Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/424

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан,

улсын яллагч П.Итгэл (томилолтоор),

шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн,

хохирогч Г.*******, түүний өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******д холбогдох эрүүгийн 23*******001170135 дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-нд ******* аймгийн ******* суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ойн инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт, ******* овогт *******гийн ******* (Регистрийн дугаар: 92**************11).

Холбогдсон гэмт хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр):

Шүүгдэгч Б.******* нь Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ТЭЦ-4 дулааны цахилгаан станцын баруун талын замд 2023 оны 02 дугаар сарын 11-ний орой 19 цаг 40 минутын орчим “Ниссан Кондор” маркийн 80 66 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх хэсэгт заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Г.*******ыг мөргөж, эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.******* мэдүүлэхдээ: “...Станцын замаар зүүнээс баруун тийшээ явж байхад Howo маркийн машин баруунаас зүүн тийшээ хурдтай ирсэн. Тэрний гэрэл гялбаад гэнэт хүн гүйж гарч ирээд мөргөсөн. Тэгээд эмнэлэг, цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тухайн үед энэ ах согтуу байсан. Явган хүний гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасна гэсэн заалтыг биелүүлээгүй, үүнээс болж энэ хүний эрүүл мэндэд хохирол учирсан гэдгийг ойлгож байгаа. Гэм буруу дээрээ маргах зүйл байхгүй, би том тэрэг барьж амьдралаа залгуулдаг тул хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэв.

Шүүх хуралдаанд хохирогч Г.******* мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр би жаахан архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Гэхдээ би замаар гүйж гараагүй, зүгээр алхаж гарч байсан. Хохирол төлбөрөө барагдуулж авмаар байна. Баянхонгор аймагт нүүрсний уурхайд хамгаалагч хийж байсан. Үүнээс болж ажил хийж чадахгүй, ажилгүй болсон. Зүрхний даралт дийлэхгүй учраас хагалгаанд оруулахгүй гэсэн. Би хохирол төлбөрт 3,910,000 төгрөг нэхэмжилж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан хорих ял оногдуулахгүй тэнсэж өгнө үү гэсэн саналыг дэмжиж байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 04-******* дүгээр хуудас),

Жолооч болон явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудас),

Шүүгдэгч Б.*******н хохирогч Г.******* болон Эрүүл мэндийн даатгалын санд хохирол төлсөн талаарх баримтууд,

Хохирогч Г.*******ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Хархорин захын тэнд хоёр найзуудтайгаа 2 шил 0,5 литрийн Хараа нэртэй архийг 16-17 цагийн үед хувааж уусан. Тэгээд би одоо цагийг нь сайн санахгүй байна харанхуй болчихсон ТЭЦ-4-ийн тэнд найзтайгаа уулзах гээд автобусанд суугаад ТЭЦ-4 буудал байх явган хүний замаар алхаж байгаад хойшоогоо зам хөндлөн гарах гээд явган хүний гарцаар урдаас хойд зүг рүү нэг том Хово маркийн машин өнгөрүүлчихээд гарахад зүүнээс баруун чиглэлийн эгнээнд ирж байсан машин мөргөсөн. Тэгээд юу болсныг санахгүй байна, нэг сэрэхэд Гэмтлийн эмнэлэгт сэрсэн. Тэгээд Гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд миний зүүн мөр мултарсан, толгойн зүүн тал хавдсан байдалтай байсан тул эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсэн. Бас зүүн талын хавирганууд хугарсан байсан. Би тухайн үед ганцаараа гарцаар гарч явсан. Найзынхаа гэрт очих гээд ТЭЦ-4-ийн автобусны буудал дээр буугаад явган хүний замаар алхаж байгаад урдаас хойд зүгт зам хөндлөн гарч явсан юм. Үзэгдэх орчин хэвийн, зам гэрэлтүүлэгтэй, гэрэл нь асаж байсан ба цаг агаар тогтуун, цас орсон зүйлгүй зам хуурай байсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дүгээр хуудас),

Иргэний нэхэмжлэгч Д.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гэмт хэргийн улмаас хохирогч Г.******* эрүүл мэндийн байгууллагаас эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 1,150,900 төгрөгийн зардал гарсан болох нь баримтаар тогтоогдож байна. Дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Б.*******гаас гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 10*******00020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дугаар хуудас),

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2521 дугаартай: “Г.*******ы биед суурь ясны зүүн жигүүр, зүүн чамархай, хоншоор ясны зүүн ар хана, зүүн ухархайн дотор хана, зүүн 4, 5, 6 дугаар хавирга, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун чамархайн тархины эдийн няцрал, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой байна. Суурь ясны зүүн жигүүр, зүүн чамархай ясны хугарал, зүүн чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун чамархайн тархины эдийн няцрал нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд, хоншоор ясны зүүн ар хана, зүүн 4, 5, 6 дугаар хавирганы хугарал нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр, зүүн ухархайн дотор хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн шилбэний цус хуралт гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 20-22 дугаар хуудас),

“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 999713 дугаартай: “...Nissan Condor маркийн 80 66 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдал стандартын шаардлага хангахгүй байна. Nissan Condor маркийн 80 66 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь копут баруун талдаа бага зэрэг хонхойсон, баруун салхины шилний доор хонхойсон, урд шил зүүн талдаа цуурч хагарсан, баруун урд дохио хагарсан, урд буфер баруун талдаа бага зэрэг хонхойсон, кабин зүүн талын хойно доод хэсэгтээ урагдсан, баруун урд дохионы гэрэл, баруун хойд тоормосны гэрэл, оврын гэрэл, зүүн хойд дохионы гэрэл, ухрах арааны гэрэл, баруун урд оврын гэрэл, эргэх дохионы гэрэл асахгүй, зогсоолын тоормос зогсохгүй зэрэг эвдрэл гэмтэлтэй байна. Копут баруун талдаа бага зэрэг хонхойсон, баруун салхины шилний доор хонхойсон нь ослын үед үүссэн эвдрэл гэмтэл байх боломжтой. Урд шил зүүн талдаа цуурч хагарсан, баруун урд дохио хагарсан, урд буфер баруун талдаа бага зэрэг хонхойсон, кабин зүүн талын хойно доод хэсэгтээ урагдсан, баруун урд дохионы гэрэл, баруун хойд тоормосны гэрэл, оврын гэрэл, зүүн хойд дохионы гэрэл, ухрах арааны гэрэл, баруун урд оврын гэрэл, эргэх дохионы гэрэл асахгүй, зогсоолын тоормос зогсохгүй байгаа зэрэг эвдрэл гэмтэл нь ашиглалтын явцад үүссэн хуучин гэмтлүүд байна. Nissan Condor маркийн 80 66 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь хий, шингэн хосолсон дамжуулгатай ABS тоормосны системтэй. Ажлын тоормосны систем стандартын шаардлага хангаж байна. Зогсоолын тоормос зогсоогүй. Тоормосны систем нь хийн, хий-шингэн дамжуулгатай, ABS бол дээрх тоормосны системүүдийн үед тээврийн хэрэгсэл тоормос гишгэхэд тоормосны мөр зам дээр үүснэ” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 29-33 дугаар хуудас),

Шүүгдэгч Б.*******н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын 11-ний өдөр би ганцаараа өөрийн Nissan Condor маркийн 80 66 УНУ улсын дугаартай өргөгч крантай ачааны машиныг жолоодон Гурвалжингийн гүүрнээс Моносын уулзвар орохоор орой 20 цагийн үед ТЭЦ-4 цахилгаан станцын замаар зүүн зүгээс баруун зүгт чиглэн явж байхад миний өөдөөс том ачааны машин ирж байсан. Тухайн машины гэрэл миний өөдөөс хурц тусч би гялбаанд орж замаа харахаа больсон. Тэгтэл гэнэт л нэг эрэгтэй хүн гүйгээд миний урдуур ороод ирсэн. Тэгээд би тэр хүнийг машиныхаа урд талын копут хэсгээр мөргөсөн тэгэхэд би шууд тоормосоо гишгээд машинаа зогсоогоод буугаад очиход эрэгтэй, хар бараан хувцастай хүн газарт хэвтэж байхаар нь би яваад очиход тэр хүн хурхираад байсан. Тэгээд тэр хүн 3-5 минут орчмын дараа сэрээд босож ирснээ явлаа гээд байсан. Би явуулахгүй гээд, цагдаа, түргэн дуудсан байгаа гэж хэлээд хүлээлгэсэн юм. Тэгээд цагдаа ирээд хэмжилт хийгээд, түргэн ирээд тэр хүнийг ГССҮТ рүү очиж үзүүлээрэй гэж хэлээд үлдээгээд явсан. Би тухайн үед 30 орчим км цагийн хурдтай явж байсан байх. Би явган зорчигчийг бараг л тулж ирээд шахуу харсан, ойролцоогоор 3-4 метр орчим байсан байх. Би хараад шууд тоормос гишгээд зогссон. Тэгээд зогсоход л тэр хүнийг мөргөж таарсан. Тухайн үед ямар ч анхаарал сарниулах үйлдэл хийсэн зүйл байхгүй. Явган зорчигч зам хөндлөн гарахдаа гүйгээд л гараад ирсэн, явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан, явган хүний гарцыг тэмдэглэсэн босоо тэмдэг байсан, тухайн үед жолоо барьж явахдаа бол тэмдгийг хараагүй” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 60 дугаар хуудас),

Мөрдөгчийн 2023 оны ******* дугаар сарын 22-ны өдрийн 355 дугаартай: “Жолооч Б.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх хэсэгт заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэх үндэслэлтэй байна. Явган зорчигч Г.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна” гэсэн магадлагаа (хавтаст хэргийн 52 дугаар хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 40 дүгээр хуудас), тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 42 дугаар хуудас), жолоодох эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 43 дугаар хуудас), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 44 дүгээр хуудас), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 45 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 46 дугаар хуудас) зэрэг болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Улсын яллагч “шүүгдэгч Б.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлт гаргасан ба шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 02 дугаар сарын 11-ний орой 19 цаг 40 минутын үед Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ТЭЦ-4 дулааны цахилгаан станцын баруун талын замд “Ниссан Кондор” загварын 80 66 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх хэсэгт заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Г.*******ыг мөргөж, түүний эрүүл мэндэд суурь ясны зүүн жигүүр, зүүн чамархай, хоншоор ясны зүүн ар хана, зүүн ухархайн дотор хана, зүүн 4, 5, 6 дугаар хавирга, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун чамархайн тархины эдийн няцрал, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл бүхий хүнд хохирол учруулсан үйл баримт хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч Г.*******ы мэдүүлэг, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2521 дугаартай дүгнэлт, Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 999713 дугаартай дүгнэлт, мөрдөгчийн магадлагаа, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны ******* дугаар сарын 14-ний өдрийн 04/1026 дугаартай албан бичиг, хавсралт, шүүгдэгч Б.*******н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв гэж үнэлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд Гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан үйлдэл байдаг бөгөөд үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байхыг шаарддаг.

Харин уг гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн бол хүндрүүлэх шинж болгон хуульчилжээ.

Шүүгдэгч Б.******* нь тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, түүний үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсаар атал Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж, зам тээврийн осол гарган хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.******* нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хохирогч Г.*******ы эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгчийн гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, дээрх зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргахдаа нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилжээ.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.*******ы эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд тэрээр гэм хор учруулсны төлбөрт баримтаар нийт 278,433 төгрөг нэхэмжилсэн, шүүгдэгч Б.******* нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд 400,000 төгрөг, шүүх хуралдааны явцад 2,000,000 төгрөг, нийт 2,400,000 төгрөг хохирогчид нөхөн төлсөн байна.

Харин хохирогч Г.******* нь ажилгүй байсан хугацааны цалин гэж 3,600,000 төгрөг шүүгдэгчээс нэхэмжилснийг шүүх хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзэв. Учир нь хэрэгт энэ талаар хангалттай нотлох баримт авагдаагүй тул уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэлэлцэхгүй орхиж, хохирогч гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигтай холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Б.*******гаас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Хохирогч Г.******* Гэмтэл согог судлалын үндэсний төвд хандаж үйлчилгээ авч эмчлүүлсний төлбөрт 1,150,900 төгрөгийн зардал Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсныг иргэний нэхэмжлэгч Д. (Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн) нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Б.******* уг зардлыг нөхөн төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгч Б.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч шүүгдэгч Б.*******д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил хорих ял оногдуулах” гэсэн дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгч “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн дүгнэлт тус тус гаргасан болно.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн” зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болохоор зохицуулжээ.

Шүүгдэгч Б.*******н үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Иймд шүүгдэгч Б.*******н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа хувийн байдал, хохирогч Г.******* нь шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн саналыг дэмжсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Б.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.*******д тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгчид хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгав.

Шүүгдэгч шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч Б.*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохоор тогтоов.

Бусад асуудлаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Б.******* цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хавсарган ирүүлсэн шүүгдэгч Б.*******н “B, C” ангиллын 702962 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.*******н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.*******д тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд нь хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл мөн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг түүнд сануулсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д шүүхээс оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгт хавсарган ирүүлсэн 702962 дугаартай Б.*******н жолоочийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхийг шүүгчийн туслах Д.Алтанбаганад даалгасугай.

7.Хохирогч Г.******* нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Б.*******гаас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

8.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Б.******* цагдан хоригдсон хугацаагүй, хохирогч Г.*******д 2,400,000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 1,150,900 төгрөг нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.

9.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Н.НЯМДАВАА