Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2025/0473

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“ТШЕ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч А.Сарангэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Э.Лхагвасүрэн,

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү,

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Ц.Г

Нэхэмжлэгч: “ТШЕ” ХХК

Хариуцагч: Эрчим хүчний зохицуулах хороо

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 0243 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Бүжинлхам

Хэргийн индекс: 128/2025/0100/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “ТШЕ” ХХК-аас Эрчим хүчний зохицуулах хороонд холбогдуулан “Эрчим хүчний зохицуулах хорооны 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 09/803 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 0243 дугаар шийдвэрээр: “Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 17 дугаар зүйлийн 17.2.3, 25 дугаар зүйлийн 25.1.2, 35 дугаар зүйлийн 35.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч ТШЕ ХХК-аас Эрчим хүчний зохицуулах хороонд холбогдуулан гаргасан Эрчим хүчний зохицуулах хорооны 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 09/803 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

3.1. ... Эрчим хүчний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Эрчим хүчний зохицуулах хороо /цаашид "Зохицуулах хороо" гэх/ нь эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, диспетчерийн зохицуулалт хийх, хангах үйл ажиллагааг зохицуулах, үнэ тарифыг тогтоох, эрчим хүч хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй байна”, 9 дүгээр зүйлийн 9.1-д “Зохицуулах хороо нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 9.1.2-д “энэ хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох”, 9.1.3-д “тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох, хэрэгжилтийг хянах”, 9.2-д “Зохицуулах хороо нь шийдвэрлэх асуудлаа зохицуулагчдын зөвлөлийн хурлаараа хэлэлцэнэ. Хурлын шийдвэр тогтоол хэлбэртэй байна. Тогтоолыг тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч дагаж мөрдөнө”, 17 дугаар зүйлийн 17.2-д “Эрчим хүчээр зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараахь үүрэг” гээд 17.2.3-д “цахилгаан, дулаан дамжуулах, түгээх, диспетчерийн зохицуулалт хийх үйлчилгээний төлбөрийг төлөх”, 25 дугаар зүйлийн 25.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараахь үүрэг хүлээнэ” гээд 25.1.2-д “хууль тогтоомж, эрчим хүчний техникийн ашиглалт, аюулгүй ажиллагааны дүрэм, журам, тусгай зөвшөөрөлд заасан нөхцөл, шаардлага, тусгай зөвшөөрөл олгогчийн шийдвэрийг дагаж мөрдөх”, 35 дугаар зүйлийн 35.2-д “Энэ хуулийн 35.1-д зааснаас бусад тохиолдолд Зохицуулах хороо, аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл нь өөрийн эрх мэдэлд хамаарах асуудлаар тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэнэ” гэж заасан байдаг.

3.2. Өөрөөр хэлбэл хариуцагч буюу Эрчим хүчний зохицуулах хороо нь маргаж буй асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хууль болох Эрчим хүчний тухай хуулийг хэрэглэх ёстой байсан, энэ талаар анхан шатны шүүх буруу үнэлэлт дүгнэлт хийсэн. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-д “сонсох ажиллагаа хийгээгүй шалтгаанаа захиргаан байгууллага нотлох үүрэгтэй” гэж заасан. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар энэ нь тогтоогдохгүй байхад анхан шатны шүүх сонсох ажиллагаа хийхгүй байж болно гэсэнд гомдолтой байна.

3.3. Анхан шатны шүүхийн Үндэслэх нь хэсэгт “... Эрчим хүчний зохицуулах хорооны бүрэн эрхийг хуулиар заасан бөгөөд шаардлагатай асуудлыг хурлаар хэлэлцэж тогтоол гарган шийдвэрлэх ба тусгай зөвшөөрөл эзэмшигч болон хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэх хүрээнд тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын хэрэгжилтийг хянаж хариу өгсөн байх тул хорооны тогтоол гаргаагүй гэж буруутгах боломжгүй юм. Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т зааснаар нэхэмжлэгч нь Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 480 дугаар тогтоолыг буюу тус тогтоолоор шинэчлэн тогтоосон тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг дагаж мөрдөх үүрэгтэй тул Эрчим хүчний зохицуулах хорооны 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 09/803 дугаар албан бичигт дээрх хуулийн тус заалтыг хэрэглэсэн нь тогтоол гаргасан гэх агуулгагүй байна” гэжээ.

3.4. “ТШЕ” ХХК нь дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай ханхах тусгай зөвшөөрөлтэй. Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.17-д “эрчим хүчний зохицуулалттай хангалт" гэж энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан эрчим хүчний зохицуулах хорооноос баталж нийтэлсэн тарифаар хэрэглэгчид эрчим хүч худалдахыг” ойлгоно. Харин маргаж буй захиргааны актаар “ТШЕ” ХХК-ийг Эрчим хүч худалдан авагчийн хувиар мөнгө төлөх ёстой мэтээр тодорхойлсон байдаг. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөлтэй хамааралгүй асуудлыг хамаатуулан үнэлж дүгнэсэнд гомдолтой байна.

3.5. Маргаж буй захиргааны актад дурдагдсан дулааны узелийн цахилгааны төлбөрийг төлөх ёстой субъект нь “ОК” ХХК, учир нь “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-тай цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулсан 2151*** кодтой хэрэглэгч нь “ОК” ХХК юм. Нэхэмжлэгч буюу “ТШЕ” ХХК нь “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-тай цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулаагүй, хэрэглэгч биш болно. Бодит байдал ийм байхад Эрчим хүчний зохицуулах хороо нь асуудлыг хянан шалгалгүй захиргааны акт гаргасан. Нөгөө талааас хэрэглэгч өөрийн хэрэглэсэн Эрчим хүчний төлбөрөө гэрээний хугацаандаа төлөөгүйгээс авлага үүсгэсэн, төлөхөөс зайлсхийсэн бол харъяа шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлэх ёстой байхад Эрчим хүчний зохицуулах хороо нь хэргийн харъяалал зөрчиж, өөрийн эрх мэдэлд хамаарахгүй асуудлаар захиргааны акт гаргасан байдаг. Эдгээрийг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

             2. Нэхэмжлэгч “ТШЕ” ХХК-аас Эрчим хүчний зохицуулах хорооны 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 09/803 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “... Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д “Зохицуулах хороо нь шийдвэрлэх асуудлаа зохицуулагчдын зөвлөлийн хурлаараа хэлэлцэнэ. Хурлын шийдвэр тогтоол хэлбэртэй байна. Тогтоолыг тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч дагаж мөрдөнө” гэж заасан бөгөөд үүнд дурдсан асуудлаар ямар нэгэн хурал болоогүй. Хариуцагчаас Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулаагүй, 52 сууц өмчлөгчдийн холбооноос ирүүлсэн гэх гомдолтой ямар ч хамааралгүй хуулийн зүйл хэсгийг үндэслэн албан бичиг төлөвлөснийг илт хууль бус гэж үзэж байна, 2024 оны 09/803 дугаартай албан бичиг нь тогтоол биш тул дагаж мөрдөх эрх зүйн үр дагавар үүсгэхгүй болно, тус хорооны хэрэглэгч, орон нутгийн газрын дарга Д.Алтантуяа нь Эрчим хүчний зохицуулах хорооны чиг үүрэгтэй хамааралгүй асуудлаар албан бичиг төлөвлөсөн” гэж, хариуцагчаас“... Эрчим хүчний зохицуулах хорооны 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 09/803 дугаартай албан бичиг нь захиргааны акт биш. “ТШЕ” ХХК нь 2021 онд Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргасан 25 дугаар тогтоолоор хүлээсэн үүргээ биелүүлээгүй өдийг хүрсэн” гэж тус тус тайлбарлан маргажээ.

3. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, холбогдох хуулийн зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж “ТШЕ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

4. Дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

            4.1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Эрчим хүчний зохицуулах хорооны 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 252 дугаар тогтоолоор “ТШЕ” ХХК-д дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийг” 3 жилийн хугацаагаар олгосон, мөн хорооны  2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 466 дугаар тогтоолоор “ТШЕ” ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн хугацааг 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн 2 жилээр сунгасан байх бөгөөд 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр “ТШЕ” ХХК, “ОК” ХХК-ийн нарын хооронд байгуулсан “Орон сууцны өмч хөрөнгө, эрх шилжүүлэх гэрээ”-гээр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 52 дугаар байрын цахилгаан дулааны тоног төхөөрөмж, орон сууцны зоорийн давхарт байрлах узелийн өрөө, гадна дулаан, цэвэр бохир усны шугам сүлжээ зэргийг нэхэмжлэгч “ТШЕ” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхээр тохирчээ.

 

4.2. Үүний дараа Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 25 дугаар тогтоолоор мөн хорооны 2020 оны 466 дугаар тогтоолоор баталсан “ТШЕ” ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн үйлчлэх хүрээнд “Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд байрлалттай 0.95 Гкал/ц-ийн дулааны ачаалалттай, 52 дугаартай орон сууц, 1 ус дулаан дамжуулах төв”-ийг нэмж оруулсан байх бөгөөд Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 480 дугаар тогтоолоор “ТШЕ” ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн хугацааг 3 жилийн хугацаагаар сунгасан байна.

4.3.  Улмаар Эрчим хүчний зохицуулах хороонд хандаж “ТШЕ” ХХК-аас “Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороонд байрлах 52 дугаар байрны “52 сууц өмчлөгчдийн холбоо” дулааны узелийн цахилгааны төлбөрийг хариуцах эзэнгүй байгаагаас шалтгаалан өр төлбөр үүсэж уг орон сууцны хэрэглэгчид ус, дулаанаар хязгаарлуулж байгаа тухай” гомдол гарснаар Эрчим хүчний зохицуулах хороо 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 09/803 дугаар маргаан бүхий албан бичгийг “ТШЕ” ХХК-д хүргүүлсэн үйл баримтууд тогтоогдсон байна.

4.4. Эрчим хүчний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Эрчим хүчний зохицуулах хороо нь эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, диспетчерийн зохицуулалт хийх, хангах үйл ажиллагааг зохицуулах, үнэ тарифыг тогтоох, эрчим хүч хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй байна”, 9 дүгээр зүйлийн 9.1-д “Зохицуулах хороо нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 9.1.2-д “энэ хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох”, 9.1.3-д “тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох, хэрэгжилтийг хянах”, 17 дугаар зүйлийн 17.2-д “Эрчим хүчээр зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараахь үүрэг”, 17.2.1-д “тусгай зөвшөөрөлд заасан нутаг дэвсгэрийн хэрэглэгчийг цахилгаан, дулаанаар хангах”, 17.2.3-д “цахилгаан, дулаан дамжуулах, түгээх, диспетчерийн зохицуулалт хийх үйлчилгээний төлбөрийг төлөх”, 25 дугаар зүйлийн 25.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараахь үүрэг хүлээнэ” гээд 25.1.2-д “хууль тогтоомж, эрчим хүчний техникийн ашиглалт, аюулгүй ажиллагааны дүрэм, журам, тусгай зөвшөөрөлд заасан нөхцөл, шаардлага, тусгай зөвшөөрөл олгогчийн шийдвэрийг дагаж мөрдөх”, 35 дугаар зүйлийн 35.2-д “Энэ хуулийн 35.1-д зааснаас бусад тохиолдолд Зохицуулах хороо, аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл нь өөрийн эрх мэдэлд хамаарах асуудлаар тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэнэ” гэж тус тус заасан.

            4.5. Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд Эрчим хүчний зохицуулах хороо нь эрчим хүчийг үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, диспетчерийн зохицуулалт хийх, хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх үүрэгтэй байх бөгөөд хуульд зааснаар тусгай зөвшөөрөл олгох, түүнд нэмэлт өөрчлөлт оруулж, нөхцөл шаардлагыг тогтоож, хяналт тавих эрх хэмжээтэй байна. Нөгөө талаас тусгай зөвшөөрөл нь эзэмшигч нь тусгай зөвшөөрөлд заасан нутаг дэвсгэрийн хэрэглэгчдийг цахилгаан дулаанаар ханган, үйлчилгээний төлбөрийг төлж, тусгай зөвшөөрөлд заасан нөхцөл, шаардлага, тусгай зөвшөөрөл олгогчийн шийдвэрийг дагаж мөрдөх хуулиар хүлээсэн үүрэгтэй байна.

4.6. Эрчим хүчний зохицуулах хороо нь дээрх хуульд зааснаар өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “Тусгай зөвшөөрлийн үйлчлэх хүрээнд нэмэлт оруулах тухай” 25 дугаар тогтоолоор “...“ТШЕ” ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн үйлчлэх хүрээнд “Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд байрлалттай 0.95 Гкал/ц-ийн дулааны ачаалалттай, 52 дугаартай орон сууц, 1 ус дулаан дамжуулах төв”-ийг нэмсэн” болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, нэхэмжлэгч “ТШЕ” ХХК нь уг тогтоолыг хэрэгжүүлж 52 дугаар орон сууцыг цахилгаан дулаанаар хангаж, цахилгааны төлбөрийг хариуцах үүрэг хүлээсэн байтал нэхэмжлэгч “ТШЕ” ХХК нь “дулааны цахилгааны төлбөрийг төлөх ёстой субъект нь “ОК” ХХК, “Улаанбаатар цахилгааны түгээх сүлжээ” ТӨХК-тай гэрээ байгуулсан 2151*** кодтой хэрэглэгч нь “ОК” ХХК гэж маргаж байгаа нь үндэслэлгүй.

4.7. Өөрөөр хэлбэл, 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн “Орон сууцны өмч хөрөнгө, эрх шилжүүлэх гэрээ”-гээр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 52 дугаар байрын цахилгаан дулааны тоног төхөөрөмж, орон сууцны зоорийн давхарт байрлах узелийн өрөө, гадна дулаан, цэвэр бохир усны шугам сүлжээ зэргийг нэхэмжлэгч “ТШЕ” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхээр “ОК” ХХК-тай харилцан тохиролцсон байх бөгөөд “ОК” ХХК нь “Улаанбаатар цахилгаан түгээх станцад” ТӨХК-д “Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо Зорчигч тээвэр нэгтгэлийн ажилчдын 52 дугаар байрны ашиглалт үйлчилгээг 2020 оноос хойш “ТШЕ” ХХК хариуцан ажиллаж байгаа” талаар удаа дараа илэрхийлэн хүсэлт гаргаж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

            4.8. Иймд анхан шатны шүүх “... Эрчим хүчний хорооны 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 25 дугаар тогтоолоор нэхэмжлэгч “ТШЕ” ХХК-ийн эзэмшиж буй дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн үйлчлэх хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд байрлалтай 52 дугаар орон сууц, 1 ус дулаан дамжуулах төвийг нэмэлтээр оруулснаар нэхэмжлэгч нь тухайн орон сууцны дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах үүргийг хүлээнэ” гэж дүгнэн, Эрчим хүчний зохицуулах хорооны 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 09/803 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу биш байна.

4.9. Түүнчлэн, захиргааны байгууллага албан тушаалтнаас захиргааны акт гаргахдаа сонсох ажиллагаа явуулах, эрх ашиг нь хөндөгдөж болохуйц этгээдэд мэдэгдэх, тайлбар авах ажиллагааны гол зорилго нь ийнхүү ажиллагаа хийснээр нөхцөл байдал өөрчлөгдөх, тухайн этгээдээс актын үндэслэлийг няцаах боломж олгож байгаа ажиллагаа бөгөөд Эрчим хүчний хорооны 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 25 дугаар тогтоолоор “Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд байрлалттай 0.95 Гкал/ц-ийн дулааны ачаалалттай, 52 дугаартай орон сууц, 1 ус дулаан дамжуулах төвийг нэхэмжлэгчийн үйлчлэх хүрээнд нэмсэн, уг шийдвэр гарснаас хойших хугацаанд нэхэмжлэгч нь тус байрны ус, дулаан дамжуулах төвийн цахилгааны зардлыг төлөөгүй болох нь тогтоогдсон байх тул “дан ганц сонсох ажиллагааг хийгээгүй” гэсэн үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгох боломжгүй.

            Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 0243 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

   ШҮҮГЧ                                                                    А.САРАНГЭРЭЛ

   ШҮҮГЧ                                                                   Э.ЛХАГВАСҮРЭН

   ШҮҮГЧ                                                                    Н.ХОНИНХҮҮ