Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 15

 

 

 

 

 

 

 

С.Эд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                  

прокурор И.Ариунсанаа,

шүүгдэгч С.Э, түүний өмгөөлөгч С.Соронзонболд,

хохирогч Ч.Батзориг, түүний өмгөөлөгч Л.Дашравдан, 

нарийн бичгийн дарга Д.Гантуяа нарыг оролцуулж,

                      

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа  даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 2019/ШЦТ/1677 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Эы гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 1906044391971 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

, 1996 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Төв аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт түр оршин суух, /РД: /;

Баянзүрх дүүргийн шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн,

 

С.Э нь 2019 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ч.Батзоригийг гараараа цохиж зодон, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч С.Эы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч С.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Эыг 240 цаг /хоёр зуун дөчин цаг/ нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т  зааснаар С.Эд оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож, 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор тэнссэн 1 жил 6 сарын ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн С.Эы нийт эдлэх ялыг 1 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар С.Эы эдлэх 1 жил 7 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар С.Эаас 286.040 /хоёр зуун наян зургаан мянга дөч/ төгрөг гаргуулан хохирогч Чимэддоржийн Батзориг /РД: ХБ78060972/-т олгож, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба С.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, энэ өдрөөс эхлэн эдлэх ялыг тоолохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч С.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 2019 оны 7 дугаар сарын 28-ны өдөр гэртээ хүү, дүүгийн хамт байж байтал өдөр 15 цагийн үед хашааны хаалга нүдсэн. Гараад очтол урьд нь 1, 2 удаа уулзаж нохой хээлтүүлэг хийж байсан Батзориг гэгч ах ирсэн байсан. Би “ах сайн байна уу” гэтэл тэр ах учир зүггүй “утсаа авахгүй, ямар сонин бацаан бэ” гэсэн. Би “өө ахаа эхнэр утас аваад явсан байна. Дүү нь утасгүй байсан юм аа” гэтэл тэр ах “хоёулаа нохой хээлтүүлэг хийсэн юм чинь 40.000 төгрөг өг” гэсэн. Би “ахаа одоо мөнгө байхгүй байна, та дансаа өгчих маргааш гэхэд хийгээд өгъе” гэтэл “юу яриад байгаа юм бэ” гээд хашааны хаалга түлхээд орж ирсэн. Тэгээд заавал одоо авна эсвэл энэ нохойг чинь авна гээд уяатай байсан нохой руу явах гэсэн. ...хүүгээ гэртээ орж бай гээд өөрийн барьж байсан утсаа хүүдээ өгөөд явуултал Батзориг утас харчихаад гэр рүү явж байсан 1 нас 10 сартай хүүгээс минь утсыг булааж авсан. Гэтэл хүү айсандаа уйлж эхэлсэн. Би энэ байдлыг хараад тэр ахаас утсаа авах гэтэл намайг шууд заамдаж аваад хоолой боож, цохиж, өшиглөж эхэлсэн. Би тэр үед “ахаа би хүнтэй муудмааргүй байна. Би тэнсэн ялтай, та больчих” гэж гуйсан. Тэр ах намайг тавихгүй зуураад, цохиод байхаар нь хариу нэг цохиод түлхэхэд намайг тавьсан. Энэ үед түүний хүүгээс минь булааж авсан утас газарт унасан тул буцааж авсан. Энэ үед гаднаас нэг ах орж ирээд Батзориг ахыг аваад гарсан. Хашаанаас гарахдаа “Пизда чамайг харнаа, банди минь” гэж харааж зүхээд явсан. Би гэртээ орж ирээд толинд нүүр, хүзүү, хоолойгоо хартал хоолой улайж, боолтын ором гарсан ба хүзүүний ард хорсож байсан. Ямар нэгэн зүйлээр урсан байсан. Үнэн болсон байдал ердөө л энэ. Гэвч шүүх хурал дээр зүгээр явсан хүнийг зодоод байсан мэт байдал нь үнэнд хол зөрөөтэй байна. Мөрдөн байцаагч хэргийн бодит үнэнийг олж тогтоогоогүй. Мөн хажуу айлын хүн харсан байхад түүнээс мэдүүлэг аваагүй зэрэг болон хохирогчийн буруутай үйлдлийг олж тогтоогоогүй, мөрдөн шалгах ажиллагааг дутуу явуулж, хэт нэг талыг барьж шийдэж байгаа нь хуульд үл нийцэж байна. Иймд хэргийн бодит үнэнийг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаанд буцааж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Соронзонболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгчийн хувьд, сая биеийн байцаалтад бүрэн дунд боловсролтой гэж дурдлаа. Энэ бол андуурагдсан процессийн алдаа болсон байна. Учир нь, С.Э нь 3 дугаар ангийн боловсролтой, гэр бүлийнхэн нь мэдэх байх. Энэ хүн нь мессеж байтгуай уншиж чаддаггүй, байцаалтад “энэ дээр зур” гэсний дагуу зурсан байдаг. “Өмгөөлөгч авах уу” гэхэд “үгүй” гэж хэлээд явсан байдаг. Яг юун дээр зурснаа мэдэхгүй, шалгагдаад явж байгаа. Анхнаасаа процессийн алдаатай, өмгөөлөгчөөр хангаагүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасныг зөрчиж, хуульд заасан үндэслэл журмын дагуу аваагүй нотлох баримтыг нотлох баримтаар тооцохгүй гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасныг зөрчсөн гэж үзэж байна. Миний  үйлчлүүлэгчийн Үндсэн хуульд заасан эрхийг зөрчсөн. Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэж заасан байдаг. Энэ хүний халдашгүй байдал, үл хөдлөх хөрөнгө эзэмших эрх, эрүүл аюулгүй орчинд амьдрах зэрэг эрхүүдийг зөрчсөн. Хохирогчийн үйлдлийн улмаас миний үйлчлүүлэгчийн хувийн байдлыг харгалзан урьд 2 удаа ял шийтгэгдэж байсан, тэнсэнтэй хүн гэдгээр хандаж, энэ хэргийг шударга бусаар, илт нэг талыг барьж шийдвэрлэсэн байна гэж дүгнэж байна. Учир нь, энэ хэргийн яллах дүгнэлтээс эхлээд процессийн алдаатай байдаг. Яллах дүгнэлтэд 2019 оны 7 дугаар  сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд иргэн Батзоригийг гараараа цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байна гэж бичсэн байгаа. Энэ гэмт хэрэг ямар шалтгаан, нөхцөлийн улмаас үйлдэгдсэн, санаа зорилго нь юу юм бэ, ямар ч зорилгогүй, шалтгаангүйгээр цохисон гэж дурдсан бол би зөвшөөрнө. Анхан шатны шүүхийн шийдвэр, энэ хүний үйлдсэн гэмт хэрэг, хүнд хохирол учруулсныг хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой алдаа байгаа учраас үндэслэлээ тайлбарлаж байна. С.Эы гэрийн хашаанд дураараа орж, өгөх ёстой 40.000 төгрөгийг дараа шилжүүлье гэж байхад 1 нас 5 сартай хүүхдийнх нь барьж явсан утсыг булааж, халдаж байгаа нь бусдын эд зүйлийг илээр буюу хүч хэрэглэхгүйгээр булааж авсан төгс гэмт хэргийн үйлдэл юм. Учир нь, энэ хүний эрхэнд, үр хүүхдийн нүдэн дээр утсыг булааж авч байгаа үйлдэл нь гэмт хэргийн бүх шинжийг агуулж байгаа. Үүнд:

1. Объект нь хохирогчийн өмчлөх эрхэнд халдсан үйлдэл;

2.  Объектив тал нь тухайн хүн утсыг зараад 40.000 төгрөгийг авна гэсэн үйлдэл;  

3. Субъект нь насан хүрсэн хэрэг хариуцах чадвартай хүн байна;

4. Субъектив тал нь санаатай үйлдэл буюу энэ хүний утсыг аваад хохирлоо барагдуулна гэсэн үйлдлүүд байгаа учраас тухайн гэмт хэргийг шалгалгүйгээр нэг талыг барьж шийдсэн гэсэн үндэслэл байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл тогтоогдож байгаа. Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, процессийн алдаа гарсан байгаа. Мөн хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн. Энэ хэрэгт гэрчээр ганцхан Батзоригийн дагуулж очсон хүнээс гэрчийн мэдүүлэг авсан байдаг. Тэгээд шүүх эмнэлгийн дүгнэлтээр хэргийг шийдсэн. Зөвхөн энэ хүний урьд нь гэмт хэрэгт холбогдож байсан, тэнсэнтэй гэдэг байдлаар хандаж, энэ хүнд хууль ёсны шударга зарчим үйлчлээгүй шийдсэн байна гэж харж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол” гэж заасан нь энэ хэргийн шалтгаант холбоог тогтоогоогүй, гэмт хэрэг үйлдэгдсэнийг анхаарч үзэлгүй шийдвэрлэсэн байна гэдэг нь харагдаж байна. Тэгэхээр энэ хэрэгт зөвхөн шүүгдэгчийн гэм буруу яригдсан болохоос хохирогчийн  үйлдлийг шалгаагүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг төгс үйлдэгдсэн талаар шалгаагүй. Тийм учраас шүүгдэгчийн байр сууринаас Батзориг, С.Э хоёулаа шийтгэгдэх ёстой гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн хувийн байдал, ялыг хөнгөрүүлэн авч үзэх нотлох баримтуудыг гаргаж өгье гэж бодож байна. Шүүгдэгч С.Эы хувийн байдлыг шалгаагүй, мөрдөн шалгах ажиллагаагаар бичиг үсэг мэдэх эсэх талаар тогтоогоогүй, боловсролгүй ч энэ хүн авьяастай, хөл бөмбөгийн спортын мастер цолтой, лигийн багт тоглодог. Эхнэр нь жирэмсэн, хувийн амьдралаа зохиогоод засарч, хүмүүжиж байгаа гэж дүгнэж байна. Хохирогчийн үйлдлийг шалгаагүй, мөн хэргийн шалтгаант нөхцөлийг нарийвчлан тогтоогоогүй учир анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. ...” гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Л.Дашравдан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх хэргийг тал бүрээс нь нухацтай хэлэлцээд, зүй ёсны ялыг оногдуулсан гэж хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй гарсан. Сая шүүгдэгчийн өмгөөлөгчийн ярьсан “хохирогчийн буруутай үйл ажиллагаа энэ гэмт хэргийг гарахад нөлөөлсөн” гэж ярингуутаа зөрүүлээд гэм буруугийн асуудал дээр маргахгүй, манай үйлчлүүлэгчид хууль ёсны хамгийн бага ялыг оногдуулсан, дэмжиж байна гэсэн 2 эсрэг байр суурьтай зүйл ярьж байгаа учраас эргэлзэж байна. Энэ гэмт хэрэг нь ялихгүй шалтгаанаас үүссэн. Хувийн таарамжгүй нөхцөл байдлын улмаас хүнийг барьж аваад зодсон байсан. Би шүүгдэгчийн хувийн байдлыг шүүх дээр тодруулж хэлмээр байна. Шүүх хуралдаан болохын өмнө би энэ залууд “миний дүү чи хохирогчоосоо уучлалт гуйхгүй юм уу, энэ гэмт хэрэгтээ гэмшиж байгаа юм уу, үүнийгээ шүүхэд хэлэх ёстой байдаг шүү, хохирол төлбөрөө төлөх асуудлаа яах гэж байна” гэж асуухад юу ч  яриагүй. Анхан шатны шүүх хуралдаанд энэ талаар нэг ч яриагүй, хохирол төлбөр төлөөгүй байгаа. Энэ хүний эрхийг хангах талаар бүх байцаалтын шатанд өмгөөлөгч авах уу, өмгөөлөгчтэй байцаагдах уу гэх мэт асуудлуудыг хууль, шүүхийн байгууллагын бүх шатанд асуусан байдаг нь хавтас хэрэгт авагдсан байгаа. Анхан шатны шүүх хуралдаанд шүүх бүрэлдэхүүн шүүгдэгчээс “та өмгөөлөгчтэй оролцох уу, өмгөөлүүлэх эрхээ эдлэх үү” гэж асуусан. Үүнд “өмгөөлөгчгүй оролцоно” гэдгээ илэрхийлсэн. Бичиг үсэг мэдэхгүй гэх асуудлыг сая тодруулж ярьж байна.  Энэ хүн бол 2 удаа гэмт хэрэгт шийтгэгдэхдээ хууль ёсны хүчин төгөлдөр шүүхийн шийтгэх тогтоолтой байгаа. Тэгэхээр энэ хүний хувийн байдал нь өмгөөлөгчийн яриад байгаа шиг нөхцөл байдалтай биш, өнөөдөр шүүх хуралдаан дээр хэлэлцэгдээгүй баримтыг ярьж байна. Энэ шүүх хуралдаан дээр яригдах ёсгүй асуудал гэж ойлгож байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

           Хохирогч Ч.Батзориг “...тус шүүх хуралдаанд тусгайлан гаргах тайлбар байхгүй. ...” гэв.

 

Прокурор И.Ариунсанаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэргийн тухайд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2  дугаар зүйлд заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго, гэм буруугийн хэлбэр, Эрүүгийн хуульд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал бүрэн тогтоогдсон байгаа. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил байхгүй, хэргийн бодит байдалтай нийцсэн шийдвэр гарсан. Ийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Шүүгдэгчийг бүрэн дунд боловсролтой гэдэг дээр өмгөөлөгч нь маргаж байна. Хуульд бичиг үсэг мэдэхгүй хүнийг байцаасан бол зөрчил болно. С.Э нь мөрдөн байцаалтын явцад Монгол хэл, бичиг үсэг мэддэг болох нь тогтоогдсон байгаа. Учир нь, шүүгдэгч мөрдөн байцаалтын явцад хэргийн материалтай танилцаад гарын үсэг зурсан. Хуульд ямар боловсролтой байх талаар тусгаж өгөөгүй байгаа. Анхнаасаа хохирогчтой мессеж бичин танилцаж, нохой зарах талаар ярилцсан байдаг. Энэ байдлаас харахад бичиг үсгийн боловсролтой гэдэг нь харагдаж байна. Хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байгаа нь бүрэн харагдаж байгаа. Яллах дүгнэлтэд энэ байдлыг тодорхой тусгаж бичсэн. Тухайлбал, Энхсайхан нь Батзоригийг гараараа цохиж зодож,  биед нь хөнгөн хохирол учруулсан болохыг тодорхой тусгасан байгаа. ...” гэв.  

                                                                                         

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдалд хамаарах “...1.3. гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр; 1.4. Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал; 1.6. гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл;...” зэрэг асуудлуудыг мөрдөн шалгах ажиллагааны үед шалгах хангалттай ажиллагаа хийгээгүйгээс нотолбол зохих байдлуудыг нотолж чадаагүй байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.  

 

  1. Хэрэгт:

хохирогч Ч.Батзориг “...Би чамд итгэхгүй байна. Чи маргааш гэж хойшлуулаад утсаа авахгүй байгаа, өнөөдөр өгчих гэж хэлэхэд тэгвэл бүр өгөхгүй гэж хэлсэн. ...Утсыг барьцаалвал мөнгө гаргаад өгчих байх гэсэн үүднээс би утсыг нь авсан юм.  Тэгтэл нөгөө залуу намайг барьж аваад цамцны захаар хоолой боогоод ... зодож нүдээд байсан. ...” /хх 9-12/,

шүүгдэгч С.Э “...Өөрөө эхлэсэн. Хүүхэд айлгаад уйлуулсан болохоор та яаж байгаа юм бэ? гэхэд намайг цохиж нүдээд тэвчээр бараад байхаар нь би гараараа нүүрэн тус газар нь нэг удаа цохиод унагаасан. Тухайн үед миний баруун шанаа руу тэр хүн 2-3 удаа цохиж, хөндүүр байсан. Эмнэлэг эмч гээгүй, өөрөөр нь эдгээсэн. Тухайн үед бид хоёрын хүзүү, ам яг адилхан маажигдсан, улайсан байсан. ...” /хх 25/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Прокурор яллах дүгнэлтдээ “...С.Э нь 2019 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ч.Батзоригийг гараараа цохиж зодон, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан...” гэж /хх48-51/ хэргийн үйл баримтыг дүгнэжээ.

 Дээрх мэдүүлэг, хэргийн үйл баримтын талаарх прокурорын дүгнэлтээс үндэслэн давж заалдах шатны шүүх мөрдөн шалгах ажиллагаагаар тус гэмт хэргийн үйлдэгдэх болсон сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэрэг нотолбол зохих байдлуудыг бүрэн тогтоогоогүй байна, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос хянавал зохих асуудлуудыг бүрэн хянаагүй байна гэж үзлээ.  

 

2.  Анхан шатны шүүх шүүгдэгч С.Эд прокуророос холбогдуулан ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан ял дээр түүний урьд ял шийтгүүлсэн гэх Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэх асуудлыг хянан шийдвэрлэжээ.

 

Ингэхдээ тэнссэн байдлыг С.Эд оногдуулсан ял гэж үзэн шууд нэмж нэгтгэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна.” гэж заасныг зөрчсөн байх ба энэ нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарна.

 

Түүнчлэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Э 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар баримт /хх 32/ хэрэгт авагдсан байхад тус шийтгэх тогтоолыг хэрэгт нотлох баримтын шаардлага хангасан байдлаар бэхжүүлээгүй байна.

 

Гэтэл анхан шатны шүүх С.Эы ял шийтгэлийг хянан шийдвэрлэхэд онцгой ач холбогдолтой дээрхи шийтгэх тогтоолыг хэрэгт байхгүй байхад shuukh.mn сайтаас татаж авсан шүүгдэгч Ц.Б, С.А, А.Л, С.Э нарт холбогдох шийтгэх тогтоол /хх 69-81/-ын хуулбар гэсэн баримтаар шүүгдэгч С.Эы эрүүгийн хариуцлагын асуудлыг хянан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.  

 

Иймд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, С.Эд холбогдох 1906044391971 дугаартай хэргийг Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцаахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 2019/ШЦТ/1677 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч С.Эд холбогдох 1906044391971 дугаартай эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцаасугай.

 

2. Эрүүгийн хэргийг прокурорт очтол шүүгдэгч С.Эд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

    ДАРГАЛАГЧ,

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

    ШҮҮГЧ                                                             Л.ДАРЬСҮРЭН

 

    ШҮҮГЧ                                                             Д.ОЧМАНДАХ