Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 29

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхням, улсын яллагч Д.Ууганцэцэг, хохирогч Я.Давааболд, шүүгдэгч П.Пүрэв-Очир, түүний өмгөөлөгч Н.Цэрэндулам (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0192) нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Боржигин овогт Пүрэвжалын Пүрэв-Очирыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1. дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 2601 2398 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигин овогт Пүрэвжалын Пүрэв-Очир, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1957 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 60 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Арц суварга” ХХК-д жолооч ажилтай, ам бүл нэг, Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хорооллын 8а байрны 9 тоотод оршин суудаг, регистрийн дугаар: чв57123071, утасны дугаар: 94149583,

- Урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2000 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 261 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 260.1. дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 40.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн.

Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Шүүгдэгч П.Пүрэв-очир нь 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Ар Гүнт” гэх газар үйл ажиллагаа явуулж байсан “Арц суварга” ХХК-ийн байрлуулсан хоолны гэрт хохирогч Я.Давааболдыг хувийн таарамжгүй харьцааны улмаас аягаар цохиж, бие махбодод нь “зүүн гайморын ясны гадна ханын хугарал” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг үндэслэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлийн 296.1. дэх хэсэгт зааснаар ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг:

1. Шүүгдэгч П.Пүрэв-Очир: 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өглөө цас орсон ажилдаа гараагүй байхад “Ар-Гүнт” гэдэг газарт “Арц суварга” ХХК-ийн амралтын гэр буюу хоолны газарт энэ хэрэг болсон. Хэрэг гарах үед надтай хамт зээ охин минь байсан. Өглөө 9-10 цагийн үед Оюунтунгалаг гагнуурчны гэрт охиноо дулаацуулж хоол, цай өгөөд сууж байхад хохирогч Давааболд “тойрох хуудас зуруулна” гэж хэлээд орж ирсэн. Тухайн үед хохирогч Давааболд намайг харчихаад “чи дээр намайг боогоод байсан билүү” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “чи юу яриад байгаа юм, бид хоёр энэ асуудлыг урьд өмнө ярилцаж тохиролцоод салсан биз дээ” гэж хэлсэн. Тэгээд өдөр 12 цаг болоод цайндаа орох гээд зогсож байхад хохирогч Давааболд гаднаас орж ирсэн. Тэр үед манай ажлын гурван хүн миний урд хоол авах гээд зогсож байсан. Давааболд тэр хүмүүсийн урд орж зогссон. Би намайг заналхийлж байгааг нь мэдээгүй, хоолоо авах гээд зогсож байсан. Удаагүй хохирогч Давааболд над руу дайрсан. Би өөрийн мэдэлгүй өөрийгөө хамгаалаад гараа өргөсөн. Гэтэл тухайн үед миний гарт байсан аяга хохирогч Давааболдын хацар руу цохигдсон байсан. Тэгээд хохирогч Давааболдын хацарнаас цус гараад зогсож байсан. 2016 оны 8 дугаар сарын сүүлээр намайг машин дээрээ гагнуур хийлгээд зогсож байхад хохирогч Давааболд ирээд “гагнуураа хийлгэж дуусаж байна уу” гэж асуухад, би “дуусаж байна” гэж хэлсэн. Харин дараа нь Давааболд гагнуурчин Оюунтунгалагтай маргалдаж эхэлсэн. Тэгээд би ахмад хүний хувьд “эмэгтэй хүнтэй хэрүүл хийхээ болиоч” гэж хэлэхэд, хохирогч Давааболд намайг барьж аваад, машин мөргүүлж, нүүр рүү цохисон, мөн над руу төмөр авч шидсэн. Хохирогч Давааболд нь өмнөх маргаанаас болж надад өс санаж явсан учраас энэ хэрэг гарсан гэж бодож байна гэв. 

2. Хохирогч Я.Давааболд: Би 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр “Арц суварга” ХХК-нд ажилд орсон. Тэгээд “Арц суварга” ХХК-аас надад “Кантар” машин хариуцуулж өгсөн. Энэ машинаар нь би Улаанбаатар хот руу явж машиндаа нэг толь авч ирсэн. Тэгээд би Оюунтунгалаг гэдэг гагнуурчин дээр очиж толио гагнуулах гэсэн боловч яаруу, сандруу миний толийг гагнаж өгсөн. Үүний дараа би усны машины жолооч болоод давхар ус соруулдаг мотор авч явдаг болсон. Тухайн моторын яндан нь салсан учраас дахин Оюунтунгалаг гагнуурчнаар гагнуулах гээд очиход надад “ажилтай байна” гэж хэлэхээр нь би Оюунтунгалагтай маргалдаж байсан. 2016 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр ажлаа хийгээд орой нь машин дотроо хоносон. 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өглөө намайг унтаж байхад “манай төсөл хариуцсан инженер” Баасансүрэн намайг дуудаж “та машинаа хүлээлгэж өг, таныг боловсон хүчин ажиллуулахгүй гэсэн” гэж хэлээд намайг хариуцаж авсан эд зүйлсээ хүлээлгэж өгөөд тойрох хуудсаа зуруул гэж хэлсэн. Тэгээд би өглөө 10 цагийн үед Жансаулегаар тойрох хуудсан дээр гарын үсэг зуруулахаар гэрт нь ороход шүүгдэгч Пүрэв-Очир нэг хүүхэдтэй сууж байсан. Тэгээд би Жансаулегаар тойрох хуудас зуруулах үедээ ямар шалтгаанаар намайг ажлаас халж байгаа юм бэ гэхэд “намайг ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн” гэж хэлсэн. Тэгээд би шүүгдэгч Пүрэв-Очирт хандаж “намайг ажлаас халагдахад чи нөлөөлсөн байна” гэж хэлсэн. Тэгээд би Жансаулегаар тойрох хуудсан дээрээ гарын үсэг зуруулчихаад захиралтайгаа уулзах гэсэн боловч захирлууд очоогүй байсан. Харин манай хүний нөөцийн менежер Бибигүль ирсэн байсан. Тэгэхээр нь “би ажлын байранд архи ууснаас өөр машин тэрэг эвдэлж гэмтээсэн зүйл байхгүй” гэж хэлэхэд Бибигүль “та өмнө Пүрэв-Очиртой хэрүүл маргаан хийсэн байна таныг ажлаас хална” гэж хэлсэн. Тэр үед цайны цаг болоод, манай ажлынхан цайндаа орж байсан. Би хүмүүсээс гуйж байгаад урдуур нь орж хоолоо авах гээд зогсож байхад Пүрэв-Очир гаднаас орж ирсэн. Тэгэхээр нь би Пүрэв-Очирт хандаж “чи өөрөө эхэлж намайг заамдаснаас болж би ажлаасаа халагдаж байна” гэсэн утгатай зүйл хэлсэн. Тэгээд би хоолоо авах гээд очиход тогоочийн хоол нь дууссан байсан. Тэгээд дараагийн савтай хоолоо татах үед нь би хойшоо болсон. Гэтэл миний нүүрэнд гал маналзаад юу болсныг мэдээгүй. Тэгээд гараараа нүүрээ барьсан чинь миний гар нэл цус болсон. Манай ажлын хүмүүс намайг хот руу авч ирээд “Мөнгөнгүүр” эмнэлэгт үзүүлсэн. Эмнэлэгт очоод байж байхад шууд надаас мөнгөө нэхэмжилсэн. Тэгээд оёдол тавихад 50000 төгрөг, томографийн мөнгө гэж 150.000 төгрөг, эм тарианы мөнгө 50000 төгрөгийг миний дансаар шилжүүлж авч байсан. Шүүгдэгч Пүрэв-Очир надад нийт 350.000 төгрөгийг төлсөн. Би цаашид гоо сайхны косметик оёдол хийлгэж, сорвио арилгуулах шаардлагатай байгаа гэв.   

 Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримт: (Эрүүгийн 2016 2601 2398 дугаартай хэргээс)

1. Хохирогч Я.Давааболдын мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 13 цагийн үед би хоолондоо орохоор хоолны гэрт ороход Пүрэв-Очир таарсан. Тэгэхээр нь би “чи өөрөө эхэлж хэл ам таталчихаад, намайг буруутан болгодог өөдгүй эр юм даа” гээд зогсож байтал Пүрэв-очир гэнэт миний нүүр рүү цохих шиг болсон. Миний нүүр халуу оргиод, толгой манараад цаашаа юу болсныг мэдээгүй. Хүмүүс миний хацарнаас гоожиж буй цусыг даавуугаар дараад, механик Дашзэвэгийн машинаар хотын төв рүү орж, Мөнгөнгүүр эмнэлэгт үзүүлээд, оёдол тавиулж боолгосон. Урьд нь буюу 2016 оны 9 дүгээр сарын 10-ны үеэр би Оюунтунгалагыг гадаа машины хажууд зогсож байхад нь очоод “машиндаа юм гагнуулья” гэхэд тэрээр өөдөөс “бас юу гагнуулах гэсэн юм бэ, яасан ядаргаатай юм” гэхээр нь “чи юм гагнуулах гэхээр дандаа ингэж цаараглах юм, би өөрийнхөө хувийн юмыг гагнуулах гэсэн юм уу” гээд, бид хоёр маргалдаад зогсож байтал, Пүрэв-очир хүрч ирээд “наадах чинь хүүхэн шиг юу гээд шалчиганаад байгаа юм” гэхээр нь “чи юу гээд байгаа юм бэ, чамтай ярьсан юм уу” гэхэд Пүрэв-очир намайг заамдсан. Тэр үед бид хоёр маргалдаад зууралдахад Оюунтунгалаг салгасан юм. Би Пүрэв-Очирт цохиулж нүүрэндээ гэмтэл авсандаа гомдолтой байна. Би эмчилгээ хийлгэхэд гарсан төлбөрөө нэхэмжилнэ. Одоогоор ямар нэгэн эмчилгээний төлбөрийн баримт байхгүй. Эмчилгээ хийлгэнэ гэж бодож байна... гэх мэдүүлэг (хх-ийн 14-15 дугаар хуудас),   

....Миний нүүрний шархыг харуулсан гэрэл зургийг “Мөнгөн гүүр” эмнэлэгийн эмч, сувилагч хоёр нь гар утсаараа дарж бэхжүүлж авсан. Дараа нь би эмнэлэг дээр очиж, эмчээс зургаа аваад угаалгасан юм. Харин оёдол тавиулсны дараах зургийг гэртээ Алтандуулгын утсаар авахуулаад дараа нь дүү Тунгалагтуяагаар угаалгасан юм. Би Пүрэв-Очироос нүдний шилний үнэ болон эмчилгээнд зарцуулах гэж 100.000 төгрөг авсан... гэх мэдүүлэг (хх-ийн 16 дугаар хуудас),

2. Гэрч О.Жансаулегийн мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 11 цагийн үед өөрийн байрлаж байсан гэрийн гадаа явж байтал жолооч Давааболд ирээд “тойрох хуудсанд гарын үсэг зуруулах гэсэн юм” гэхээр нь би гэр рүүгээ дагуулж ороод, гарын үсэг зурж өгсөн. Тэр үед манай гэрт жолооч Пүрэв-Очир хүүхэдтэйгээ сууж байсан бөгөөд Давааболд Пүрэв-Очир руу хандаж “би чамтай эвээр салъя гэж бодсон юм, чи харин өөдгүй эр юм даа” гээд хуруугаа гозойлгоод түүн рүү чичсэн. Пүрэв-Очир хариуд нь “би чамайг яасан юм, яагаа ч үгүй биз дээ” гэж хэлэхээр нь би Давааболдод хандаж “битгий хэрүүл хийгээд бай, гар” гээд дагуулаад гарсан. Тэгээд 14 цагийн үед намайг үдийн хоолондоо орохоор хоолны гэрт ирэхэд Пүрэв-Очир Давааболдыг шаазан аягаар цохиод, хацрыг нь зүсчихсэн гэж байсан. Тэгээд Давааболдыг эмнэлэг рүү аваад явсан гэж байсан... гэх мэдүүлэг (хх-ийн 17-19 дүгээр хуудас),

3. Гэрч Д.Оюунтунгалагийн мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Жансауле бид хоёрыг гэрт байж байхад жолооч Пүрэв-Очир жоохон хүүхэд дагуулчихсан “жоохон дулаацъя” гээд орж ирсэн. Дараа нь Давааболд Жансаулегаар тойрох хуудсан дээр гарын үсэг зуруулахаар ганцаараа орж ирсэн. Тэрээр Пүрэв-Очирыг сууж байгааг хараад, түүн рүү “би чамаас болж ажлаасаа халагдлаа” гэхэд, Пүрэв-Очир “чиний архи ууж ажлаасаа халагдах чинь надад ямар хамаатай юм” гээд тэр хоёр маргалдаад эхлэхээр нь Жансауле Давааболдыг дагуулаад гарсан. Харин үдийн хоолны цагаар Давааболд Пүрэв-Очир нар хоолны гэрт тааралдаад Пүрэв-Очир Давааболдын нүүр рүү аягаар цохисон гэсэн яриа гарсан байсан... гэх мэдүүлэг (хх-ийн 20-21 дүгээр хуудас),

4. Гэрч Д.Мягмарсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хоол авахаар зогсож байтал гаднаас Давааболд гэх жолооч орж ирээд би явах гэж байгаа юм чинь урдуур чинь ороод хоолоо авчихья гээд Пүрэв-Очир гэх жолоочийг хоолоо авах гээд зогсож байхад нь ойролцоо очиж зогссоноо “энэнээс болж байгаа юм” гээд гараа далайсан, Пүрэв-Очир арагшаа ухраад холдоход гараа буулгачихсан. Би тэр үед Пүрэв-Очир жолоочийн ард зогсчихсон байсан бөгөөд хажууд байсан ширээн дээрээс сэрээ аваад арчиж байтал аяга хагарах чимээ гарсан. Би тэгээд доошоо хартал газарт будаатай том аяга хагарсан, Давааболдын зүүн хацарнаас нь цус гарч байсан. Тэгээд тогооч Саранзоос алчуураар хацрынх нь цусыг дарж боосон. Харин би хоолоо аваад гарч явсан болохоор цааш юу болсныг мэдэхгүй байна. Пүрэв-Очир жолооч Давааболдын хацрыг будаатай аягаар цохиод зүсчихсэн... гэх мэдүүлэг (хх-ийн 24-25 дугаар хуудас),

5. Гэрч Л.Саранзоосын мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр тогоочоор ажиллаж байсан. Өдрийн 13 цагийн үед ажилчид хоол идэхээр цуварч орж ирсэн. Би тэр үед гэрийн баруун хэсэгт аяга угаагаад, ахлах тогооч Нэргүй ажилчдад хоол аягалаад зогсож байтал гэнэт аяга хагарах чимээ гарахаар нь би хэн аяга хагалчихав гэж бодоод хартал Давааболдын хацарнаас цус гарч байсан. Тэгээд би аяга угаахаа болиод Давааболдын цусыг тогтоохоор алчуур авч дараад, нүдний шил нь газар унасан байсныг авч энгэрийнх нь халаасанд хийсэн. Би хэн, юунаас болоод Давааболдыг юугаар цохисныг хараагүй болохоор тодорхой зааж мэдэхгүй байна. Гэхдээ хүмүүс Пүрэв-Очир ах Давааболдыг аягаар цохисон гэж байсан. Намайг аяга угаагаад байж байхад Пүрэв-Очир ах орж ирээд хоол авахаар 2 хүний ард зогсож байсан. Харин Давааболд сүүлд орж ирээд ойролцоо зогсоод Пүрэв-Очир ах руу “чамаас болж ажлаасаа халагдлаа” гэж хэлж байсан ба харин Пүрэв-Очир ах хариу юм хэлж сонсогдоогүй. Тэгтэл л аяга хагарах чимээ гараад хартал Давааболдын хацраас цус гарч байсан. Газарт том будаатай аяга хагарсан байсан болохоор би тэр аягаар цохисон байх гэж бодож байна... гэх мэдүүлэг (хх-ийн 22-23 дугаар хуудас),

6. Гэрч Д.Дашзэгвийн мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 13 цагийн үед цайны цаг болоод ажилчид цайндаа орж байсан. Тэгээд би байрлаж байгаа гэртээ ороод цайгаа уугаад сууж байтал арматурын туслах Золоо гэдэг охин орж ирээд хөвөн, бинт хэрэгтэй байна гэхээр “юу болсон бэ” гэж асуусан чинь “гал тогооны гэрт зодоон болоод байна” гэж хэлсэн. Тэгээд хөвөн бинт өгөөд гал тогооны гэр лүү хамт ортол Давааболд сандал дээр доошоо хараад давуугаар нүүрээ дараад сууж байсан. Тэгээд юу болсон талаар асуухад Давааболд надад “Пүрэв-Очир миний нүүр рүү цохичихлоо” гэж хэлсэн ба хамт байсан хүмүүс “түүний нүүр рүү шаазан аягаар цохичихлоо” гэсэн. Пүрэв-Очир ямар шалтгааны улмаас Давааболдын нүүр рүү цохисон талаар мэдэхгүй байна. Хүмүүсийн ярьж байгааг сонсоход тухайн үед Давааболд архи уусан үедээ машин жолоодсон гэдэг шалтгаанаар ажлаас халагдаж байсан бөгөөд Пүрэв-Очирыг өдөж байгаад нүүр рүүгээ аягаар цохиулсан гэж хэлсэн... гэх мэдүүлэг (хх-ийн 26-28 дугаар хуудас),

7. Гэрч А.Алтан-Одын мөрдөн байцаалтад өгсөн: Я.Давааболд гэх хүн нь 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр намайг Мөнгөнгүүр эмнэлэгт жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байхад өдөр 15 цагийн үед ирж үзүүлэхэд зүүн хацар, зүүн уруулын дээд хэсэгт зүсэгдсэн шархтай, зүүн хөмсөгний гадна хэсэгт мөн зүсэгдсэн шархтай, зүүн хацрын шарх нь гүн шарх байсан. Ингээд шархыг анхны үзлэг хийж, шарханд шаазан эдийн хагархай үйрмэгүүд байсныг түүн авч, шархыг ариун уусмалаар угааж цэвэрлэж оёдол тавьсан. Я.Давааболд нь манай ажлын хүн маргаанаас болоод шаазан аягаар цохисон гэж ярьж байсан... гэх мэдүүлэг (хх-ийн 29-30 дугаар хуудас),

8. Гэрч Н.Төлгөөний мөрдөн байцаалтад өгсөн: Би 2016 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр болон 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хот руу явчихсан байсан болохоор тухайн өдрүүдэд болсон хэрэг үйлдлүүдийн талаар тодорхой мэдэхгүй. Би дараа нь ажилдаа ирээд хүмүүсийн ам дамжсан ярианаас сонсоход жолооч Давааболд гагнуурчин Оюунтунгалагтай маргалдах үед Пүрэв-Очир хажуунаас нь үг хэлснээс болоод хоорондоо маргалдсан гэж байсан. Түүнээс хойш хоолны гэрт Давааболд, Пүрэв-Очир нар нь тааралдаад тэгээд Пүрэв-Очир нь Давааболдын нүүр рүү аягаар цохисон сураг байсан... гэх мэдүүлэг (хх-ийн 32-33 дугаар хуудас),

9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 13517 дугаартай: “1.Давааболдын биед зүүн гайморын гадна ясны ханын хугарал, зүүн зовхи, шанаа хацар, дээд уруулын зүүн хэсгийн шарх, зүүн нүдний зовхи, алимны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл хатуу мохоо, ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. 5.Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт (хх-ийн 39 дүгээр хуудас),

10. Шинжээч эмч Т.Амартүвшингийн мөрдөн байцаалтад өгсөн: Я.Давааболдын биед учирсан гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэмтэл юм. Дээрх гэмтлүүдийн зүүн гайморын гадна ясны хугарал нь дангаараа гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах ба бусад гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Гэхдээ дээрх гэмтлүүд нь нэг удаагийн хүчин зүйлээр үүсгэгдсэн болохоор гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамааруулж ойлгоно. Я.Давааболдын биед хэсэг газрын үзлэгээр хамрын таславч зүүн тийш бага зэрэг муруйсан гэмтэл тогтоогдсон боловч энэ гэмтлийн шинэ хуучныг тогтоох боломжгүй гэмтэл учраас дүгнэлтэд тусгаагүй юм. Энэ дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүд нь шаазан аягаар цохих үед үүсэх боломжтой. Я.Давааболдын нүүрэнд учирсан гэмтэл нь ердийн явцаараа бүдгэрч сорви тогтох бөгөөд бүрэн арилж эдгэрэхгүй. Гэхдээ нүүр засрашгүй гэмтэл гэсэн ойлголтод хамаарахгүй. Энэ гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар алдуулах гэмтэл учраас гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... гэх мэдүүлэг (хх-ийн 35-37 дугаар хуудас),

11. Шүүгдэгч П.Пүрэв-Очирын мөрдөн байцаалтад сэжигтнээр өгсөн: 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр намайг Оюунтунгалагийн гэрт ороод сууж байтал гаднаас Давааболд нярав Жансаулегээр тойрох хуудсан дээр гарын үсэг зуруулахаар орж ирэхдээ намайг харчихаад “чи эртээд намайг боож моогоод өвчигнөөд байл уу” гэхээр нь би “чи бид хоёр чинь тэгээд уулзаад учраа олоод салаагүй бил үү” гэхэд өөр юм хэлэхгүй гараад явсан. Өдөр 13 цагийн үед би цайны цаг болоод хоолны гэрт ороод хоолоо авахаар дугаарлаад зогсож байтал Давааболд орж ирээд надаас урагш очиж зогсож байснаа намайг дөхөж очиход юу гээд байгаа нь мэдэгдэхгүй амандаа үглэж байснаа над руу гараа өргөөд далайхад нь гар руу нь харахад гарт нь юм байх шиг болохоор би тэр үед гартаа шаазан аяга барьчихсан зогсож байсан болохоор аягатай гараа өөдөөс нь сарвайхад Давааболд оногдоод аяга хагарч, хацарнаас нь цус гарсан. Би тэгээд тухайн үед ямар үйлдэл хийснээ өөрөө мэдэх сөхөөгүй болчихсон болохоор харж зогсож байгаад гараад явсан. Давааболд өмнө нь гагнуурчин Оюунтунгалагтай маргалдахад нь би араас нь очоод “чи эмэгтэй хүн шиг хэрүүл хийхээ болиоч” гэснээс болоод Давааболд надтай маргалдаж муудалцаад салсан болохоор дотроо надад ямар нэгэн байдлаар өс санасан байх гэж бодож байна. Тэгээд л тэр өдөр намайг хоолны гэрт хоолоо авахаар зогсож байхад амандаа үглээд намайг дөхөж очиход гараа өргөөд тулаад ирэхэд нь би гарт нь ямар нэгэн зүйл байна гэж бодоод гартаа бариад зогсож байсан шаазан аягатай гараа сарвайтал Давааболдын нүүр нь оногдчихсон юм. Би Давааболдын эмчилгээнд зориулж 350.000 төгрөг өгсөн... гэх мэдүүлэг (хх-ийн 46-47 дугаар хуудас),

12. Шүүгдэгч П.Пүрэв-Очирын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: Хохирогч  Я.Давааболдын биед учирсан гэмтэл нь түүнийг том будаатай шаазан аягаар цохисон миний үйлдлийн улмаас үүссэн юм. 2016 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Давааболд бид хоёр маргалдахад барьцалдаж байгаад миний нүд рүү гараараа цохиод машин мөргүүлснээс болоод миний зүүн нүд бага зэрэг хөхөрч байсан ч удалгүй зүгээр болсон. Тухайн үедээ сүйдтэй зүйл болоогүй эр хүмүүсийн хооронд болж л байдаг асуудал гээд цагдаад хандаагүй, шалгуулаагүй юм. Харин хохирогч энэ асуудлаар сүүлд дахин маргаан өдсөн... гэх мэдүүлэг (хх-ийн 49-50 дугаар хуудас),

Мөн шүүгдэгч П.Пүрэв-Очирын хувийн байдалтай холбоотой баримт болох ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 53), хорооны тодорхойлолт (хх-ийн 54), Арц суварга ХХК-аас гаргасан ажил байдлын тодорхойлолт (хх-ийн 57), Сонигохайрхан дүүргийн шүүхийн 2000 оны 261 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын баталгаат хуулбар зэрэг нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул эдгээрийг шүүхийн дүгнэлтийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүгдэгч П.Пүрэв-Очир нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар батлагдаж байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2. дахь хэсэгт зааснаар түүний мэдүүлгийг яллах үндэслэл болголоо.

Гурав. Шүүхээс тогтоосон үйл баримтын талаар:

Шүүгдэгч П.Пүрэв-Очир нь 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх “Ар гүнт” гэдэг газарт авто зам тавих үйл ажиллагаа явуулж байсан “Арц суварга” ХХК-ийн ажилчдын хоолны гэрт хохирогч Я.Давааболдтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргаж, түүний нүүр рүү будаатай шаазан аягаар цохиж, бие махбодод нь “зүүн гайморын ясны гадна ханын хугарал” бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн П.Пүрэв-Очирын мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан буюу хэрэгт цугларсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг няцаан үгүйсгэх баримт байхгүй, мөн шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, мэтгэлцээгүйг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүх прокуророос П.Пүрэв-Очирыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1. дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих бүх асуудлыг нотолсон, хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзлээ.

Дөрөв. Гэм буруу, ял шийтгэлийн талаар:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1. дэх хэсэгт зааснаар зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хянан хэлэлцэж, шүүхээс тогтоосон үйл баримтаас дүгнэвэл; шүүгдэгч П.Пүрэв-Очирыг бусдын бие махбодод хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1. дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх энэ гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг “ажлын байранд хамтран ажиллаж буй хүмүүс харилцан биенээ үл хүндэтгэж, зохисгүй харьцаж, хэрүүл маргаан үүсгэсэн”-тэй холбоотой гэж дүгнэв.

Шүүгдэгч П.Пүрэв-Очир нь 2000 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 261 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 260.1. дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 40.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлжээ.

Иймд шүүгдэгч П.Пүрэв-Очирын ялгүй болох хугацааг тоолоход Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх нөхцөл бий эсэхийг шалгах нь зүйтэй. Түүний урьд үйлдсэн гэмт хэрэг нь 3 жил хүртэл хугацаагаар хорих ялтай тул өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн хувьд хүндэвтэр гэмт хэрэгт хамаарахаар байна. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3. дахь хэсэгт “хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш таван жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй” гэж заажээ. Харин 1986 оны Эрүүгийн хуульд ялгүй болох хугацааг гэмт хэргийн ангиллаар бус, ялын төрөл, хэмжээнээс хамааран тогтоосон байх бөгөөд энэ хуулийн 54 дүгээр зүйлийн 1. дэх хэсгийн “д” заалтад “торгох ял... шийтгүүлсэн этгээд ялаа эдэлж дууссанаас хойш хоёр жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй” гэж заажээ.

Хуулийн энэхүү ялгаатай байдлыг харгалзан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 12 дугаар зүйлийн 12.1. дэх хэсэгт заасан “...эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх...” үндэслэл, журмын дагуу 1986 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, мөн хуулийн ерөнхий ангийн 54 дүгээр зүйлийн 1. дэх хэсгийн “д” заалтад заасан хоёр жилийн хугацаа өнгөрсөн бөгөөд энэ хугацаанд шүүгдэгч П.Пүрэв-Очир гэмт хэрэг үйлдээгүй байх тул түүнийг Эрүүгийн хуульд заасан хүндэвтэр гэмт хэргийг анх удаа үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч П.Пүрэв-Очир тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд оногдуулах хорих ялын хэмжээг тогтоолоо. Харин хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг тэмдэглэв.

Тэрээр хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн бөгөөд түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн болон ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүх түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж, Цагдаагийн байгууллагын хяналтад байлгах боломжтой гэж үзэв.

Хорих ял тэнсэгдсэн ялтанд хяналт тавих үүргийг П.Пүрэв-Очирын байнга оршин суух буюу Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хорооллын 8а байрны 9 тоот хаягийн харьяаллаар Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэст даалгалаа.

Тав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Хохирогч Я.Давааболд гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын талаар ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй боловч шүүгдэгч П.Пүрэв-Очир нь түүнд нийт 350.000 төгрөг өгч, гэмт хэргийн улмаас учирсан гэмтлийн эмчилгээтэй холбоотой шууд хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн нь хавтаст хэргийн 16 дугаар хуудсанд авагдсан хохирогч Я.Давааболдын мэдүүлэг, Хаан банкны депозит дансны хуулгаар нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Я.Давааболд нь “...нүүрний сорвио арилгах үүднээс цаашид гоо сайхны косметик оёдол хийлгэх шаардагатай...” гэх боловч энэ талаар баримт сэлт гаргаж өгөөгүй нь шүүгдэгчийн хувьд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа төлж барагдуулах бодит боломжийг хязгаарласан гэж үзэхээр байна. Иймд шүүх шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зарчмын үүднээс хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байх тул шүүгдэгч П.Пүрэв-Очирыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Нөгөөтэйгүүр, гэмт хэрэг гарснаас хойш 4 сарын хугацаа өнгөрсөн атал хохирогч Я.Давааболдоос нэхэмжлэлтэй холбоотой ямар нэгэн баримт сэлт гаргаж өгөөгүй нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болох ёсгүйг тэмдэглэх нь зүйтэй.

Харин хохирогч Я.Давааболд цаашид гоо сайхны косметик оёдол хийлгэх бол хуулийн шаардлага хангахуйц нотлох баримт бүрдүүлж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.   

Зургаа. Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч П.Пүрэв-Очир нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний гадаад улсад зорчих эрхийг хязгаарлаагүй, иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүйг тус тус тогтоолд дурдлаа.

Шүүгдэгч П.Пүрэв-Очирт оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан тул түүнд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, оролцогч нарт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарлан өгөв. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3., 294, 296, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Боржигин овогт Пүрэвжалын Пүрэв-Очирыг бусдын бие махбодод хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1. дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Пүрэв-Очирт 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5. дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Пүрэв-Очирт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч П.Пүрэв-Очир нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний гадаад улсад зорчих эрхийг хязгаарлаагүй, иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүйг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1., 61.4. дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Пүрэв-Очирт оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 (нэг) жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэст даалгасугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5. дахь хэсэгт зааснаар хянан харгалзах хугацаанд шүүгдэгч П.Пүрэв-Очир нь захиргааны шийтгэл хүлээбэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлж болохыг анхааруулсугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3. дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч П.Пүрэв-Очирт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1. дэх хэсэгт зааснаар эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1. дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Пүрэв-Очирт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                          Б.БАТАА