Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 743

 

 

 

 

 

 

 

 

 

  Е.Д нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2018/00059 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Е.Д, С.З нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “ӨБХ” ХХК-д холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн алданги 86 210 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.М, Ч.О,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Ц,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2011 оны 12 дугаар сарын 27-ны өдөр №D/05 дугаартай “Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ”-г байгуулсан. Уг гэрээний дагуу гүйцэтгэгч тал болох хариуцагч Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Оргил стар таун” хотхоны D блок, 1-р орц, 5 давхарт 3 өрөө 92.6 м.кв талбай бүхий орон сууц, нэг автомашины зогсоолын хамт 2012 оны 3-р улиралд багтаан ашиглалтад оруулж хүлээлгэн өгөх, захиалагч тал гэрээний төлбөр болох 172 420 000 төгрөгийг тохирсон хугацаанд төлөх үүргийг тус тус хүлээсэн. Нэхэмжлэгчийн хувьд гэрээнд заасан хугацаанд гэрээний төлбөр болох 172 420 000 төгрөгийг бүрэн төлсөн. Гэвч хариуцагч “Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ”-ний 1 дүгээр зүйлийн 1.4 “Орон сууц 2012 оны 3-р улиралд ашиглалтад орно” гэж заасан хугацаандаа барилгыг ашиглалтад оруулаагүй бөгөөд бидэнд 2014 оны 8 дугаар сард байрандаа нүүн орох боломж олгосон. Орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Нийслэлийн улсын бүртгэлээс авсан ба автомашины зогсоолын өмчлөх эрхээ өнөөдрийг хүртэл баталгаажуулж чадаагүй байна. Зохигчдын хооронд байгуулсан “Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ”-ний 5 дугаар зүйлийн 5.2-т “Гүйцэтгэгч гэрээний 1.4-д заасан хугацаа 90 хоногоос илүү хугацаа хойшилсон тохиолдолд хэтэрсэн хоног тутамд гэрээний нийт үнийн дүнгийн 0.2 хувьтай тэнцэх алдангийг захиалагчид төлнө” гэж заасан. Хариуцагч гэрээнд заасан хугацаанд орон сууцыг ашиглалтад оруулаагүй бөгөөд гэрээний 5.2-т заасан алдангийн хэмжээ гэрээний нийт үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн боловч Монгол Улсын Иргэний хуулийн 232 дугаар зүйл 232.4-т “Анзын нийт үнийн дүн нь гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй” гэсний дагуу гэрээний нийт үнийн дүнгийн 50 хувь буюу 86 210 000 төгрөгийн алдангийг гаргуулахаар шаардаж байна. Иймд “ӨБХ” ХХКомпаниас “Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээний алданги болох 86 210 000  төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт нийт 540 айлын “Оргил стар хотхон” цогцолбор хорооллын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд ингэхдээ иргэд, захиалагч нартай орон сууц захиалгын гэрээ байгуулан, тэдний хөрөнгө оруулалт, идэвхи санаачлага, оролцоотойгоор барилгын бүтээн байгуулалтын ажлыг дуусгасан. Дээрх жишгийн дагуу иргэн Е.Д нь “Оргил стар” хотхоны D блокын 1 орц, 5 давхарт 3 өрөө 92.6 м.кв талбай бүхий орон сууцыг захиалж, 2011 оны 12 дугаар сарын 27-ны өдөр “Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ”-г манай компанитай байгуулсан бөгөөд захиалагч тал гэрээний дагуу хөрөнгө оруулалт хийх үүрэг хүлээж бидэнтэй хамтран ажилласан. Манай компани нь өөрийн ажиллах хүч, боломж бололцоог дайчлан барилга угсралтын ажлыг аль болох түргэн хугацаанд дуусгахаар шаргуу ажилласан бөгөөд биднээс шалтгаалахгүй хүчин зүйлс, нөлөөллийн улмаас болон зарим захиалагч нарын хөрөнгө оруулалт удааширсан зэргээс шалтгаалан барилгыг ашиглалтанд оруулах ажил тодорхой хэмжээгээр хойшлогдсон. Тухайлбал, Нийслэлд хийгдсэн зам засварын ажлуудын улмаас зам хаах, тээврийн хэрэгслийн маршрут чиглэл өөрчлөгдөх, Нийслэлийн Авто Замын газраас 2012.06.01-ний өдрөөс эхлэн хүнд даацийн автомашинуудыг замын хөдөлгөөнд оролцохыг хориглосон шийдвэр гаргасан, мөн анхны барилгын зураг, техникийн нөхцлийн дагуу “Суруга Монгол” ХХК-ийн 400 мм-ийн шугамаас татсан холболт өөрчлөгдөж, барилгын гадна дулааны шугамыг 100м-ийн зайтай газраас шинэчлэн татах асуудлийг эрх бүхий багууллагаас шийдвэрлэсэн зэргээс шалтгаалж барилга угсралт, бараа материал татах ажлууд төлөвлөгөө графикаас хоцорч биелэгдэх шалтгаан нөхцөлийг бий болгосон. Нэхэмжлэгч нар нь төлбөрөө гэрээнд заасан хугацаандаа төлөөгүй үүргээ зөрчсөн бөгөөд манай компаниас тухайн байрыг акт үйлдэж хүлээлгэн өгсөн байтал нэхэмжлэгч нар байрыг хүлээн авсан актаа гаргаж өгөөгүй, хөрөнгө хүлээж авсан эсэх нь нотлогдохгүй байна. Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-д зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч төлбөрийг төлөх хугацаагаа хэтрүүлсэн учраас мөн хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-д зааснаар алданги шаардах эрхээ алдсан. Иймд биднээс хамааралгүй шалтгаан нөхцөлийн улмаас барилга ашиглалтанд орулах хугацаа хойшлогдсон, нэхэмжлэгч нар өөрсдөө төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй хугацаа хэтрүүлж алданги шаардах эрхээ алдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй олгож хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343,1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8-д зааснаар “Өндөр буянт холдинг” ХХК-иас алданги 43 105 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Е.Дд олгож, нэхэмжлэлээс 43 105 000 төгрөг гаргуулах болон С.Золзаяагийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Е.Дын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 589 000 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ”ӨБХ” ХХК-иас 373 475 төгрөгийг гаргуулж Е.Дд олгуулахаар шийдвэрлэжээ. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх илт нэг талыг баримталж, талуудын бие биенийхээ
өмнө хүлээсэн гэрээний үүргийг дутуу судалж, үнэлсэн. Иргэн Е.Д болон “ӨБХ” ХХК нар нь 2011 оны 12 сарын 27-ны өдөр орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан бөгөөд энэхүү гэрээ нь 2 талын гэрээ буюу захиалагч, ажил гүйцэтгэгч хэн хэн нь бие биенийхээ өмнө эрх эдэлж, үүрэг хүлээсэн хэлцэл юм. Гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн тохиолдолд захиалагч талд алданги төлөхөөр гэрээнд заасан боловч нөгөө талаар захиалагч тал нь гэрээний 2.2 болон 4.1-д заасны дагуу орон сууц барихад шаардагдах хөрөнгө оруулалтыг буюу гэрээний үнэ болох 172 420 000 төгрөгийг гэрээ байгуулагдмагц урьдчилж 100 хувь төлөх, мөн гэрээний 5.1-д захиалагч орон сууцны төлбөрийг энэ гэрээний 4.1-т заасан нөхцөл хугацаанд төлөөгүй бол хэтэрсэн хоног тутам 0.2 хувийн алданги төлөх эсхүл төлбөр 1 сараас дээш хоногоор саатуулсан тохиолдолд гэрээг цуцалж, төлсөн төлбөрийн 20 хувийг суутгуулна гэж захиалагч талын хүлээх үүргийг маш тодорхой тусгаж талууд тохиролцсон. Гэтэл анхан шатны шүүх захиалагч талын гэрээгээр хүлээсэн дээрх үүргийг орхигдуулсан буюу эрх зүйн хувьд үндэслэл бүхий дүгнэлт өгч чадаагүй бөгөөд захиалагч гэрээний үүргээ зөрчиж, барилга барихад шаардлагатай хөрөнгө оруулалтын хугацааг 5 сараар хэтрүүлсэн үйл баримтыг шүүгч зөвхөн өөрийн үзэл баримтлалд тулгуурласан учир дутагдалтай тайлбараар дутуухан дүгнэж үгүйсгэсэн. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж, гэрээний агуулга, талуудын хүсэл сонирхолыг гэрээнд зааснаас эсрэгээр дүгнэж шийдвэр
гаргасан. Хариуцагчийн зүгээс Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 болон 224 дүгээр зүйлийн 224.2.3-д тус бүр заасныг үндэслэн нэхэмжлэгч Е.Дыг төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн тул алданги шаардах эрхээ алдсан гэж маргасан боловч анхан шатны шүүх нь "нэхэмжлэгч Е.Д барилгын ажлыг гүйцэтгэх нөхцлийг бүрдүүлэх үүрэг хүлээгээгүй байна, талууд төлбөрөө төлсөний дараа орон сууцны барилгын ажлыг эхлүүлэхээр тохиролцоогүй байна" гэх учир дутагдалтай үндэслэлээр хариуцагч талын тайлбарыг няцааж, Иргэний хуулийн 223.2 дах заалтыг нэхэмжлэгч талд ашигтай байдлаар зөвхөн өөрийн үзэл бодол, үзэмжээр мушгин тайлбарлаж, гэрээний утга санаа, агуулга, талуудын хүсэл сонирхолыг буруу тайлбарласанд хариуцагч талын зүгээс гомдолтой байна. Учир нь манай компани барилгын ажлыг гүицэтгэхдээ иргэд, захиалагч нартай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний дагуу барьсан бөгөөд гүйцэтгэгч компани нь дан ганц өөрийн хөрөнгөөр бус захиалагч нарын оруулсан хөрөнгө мөнгө, идэвхи оролцоонд тулгуурлан бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэн, иргэдийг орчин үеийн ая тухтай орон сууцанд амьдрах нөхцөл боломжоор хангасан. Дээрх жишгийн дагуу иргэн Е.Дтай орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж нэг талаас захиалагч нь орон сууцны үнийг 100 хувь урьдчилан төлж барилга барих нөхцөлийг бурдүүлэх, нөгөө талаас гүйцэтгэгч захиалагчийн оруулсан хөрөнгө мөнгийг үндэслэн орон сууцыг хугацаанд нь барин хүлээлгэн өгөх үүргийг тус тус хүлээсэн. Гэтэл анхан шатны шүүх дүгнэхдээ "захиалагч Е.Д нь барилгын ажлыг гүйцэтгэх нөхцлийг бүрдүүлэх үүрэг хүлээгээгүй, төлбөрөө төлсөний дараа орон сууцны барилгын ажлыг эхлүүлэхээр тохиролцоогүй" гэх мэтээр тайлбарлаж байгаа нь нөгөө талаар "Е.Д нь орон сууцны үнэ буюу хөрөнгө оруулалтыг хэдийд ч төлөх эрхтэй ба энэ хугацаанд гүйцэтгэгч өөрийн зардлаар барилгын ажлыг явуулж байх, харин нэхэмжлэгч Е.Дын хувьд захиалсан орон сууцыг нь ямар мөнгөөр, ямар зардлаар цааш гүйцэтгэх нь огт хамаагүй, зөвхөн ажлын үр дүнг хугацаанд нь шаардах эрхтэй" мэтээр шүүгч дүгнэсэн гэж ойлгогдож байна. Гэрээний 2.2-д "Захиалагч нь энэ гэрээний 4.1-т заасан төлбөрийг графикийн дагуу төлнө", 4.1-т "Энэхүү гэрээг батлагдмагц орон сууцны нийт үнийн дүнгийн 100 хувь болох 172 420 000 төгрөгийг төлнө", 5.1-т "Төлбөрийг 1 сараас дээш хоног хугацаагаар саатуулсан тохиолдолд гэрээг цуцалж, гүйцэтгэгч нь өөрийн ажиллагаанд захиалагчийг саад учруулсан гэж үзэн төлсөн төлбөрийн 20 хувийг суутган авна" гэж захиалагч талын үүргийг тусгасан бөгөөд эдгээр заалт нь хөрөнгө оруулалтын гэрээний агуулгыг тодорхойлж, захиалагч урьдчилж 100 хувь хөрөнгө оруулсанаар гүйцэтгэгч барилгын ажлыг хугацаанд нь гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэх тухай хэлцэлийг талууд хүлээн зөвшөөрч байгуулсан гэрээ юм. Талууд Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-д "... ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно" гэж заасны дагуу захиалагч нь орон сууцны үнийг гэрээ батлагдсан өдөр 100 хувь урьдчилж төлнө гэж хүлээн зөвшөөрч хэлцэл байгуулсан бөгөөд захиалагч гэрээний уг үүргээ зөрчиж, 2012 оны 1 сарын 13-ны өдөр 150 000 000 төгрөг, 2012 оны 4 сарын 16-ны өдөр 22 420 000 төгрөгийг тус тус төлсөн нь Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-д заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө хугацаа хэтрүүлсэн буюу үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэх үүргээ зөрчсөн гэж бид үзэж байна. Иймд нэхэмжлэгч Е.Д нь Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-д заасны дагуу мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдах тул Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 сарын 08-ны өдрийн 181/ШШ2018/00059 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

                                        

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Е.Д, С.З нар нь хариуцагч “ӨБХ” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн алдангид 86 210 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Е.Д нь хариуцагч “ӨБХ” ХХК-тай 2011 оны 12 дугаар сарын 27-ны өдөр орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Оргил стар таун” хотхоны “Д” блок, 1-р орцны 5 давхарт байрлах 92.6 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг, зоорийн давхарт байрлах 1 автомашины зогсоолын хамт барьж хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь 172 420 000 төгрөгийн хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-ийн 8-11 дүгээр тал/ Иймд анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

 

Талуудын гэрээгээр “ӨБХ” ХХК нь орон сууцыг 2012 оны 3 дугаар улиралд ашиглалтад оруулахаар тохиролцсон боловч 2014 оны 8 дугаар сард захиалагч Е.Дд хүлээлгэн өгч, 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлж гэрчилгээг олгосон талаар талууд маргаагүй байна.

 

Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээний 5.2-т “Гүйцэтгэгч гэрээний 1.4-д заасан хугацаа 90 хоногоос илүү хугацаа хойшилсон тохиолдолд хэтэрсэн хоног тутамд гэрээний нийт үнийн дүнгийн 0.2 хувьтай тэнцэх алдангийг захиалагчид төлнө” гэж заасан байна. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний зүйлийг хугацаа хэтрүүлж хүлээлгэн өгсөний алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар шаардах эрхтэй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийг гэрээнд зааснаар төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн тул алданги шаардах эрхгүй гэж маргасан нь үндэслэлгүй. Хэдийгээр талууд гэрээний 4.1-т “Энэхүү гэрээг батлагдмагц орон сууцны нийт үнийн дүнгийн 100 хувь болох 172 420 000 төгрөгийг төлнө” гэж заасан байх боловч захиалагч нь 2012 оны 1 дүгээр сарын 13-нд 150 000 000 төгрөг, 2012 оны 4 дүгээр сарын 16-нд 22 420 000 төгрөгийг тус тус төлж гэрээний үүргийг бүрэн биелүүлсэн болох нь төлбөр төлсөн баримтаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Е.Дын төлбөр төлөх үүргийг хугацаандаа гүйцэтгээгүй зөрчил нь барилгыг ашиглалтанд оруулах хугацаа хойшлоход нөлөөлсөн гэх шалтгаант холбоог нотолсон браимтыг хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нотлоогүй байх тул анхан шатны шүүх хариуцагчийн гэрээний үүргийн хугацаа хэтэрсэн гэж дүгнэснийг буруутгах боломжгүй байна. Мөн анхан шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг үндэслэн алдангийн хэмжээг 50 хувиар багасгаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий ба энэ талаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй болно.

 

Нэхэмжлэгч С.З болон хариуцагч “ӨБХ” ХХК-ийн хооронд гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй тул анхан шатны шүүх түүний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.

 

            Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2018/00059 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 376 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                          ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                               

                                          ШҮҮГЧИД                                    Ш.ОЮУНХАНД

                                                                                                 

                                                                                   Г.ДАВААДОРЖ