Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 13

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                            Хэргийн индекс: 180/2017/0007/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Нарийн бичгийн дарга             А.Цэрэндулам,
Улсын яллагч                  Я.Сансар,
Иргэний нэхэмжлэгч            Л.Мэргэнсанаа
Шүүгдэгчийн өмгөөлөгч             С.Нарангэрэл, Х.Биязхан
Шүүгдэгч                                           Д.Санчир нарыг оролцуулан

Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Санчирт холбогдох 201623000231 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 03-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1990 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Дулааны 2-3 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэл үгүй Харчин овогт Довчингийн Санчир /РД: 90092901/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/:
Шүүгдэгч Д.Санчир нь 2016 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Нэгдсэн эмнэлэгийн баруун урд талын 4 замын уулзвар дээр тоёота стема маркын 95-40 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.9-д заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Г.Нарантуяагийн жолоодож явсан тоёота ланд-200 маркын 12-73 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргаж Г.Нарантуяад онц их хэмжээний буюу 47.340.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна.

ТОДОРХОЙЛОХ НЬ:  
Шүүгдэгч Д.Санчир нь 2016 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Нэгдсэн эмнэлэгийн баруун урд талын 4 замын уулзвар дээр тоёота стема маркын 95-40 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.9-д заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж иргэн Г.Нарантуяад онц их хэмжээний буюу 47.340.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь дараахи нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
      Хохирогч Г.Нарантуяагийн: ... Би 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотоос өөрийн нөхөр хүүхэдтэйгээ Хэнтий аймгийн баяр наадам үзэхээр ирсэн. ... хүүгээ дагуулаад 12-73 УНЛ улсын дугаартай тоёота ланд-200 маркын автомашинтай Хэрлэн хороололд байдаг Жүрж нэртэй дэлгүүр орохоор явж байхдаа Нэгдсэн эмнэлэгийн 4 замын уулзвар дээр зогсоод урдаас хойш явдаг туслах замыг харахад уг нь машин байхгүй байсан. Тэгээд хөдөлгөөнд оролцоод чигээрээ явж байхад гэнэт миний урдуур тоёота стема маркын 95-40 УБЭ улсын дугаартай авто машин хурдтай орж ирээд миний унаж явсан машинд мөргүүлээд нэг мэдэхэд юу болсныг мэдээгүй манай машин жолооч талруугаа хажуулдаж унасан байсан. ... 20 гаран км/цагийн хурдтай явж байсан. Би ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийшээ хөдөлгөөнд оролцож явсан төв зам гэсэн тэмдэг, явган хүний замын тэмдэг байсан... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 25-26 хуу/
Иргэний нэхэмжлэгч Л.Мэргэнсанаагийн: ... Манай компанид “Капитал континент инвестмент” банк бус санхүүгийн байгууллага 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 1 жилийн хугацаатай 150301002501 дугаартай тээврийн хэрэгслийн  даатгалын гэрээгээр 12-73 УНЛ улсын дугаартай тоёота ланд-200 маркын тээврийн хэрэгслийг 148.000.000 төгрөгөөр үнэлж манай компани даатгалын мөнгөн хураамж 1.036.000 төгөрг авсан. Тус тээврийн хэрэгсэл нь 2016 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Хэнтий аймагт 95-40 УБЭ улсын дугаартай тоёота стема маркын авто машинтай мөргөлдөж зам тээврийн осолд орсон. Тухайн хэргийг манай компани судалж үзэхэд  цагдаагийн газрын замын байцаагчийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт дээр манай даатгуулагчийн буруу байгаагүй эсрэг талын тээврийн хэрэгслийн буруу гэж дүгнэлт гарсан учир манай компани 62.776.576 төгрөгийг хохирлыг даатгуулагчдаа төлж даатгуулагчийн хохирлыг 100 хувь барагдуулсан. Даатгалын тухай хууль, Иргэний хуулийн дагуу дээрх нөхөн төлбөрийг хохирогчид бүрэн барагдуулж буруутай этгээд болох Д.Санчираас дээрх хохирлыг нэхэмжилж байна... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 15-16 хуудас/
     Гэрч Т.Болдбаатарын: ... Би Нарантуяагийн нөхөр нь байгаа юм. 2016 оны 07 дугаар сарын 31-ний өдөр аавындаа эхнэр хүүхдийн хамт ирээд амарч байхад манай хүү усан буу авмаар гээд байсан чинь ээж нь хүүгээ дагуулж усан буу авах гэж яваад уг осол болсон байна. би тухайн үед осол болсоноос хойш 5 минутын дараа очсон намайг очиход манай машин жолоочийн талаараа уначихсан байдалтай эмнэлэгийн машин ирсэн байсан. ... манай эхнэр хэлэхдээ Нэгдсэн эмнэлэгийн 4 замын уулзвар дээр ирээд урдаас хойш явдаг замыг сайн хараад машин байхгүй болохоор нь уулзвар нэвтэрч байхад гэнэт хурдтай орж ирсэн би ч тоормосоо гишгэсэн гэж надад хэлсэн... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 32-33 хуу/
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл. /хх-ийн 4-7 хуу/
 Зам тээврийн ослын дүгнэлт. /хх-ийн 8 хуу/
 Гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хх-ийн 9-11/
   Бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт. /хх-ийн 47-48 хуу/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Санчирийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.9-д заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж иргэн Г.Нарантуяад онц их хэмжээний буюу 47.340.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д заасан гэмт хэрэг байна.
Шүүгдэгч нь энэ гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлджээ.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Нарантуяад 47.340.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд даатгалын байгууллагаас хохирлыг барагдуулсан байна.
Хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судалж үзэхэд иргэний нэхэмжлэгч нь  өөрийн гаргасан нэхэмжлэлтэй холбоотой санхүүгийн болон бусад баримтуудаа шүүхэд гаргаж өгөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтаар нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжгүй байх тул нотлох баримтаа бүрэн бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.   

Шүүгдэгчийн анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чинь санаанаасаа гэмшиж байгаа байдлуудыг харгалзан ял шийтгэлийг оногдуулж, гурав хүртэлх насны хүүхэдтэй байдлыг нь харгалзан түүнд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах нь зүйтэй гэж үзлээ.  

Монгол Улсын Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 283, 286, 293, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон


ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Харчин овогт Довчингийн Санчирыг Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас бусдын эд хөрөнгөд онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйилийн 215.3-д зааснаар шүүгдэгч Д.Санчирын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасч 03 жил 01 сарын хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Д.Санчирт оногдуулсан 03 жил 01 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний үнэмлэх шүүхэд ирээгүй ба №935422 дугаартай жолооны үнэмлэхийг Хэнтий аймгийн замын газарт шилжүүлсүгэй.
5. Иргэний нэхэмжлэгч нь хохирлоо нотлох баримтаа бүрэн бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1-д зааснаар шүүгдэгч  Д.Санчирт 03 жил 01 сарын хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 жилийн хугацаагаар хойшуулж түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймгийн цагдаагийн газарт даалгасугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.
    8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Санчирт авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            

                ДАРГАЛЧ, ШҮҮГЧ                Д.ГАНЗОРИГ