| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваанямын Оюумаа |
| Хэргийн индекс | 128/2025/0266/3 |
| Дугаар | 221/МА2025/0480 |
| Огноо | 2025-07-07 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 221/МА2025/0480
“Б а” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Н.Билгүүн
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Н.Долгорсүрэн
Илтгэгч: шүүгч Д.Оюумаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э
Нэхэмжлэгч: “Б а” ХХК
Хариуцагч: Хууль зүй, дотоод хэргийн яам
Хариуцагч: Хууль зүй, дотоод хэргийн сайд
Нэхэмжлэлийн шаардлага: “Хууль зүйн яамны 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 7/*** хариу хүргүүлэх ухай албан бичгийг хууль бус болохыг тогтоолгох, “Б а” ХХК-ийн төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайдад даалгах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 0350 дугаар шийдвэр
Хэргийн индекс: 128/2025/0266/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Б а” ХХК-аас хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль зүй, дотоод хэргийн сайдад тус тус холбогдуулан “Хууль зүйн яамны 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 7/*** хариу хүргүүлэх ухай албан бичгийг хууль бус болохыг тогтоолгох, “Б а” ХХК-ийн төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайдад даалгах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 0350 дугаар шийдвэрээр: “Зөвшөөрлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3, 5.2 дугаар зүйлийн 1, 2, 8.1 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б а” ХХК-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хууль зүй, дотоод хэргийн яамны 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 7/*** хариу хүргүүлэх тухай албан бичгийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, “Б а” ХХК-ийн төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг зохих, хууль журмын дагуу шийдвэрлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайдад даалгаж...” шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “...Зөвшөөрлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий этгээд зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авахаас үндэслэлгүйгээр татгалзах эрхгүй бөгөөд өргөдлийг хүлээн авсан тухай зөвшөөрөл хүсэгчид мэдэгдэж, энэ тухай бүртгэлд тусгана гэж хуульчилсан. Хууль зүй, дотоод хэргийн яамны 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 7/*** хариу хүргүүлэх тухай албан бичгээр Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсгийн 11.4 дэх заалтад тусгагдсан төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх гэдэгт ямар төрөл, ангиллын үйл ажиллагаа хамаарах, бусад ижил төрлөөс /тухайлбал, эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хонжворт таавар, боотооц уралдаанаас гэх мэт/ ялгагдах онцлог, энэхүү үйл ажиллагааг эрхлэн явуулах журам зэргийг нарийвчлан зохицуулах шаардлагатай байгаа бөгөөд энэхүү зохицуулалтыг тусгасан Улсын Их Хурлын гишүүн П.С, Н.А нарын санаачлан боловсруулсан Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төсөлд холбогдох саналыг өгсөн. Иймд дээр дурдсан төлсийг хэлэлцэн, нэг мөр шийдвэрлэх хүртэл тус яамнаас энэ төрлийн зөвшөөрлийг олгохгүй байгаа тул таны хүсэлтийг буцаан хүргүүлж байна хэмээн нэхэмжлэгч компанид тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж, хүсэлтийг буцаасан нь тодорхой үндэслэл зааж буцаасан байхад анхан шатны шүүх дээрх хууль зүйн үндэслэлийг хуульд заагаагүй үндэслэл гэж үзэн маргаан бүхий актыг хүчингүй болгосон хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна. Хууль зүй, дотоод хэргийн яам болон сайд нь Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 5-д “Засгийн газар үндэсний аюулгүй байдал, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, нийтийн ашиг сонирхол, үр ашигтай өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэх үүднээс төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага, нутгийн захиргааны байгууллага, төрийн зарим чиг үүргийг хуульд, эсхүл гэрээнд заасны дагуу шилжүүлэн авсан этгээдээс олгодог зөвшөөрлийг олгох үйл ажиллагаанд тодорхой хугацаагаар хязгаарлалт хийж болно” гэж заасны дагуу зөвшөөрлийг олгох үйл ажиллагаанд тодорхой хугацаагаар буюу нийтийн ашиг сонирхол, үр ашигтай болгохоор хязгаарлалт хийх эрхтэй. Мөн “Б а” ХХК-ийн зөвшөөрөл хүссэн өргөдөл нь Зөвшөөрлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд “Зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах” заасан хуулийн шаардлагыг хангаагүй болно” гэжээ.
4. Нэхэмжлэгч талаас анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж, хариуцагчийн гомдлыг үгүйсгэж байна.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч “Б а” ХХК-аас Хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль зүй, дотоод хэргийн сайдад тус тус холбогдуулан “Хууль зүйн яамны 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 7/*** хариу хүргүүлэх тухай албан бичгийг хууль бус болохыг тогтоолгох, “Б а” ХХК-ийн төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайдад даалгах”-аар нэхэмжлэлийн шаардлага гарган маргасан.
2.1. Хууль зүй, дотоод хэргийн яамны 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 7/*** дүгээр албан бичгээр “Б а” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Төвшинтөгсөд “Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсгийн 11.4 дэх заалтад тусгагдсан “төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагааг эрхлэх” гэдэгт ямар төрөл, ангиллын үйл ажиллагаа хамаарах, бусад ижил төрлөөс /тухайлбал эд, зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хонжворт таавар, бооцоот уралдаанаас гэх мэт/ ялгагдах онцлог, энэхүү үйл ажиллагааг эрхлэн явуулах журам зэргийг нарийвчлан зохицуулах шаардлагатай байгаа бөгөөд энэхүү зохицуулалтыг тусгасан Улсын Их Хурлын гишүүн П.С нарын санаачлан боловсруулсан Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төсөлд холбогдох саналыг өгсөн болно. Иймд дээр дурдсан төслийг хэлэлцэн, нэг мөр шийдвэрлэх хүртэл тус яамнаас энэ төрлийн зөвшөөрлийг олгохгүй байгаа тул таны хүсэлтийг буцаан хүргүүлж байна” гэх хариуг хүргүүлжээ.
2.2. Анхан шатны шүүх “...ялгагдах онцлог, энэхүү үйл ажиллагааг эрхлэн явуулах журам зэргийг нарийвчлан зохицуулах шаардлагатай байгаа гэх Хууль зүй, дотоод хэргийн яамны татгалзсан шийдвэрийн үндэслэл нь нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авахаас татгалзах эрх олгосон хуулийн зохицуулалт биш юм... Хууль зүй, дотоод хэргийн сайд болон яаманд зөвшөөрлийг олгох үйл ажиллагаанд тодорхой хугацаагаар хязгаарлалт хийх эрхийг хуулиар олгоогүй байхад... нэхэмжлэгчийн хүсэлтийг тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж, хүсэлтийг буцаасан нь хариуцагч хуулиар өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлсэн гэж үзэх бөгөөд энэ талаарх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг шүүх хүлээж авахаар байна... Энэхүү шүүхийн шийдвэрээр Хууль зүй, дотоод хэргийн яамны 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 7/*** хариу хүргүүлэх тухай албан бичгийг нэхэмжлэгчийн өргөдөл, хүсэлтээ хуульд заасан журмаар шийдвэрлүүлэх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн хууль бус захиргааны акт болохыг тогтоож, хүчингүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн гаргасан төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авах тухай хүсэлтийг зохих хууль, журмын дагуу шийдвэрлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайдад даалгах нь зүйтэй” гэж тус тус дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
2.3. Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Засгийн газар үндэсний аюулгүй байдал, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, нийтийн ашиг сонирхол, үр ашигтай өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэх үүднээс төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага, нутгийн захиргааны байгууллага, төрийн зарим чиг үүргийг хуульд, эсхүл гэрээнд заасны дагуу шилжүүлэн авсан этгээдээс олгодог зөвшөөрлийг олгох үйл ажиллагаанд тодорхой хугацаагаар хязгаарлалт хийж болно.”, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий этгээд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 1.1-д “энэ хуулийн 8.1, 8.2 дугаар зүйлд заасан зөвшөөрлийг олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох шийдвэр гаргах”, 8.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт “Хууль зүйн болон нийтлэг бусад асуудлаар доор дурдсан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд дараах этгээд олгоно”, 11.4 дэх хэсэгт “төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх”, “Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн” гэж тус тус зааснаас үзвэл Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгох бүрэн эрхийг эдлэхээр зохицуулсан байсан.
2.4. Гэвч 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 20 дахь хэсэг нэмсүгэй” гээд “20.Төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно”, 2 дугаар зүйлд “Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэгт “төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх” хүчингүй болгосонд тооцсугай” гэж тус тус нэмэлт, өөрчлөлт оруулсан.
2.5. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, хэдийгээр Монгол Улсын Дээд шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 091 дүгээр тогтоолоор үүнтэй адил хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байх боловч дээр дурдсанчлан нэгэнт 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснээр хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн хүрээнд нэхэмжлэгчид сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй гэж үзэхээр байна.
2.6. Нөгөөтэйгүүр хариуцагч Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн буюу Хууль зүй, дотоод хэргийн сайд төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгох эрхтэй байсан ч уг эрхийнхээ хүрээнд “төлбөрт таавар, бооцоот тогтоолын үйл ажиллагаа эрхлэх” гэдэгт ямар төрөл, ангиллын үйл ажиллагаа хамаарах, бусад ижил төрлөөс ялгагдах онцлог, энэхүү үйл ажиллагааг эрхлэн явуулах журам зэргийг нарийвчлан зохицуулах шаардлагатай байгааг үндэслэн уг хуулийн төслийг хэлэлцэн, нэг мөр шийдвэрлэгдэх хүртэл хугацаагаар тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг түр зогсоосныг буруутгах боломжгүй бөгөөд энэ нь тусгай зөвшөөрөл олгохоос шууд татгалзсан үйлдэл биш юм.
2.7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж заасны дагуу захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус тохиолдолд шүүх шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгаж шийдвэрлэх бөгөөд энэ тохиолдолд дээр дүгнэсэнчлэн тусгай зөвшөөрөл олгохоос шууд татгалзсан үйлдэл биш байх тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...хүсэлтийг буцаасан нь тодорхой үндэслэл зааж буцаасан байхад анхан шатны шүүх дээрх хууль зүйн үндэслэлийг хуульд заагаагүй үндэслэл гэж үзэн маргаан бүхий актыг хүчингүй болгосон нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлтэй. Энэхүү нөхцөл байдлыг хууль тогтоох болон бусад эрх бүхий байгууллагаас шүүх тодруулах, нотлох баримт цуглуулах үүргээ хангалттай биелүүлсэн гэж үзэхээргүй байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.2-т “Хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт цугларсан, шүүх хуралдаан болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан боловч шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, эсхүл хуулийг буруу хэрэглэсэн бол давж заалдах шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх энэ хуулийн 121.1.1, 121.1.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргана” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 0350 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 20 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б а” ХХК-аас Хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль зүй, дотоод хэргийн сайдад тус тус холбогдуулан “Хууль зүйн яамны 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 7/*** хариу хүргүүлэх тухай албан бичгийг хууль бус болохыг тогтоолгох, “Б а” ХХК-ийн төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайдад даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Д.ОЮУМАА