| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 171/2023/0178/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/185 |
| Огноо | 2023-05-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Л |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 2023/ШЦТ/185
2023 5 30 2023/ШЦТ/185
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн Д.У,
улсын яллагч Ц.Л,
шүүгдэгч Ү.Ц нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, Ү.Ц-т холбогдох эрүүгийн 2325000000209 дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, Ү.Ц
Шүүгдэгч Ү.Ц нь;
архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2023 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 20 цагийн орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг “Өргөө-4” кино театрын хойд талд үл ялих зүйлээр буюу “ах гэж дуудаагүй” гэх шалтгаанаар хохирогч Х.Т-ай маргалдаж, хавсарч унагаан нүүр, толгой руу нь цохиж, эрүүл мэндэд нь “хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, нүүр, хүзүү, баруун нүдний алимны салстад цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт;
шүүгдэгч Ү.Ц “...мөрдөн байцаалтын шатанд үнэн, зөв мэдүүлгээ өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;
хохирогч Х.Т “...2023 оны 3 дугаар сарын 26-ны өдөр...жолооны курст хамт суралцаж байсан Цэрэнпунцаг өөрийн фэйсбүүк хаягаас залгаж “...“Хаан” буузны урд талд хүрээд ир, уулзъя” гэж дуудсан...“Өргөө” кино театрын караокены “4” дугаартай өрөө рүү орж Цэрэнпунцаг шилтэй пиво уусан, харин би 50л-ээр гурван удаа виски авч уусан. Энэ үед хамт жолоонд суралцаж байсан Уламбаяр орж ирсэн. ...Тэгээд бид гурав сууж байхдаа би Цэрэнпунцагт “чи надаас дүү, найз гэсэн асуудал байхгүй, ах, дүүгийн харилцаатай байна” гэсэн чинь Цэрэнпунцаг “1988 оноос урд онд төрсөн хүмүүсийг ахаа гэж дуудна, түүнээс хойш төрсөн хүмүүсийг найзаа гэж бодон харилцана, ярих юм байгаа юм уу, гараад яръя” гээд байхаар нь надтай ярилцах гээд байгаа юм байх гэж бодоод “аан за тэгье” гэхэд гарч “Өргөө”-гийн зүүн урд тал хэсэг рүү очмогцоо үгийн зөрүүгүй намайг хавсран газарт унагааж, дээр минь гарч байгаад нүүр болон хамар хэсэг рүү олон удаа цохиж байгаад боссон, ...миний дух хэсэг рүү хэд, хэдэн удаа өшиглөсөн, яг тоог нь мэдэхгүй. ...зодуулж байх үед миний хамраас маш их цус гарсан, ...Цэрэнпунцагт зодуулаад миний хамраас цус гарч, өмсөж явсан “Discovery” брэндийн цагаан өнгийн куртик цэвэрлэх боломжгүйгээр цус болсон тул куртикний үнэ 1.400.000 төгрөг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/,
насанд хүрээгүй гэрч С.У “...Х.Тамир ах Ү.Цэрэнпунцагийг “намайг ах аа гэж дууд” гэсэн чинь Ү.Цэрэнпунцаг ах “1988 оноос урд онд төрсөн хүнийг л ах гэж дуудна” гэж хэлэхэд Х.Тамир ах Ү.Цэрэнпунцагийн хүзүүний ард хэсгээс барьж “суу” гэж хэлсэн, караокены зөөгч “цаг дууслаа” гэж хэлэхэд Ү.Цэрэнпунцаг ах түрүүлээд гараад явахаар нь араас нь гарч “тооцоогоо хийгээрэй” гэж хэлээд гадна талд сууж үлдэхэд нөгөө хоёр гарч ирэхгүй байхаар нь дахин эргэж ороход тамхины өрөөнд суучихсан ах, дүүгийнхээ яриаг яриад маргалдах маягтай байж байсан...Ү.Цэрэнпунцаг ах түрүүлж гараад араас нь Х.Тамир ах бид хоёр гарахад Х.Тамир ах Ү.Цэрэнпунцаг ах руу “чи тэгээд яах юм, чамайг харъя” гэж хэлэхээр нь би хоёуланд нь “та хоёрын хэнийх нь ч талд орохгүй шүү, өөрсдөө учраа олоорой” гэсэн чинь хоёулаа “за” гэж хэлмэгцээ, Ү.Цэрэнпунцаг ах дээгүүрээ өмсөж байсан хүрмээ мөн үүрч байсан жижиг гар цүнхээ тайлж надад өгөөд Х.Тамир ахыг “хоёулаа ийшилье” гэж хэлээд “Өргөө” кино театрын гадна ард талын хэсэг рүү дагуулж очсон, ...Ү.Цэрэнпунцаг ах Х.Тамир ахын нүүрэн тус газарт хоёр, гурван удаа гараа атган цохиж куртикнээс нь татаж газар унагаасан, ...Ү.Цэрэнпунцаг ах Х.Тамир ахын дээр нь гарчихсан нүүр хэсэг рүү нь хоёр, гурван удаа цохиж харагдсан, Х.Тамир ах согтолт ихтэй байсан болохоор Ү.Цэрэнпунцаг ахын биед халдаж чадаагүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,
Ү.Ц сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Тухайн орой Тамир, Уламбаяр хоёрын хамтаар “Өргөө-4” кино театрын караокегоор үйлчлүүлж байхад Тамир намайг “ах аа гэж дууд” гээд над руу томрон дээрэлхээд байхаар нь кино театрын хойд хэсэг рүү дагуулан очиж, түүний куртикнээс нь татахад нүүрээрээ газар унасан. Тамирыг газар унасан байхад нь би нүүр хэсэг рүү нь нэг удаа гараа атгаж байгаад цохиход хамраас нь цус гарсан, тэгээд би Уламбаяраас тамхи авч асаагаад эргээд хажууд нь очсон чинь надтай маргаад байхаар нь хоёр удаа зүүн шанаа хэсэг рүү нь алгадсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 42, 51 дэх тал/,
Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар, Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Ч.Буянзаяагийн 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 296 дугаартай, “...1.Х.Тамирын биед хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, нүүр, хүзүү, баруун нүдний алимны салстад цус хуралт, зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.3.Хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, нүүр, хүзүү, баруун нүдний алимны салстад цус хуралт, баруун өвдөгт зулгаралт гэмтлүүд нь хатуу зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байна. Зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал нь хуучин гэмтэл байна. 4.Хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, нүүр, хүзүү, баруун нүдний алимны салстад цус хуралт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал нь бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамраагдана. 5.Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 26-28 дахь тал/,
“Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн ТХҮ-ОРХ/6300 дугаартай; “...“Discovery” брэндийн өдөн дотортой цагаан өнгийн куртикны одоогийн зах зээлийн үнэ цэнийг 1.050.000 төгрөг байх боломжтойг тодорхойллоо.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 34-36 дахь тал/,
Я.О “...миний хүү Х.Тамир бусдад зодуулсан.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дэх тал/,
Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг “Өргөө-4” кино театрын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 4-8 дахь тал/,
“Өргөө-4” кино театрын хяналтын камерын бичлэгтэй хуурцагийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 11 дэх тал/,
Ү.Ц эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 54, 56 дахь тал/,
хохирогч Х.Т-н амбулаториор эмчлүүлэгсдийн карт, яаралтай тусламжийн хуудас, хохирлын баримтууд тооцооны хамт /хавтаст хэргийн 72-75, 76-77, 78-80, 81 дэх тал/ зэрэг болно.
Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мөн Ү.Цэрэнпунцагаас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Шүүгдэгч Ү.Ц гэм буруутайд тооцох;
Шүүгдэгч Ү.Ц-г нь;
архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2023 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 20 цагийн орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг “Өргөө-4” кино театрын хойд талд үл ялих зүйлээр буюу “ах гэж дуудаагүй” гэх шалтгаанаар хохирогч Х.Т-тай маргалдаж, хавсарч унагаан нүүр, толгой руу нь цохиж, эрүүл мэндэд нь “хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, нүүр, хүзүү, баруун нүдний алимны салстад цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;
хэргийн үйл баримтын талаарх,
хохирогч Х.Т “...2023 оны 3 дугаар сарын 26-ны өдөр...Цэрэнпунцаг ...“Өргөө”-гийн зүүн урд тал хэсэг рүү очмогцоо үгийн зөрүүгүй намайг хавсран газарт унагааж, дээр минь гарч байгаад нүүр болон хамар хэсэг рүү олон удаа цохиж байгаад боссон, ...миний дух хэсэг рүү хэд, хэдэн удаа өшиглөсөн, яг тоог нь мэдэхгүй байна. ...зодуулж байх үед миний хамраас маш их цус гарсан.” гэх,
насанд хүрээгүй гэрч С.У “...Ү.Цэрэнпунцаг ах дээгүүрээ өмсөж байсан хүрмээ мөн үүрч байсан жижиг гар цүнхээ тайлж надад өгөөд Х.Тамир ахыг “хоёулаа ийшилье” гэж хэлээд “Өргөө” кино театрын гадна ард талын хэсэг рүү дагуулж очсон, ...Ү.Цэрэнпунцаг ах Х.Тамир ахын нүүрэн тус газарт хоёр, гурван удаа гараа атган цохиж куртикнээс нь татаж газар унагаасан, ...Ү.Цэрэнпунцаг ах Х.Тамир ахын дээр нь гарчихсан нүүр хэсэг рүү нь хоёр, гурван удаа цохиж харагдсан.” гэх,
Ү.Цэрэнпунцагийн өөрийнх нь өгсөн “...Би Тамирыг газар унасан байхад нь нүүр хэсэг рүү нь нэг удаа гараа атгаж байгаад цохиход хамраас нь цус гарсан, тэгээд би Уламбаяраас тамхи авч асаагаад эргээд хажууд нь очсон чинь надтай маргаад байхаар нь хоёр удаа зүүн шанаа хэсэг рүү нь алгадсан.” гэх мэдүүлгүүд,
Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар, Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Ч.Буянзаяагийн 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 296 дугаартай, “...1.Х.Тамирын биед хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, нүүр, хүзүү, баруун нүдний алимны салстад цус хуралт, зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.” гэсэн,
“Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн ТХҮ-ОРХ/6300 дугаартай; “...“Discovery” брэндийн өдөн дотортой цагаан өнгийн куртикны одоогийн зах зээлийн үнэ цэнийг 1.050.000 төгрөг байх боломжтойг тодорхойллоо.” гэсэн дүгнэлтүүд,
Я.О “...миний хүү Х.Тамир бусдад зодуулсан.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл, Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг “Өргөө-4” кино театрын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг баримтуудаар тогтоогдож байх бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүй байна.
Хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд,
шүүгдэгч Ү.Ц хохирогч Х.Тамирын эсрэг бие махбодын хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь “хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, нүүр, хүзүү, баруун нүдний алимны салстад цус хуралт, зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, баруун өвдөгт зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч Ү.Ц хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй бөгөөд уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой гэж үзнэ.
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул шүүх шүүгдэгч Ү.Цэрэнпунцагийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах.” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, шүүх хуралдаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно.” гэсэн хүсэлтийг гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.
Шүүгдэгч Ү.Ц эрүүгийн хариуцлага хүлээлгэх;
Шүүх шүүгдэгч Ү.Ц “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,
мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Ү.Цэрэнпунцагийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүх хуралдааны үед;
улсын яллагч “...шүүгдэгч Ү.Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулах.” гэсэн санал гаргасан болно.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгчид оногдуулах ялын биелэгдэх нөхцөл боломжийг харгалзан үзэв.
Шүүх шүүгдэгч Ү.Ц эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,
торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг түүнд анхааруулах нь зүйтэй.
Шүүгдэгч Ү.Ц эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн.”-ийг, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн.”-ийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,
мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж байна.
Бусад асуудал;
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.
Хохирогч Х.Т нь БОЭТ-д эмчлүүлсний зардалд 120.000 төгрөг, зорчих тасалбарын 58.600 төгрөгийн баримтыг гаргаж хэрэгт хавсаргуулсан байх бөгөөд “...“Discovery” брэндийн өдөн дотортой цагаан өнгийн куртикны одоогийн зах зээлийн үнэ цэнийг 1.050.000 төгрөг байх боломжтойг тодорхойллоо.” гэсэн “Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны ТХҮ-ОРХ/6300 дугаартай дүгнэлт хавтаст хэргийн 34-36 дахь талд авагджээ.
Шүүх хуралдааны үед шүүгдэгч Ү.Цэрэнпунцаг нь хохирогчид нийт 1.228.600 төгрөгийг төлсөн тухай Хаан банкны дансны хуулга бүхий баримтыг гаргаж өгснийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан “Өргөө-4” кино театрын хяналтын камерын бичлэг бүхий хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж,
битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж,
шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан “хувийн баталгаа” гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ү.Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Ц зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ү.Цэрэнпунцаг шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ү.Ц урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураасан “Өргөө-4” кино театрын хяналтын камерын бичлэг бүхий хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж,
энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХТУНГАЛАГ