| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2019/02323/И |
| Дугаар | Дугаар 102/ШШ2019/02452 |
| Огноо | 2019-09-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 09 сарын 19 өдөр
Дугаар Дугаар 102/ШШ2019/02452
| 2019 оны 9 сарын 19 өдөр | Дугаар 102/ШШ2019/02452 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн С.Ч нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн С.С холбогдох,
12,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Ч, хариуцагч С.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ц оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.С 2016 оны 2 дугаар сард цэцэрлэг, сургуульд шахаа хийх гэж байна. 5,000,000 төгрөг хэрэгтэй байна. Хамтран ажиллая 3 сарын хугацаанд сар бүр 2,000,000 төгрөг өгнө гэж санал тавьсны дагуу 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдөр 3,000,000 төгрөг, 3 дугаар сард 2,000,000 төгрөг, нийт 5,000,000 төгрөг бэлнээр өгсөн. С.С эгч зээлийн төлбөрт надад 2016 оны 03 сард 1,200,000 төгрөг, 2016 оны 04 сард 1,200,000 төгрөг, 2016 оны 05 сард 500,000 төгрөг өгсөн. Ингээд зээлсэн мөнгө болон өгнө гэсэн мөнгөө бүрэн гүйцэт өгөхгүй байсан тул гэрээгээ дүгнэн 5,000,000 төгрөгний үлдэгдэлтэй гэж тохиролцон зээлийг гэрээг бичгээр 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан. Мөн энэ өдөр мөнгө хэрэгтэй байна гэсний дагуу нэмж 3,000,000 төгрөгийг зээлж, гэрээг бичгээр байгуулсан. Түүнээс хойш нийт 2,491,000 төгрөгийг 2016 оны 6 дугаар сарын 8-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор өгсөн бөгөөд ямагт төлбөр төлөхөөс зайлсхийж удахгүй олгоно гэх хуурамч тайлбараар 3 дахь жилдээ явж байна. Тиймээс үндсэн мөнгө болох 8,000,000 төгрөг, хүү торгуульд 4,000,000 төгрөгийг гаргуулж гэрээний үүргийг хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч С.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: С.Ч “Х” ХЗХ-ны захирал байсан. Би тус хоршооноос хүнээр дамжуулж 5,000,000 төгрөгийг өмнө нь аваад төлж байсан. С.Ч хувиараа надад бага хүүтэй мөнгө гаргаж өгье хэр ашиг өгөх юм бэ гэсэн. Би С.Ч-т 2,000,000 төгрөг өгнө гэж хэлээгүй, долоо хоногт 500,000 төгрөг өгнө гэсэн. Би С.Ч-аас 5,000,000 төгрөг дараа нь нэмж 3,000,000 төгрөг нийт 8,000,000 төгрөг авсан. 3,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 5,000,000 төгрөгийн ашиг хуваахаар тохирсон. Би С.Ч-аас 8,000,000 төгрөг авсан. Шүүхэд 8,001,000 төгрөг зээлийн төлбөр төлсөн баримтаа өгсөн. С.Ч-т зээлийн хүүнд 1,000,000 төгрөг л төлнө. Өөр мөнгө төлөхгүй гэжээ.
Шүүх хуралдаанаар: зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Ч нь хариуцагч С.Сд холбогдуулан 12,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ...хариуцагч нь сургууль цэцэрлэгт шахаа хийхэд мөнгө хэрэгтэй байна чамд сар бүр 2,000,000 төгрөгний ашиг өгнө гэж гуйсны дагуу надаас 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 3,000,000 төгрөгийг, 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 2,000,000 төгрөг, нийт 5,000,000 төгрөгийг авсан. Ингээд 2016 оны 03 дугаар сард 1,200,000 төгрөгийг, 2016 оны 04 дүгээр сард 1,200,000 төгрөгийг, 2016 оны 05 дугаар сард 500,000 төгрөгийг тус тус өгсөн. Ингээд бид энэхүү гэрээгээ дүгнэж 5,000,000 төгрөгөнд тохирч, энэхүү үлдэгдэл 5,000,000 төгрөг дээр 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээг байгуулсан. Мөн энэ өдрөө дээр нэмж 3,000,000 төгрөг бэлнээр өгч, зээлийн гэрээг бичгээр байгуулж, сарын 10 хувийн хүүтэйгээр зээлүүлсэн. Иймд зээлийн гэрээний дагуу үндсэн зээл болон хүү, алдангид нийт 12,000,000 төгрөгийг төлөх ёстой гэж тайлбарлаж байна.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байх ба үндэслэлээ....Нэхэмжлэгчээс эхлээд хамтран ажиллах зорилгоор 5,000,000 төгрөгийг авсан бөгөөд энэхүү мөнгөний хүүнд тооцон 7 хоног бүр 500,000 төгрөгний ашиг өгнө гэж, үндсэн 5,000,000 төгрөгийг 3 сарын дараа өгнө гэж зээлсэн. Дараа нь 3,000,000 төгрөгний зээлийн гэрээг бичгээр хийж 3,000,000 төгрөгийг авсан бөгөөд уг мөнгийг 10 хувийн хүүтэй авсан. Харин 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 5,000,000 төгрөгийг аваагүй ба нэхэмжлэгчээс авсан мөнгөө буцаан бүрэн төлж дуусгасан гэж тайлбарлаж байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчээс 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 3,000,000 төгрөгийг, 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 2,000,000 төгрөг, нийт 5,000,000 төгрөгийг авсан болохоо хүлээн зөвшөөрч маргахгүй байх ба уг 5,000,000 төгрөгийг хэзээ буцаан өгөх талаар болон уг мөнгийг ашигласныхаа хариу төлбөр төлөхөөр талууд тохиролцсон болох нь тэдний шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Зохигч нь хэдийгээр энэхүү 5,000,000 төгрөгийг хамтран ажиллах гэрээний дагуу шилжүүлсэн гэж тайлбарлаж байх боловч талуудын тохиролцоо, эрх, үүрэг, гэрээний шинж зэргээс дүгнэвэл талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.
Хариуцагч нь энэхүү 5,000,000 төгрөгийг авч ашигласныхаа хариуд нэхэмжлэгчийн сар бүр 2,000,000 төгрөг төлнө гэсэн гэх, хариуцагчийн 7 хоног бүр 500,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон гэх тайлбараас үзэхэд талууд уг 5,000,000 төгрөгний хүүг тохиролцсон гэж үзэхээр байна.
Хэдийгээр талууд дээрх байдлаар 5,000,000 төгрөгт хүү тооцох талаар тохиролцсон байх боловч энэхүү тохиролцоог бичгээр байгуулаагүй байна.
Иймд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасны дагуу хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийнэ гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас уг зээлийн гэрээний дагуу хүү шаардах эрхгүй, хариуцагч нь зээлсэн 5,000,000 төгрөгөө төлөх үүрэгтэй байна.
Мөн зохигч нь 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 5,000,000 төгрөгний болон 3,000,000 төгрөгний зээлийн гэрээг бичгээр байгуулжээ.
2016 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 5,000,000 төгрөгний зээлийн гэрээг өмнөх зээлийн гэрээг дүгнэж, үлдэгдэл төлбөрийг зээлийн гэрээний хэлбэрт оруулан баталгаажуулсан гэж нэхэмжлэгч тайлбарлаж байгаа бол хариуцагч нь уг гэрээний дагуу 5,000,000 төгрөгийг аваагүй гэж тайлбарлаж байна.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно.
Шүүх хуралдаанд зохигчийн гаргасан тайлбараар энэхүү гэрээний дагуу 5,000,000 төгрөгийг хариуцагч аваагүй болох нь тогтоогдож байх тул энэхүү зээлийн гэрээг байгуулагдаагүй гэж үзнэ. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 5,000,000 төгрөгний зээлийн гэрээний үүргийг шаардах эрхгүй гэж үзлээ.
Харин хариуцагч нь 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 3,000,000 төгрөгний зээлийн гэрээний дагуу 3,000,000 төгрөгийг авсан болохоо хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргаж байна.
Уг гэрээгээр хариуцагч нь 3,000,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэйгээр 5 сарын хугацаатай зээлж авсан байх ба хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцжээ.
Иймд хариуцагч нь энэхүү гэрээний дагуу үндсэн төлбөрт 3,000,000 төгрөгийг, хүүнд 1,500,000 төгрөгийг, нийт 4,500,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байх ба нэхэмжлэгч нь энэхүү гэрээний хугацаа дууссан өдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс хойш алданги нэхэмжлэх эрхтэй боловч алдангийг хэдий хугацаагаар, ямар үнийн дүнгээс тооцож, хэдэн төгрөгний алданги нэхэмжлээд байгаа нь ойлгомжгүй байна.
Иймд шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон зохигчийн тайлбарыг үндэслэн талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үндсэн үүргийг тооцож хэргийн шийдвэрлэсэн болно.
Хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагч нь нэхэмжлэгчид нийт 6,171,000 төгрөгийг төлсөн болох нь хариуцагч талаас гаргаж өгсөн санхүүгийн анхан шатны баримтуудаар тогтоогдож байх тул хариуцагч нь нэхэмжлэгчид нийт зээлийн гэрээний үүрэгт 9,500,000 төгрөгийг төлөх үүрэгтэйгээс 6,171,000 төгрөгийг төлж, үлдэх 3,329,000 төгрөгийг төлөөгүй байна.
Дээрх үндэслэлээр хариуцагч С.Саас 3,329,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Ч-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,671,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч С.С-аас 3,329,000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч С.Ч-т олгож, үлдэх 8,671,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.С-аас улсын тэмдэгтийн хураамжинд 68,214 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Ч-т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА