиллагааны үед шалгаснаас гадна гэрч С.Одонгуагийн “...Магсаржав нөхөр бид хоёртой хамт манай гэрт орж ирээд тамхи асаасан, манай ах “унтаж байхад яагаад гэрт тамхи татаад байгаа юм бэ” гэсэн чинь Магсаржав “өө уучлаарай” гээд манай гэрээс гараад явсан.” гэх мэдүүлгээр шүүгдэгчийн энэ мэдүүлэг няцаагдаж байна.
Мөн хавтаст хэргийн 4 дэх талд авагдсан,
хохирогч М.М “...2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Говил багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг амралтын газар үл таних залуу миний гарыг хугалсан.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл,
хавтаст хэргийн 51 дэх талд авагдсан,
шинжээч эмч Ж.Г “...2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн баруун шууны ясны хоёр байрлалын рентген зурагт шууны ясны дунд 1/3-ээр далд зөрөөтэй хугаралтай байсан.” гэх,
эх хувиар нь шинжлэн судалсан амбулаториор эмчлүүлэгсдийн картад “...2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл акт олгов.” гэсэн бичилт, мөн хохирогчийн шүүх хуралдааны үед өгсөн “...2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр ээлжтэй байсан бөгөөд гар өвдөөд ажилдаа явж чадаагүй, эмнэлэг явсан.” гэх мэдүүлгүүдээр тухайн үйл баримт 2022 оны 9 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Говил баг “Ар булаг” амралтын газарт гарсан байхад Прокурорын байгууллага эрхийн актууддаа, цаашлаад хяналтын прокурор нь яллах дүгнэлтдээ гэмт хэрэг үйлдэгдсэн огноог “2022 оны 9 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнө” гэж үйл баримтаас зөрүүтэй, техникийн алдаа гаргаж тусгасныг шүүх зөвтгөх боломжтой тул өмгөөлөгч Р.Цэрэнхандын “...шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү.” гэснийг хүлээн авах, улмаар шүүгдэгчийг цагаатгах боломжгүй юм.
Харин шүүх хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн тухайн гэмт хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Говил баг “Ар булаг” амралтын газарт гарсан гэж зөвтгөв.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл нотолгоогүй, мөн хэргийн нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь шүүгдэгч бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд хэрэгт цуглуулсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн үйл баримт “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангажээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгасан, шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хэргийн үйл баримтын талаарх шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, бусад нотлох баримтуудыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэлт хийхэд шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх шүүгдэгч Ц.Баттулгын “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Ц.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэх;
шүүх шүүгдэгч Ц.Б “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,
мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Ц.Баттулгын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгчид эрхүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдааны үед,
улсын яллагч “...шүүгдэгч Ц.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах.” гэсэн,
шүүгдэгчийн өмгөөлөгч “...цалин орлоготой байдлыг харгалзан торгох ял оногдуулна уу.” гэсэн саналыг тус тус гаргав.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгчид оногдуулах ялын биелэгдэх нөхцөл боломжийг харгалзан үзэв.
Шүүх шүүгдэгч Ц.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,
гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг тус тус харгалзан,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц долоон сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхаарууллаа.
Шүүгдэгч Ц.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,
мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж байна.
Бусад асуудал;
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрхтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж,
505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус заажээ.
Хохирогч М.М нь ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү 9.486.891 төгрөг, эм тарианы үнэ 147.650 төгрөг, нүдний шилний үнэ 175.000 төгрөг нийт 9.809.541 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүх хохирол, төлбөртэй холбоотой баримтуудыг нэгбүрчлэн нягтлаад,
хавтаст хэргийн ;
191 дэх талд авагдсан цалин хөлсний тооцоолол,
185 дахь талд авагдсан дансны хуулга,
134-138 дахь талд авагдсан “Бэйкер Тилли Далайван Аудит” ХХК-ийн 2023 оны 02/02-08 дугаартай үнэлгээ зэргийг үндэслэн нийт 9.809.541 төгрөгийг шүүгдэгч Ц.Б-с гаргуулж хохирогч М.Магсаржавт олгох үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүхийн шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
хэрэгт эд мөрийн баримтаар хураасан гэмт хэрэг үйлдэгдэх үед хохирогч М.Магсаржавын зүүж явсан гэх рам нь хугархай нүдний шилийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж,
амбулаториор эмчлүүлэгсдийн карт, гарны рентген зургийг хохирогчид буцаан олгож,
битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ц.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ц.Баттулга шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 7 /долоо/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Баттулгад урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б 9.809.541 төгрөгийг гаргуулан хохирогч М.М-т олгосугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураагдан ирсэн хохирогч М.М-н амбулаториор эмчлүүлэгсдийн карт, гарны дүрс бүхий рентген зургийг түүнд буцаан олгож,
рам нь хугархай нүдний шилийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
8.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.
9.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХТУНГАЛАГ