Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/183

 

 2023         05            26                                 2023/ШЦТ/183

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Д,       

улсын яллагч Н.Д,

хохирогч Б.Ш өмгөөлөгч З.Б,

шүүгдэгч Б.Г, өмгөөлөгч Р.Ц нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, Б.Г-т холбогдох эрүүгийн 2325000000169 дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, Б.Г

Шүүгдэгч Б.Г нь;

2023 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 16 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг Баруун Дэнж 10б гудамжны 2 тоот хашааны гадаа “гудамж хааж машин байрлууллаа” гэх шалтгаанаар хохирогч Б.Шинэбилэгтэй маргалдаж, улмаар түүнийг хавсарч унагаан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Б.Г “...мөрдөн байцаалтын шатанд үнэн, зөв мэдүүлгээ өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, маргаангүй.” гэв.

хохирогч Б.Ш “...тухайн өдөр энэ залуу хашааны гадаа сигналдаад зогсож байсан, би энэ хүнд гар хүрээгүй, харин намайг хавсарч унагааж миний хөлийг хугалсан. Миний нэхэмжилж байгаа хохирол, төлбөрийг төлчихвөл гомдол, саналгүй.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогч Б.Ш “...2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 16 цагийн орчимд хашааныхаа гадаа зогсоод жижиг хаалгаараа орж монгол гэрээс түлхүүр аваад, нохойгоо үүрэнд нь хийчихээд хашааныхаа гадаа гарч ирээд том хаалгаа онгойлгох гэтэл гүйдэг хаалганы зам мөстөж хөлдсөн байсан. Уг хөлдсөн мөсийг гүйдэг замаас салгах гээд хаалгаа нааш, цааш болгож мөсийг нь цэвэрлэсэн, нохойгоо үүрэнд хийж байхад манай хашааны хажууханд байдаг зүс таних эрэгтэй хүн хар өнгийн машинтайгаа зогсож...дуут дохио буюу сигналыг олон удаа дараад байсан. Хаалгаа онгойлгоод зогсож байтал миний машины хажууд ирж зогсоод машины салхины шилэн дээр тогтоосон гар утасны дугаарыг харж байгаа бололтой зогсож байсан, би машин руу дөхөж очих үед “энэ машины жолооч мөн үү” гэхээр нь” тийм байна аа, яасан бэ, хаалгаа онгойлгоод одоо машин орууллаа” гэж хэлтэл “чи ер нь яахаараа дандаа ингэж машинаа тавьдаг юм, дээр эхнэр чинь хэл амаар доромжлоод байсан” гэхээр нь “чи тэгээд миний машины хажуугаар гараад явчихсан биз дээ” гэсэн, бид хоёр хэрүүл маргаан үүсгэн, хэн, хэндээ “ямар сүртэй юм” гэсэн зүйлийг хэлсэн. Машины хажууд хэрэлдэж байгаад намайг заамдаад авсан, би зөрүүлээд хоёр гараас нь бариад авсан, намайг түлхэж явсаар байгаад хашаанд нуруугаар тулгасан, ...хавсарч унагаагаад дээр гарчихаад боож дараад байсан. ...би “гурван сарын өмнө л эндээс гарсан, түүнээс хойш ирээгүй байж байгаад одоо л ирж байна” гэж хэлэхэд “чамайг яаж мэддэг юм” гэхээр нь “чи яасан сүртэй юм, п***а минь” гэж хэлтэл намайг дахин хавсарч унагаасан, тэр үед хөл сонин дуугарч эвгүй болсон, тэгээд босож чадаагүй. ...миний хөлийг хугалсан залуутай харилцан хэрүүл маргаан үүсгэсэн, гэхдээ тэр залууд би огт гар хүрээгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 109-110 дахь тал/,

“...Би нэхэмжлэх зүйлийнхээ баримтаа гаргаж өгсөн, эмчилгээний зардалд 1.045.927 төгрөг гаргасан, мөн “Инвескор” ХХК-иас 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр “Волво” загварын 83-83УБҮ улсын дугаартай /чиргүүл 83-83 оч дугаартай/ тээврийн хэрэгслийг зээлээр худалдан авсан, 3.917.000 төгрөгийг сар болгон төлдөг. Би хөлөө хугалуулсан цаг хугацаанд зээлээ төлөөгүй, уг нь өөрөө машинаараа тээвэрт явж зээлээ төлдөг байсан, мөн “Эрдэнэт-Үйлдвэр” ТӨҮГ-тай өөрийнхөө нэр дээр байдаг “Ажнай мандал” ХХК-ийн нэрээр бараа, материал нийлүүлэх гэрээтэй бөгөөд хөлөө хугалуулсан цаг хугацаанд 08-69УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Цэрэнтогтохоор Хятад Улсын Эрээн хотоос “Эрдэнэт-Үйлдвэр” ТӨҮГ-т барааг тээвэрлүүлэн хүргүүлсэн, тухайн жолооч Цэрэнтогтоход тээврийн хөлс болгож гурван удаагийн давтамжтай 6.000.000 төгрөг өгсөн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 112 дахь тал/,

гэрч Б.Е “...2023 оны 3 дугаар сарын 06-ны өдөр ах Б.Шинэбилэгийн хамтаар “Эрдэнэт-Үйлдвэр” ТӨҮГ-т ачаа буулгачихаад...ах маань хашаандаа ачааны том машинаа тавихаар явсан, үдээс хойш 17 цагийн үед залгаад “чи хүрээд ирээч, хөл сонин болчихлоо” гэсэн, Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг Баруун дэнж 10б-2 тоот хашааны гадаа очиход ах газарт хөлөө жийгээд суусан байдалтай, хажууд нь хөлийг нь хугалсан гэх залуу явган сууж байсан, юу болсон талаар асуухад “энэ залуу хөл хугалчих шиг боллоо, машин гудам хааж тавьсан асуудлаас болоод маргаан үүссэн” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 116 дахь тал/,

Б.Г сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 17 цагийн үед гэрийн гадаа буюу Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг Баруун дэнжийн 10б-2 тоотын гадаа Б.Шинэбилэг гэх хүнтэй хэрүүл маргаан үүсгэж, хавсарч унагааж хөлийг нь хугалсан. ...Шинэбилэг манай гудмыг машинаар хааж тавихаар нь холдуулахыг шаардаад, “дандаа ингэж гудамж таглаж машинаа тавих юм” гэж хэлсэн чинь “чи юу юм, сүртэй юм, машинаа оруулахын хооронд” гэж хэлээд малгайныхаа саравчаар толгой руу тулгаж мөргөхийг завдсан. Би зөрүүлээд заамдаад авсан чинь намайг зөрүүлээд заамдаж аваад баруун шанаа хэсэгт нэг удаа гараараа цохисон, тэгээд бид хоёр, хоёр биенээ боож, хэн, хэнийгээ түлхсэн, би хөлөөрөө хавсарч унагаад дээрээс нь дараад “намайг тавь” гэж хэлээд гарыг нь тавиулсан. ...уурандаа дахин хавсарч унагаасан чинь “хөл хугарчихлаа” гэхээр нь цагдаа дуудсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 132 дахь тал/,

“...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, би цагдаагийн газарт өөрөө дуудлага өгсөн, мөн эмнэлгийн тусламж дуудаж, эмнэлгийн машинаар Шинэбилэг эмнэлэгт хүргэгдсэн, биеийн байдлыг нь асууж, санаа тавьж байгаа.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 134-135 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газар Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Ж.Гэрэлмаагийн 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 245 дугаартай; “...1.Э.Шинэбилэгийн биед баруун шилбэний шаант болон тахилзуур ясны доод 1/3-ээр зөрөөтэй, ташуу, далд хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. 4.Хугарал тус бүр нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. 5.Гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байж болно. 6.Гэмтэл нь хохирогчийг босоо байрлалд байхад үүссэн байж болно. 7.Гэмтэл нь унах үед үүсэх боломжтой.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 119-120 дахь тал/,

хохирогч Б.Ш “...2023 оны 3 дугаар сарын 06-нд зодуулж хөлөө хугалуулсан.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 8 дахь тал/,

түүний өргөдөл /хавтаст хэргийн 9 дэх тал/,

хохирогчоос гаргаж хэрэгт хавсаргуулсан, эмчилгээний төлбөртэй холбоотой 222.900+9.100+22.900+96.900+3500+10.500+30.750+100.000+10.000+19.500+10.777.64+9.100+500.000 = 1.045.927 төгрөгийн баримтууд /хавтаст хэргийн 12-24 дэх тал/,

“” ХХК-ийн зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээ, батлан даалтын гэрээ, “Эрдэнэт-Үйлдвэр” ТӨҮГ-тай байгуулсан “худалдах-худалдан авах гэрээ” /хавтаст хэргийн 25-28, 29, 30-32, 33-34, 35-41 дэх тал/,

Б.Е Б.Ц 2023 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 3.000.000 төгрөг, 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 1.500.000 төгрөг, 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 1.500.000 төгрөг, нийт 6.000.000 төгрөг шилжүүлсэн тухай банкны баримт /хавтаст хэргийн 42, 43, 44 дэх тал/,  

шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд хохирогч Б.Шинэбилэгт 1.045.000 төгрөг шилжүүлсэн тухай банкны баримт /хавтаст хэргийн 50 дахь тал/,

хохирогч Б.Ш БОЭТ-д хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүх, 222.900 төгрөгийн эмчилгээний зардал гарсан талаарх баримт /хавтаст хэргийн 52-73 дахь тал/,

Б.Ц 2023 оны 3 дугаар сарын 12, 21-ний өдрүүдэд 08-69УБӨ улсын дугаартай “Volvo” загварын тээврийн хэрэгслээр БНХАУ-аас Монгол Улс руу бараа, материал тээвэрлэсэн тухай баримтууд /хавтаст хэргийн 75-85, 87-106 дахь тал/,

Б.Г эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 139 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 148 дахь тал/ зэрэг болно.

Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мөн Б.Ганбаяраас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгч Б.Г гэм буруутайд тооцох;

шүүгдэгч Б.Г нь;

2023 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 16 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум _____ гудамжны 2 тоот хашааны гадаа “гудамж хааж машин байрлууллаа” гэх шалтгаанаар хохирогч Б.Ш маргалдаж, улмаар түүнийг хавсарч унагаан эрүүл мэндэд нь “баруун шилбэний шаант болон тахилзуур ясны доод 1/3-ээр зөрөөтэй, ташуу, далд хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх,

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогч Б.Ш “...намайг түлхэж явсаар байгаад хашаанд нуруугаар тулгасан, хавсарч унагаагаад дээр гарчихаад боож дараад байсан. ...“чи яасан сүртэй юм, п***а минь” гэж хэлтэл намайг дахин хавсарч унагаасан, тэр үед хөл сонин дуугарч эвгүй болсон, тэгээд босож чадаагүй.” гэх,

гэрч Б.Е “...2023 оны 3 дугаар сарын 06-ны өдөр...ах маань... үдээс хойш 17 цагийн үед залгаад “чи хүрээд ирээч, хөл сонин болчихлоо” гэсэн, Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг Баруун дэнж 10б-2 тоот хашааны гадаа очиход ах газарт хөлөө жийгээд суусан байдалтай, хажууд нь хөлийг нь хугалсан гэх залуу явган сууж байсан, юу болсон талаар асуухад “энэ залуу хөл хугалчих шиг боллоо, машин гудам хааж тавьсан асуудлаас болоод маргаан үүссэн” гэж хэлсэн.” гэх,

Б.Ганбаярын өөрийнх нь өгсөн “...би хөлөөрөө хавсарч унагаад дээрээс нь дараад “намайг тавь” гэж хэлээд гарыг нь тавиулсан. ...уурандаа дахин хавсарч унагаасан чинь “хөл хугарчихлаа” гэхээр нь цагдаа дуудсан.” гэх мэдүүлгүүдээр,

мөн Шүүхийн шинжилгээний ерөнхий газар Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Ж.Гэрэлмаагийн 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 245 дугаартай; “...Э.Шинэбилэгийн биед баруун шилбэний шаант болон тахилзуур ясны доод 1/3-ээр зөрөөтэй, ташуу, далд хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо.” гэсэн дүгнэлт, хохирогч Б.Шинэбилэгийн “...2023 оны 3 дугаар сарын 06-нд зодуулж хөлөө хугалуулсан.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл, хохирогчоос гаргаж хэрэгт хавсаргуулсан, эмчилгээний төлбөртэй холбоотой 1.045.927 төгрөгийн баримтууд, шүүгдэгч Б.Ганбаярын гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд хохирогч Б.Шинэбилэгт 1.045.000 төгрөг шилжүүлсэн тухай банкны баримт, хохирогч Б.Шинэбилэг БОЭТ-д хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүх зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн баримтуудаар тогтоогдож байх бөгөөд дээрх нотлох баримтууд хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүгдэгч Б.Ганбаяр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд;

Шүүгдэгч Б.Г нь 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 16 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг ___ тоот хашааны гадаа “гудамж хааж машин байрлууллаа” гэх шалтгаанаар Б.Шинэбилэгтэй маргалдсан, улмаар бие махбодийнх нь эсрэг хүчирхийлэл үйлдэж, биед нь “баруун шилбэний шаант болон тахилзуур ясны доод 1/3-ээр зөрөөтэй, ташуу, далд хугарал” бүхий гэмтэл учруулсан болох нь хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны үед өгсөн мэдүүлгүүдээр болон хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд нотлох баримтуудыг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдоогүй, хохирогчид учруулсан гэмтэл нь шүүгдэгч Б.Ганбаярын гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Г хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь шүүгдэгч бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд хэрэгт цуглуулсан баримтуудаар тогтоогдсон хэргийн үйл баримт “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангажээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгасан, шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хэргийн үйл баримтын талаарх шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, бусад нотлох баримтуудыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэлт хийхэд шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх шүүгдэгч Б.Ганбаярыг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Б.Г эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

шүүх шүүгдэгч Б.Г “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Б.Ганбаярын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдааны үед,

улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ганбаярт нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу нэг сая төгрөгөөр торгох ял оногдуулах.” гэсэн,

өмгөөлөгч Р.Цэрэнханд “...шүүгдэгч Б.Г анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, төлбөрт 1.045.000 төгрөг нөхөн төлсөн зэргийг нь харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан хамгийн бага хэмжээгээр торгож өгнө үү.” гэсэн саналыг тус тус гаргасан болно.

          Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгчид оногдуулах ялын биелэгдэх нөхцөл боломжийг харгалзан үзэв. 

          Шүүх шүүгдэгч Б.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг тус тус харгалзан,

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 8 /найм/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Шүүгдэгч Б.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн.”-ийг,

1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн”-ийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж байна. 

Бусад асуудал;

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.

Хохирогч Б.Шинэбилэг эмчилгээний төлбөртэй холбоотой 1.045.927 төгрөгийн баримтуудыг гаргаж хэрэгт хавсаргуулсан бөгөөд шүүгдэгч Б.Г үүнийг бүрэн төлж барагдуулсан, шүүгдэгч, хохирогч нар энэ талаар маргаагүй.

Харин хохирогч Б.Шинэбилэг нь “...Б.Ерөөлтбилэгээс Б.Цэрэнтогтоход 2023 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 3.000.000 төгрөг, 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 1.500.000 төгрөг, 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 1.500.000 төгрөг, нийт 6.000.000 төгрөг,

мөн гэмт хэргийн улмаас зээлээ төлж чадаагүй тул зээлийн төлбөрт төлөх 3.917.000 төгрөг, нийт 9.917.000 төгрөг гаргуулж өгнө үү.” гэсэн шаардлага гаргаж, хавтаст хэргийн 25-28, 29, 30-32, 33-34, 35-41 дэх талуудад “Инвескор ББСБ” ХХК-ийн зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээ, батлан даалтын гэрээ, “Эрдэнэт-Үйлдвэр” ТӨҮГ-тай байгуулсан “худалдах-худалдан авах гэрээ” зэргийг,

хавтаст хэргийн 75-85, 87-106 дахь талуудад Б.Цэрэнтогтох нь 2023 оны 3 дугаар сарын 12, 21-ний өдрүүдэд 08-69УБӨ улсын дугаартай “Volvo” загварын тээврийн хэрэгслээр БНХАУ-аас Монгол Улс руу бараа, материал тээвэрлэсэн тухай баримтуудыг хавсаргуулжээ.

Шүүх дээрх нотлох баримтуудыг нэгбүрчлэн нягтлаад,

иргэн Б.Е хохирогч Б.Ш төлөөлж дээрх мөнгийг шаардах эрхгүйгээс гадна хэддүгээр сарын зээлийн төлбөр нэхэмжилж байгаа нь тодорхойгүй, энэ талаар баримтгүй гэж үзээд нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисрн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлтэй холбоотой баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ганбаяр цагдан хоригдсон хоноггүй, эмчилгээний төлбөрт 1.045.000 төгрөг төлсөн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдаж,

шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгч Б.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-г найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Г шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 8 /найм/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

          4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          6.Хохирогч Б.Ш энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөртэй холбоотой баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

          7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ганбаяр нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй,  иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдсугай.   

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЭНХТУНГАЛАГ