Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2023/ШЦТ/436

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч Ш.Анужин,

шүүгдэгч Б.,

шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Мөнхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.т холбогдох эрүүгийн 23050050798 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 07 дугаар сарын 17-нд ******* аймгийн ******* суманд төрсөн, 32 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, бариач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* 2 дугаар гудамжны ******* тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* ******* овогт *******гийн (Регистрийн дугаар: ).

Холбогдсон гэмт хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр):

Шүүгдэгч Б. нь 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр “гарч ирэхгүй удлаа” гэх шалтгаанаар Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хөх сувд” хотхоны гадна байрлуулсан байсан хохирогч Г.ын эзэмшлийн улсын дугаартай Тоёота Приус-30 загварын тээврийн хэрэгслийн урд, хойд салхины шил, зүүн талын урд, хойд хаалганы шил, гурвалжин шилийг хагалж, баруун, зүүн толийг хугалж, копудыг тоосгоор цохих зэргээр хонхойлгож, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 1,425,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б. мэдүүлэхдээ: “...нөхөр миний хамаг эд зүйлийг ломбардад тавиад явчихсан болохоор нь надад ломбардаас эд зүйлээ авахад мөнгө хэрэг болоод руу авч өг гэж хэлэх гээд хэрэг гарахын урд өдөр нь залгахад утсаа авахгүй байж байгаад ын ээж нь над руу залгаад “яах гээд руу залгаад байгаа юм” гээд уурласан. Би эд зүйлээ авмаар байна, миний бүх эд хөрөнгийг ломбардад тавьсан гэж хэлтэл о над руу залгаад маргааш өглөө 10 цагт уулзья гэж хэлсэн. Тэгээд маргааш нь Гандан дээр очоод залгатал о утсаа аваагүй, харин миний нөхөр болох над руу залгаад чаддаг юм бол олоод ир гэж хэлсэн. Тэгээд би хоёр цаг гаран хайж байгаад гэрийг нь олж очоод о руу утсаар залгаад гарч ирэхгүй бол машиныг чинь эвдлээ гэж хэлсэн. Тухайн үед о нь хоёр эгчийнхээ хамт гарч ирээд бид нар маргалдсан. о өөрөө уулзья гэхээр нь би очсон. Тухайн үед уур хүрээд байсан болохоор машиныг нь тоосгоор цохисон. Би одоогоор өрх толгойлж байгаа болохоор ажил хийж чадахгүй хоёр хүүхдийн мөнгөөрөө амьдарч байгаа. Хэрэг хийгээгүй гэж маргах зүйл байхгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Г.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 10 цагт миний нөхөр болох гэж байгаа ын хуучин эхнэр болох надтай уулзахаар тохиролцож цаг товлосон боловч миний гар утасны цэнэг дуусаж унтарсан. Тэгээд би гэртээ ирээд нэг хүнтэй уулзаж байтал над руу 12 цаг 50 минутад залгаад гарч ирээд уулз, үгүй бол би машиныг чинь эвдэллээ шүү гэж хэлсэн. Тэгээд би хувцсаа өмсөөд гарч байтал дахин над руу залгаад машиныг чинь эвдэлчихсэн шүү гэж хэлсэн. Ингээд би гадаа машин дээрээ иртэл миний Приус-30 загварын тээврийн хэрэгслийн урд салхины шил, зүүн талын хоёр хаалганы шил, хойд тээшний хэсгийн цонх, 2 толь хагарсан байсан. ...Ингээд бид хоёр цагдаа дуудсан. ...хохирлоо барагдуулж авах юм бол гомдолгүй” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн дугаар хуудас),

“Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 598 дугаартай: “...Салхины шил (хойд) 450,000 төгрөг, салхины шил (урд) 180,000 төгрөг, гурвалжин шил (зүүн хойд) 80,000 төгрөг, хаалганы шил (зүүн хойд) 30,000 төгрөг, хаалганы шил (зүүн урд) 30,000 төгрөг, толь хоёр ширхэг 460,000 төгрөг, капут 55,000 төгрөг, будах зардал 140,000 төгрөг. Шууд зардлын дүн 1,425,000 төгрөг. 100 гр будаг, туслах материал, лак 20,000 төгрөг, эд анги солих 150,000 төгрөг. Шууд бус зардлын дүн 170,000 төгрөг, нийт дүн 1,595,000 төгрөг. Үнэлгээгээр тогтоосон дүн 1,595,000 төгрөг” гэсэн автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас),

Шүүгдэгч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна. Тухайн үед би эрүүл, архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Тухайн автомашины эзэн нь манай нөхөртэй гэр бүлээс гадуур харилцаатай болсон, мөн миний 2 хүүхдийг өнчрүүлсэн болохоор би уурлаад уурандаа тухайн эмэгтэйн автомашиныг гэмтээсэн. Би буруугаа маш их ойлгож байгаа, цалингаасаа тухайн хүний хохирлыг хувааж өгөхөөр тохиролцсон” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 39 дүгээр хуудас), хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 42 дугаар хуудас), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 43 дугаар хуудас), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 44 дүгээр хуудас), эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа (хавтаст хэргийн 45 дугаар хуудас), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 46 дугаар хуудас) зэрэг болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Улсын яллагч “шүүгдэгч Б.ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлт гаргасан ба шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Б. нь 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр “гэрээсээ гарч ирэхгүй удлаа, хүүхдүүд өнчрүүллээ” гэх шалтгаанаар Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хөх сувд” хотхоны гадна байрлуулсан байсан хохирогч Г.ын эзэмшлийн улсын дугаартай Тоёота Приус-30 загварын тээврийн хэрэгслийн урд, хойд салхины шил, зүүн талын урд, хойд хаалганы шил, гурвалжин шилийг хагалж, баруун, зүүн толийг хугалж, копудыг тоосгоор цохих зэргээр хонхойлгож, гэмтээсний улмаас 1,425,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хохирогч Г.ын мэдүүлэг, “Ашид билгүүн” ХХК-ийн автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, шүүгдэгч Б.ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв гэж үнэлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Дээрх зүйл, хэсэгт заасан “гэмтээсэн” гэдэгт гадны хүчин зүйлийн үйлчлэлээр тухайн эд хөрөнгөд гэмтэл учруулсныг ойлгох бөгөөд тухайн эд хөрөнгийг сэргээн засварласны дараагаар зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжтой байхыг хамааруулан үздэг.

Хэрэгт авагдсан баримтаар хохирогч Г.ын эд хөрөнгөд бага хэмжээ буюу 300,000 төгрөгөөс дээш хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдсон, энэ нь шүүгдэгч Б.ийн хууль бус үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Б. нь өөрийн хууль бус үйлдлийн улмаас учирч болох хохирол, хор уршгийг ухамсарлан ойлгож, түүнийг хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Б.ийн хохирогч Г.ын эзэмшлийн тээврийн хэрэгслийн урд, хойд салхины шил, зүүн талын урд, хойд хаалганы шил, гурвалжин шилийг хагалж, баруун, зүүн толийг хугалж, копудыг хонхойлгож гэмтээсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Иймд шүүгдэгч Б.ийг “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргахдаа нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилжээ.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.од 1,595,000 төгрөгийн хохирол, хор уршиг учирсан бөгөөд шүүгдэгч Б. нь шүүхийн шатанд хохирогчид 350,000 төгрөг нөхөн төлсөн болох нь холбогдох баримтаар тогтоогдож байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.ээс 1,245,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Г.од олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүхээс шүүгдэгч Б.ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд уг зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч шүүгдэгч Б.т оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар ******* дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” гэсэн дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгч “зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг багасгаж өгнө үү” гэсэн дүгнэлт тус тус гаргасан болно.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Шүүгдэгч Б.т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн эрхэлсэн тодорхой ажилгүй, хоёр хүүхдийн хамт амьдардаг хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн талаар маргаагүй зэрэг болон дээр дурдсан нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.ийг 3 (гурав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух ******* дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж шийдвэрлэв. Шүүгдэгч Б. зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгав.

Бусад асуудлаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Б. цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36. дугаар зүйлийн 1, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* ******* овогт *******гийн ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.ийг 3 (гурав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч Б.ийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух ******* дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б. зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.ээс 1,245,000 (нэг сая хоёр зуун дөчин таван мянга) төгрөгийг гаргуулж, хохирогч Ганболдын о (Регистрийн дугаар УО840821)-д олгосугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Б. цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Н.НЯМДАВАА