| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2019/01364/И |
| Дугаар | 102/ШШ2019/02662 |
| Огноо | 2019-10-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 102/ШШ2019/02662
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэгт оршин суух Ц.Н-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэгт оршин суух Б.С-д холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 90 281 900 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч Д.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Тэмүүлэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Н нь Б.С-тай 2018 оны 7-р сарын 5-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээгээр 100 000 юаныг сарын 10 хувийн хүүтэй зээлүүлсэн. Б.С нь зээлийн гэрээний төлбөрт нэг ч төгрөг төлөөгүй. Нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн зээл 100 000 юаныг 2019 оны 4-р сарын 15-ны өдрийн Монгол банкны ханш 392.53 төгрөгөөр тооцож 39 253 000 төгрөг, алдангиийг 2019 оны 7-р сарын 15-ны өдрөөс хойш нэхэмжлэл гаргах хүртэл хугацаагаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож 19 626 500 төгрөгөөр тооцсон. Хохиролд зээлийн гэрээний 3.1-т заасан хугацаа буюу 2018 оны 7-р сарын 15-ны өдрөөс 8 сарын хугацаанд олох ёстой байсан орлого 31 402 400 төгрөг нийт 90 281 900 төгрөгийг Б.С-с нэхэмжилж байна гэв.
Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн төлбөр 100 000 юань буюу 39 253 000 төгрөгийг хариуцагч төлөхөөр зөвшөөрч байгаа. Харин нэхэмжилж байгаа хүү болон алданги, хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй. Ирээдүйд бий болох хохирлыг нэхэмжлэх эрхгүй тул хууль зүйн үндэслэлгүй байна. 2018 оны 7-р сарын 5-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг зээлдэгч болон зээлдүүлэгч нь Иргэний хуульд заасны дагуу харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний хугацаа нь 2018 оны 7-р сарын 5-наас 2018 оны 7-р сарын 15-ныг хүртэл 10 хоногийн хугацаатай, гэрээний 3.3-т зээлийн хүүг сарын 10 хувийн хүүтэй гэж заасан. Иргэний хуулийн 282.2-т зааснаар зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтой гэрээ болсон. Иймд хүү болон алдангийг тооцохгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 7-р сарын 15-ны өдрөөр дуусгавар болсон тул хүү, алданги төлөхгүй гэв.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Н нь Б.С-дхолбогдох зээлийн гэрээний үүрэгт 90 281 900 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 58 879 500 төгрөгийг гаргуулахаар хангаж, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Ц.Н нь Б.С-тай 2018 оны 7-р сарын 5-ны өдөр 100 000 юаныг 10 хоногийн хугацаатай, 10 хувийн хүүтэйгээр зээлүүлэхээр зээлийн гэрээг бичгээр / хх 5-6/ байгуулжээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байна.
Зээлдүүлэгч гэрээгээр тохирсон 100 000 юаныг зээлдэгчид шилжүүлэн өгсөн, харин зээлдэгч зээлийн хүү 6 800 000 төгрөгийг төлсөн боловч үндсэн зээлийг төлөөгүйгээс талуудын хооронд маргаан гарчээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 39 253 000 төгрөгийг төлөхөөр зөвшөөрсөн, харин зээлийн хүү, алдангийг төлөхгүй гэж маргажээ.
Нэхэмжлэгч зээлийн хүү шаардаагүй, гэрээний 3.7 дахь заалтаар талууд гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр тохирсон байна. Иймд Монгол банкны зарласан ханш 1 юаныг 392.53 төгрөгөөр тооцож 39 253 000 төгрөг, 50 хувиас хэтрээгүй хэмжээний алданги 19 626 500 төгрөг нийт 58 879 500 төгрөгийг зээлдэгч төлөх үүрэгтэй гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 227-р зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар ...үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцож 2018 оны 7-р сарын 15-ны өдрөөс 8 сарын хугацаанд олох ёстой байсан орлого 31 402 400 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.
Харин Ц.Н нь ашиг олох ямар үйл ажиллагаа явуулдаг, хуульд заасан журмаар орлогоо тодорхойлж татвар төлдөг байсныг баримтаар нотлоогүй, нөгөө талаас, Иргэний хуулийн 227-р зүйлд гэрээний нэг тал үүргээ зөрчсөнөөс нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхийн талаар зохицуулсан байна. Иймд хохирол гаргуулах шаардлага үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан Б.С-аас 58 879 500 /тавин найман сая найман зуун далан есөн мянга таван зуу/ төгрөг гаргуулж Ц.Н-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 31 402 400 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 609 359 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.С-аас 452 347 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Н-д олгосугай.
3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА