| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 171/2023/0180 |
| Дугаар | 2023/ШЦТ/186 |
| Огноо | 2023-05-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Т |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 2023/ШЦТ/186
2023 5 30 2023/ШЦТ/186
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Б,
улсын яллагч Т.Т,
хохирогч Б.Э,
шүүгдэгч Д.Э нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, Д.Э-д холбогдох эрүүгийн 2325001610264 дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, Д.Э
Шүүгдэгч Д.Э нь;
2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 19 цагийн орчим архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Э Орхон аймаг Баян-Өндөр сум ____ тоот гэрт агсан тавьж, түүнийг хэл, амаар доромжилж, улмаар нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт;
шүүгдэгч Д.Э “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
хохирогч Б.Э “...энэ хүн архи уух болгондоо манайд орж ирдэг, тухайн өдөр архи уусан явж байгаад надтай таарсан, тэгээд “гэр оронд битгий очоорой, одоо надтай битгий харьцаарай.” гээд 50.000 төгрөг өгсөн. Гэтэл манай гэрт ирээд хүмүүсийн нэр хэлээд “чи тэрэнтэй ш*****а биз дээ” гээд байсан, би гэрээсээ гаргах гээд дийлэхгүй байсан, гэтэл миний баруун шанаа хэсэгт цохисон. Нэхэмжлэх зүйлгүй, гомдолтой гээд ч яахав дээ.” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;
хохирогч Б.Э “...2023 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 11-12 цагийн үед “Спорт” цогцолборын урд ганцаараа явж байгаад “Жавхлант харгуй” ХХК-ийн зам ангид хамт ажиллаж байсан Энхмандахтай тааралдсан, надаас мөнгө асуухаар нь би 50.000 төгрөг өгөөд явсан, орой 19 цагийн үед гэртээ ганцаараа байх үед Энхмандах гаднаас согтуу орж ирээд “янхан, гичий, банзал, чи Булгаатай, Баасандоржтой, Батдоржтой ш*****а биздээ” гээд над руу дайраад, агсан тавиад байхаар нь би “тийм зүйл байхгүй, чи гэрт битгий хэрүүл хийгээд бай, гэрээс гар” гээд гараас нь татсан чинь “гарахгүй” гээд сандал дээр суусан, түүнийг “гар” гэж орилсоор байгаад гэрээсээ гаргаж байтал гэрийн үүдний хэсэгт миний нүүр хэсэг рүү 2-3 удаа цохисон, би түүнд “чи намайг цохичихлоо, цагдаа дуудлаа” гэсэн чинь гараад явчихсан. Энхмандахад зодуулсны улмаас миний баруун талын нүд хөхөрч, одоо болтол өвдөж байна. ...Энхмандахаас нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 8, 10-11 дэх тал/,
Д.Э яллагдагчаар өгсөн “...2023 оны 3 дугаар сарын 06-ны өдөр “Спорт” ордны ойролцоо явж байгаад Б.Энхцэцэгтэй тааралдсан, мөнгө асуухад “надад 50.000 төгрөг байна, түүнийг аваарай, би чамд картнаас аваад өгье” гэж хэлээд АТМ дагуулж ороод картнаасаа мөнгө аваад надад 50.000 төгрөг бэлнээр өгсөн. ...21 цагийн үед Шанд багт байрлах Б.Энхцэцэгийн гэрт очсон чинь Б.Энхцэцэг нь ганцаараа байсан, би гэрт нь ороод хэсэг хугацаанд байж байгаад буцаад гараад явсан, Б.Энхцэцэг “цагдаа дуудна” гээд байхаар нь гараад явчихсан. ...Би тухайн үед архи уусан согтуу байсан, Б.Энхцэцэгийн гэрт очоод түүнийг зодож, цохисон зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дахь тал/,
Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар, Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Ч.Буянзаяагийн 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 257 дугаартай; “...1.2.Б.Энхцэцэгийн биед нүүрний баруун хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3.4.Дээрх гэмтэл нь хатуу зүйлийн, нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байхаар шинэ гэмтэл байна. 5.Нүүрний баруун хэсэгт цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. 6.Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 14-15 дахь тал/,
Б.Э“...2023 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум ____ тоот гэртээ Энхмандах гэх хүнд зодуулсан.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дахь тал/,
хохирогчийн өргөдөл /хавтаст хэргийн 5 дахь тал/,
Д.Э эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 31, 41 дэх тал/,
Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2000 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 293 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хавтас хэргийн 43-46 дахь тал/,
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 285 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтас хэргийн 44-51 дэх тал/,
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ЗШ/947 дугаартай шийтгэврийн хуулбар /хавтаст хэргийн 53-55 дахь тал/ зэрэг болно.
Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мөн Д.Э мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Шүүгдэгч Д.Э гэм буруутайд тооцох;
шүүгдэгч Д.Э нь;
2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 19 цагийн орчим архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Э Орхон аймаг Баян-Өндөр сум ___ тоот гэрт агсан тавьж, түүнийг хэл, амаар доромжилж, улмаар нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;
хэргийн үйл баримтын талаарх,
шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Д.Э “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх,
хохирогч Б.Энхцэцэгийн “...миний баруун шанаа хэсэгт цохисон.” гэх,
мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн хохирогч Б.Э“...2023 оны 3 дугаар сарын 06-ны ... орой 19 цагийн үед гэртээ ганцаараа байх үед Энхмандах гаднаас согтуу орж ирээд “янхан, гичий, банзал, чи Булгаатай, Баасандоржтой, Батдоржтой ш*****а биздээ” гээд над руу дайраад, агсан тавиад байхаар нь би “тийм зүйл байхгүй, чи гэрт битгий хэрүүл хийгээд бай, гэрээс гар” гээд гараас нь татсан чинь “гарахгүй” гээд сандал дээр суусан, ...миний нүүр хэсэг рүү 2-3 удаа цохисон.” гэх мэдүүлгүүдээр,
Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар, Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Ч.Буянзаяагийн 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 257 дугаартай; “...Б.Энхцэцэгийн биед нүүрний баруун хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.” гэсэн дүгнэлт,
Б.Энхцэцэгийн “...2023 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд баг 26-19 тоот гэртээ Энхмандах гэх хүнд зодуулсан.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн өргөдөл зэрэг баримтуудаар тогтоогдож байх бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүй байна.
Хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд,
шүүгдэгч Д.Э хохирогч Б.Энхцэцэгийн эсрэг бие махбодын хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь “нүүрний баруун хэсэгт цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч Д.Э хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй бөгөөд уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой гэж үзнэ.
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул шүүх шүүгдэгч Д.Э“хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах.” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, шүүх хуралдаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно.” гэсэн хүсэлтийг гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.
Шүүгдэгч Д.Э эрүүгийн хариуцлага хүлээлгэх;
Шүүх шүүгдэгч Д.Э “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,
мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Д.Э үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүх хуралдааны үед;
улсын яллагч “...шүүгдэгч Д.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах.” гэсэн санал гаргасан болно.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгчид оногдуулах ялын биелэгдэх нөхцөл боломжийг харгалзан үзэв.
Шүүх шүүгдэгч Д.Э эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,
мөн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Энхмандахад оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас түүний 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс 5 дугаар сарын 30-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 19 хоногийн нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцон хасаж, эдэлбэл зохих ялын хэмжээг 2 /хоёр/ сар 11 /арван нэг/ хоногийн хугацаагаар тогтоож,
5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э дээрх хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу багаас явахыг хориглож,
ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулах нь зүйтэй.
Шүүгдэгч Д.Э эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болохыг дурьдаж байна.
Бусад асуудал;
Хохирогч Б.Э мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны үед өгсөн “нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн мэдүүлгийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс 5 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 19 хоног цагдан хоригдсон, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж,
шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Э урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Д.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас түүний 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс 5 дугаар сарын 30-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 19 хоногийн нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцон хасаж, эдэлбэл зохих ялын хэмжээг 2 /хоёр/ сар 11 /арван нэг/ хоногийн хугацаагаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э дээрх хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу багаас явахыг хориглож,
мөн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Э урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.
8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХТУНГАЛАГ