Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2023/ШЦТ/184

 

2023          5              30                                 2023/ШЦТ/184

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Б,

улсын яллагч Г.А,

шүүгдэгч Ц.У нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, Ц.У-д холбогдох эрүүгийн 2325000000197 дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, Ц.У

Шүүгдэгч Ц.У нь;

2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 15 цагийн орчим архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, Орхон аймаг Баян-Өндөр сум ______ тоотод хохирогч Б.Б-ой улс төрийн намын талаар ярилцан маргалдаж, нүүр лүү нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Ц.У “...мөрдөн байцаалтын шатанд үнэн, зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.   

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогч Б.Б “...2023 оны 3 дугаар сарын 20-ны өглөө 09.00 цагийн үед ажлаасаа буугаад гэртээ харих замдаа үйлдвэрийн автобусанд өөр цехийн ажилтан Уранзаяатай хамт явж байхдаа би Уранзаяагаас “18-ны өдөр баяраар авсан вискинээс талаас дээгүүр үлдчихсэн байгаа, чи надтай хамт манайд очиж хамт уух уу” гэж асуутал Уранзаяа “за тэгье” гэж хариулсан. Ингээд бид хоёр Говил баг 100 айлын эцсийн буудал дээр автобуснаас буугаад хамтдаа манайд орсон, ... тал шилтэй вискигээ гаргаж ирээд хамт ууж эхэлсэн. ...Сүүлд авсан архиа хуваагаад ууж байтал юунаас гэдгийг нь мэдэхгүй, Уранзаяа надтай маргалдаж нэг хатуу зүйлээр миний духны зүүн тал руу цохисон. ...Нэг сэргэхэд гэртээ ганцаараа шалан дээрээ хэвтэж байсан, толгойноос цус гоожсон байсан. ...эмнэлэг дээр очоод үзүүлтэл “толгой хагарсан байна” гээд таван оёо тавьсан, мөн “нүд, чих, хамар хоолойн эмчид үзүүл” гэсэн. ...эмч нарт үзүүлтэл “хамарт шинээр цууралт үүссэн байна” гэж хэлсэн. Миний биед учирсан гэмтлийг Уранзаяа учруулсан, толгой руугаа нэг удаа хүчтэй цохиулаад ухаан алдчихсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дахь тал/,

“...Надад одоогийн байдлаар найз Ц.Уранзаяатай холбоотой гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, биеийн байдал хэвийн болсон, ажлаа хийж байгаа. Цаашид эмчилгээтэй холбоотой асуудал гарах юм бол тухай бүрт нь нэхэмжлэх болно.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/,

гэрч Н.Д“...2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр...нөхөр Бямба-Од над руу залгасан, ...утсаа автал “би гэртээ байна, Уранзаяа зодчихоод яваад өгсөн байна” гэж хэлсэн, ...фэйсбүүк хаягаасаа өөрийнхөө зургийг дарж явуулсан, тэр зураг дээр манай нөхрийн нүүр, ам битүү хавдаад цус болсон байсан.  ...Би хажуу айлын Цагаанбаньд руу залгаж “нөхөр хүнд зодуулчихсан юм шиг байна, чи манай гэрт ороод хараад өгөөч” гэж гуйсан, хэсэг хугацааны дараа Цагаанбаньд над руу өөрийнхөө утаснаас залгаж “танай нөхрийн царай аймар болчихсон байна, чи хүрч ирээд цагдаа, түргэн дуудсан нь дээр байх” гэсэн, 16 цаг өнгөрч байх үед гэртээ иртэл манай нөхрийн “толгой хагарчихсан, толгойноос нь цус гоожсон, нүүр нь хавдаад аймар болчихсон” байсан. Би нөхрөөсөө юу болсон талаар асуухад “Уранзаяа бид хоёр өглөө буугаад манай гэрт ирж архи уусан, намайг Уранзаяа зодчихоод гараад явчихсан” гэж хариулсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/,

гэрч Ч.Ц “...2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр цагийг нь санахгүй байна, хажуу айл буюу 100 айл 10а тоотод амьдардаг Бямба-Одын эхнэр Дулмаа над руу залгаж “чи гэртээ байна уу, завтай байвал манайх руу нэг ороод үзээч, Бямба-Од хүнд зодуулсан юм шиг байна” гэж хэлэхээр нь гэрээсээ гарч Бямба-Одын байшинд орсон, хашааных нь хаалга дотроосоо түгжээгүй мөртлөө хаалттай байсан, гэрийн хаалга нь ч мөн адил. Намайг дотор орох үед Бямба-Од орон дээрээ ганцаараа сууж байсан ба толгой нь хагарсан байдалтай, нүүр, ам нь цус болчихсон сууж байсан. Газраар архины шил, архи хийж уусан шилэн аяга зэрэг байсан, Бямба-Одоос юу болсон талаар нь асуухад “Уранзаяа гэдэг залуутай архи уусан, намайг зодчихоод явчихсан” гэж хариулсан. Үүний дараа би Дулмаа руу залгаж “Бямба-Одын толгой хагарчихсан байна, чи гэртээ хүрээд ир” гэж дуудсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дэх тал/,

Ц.У-н сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...2023 оны 3 дугаар сарын 20-ны өглөө үйлдвэрт хамт ажилладаг Бямба-Одын хамт Говил багийн эцсийн буудал дээр автобуснаас буусан. Автобус дотор явж байхад Бямба-Од надад “манай гэрт тал шил виски байгаа, хоёулаа хамт манай гэрт орж ууя” гэсэн. ...Бид хоёр архи ууж байхдаа янз бүрийн намын талаар ярьж байсан. ...Би Бямба-Одтой зодоон хийсэн байна билээ, гэхдээ тэрийгээ санахгүй байна, бид хоёроос өөр хүн байгаагүй. ...би согтуудаа Бямба-Одын нүүр рүү цохичихоод Бямба-Одыг гэрт нь үлдээгээд гэртээ харихаар гарч явсан. ...өөрийн буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч Бямба-Одын эмчилгээнд өнөөдрийг хүртэлх хугацаанд 700.000-800.000 төгрөг зарцуулсан, цаашид шаардлагатай эмчилгээний мөнгийг баримт үндэслэн гаргаж өгөхөд татгалзахгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 74, 78 дахь тал/,

Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар, Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Ч.Буянзаяагийн 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 279 дугаартай, “...Б.Бямба-Одын биед нүүр, хуйханд зөөлөн эдийн няцрал, хоёр талын нүдний ухархайн дотор хананы хугарал, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, нүүр, цээж, нуруу, хоёр гарын бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.3.4.5.Дээрх гэмтлүүд  хатуу зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байхаар шинэ гэмтлүүд байна. 6.Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамраагдана. 7.Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 31-33 дахь тал/,

шинжээч Ч.Б-н “...Дээрх гэмтлүүдээс нүүр, хуйханд зөөлөн эдийн няцрал, хоёр талын нүдний ухархайн дотор хананы хугарал, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, нүүр, цээж, нуруу, хоёр гарын бугалганд цус хуралт гэмтлүүд нь 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс хойш үүссэн байх боломжтой, шинэ гэмтлүүд байна. ...Б.Бямба-Од нь урьд өмнө гавал ясны хагалгаанд орж байсан байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 70 дахь тал/,

Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар, Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 71 дугаартай;

“...Бямбагүрийн Бямба-Од /РД; -----/-ын биеэс авсан гэх цусанд 1.45 промилл процент этилийн спирт илэрсэн. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарагдана.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 45-46 дахь тал/,

Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар, Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 72 дугаартай;

“...Цэрэнбатын Уранзаяа /РД; ___/-гийн биеэс авсан гэх цусанд 1.1 промилл процент этилийн спирт илэрсэн. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарагдана.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 51-52 дахь тал/,

Н.Дулмаагийн “...______ тоотод нөхөр зодуусан байна.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дахь тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 8-128 13-15 дахь тал/,

Ц.Уранзаяа эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 83, 90 дэх тал/ зэрэг болно.

Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мөн Ц.Уранзаяагаас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрсдийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч нар гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгч Ц.У-г гэм буруутайд тооцох;

Шүүгдэгч Ц.У нь;

2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 15 цагийн орчим архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, Орхон аймаг Баян-Өндөр сум __________ тоотод хохирогч Б.Б-той улс төрийн намын талаар ярилцан маргалдаж, нүүр лүү нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь “нүүр, хуйханд зөөлөн эдийн няцрал, хоёр талын нүдний ухархайн дотор хананы хугарал, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, нүүр, цээж, нуруу, хоёр гарын бугалганд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх,

хохирогч Б.Б_н “...Уранзаяа надтай маргалдаж нэг хатуу зүйлээр миний духны зүүн тал руу цохисон. ...Нэг сэргэхэд гэртээ ганцаараа шалан дээрээ хэвтэж байсан, толгойноос цус гоожсон байсан. ...эмнэлэг дээр очоод үзүүлтэл “толгой хагарсан байна” гээд таван оёо тавьсан, ...миний биед учирсан гэмтлийг Уранзаяа учруулсан, толгой руугаа нэг удаа хүчтэй цохиулаад ухаан алдчихсан.” гэх,

гэрч Н.Д__н “...2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр...нөхөр Бямба-Од над руу залгасан, ...утсаа автал “би гэртээ байна, Уранзаяа зодчихоод яваад өгсөн байна” гэж хэлсэн, ...фэйсбүүк хаягаасаа өөрийнхөө зургийг дарж явуулсан, тэр зураг дээр манай нөхрийн нүүр, ам битүү хавдаад цус болсон байсан. ...Би нөхрөөсөө юу болсон талаар асуухад “Уранзаяа бид хоёр өглөө буугаад манай гэрт ирж архи уусан, намайг Уранзаяа зодчихоод гараад явчихсан” гэж хариулсан.” гэх,

гэрч Ч.Ц__н “...Бямба-Од орон дээрээ ганцаараа сууж байсан ба толгой нь хагарсан байдалтай, нүүр, ам нь цус болчихсон сууж байсан. Газраар архины шил, архи хийж уусан байдалтай шилэн аяга зэрэг байсан, Бямба-Одоос юу болсон талаар нь асуухад “Уранзаяа гэдэг залуутай архи уусан, намайг зодчихоод явчихсан” гэж хариулсан.” гэх,

шинжээч Ч.Б___н “...Дээрх гэмтлүүдээс нүүр, хуйханд зөөлөн эдийн няцрал, хоёр талын нүдний ухархайн дотор хананы хугарал, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, нүүр, цээж, нуруу, хоёр гарын бугалганд цус хуралт гэмтлүүд нь 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс хойш үүссэн байх боломжтой, шинэ гэмтлүүд байна.” гэх,

Ц.У-н өөрийнх нь өгсөн “...би согтуудаа Бямба-Одын нүүр рүү цохичихоод Бямба-Одыг гэрт нь үлдээгээд гэртээ харихаар гарч явсан. ...өөрийн буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч Бямба-Одын эмчилгээнд өнөөдрийг хүртэлх хугацаанд 700.000-800.000 төгрөг зарцуулсан.” гэх мэдүүлгүүдээр,

Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар, Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Ч.Буянзаяагийн 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 279 дугаартай, “...Б.Б-н биед нүүр, хуйханд зөөлөн эдийн няцрал, хоёр талын нүдний ухархайн дотор хананы хугарал, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, нүүр, цээж, нуруу, хоёр гарын бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.” гэсэн дүгнэлт,

Н.Д-н “...Говил баг Зуун айл 10а тоотод нөхөр зодуусан байна.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогдож байх бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүй байна.

Хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд,

шүүгдэгч Ц.У нь хохирогч Б.Б-н эсрэг бие махбодын хүчирхийлэл үйлдэж, нүүр лүү нь гараараа цохиж эрүүл мэндэд нь “нүүр, хуйханд зөөлөн эдийн няцрал, хоёр талын нүдний ухархайн дотор хананы хугарал, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, нүүр, цээж, нуруу, хоёр гарын бугалганд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Шүүгдэгч Ц.У-н хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй бөгөөд уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой гэж үзнэ.

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул шүүх шүүгдэгч Ц.У-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, шүүх хуралдаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно.” гэсэн хүсэлтийг гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.

Шүүгдэгч Ц.У-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

Шүүх шүүгдэгч Ц.У-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Ц.У-н үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүх хуралдааны үед;

улсын яллагч “...шүүгдэгч Ц.У-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулах.” гэсэн санал гаргасан болно.

          Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгчид оногдуулах ялын биелэгдэх нөхцөл боломжийг харгалзан үзэв. 

         Шүүх шүүгдэгч Ц.У-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан,

 

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

          торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг түүнд анхааруулах нь зүйтэй.

Шүүгдэгч Ц.У-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 

мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж байна.   

Бусад асуудал;

          Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.

Хохирогч Б.Б мөрдөн шалган ажиллагааны явцад “...надад одоогийн байдлаар найз Ц.Уранзаяатай холбоотой гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, биеийн байдал хэвийн болсон, ажлаа хийж байгаа. Цаашид эмчилгээтэй холбоотой асуудал гарах юм бол тухай бүрт нь нэхэмжлэх болно.” гэсэн мэдүүлэг хавтаст хэргийн 20 дахь талд авагдсан байна.

Хохирогч Б.Б-н эрүүл мэндэд учирсан гэмтэл нь Гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаас гадна, эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулах бөгөөд гэмт хэрэг 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр үйлдэгдсэнээс хойш шүүх хэргийг шийдвэрлэх хүртэл 71 хоногийн хугацаа өнгөрсөн байдал, хохирогчийн “...надад одоогийн байдлаар найз Ц.У-тай холбоотой гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, биеийн байдал хэвийн болсон, ажлаа хийж байгаа.” гэсэн зэргийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж, 

шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан “хувийн баталгаа” гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ц.У Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.У-г зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ц.У шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

         дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

          4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.У-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЭНХТУНГАЛАГ